2021
Санваарын хүчийг мэдрэх
2021 оны 3-р сар


Санваарын хүчийг мэдрэх

Сүмийг удирдахад тусалдаг эмэгтэйчүүдээс амьдралд нь санваарын хүч хэрхэн нөлөөлдөг талаар асууж, тэдний хуваалцсан зарим санаа бодлыг оруулав.

Зураг
cut-paper illustration of various flowers

Зургийг Матисс Хэйлс

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр орондоо болон Сүм дээр өөр өөр боловч адилхан чухал үүрэг хариуцлага хүлээдэг. Санваарын хүч нь бусдын ашиг тусын төлөө эдгээр үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь хүн бүрд тусалдаг.

Бурханы санваарын хүч өнөөдөр дэлхий дээр байгаа учраас Сүмийн хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, ганц бие, гэрлэсэн гээд бүх зохистой гишүүн агуу адислалуудаас хүртэх боломжтой.”

—Жой Д.Жонс, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч

“Үйлчлэл бодгалийг маань тэлж, үзэл бодлыг маань өргөжүүлэн, Бурханы хүчийг гар таталгүй ашиглах боломжийг бидэнд олгодог. Их Эзэн ч мөн Сатан ч үүнийг мэддэг. Дайсан нь Бурханы хүчээс биднийг холдуулахын тулд цуцашгүй хөдөлмөрлөхдөө биднийг цөхрөөж эсвэл өгч чадах зүйл маань хангалтгүй гэж бодоход хүргэдэг. …

… Эелдэг найрсаг үйлдэлд хэзээ ч бүү эргэлз.

Бусдад үйлчлэх явдлыг зориуд өөрсдийн амьдралын нэгэн хэсэг болгосноор бид Бурханы нууцыг олж нээдэг. Бид өөрсдийн Аврагч, Есүс Христэд үйлчлэхдээ амар амгаланг олж, хүч чадал олж аван, нэмэлт хүчийг хүлээн авах болно.”

—Бонни Х.Кордон, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч

“Эмэгтэйчүүд өөрсдийгөө бусадтай дэндүү их харьцуулдаг. Харин өөрийгөө бусадтай харьцуулах нь бидний хэнд ч сайхан мэдрэмж төрүүлдэггүй. Эмэгтэй хүн бүрд өвөрмөц авьяас, чадвар хосолсон байдаг бөгөөд Бурхан энэ бүхнийг заяасан. Та бид хоёр адил биш буюу ямар ч эмэгтэйчүүд хоорондоо адилгүй байдаг нь биднийг бусдаас дутуу эсвэл илүү болгож байгаа хэрэг биш юм. Бид бэлгээ олж илрүүлэн, хөгжүүлж мөн хэн бидэнд өгснийг санаж, үүнийгээ Түүний зорилгуудын төлөө ашиглах хэрэгтэй. Бид бусдыг адислахын төлөө өөрсдийн бэлгийг ашиглахдаа санваарын хүчийг өөрсдийн амьдралд ашиглаж буй хэрэг юм.”

—Жийн Б.Бингам, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч

“‘Санваарын сургаалын’ талаарх ойлголтоо нэмэгдүүлэх боломжуудыг байнга эрж хайж бай. Бидний хүн нэг бүр энэ ойлголтыг өөрсдөө эрэлхийлэх хэрэгтэй.

Судруудыг болон хожмын үеийн бошиглогчдын үгсийг судлах нь энэ мэдлэгийг өсөн нэмэгдүүлэх өгөөжтэй үндэс суурийг тавих юм. Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж, санваарын ёслолуудаар дамжуулан байгуулсан гэрээндээ үнэнч амьдрах нь мөн л ийм үндэс суурийг тавьж өгнө. Ойлголтыг бидэнд “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгдөг. Хувийн илчлэлтээр дамжуулан энэ нь ‘тэнгэрээс буух шүүдэр лугаа адил’ бодгаль дээр маань ‘буу[даг]’ [Сургаал ба Гэрээ 121:45].”

—Лиза Л.Харкнэсс эгч, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх

“Бидний хүн нэг бүр аялж яваа. … Бид харилцааны хүндрэл, санхүүгийн бэрхшээл, сэтгэл санаа, бие махбодын асуудлын дунд аялдаг. Бид бас хэт их үүрэг даалгавар, өдөр тутам хийх зүйлсэд дарагдан аялдаг. Бидний зарим нь уй гашуу, бүр ганцаардал, уйтгар дунд аялж байж магадгүй. Бидний зовлон бэрхшээл өөр ч бүгдэд тулгардаг.

Гэрээнүүдээ сахих нь эдгээр бэрхшээл зовлонг авч хаядаггүй, харин Их Эзэн бидэнтэй хамт байна гэдгээ амласан гэсэн үг юм.”

—Мишэлл Д.Крэйг эгч, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх

“Би санваарын хүчийг Бурханаас ирдэг цорын ганц, зөөлөн, сайхан цагаан утас бөгөөд өөрийн замаар бидний амьдралд орж гаран, дээш доошоо, тойрон ороодог гэж төсөөлдөг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд гайхалтай нарийн хээ угалз гарч ирдэг. Тэр хээ угалз Бурханы тахилын ширээг мөн газар дэлхийд бидний холбосон зүйлийг тэнгэрт холбодог ариунаас ариун газрыг бүрхдэг. …

Би ариун сүм дэх тахилын ширээний бүтээлгийг харах бүрдээ, энэ бол Их Эзэн нарийн, нандин хээ угалз урлан цуглуулж, холбохын тулд Өөрийн хүчийг итгэлтэй хүүхдүүддээ ашиглуулдгийг харуулдаг ариун сүмийн хамгийн хүчтэй бэлгэ тэмдгийн нэг юм гэж боддог.”

—Шарон Юбанк эгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 1-р зөвлөх

“Их Эзэний зарлигуудыг сахиж, итгэлтэй байж, Түүнд бүрэн найдах нь Түүний санваарын хүчээс хүртэх арга замууд юм гэдгийг би өөрийн амьдралын туршлагаас мэдэж авсан. …

… Бид итгэлтэй хэвээр байх аваас амьдралынхаа бүхий л хүрээнд санваарын тэрхүү хүч, адислалуудыг хүлээн авах боломжтой. Энэ нь бидэнд мөнхөд үргэлжлэх хамгаалалт, тайтгарал, хүч чадал, амар амгаланг болон амлалтуудыг өгөх чадалтай. Бас санваарын тэрхүү хүчээр дамжуулан Ариун Сүнс надад гэрчлэл, Бурханд итгэх итгэлийг маань одоо ч гэсэн өсгөн нэмэгдүүлж буй амьдралын туршлагуудаа эргэн санахад тусалдаг.”

—Кристина Б.Франко эгч, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх

“Патриархын адислалаа хүлээн авснаас хойш олон жил өнгөрсөн ч би тэр үйл явдлыг маш тод санадаг. …

Тэр үйл явдал амьдралынхаа туршид гаргасан олон шийдвэрт маань нөлөөлсөн юм. Хүсэж байгаа адислалуудаа амьдралд бодитоор авахын тулд би өөрийн зүгээс хийх зүйлээ хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан.

Эцэг маань илүү их зүйлийг, патриархын адислалд маань дурдсанаас ч илүү ихийг аваасай гэж надаас хүсдэгийг би одоо ойлгосон.

—Бэки Крэйвэн эгч, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх

“Би 26-тайдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн. Хэдийгээр би Бурханыг намайг адислаасай хэмээх хүсэлдээ хөтлөгдөн Түүнтэй гэрээ байгуулахдаа зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрч байсан ч тухайн үеийн гэрээний талаарх миний ойлголт жижигхэн үртэй адил байсныг одоо мэддэг.

Он жилүүд өнгөрч, Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан баптисмын болон бусад гэрээгээ сахихыг хичээснээр Тэрээр намайг Өөрийнхөө болон Аврагчийн талаар мөн Тэнгэрлэг Эцэг Эхийн гэрээт охины хувьд өөрийн үүрэг хариуцлагын тухай гүн гүнзгий ойлголтоор адисалсан гэж би боддог.”

—Рэйна И.Абурто эгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх