2021
Ариун ёслолын цуглаанд очихоор яаравчлав
2021 оны 3-р сар


Ариун ёслолын цуглаанд очихоор яаравчлав

Бид ариун ёслолын цуглаанаас ахиад хоцорчихлоо гэж бодож байв.

Зураг
loaf of bread

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Нөхөр бид хоёр Америкийн Нэгдсэн Улсаас Вьетнам руу нүүхдээ сүмд алгасахгүй явна гэж шийдсэн байлаа. Нэг жил өнгөрсний дараа бид ням гаргийн цуглаанаа ганц ч таслаагүй ч байнга хожигдож, заримдаа ариун ёслолоос хоцордог байв. Манай ариун ёслолын цуглаан өглөөний 8:30-аас эхэлдэг байлаа. Гурван жаахан хүүхэдтэй болохоор сүмд явахад цагтаа бэлэн байх нь заримдаа боломжгүй зүйл мэт санагддаг байв.

Бид гэр бүлээрээ сүм дээр байнга цагтаа ирж, ариун ёслолоос хүртэхээр шийдэж билээ. Энэ нь хэцүү байсан ч бид дөрвөн ням гараг дараалан сүмд цагтаа ирэв. Гаргасан хичээл зүтгэл маань биднийг хэрхэн өөрчилснийг би олж харсан юм. Долоо хоногийн дундуур бидэнд сүнслэг зүйлс илүү олон тохиолдох болсон байв.

Харин дараагийн ням гарагт нь бид оройтож сэрлээ. Аль хэдийн өглөөний 7:30 болчихсон байв. Би нөхөртөө амжина гэж найдах ч хэрэггүй гэж хэлсэн ч бэлэн болохын тулд чадах бүхнээ хийсэн тохиолдолд хэрхэн адислагдахаа бодлоо. Тиймээс бид яаравчлав!

Сүмд очих үед бид 20 минут хоцорсон байлаа. Ахиад л амжсангүй гэж би бодов. Бид орох үедээ дуу дуулж байгааг сонссон бөгөөд хаалга онгойлгоход залбирал хэлэхээр нэг хүн индэр дээр гарч байгааг харлаа.

“Сая нээлтийн дуу дуулж байсан юм уу?” гэж би хаалганы хажууд зогсож байсан номлогчоос шивнэн асуув.

Тэр “Тийм ээ. Бид өнөөдөр оройтож эхэлсэн” гэж хариуллаа.

Ямар их гайхсан гээч. Бид ахиад л амжсангүй гэж бодож байсан ч Сүмдээ цагтаа амжиж ирсэн байлаа! Намайг болон манай залуу гэр бүлийг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх үед хацрыг минь даган нулимс урсав.

Дараа нь сонсоход, тэр ням гарагт номлогчид сүмд ирээд, хэн ч ариун ёслолд зориулан талх авчраагүйг олж мэдсэн байлаа. Ойролцоо ямар ч дэлгүүр байхгүй байсан бөгөөд Вьетнамд талх тийм ч элбэг дэлбэг байдаггүй. Хэсэг сандарч тэвдсэнийхээ дараа, ахлагчид гэртээ талх байгааг санажээ.

Үүнээс хэд хоногийн өмнө ахлагчид манайд оройн хоол идэхээр зочлон ирсэн юм. Тэр орой би тэдэнд зориулан гэрийн талх барьж өгсөн байлаа. Тэр ням гарагт ахлагчид миний барьж өгсөн талхыг очиж авахаар гэр лүүгээ гүйсэн тул Сүм цагаасаа оройтож эхэлсэн байв!

Бурханы зарлигуудыг дагахыг хичээх үед Тэр бидний хичээл зүтгэлийг хардаг. Хэдийгээр бид заримдаа алдаж онодог ч Тэр биднийг хайрладаг бөгөөд амжилтад хүрэх, бүр сүмд цагтаа очих замыг маань хүртэл бэлдэж өгдөг.