2021
Их Эзэнээр хөтлүүлсэн нь
2021 оны 3-р сар


Зөвхөн цахим хэлбэрээр: Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Их Эзэнээр хөтлүүлсэн нь

Их Эзэн биднийг мэддэг төдийгүй бидэнд яг одоо юу хэрэгтэй болохыг мэддэг.

Зураг
man and woman working together in kitchen

Гэрэл зургийг Коди Бэлл

Жизэлл

Бид хоёрыг гэрлэхээс өмнө Андрэ докторын зэрэг хамгаалахаар сурч байсан бөгөөд Мичиганы их сургуульд ажиллах санал авсан байв. Бид хоёр гэрлэж, Мичиган руу нүүсэн юм. Удалгүй Андрэ ажил дээрээ асуудалтай тулгарч, ажлаа солихыг хүсэх болов.

Бид хоёр залуухан, дөнгөж гэрлэсэн байсан бөгөөд яахаа сайн мэдэхгүй байлаа. Бид энэ талаар залбирахаар шийдсэн.

Андрэ

Нэг өдөр би их сургууль дээр очоод, нээлттэй ажлын байрын талаар тавьдаг зарын самбарыг харав. Би гурван өөр ажилд орох өргөдөл бөглөж, долоо хоногийн дотор гурван газраас гурвуулангаас нь ажилд авах хүсэлт хүлээн авч билээ.

Жизэлл

Бид яах билээ гэж гайхан, дахин залбирсан. Нэг ажил нь Англид байсан боловч бид Нэгдсэн Улсад үлдэхийг хүсэж байв. Нөгөөх нь Техаст, сүүлчийнх нь Вашингтон ДиСи-ийн ойролцоо Марилэндэд байлаа. Марилэнд дэх ажил нь NASA-гийн (Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн) ажил байв. Андрэ эрдэмтэн байсан тул NASA хамгийн сайн тохирох газар шиг санагдаж байлаа.

Андрэ

Марилэнд руу нүүх замдаа би машин барьж, Жизэлл унтаж байв. Өглөө эрт Вашингтон ДС ариун сүм харагдлаа.

“Сэрээрэй! Сэрээрэй! Чи харж байна уу?” гээд, би “Яг шилтгээн шиг харагдаж байгаа биз!” гэж хэлэв.

Жизэлл

Би Андрэд нэг өдөр тэнд очиж үзэж болох юм гэж хэлж билээ. Энэ юун барилга болох талаар бидэнд ямар ч ойлголт байсангүй. Марилэндэд ирээд хэд хоносны дараа би интернэт ашиглан, ажлын өргөдөл бөглөж, э-мэйлээ шалгахаар номын сан руу явсан юм.

Тэнд ажилладаг эмэгтэй миний аялгыг сонсоод, хаанаас ирснийг маань асуув. Би түүнд Бразилаас ирснээ хэлээд, бид хоёр яриа өрнүүлэв. Түүнийг Эдна гэдэг байлаа. Би дөнгөж Мичиганаас нүүж ирснээ, бас одоо хаана амьдарч байгаагаа түүнд дурдав.

Эдна “Би бас та нарын амьдардаг орон сууцанд амьдардаг” гэж хэлсэн.

Маргааш нь намайг номын сан руу буцаж очиход Эдна “Чамайг эргэж ирсэнд би маш их баяртай байна. Би та хоёрыг гэртээ оройн хоолонд урих гэсэн юм” гэв.

Тэр намайг танихгүй мөртлөө хоолонд урьсан явдал надад хачирхалтай санагдсан юм. Харин тэр дараа нь “Өчигдөр чамтай уулзахада надад маш онцгой мэдрэмж төрсөн тул би чиний талаар залбирсан” гэв.

Бид хоёр гэрт нь очсон бөгөөд нөхөр нь нас бараад удаагүй байгааг олж мэдлээ. Оройн хоолны дараа тэр төгөлдөр хууран дээрээ “Lord, I Would Follow Thee” (Hymns, д. 220) дууг тоглов. Энэ нь нөхрийнх нь дуртай дуулал байсан бөгөөд оршуулган дээр нь тоглосон гэж тэр хэлсэн. Дараа нь тэр бидэнд авралын төлөвлөгөөний талаар ярьж, өөртэй нь хамт сүмд явахыг урив.

Бид ч сүмд очсон бөгөөд тэндхийн хүмүүс тун найрсаг байсан. Бид дараагийн ням гарагт дахин явахаар шийдсэн ба хоёр номлогчоос хичээл авахыг зөвшөөрөв. Эдна өөрийнхөө гэрт хичээл авахыг бидэнд зөвшөөрч билээ. Бид таван сарын туршид ням гараг бүр сүмд очсон. Бидний зүрх сэтгэл, сүнс баптисм хүртэхэд бэлтгэгдсэн байв.

Андрэ

Бидний баптисмын тухай зарлахад хүн бүр гайхсан. Тэд “Та хоёр гишүүн байгаагүй юм уу? Та хоёр долоо хоног бүр ирж байсан шүү дээ!” гэцгээж байлаа. Бидний баптисм маш онцгой болсон. Тойргийнхон бараг бүгдээрээ ирсэн.

Нэг жилийн дараа бид хоёр Вашингтон ДС ариун сүмд лацдан холбуулсан юм. Бид ариун сүм рүү очихдоо, энэ нь жилийн өмнө бидний харсан шилтгээн байсныг ухаарсан!

Жизэлл

Биднийг ариун сүмд лацдан холбогдсоны дараа олон зүйл болж бүтэхгүй байлаа.

2001 оны 9-р сарын 11-ээс хойш бидэнд визээ сунгахад хэцүү болсон юм. Би дөнгөж орон нутгийн коллежоо төгсөөд, Марилэндийн Их Сургуульд бүрэн тэтгэлэг авахаар өргөдлөө өгсөн байсан тул надад гунигтай байв. Би тэтгэлэг авч чадаагүйгээс гадна Андрэгийн ажиллаж байсан лаборатори хаагдахад хүрлээ.

Бразил руу буцах цаг болсон бололтой гэсэн бодол бидэнд төрсөн юм.

Андрэ

Бишоп маань бид Бразил дахь олон гишүүнд тусалж чадсан ба Америкийн Нэгдсэн улсад боломжгүй арга замаар тэнд өсөж хөгжиж болох юм гэж хэлж билээ. Тэр бидэнд Сүмээсээ холдохгүй байхыг зөвлөсөн.

Тэр “Бразил руу очиж, Их Эзэнд үйлчил” гэж хэлэв.

Бразилд хэсэг хугацаанд амьдарсны дараа гадасны ерөнхийлөгч маань манай гэрт ирж, намайг бишопоор үйлчлүүлэхээр дуудсан. Би яагаад ч юм дуудагдана гэдгээ мэдэж байлаа. Дуудлага авахын өмнөх хоёр шөнө би унтаж чадаагүй. Би тунгаан бодож бас суралцаж байв.

Жизэлл

Юу болоод байгаа юм бол гэсэн бодол надад орж ирсэн бөгөөд дуудлагынхаа өмнө хэрхэн өөрчлөгдөхийг нь би харсан.

Андрэ

Намайг дуудлагадаа үйлчилж эхлэхэд тойрог маань идэвхтэй 80 гишүүнтэй байсан. Намайг чөлөөлөгдөх үед өөр олон хүн сүмд тогтмол ирдэг болсон байсан бөгөөд манай тойргоос 12 номлогч номлолын талбарт гарсан байв. Гайхалтай байсан!

Намайг чөлөөлөгдөх үеэр ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн Зөвлөлөөс чөлөөлөгдсөн юм. Ерөнхийлөгч Угдорф Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад шинэ, чухал үүрэг хариуцлага хүлээн авсан гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлж байсныг би санадаг.

Гурван сарын дараа би номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр дуудагдсан билээ. Би номлолд үйлчлээгүй ч дуудлагадаа маш дуртай. Надад номлогчидтой ажиллах таалагддаг. Их Эзэн намайг мэддэг. Надад яг зөв цагт, таарсан газраа үйлчлэх боломж олгохын тулд намайг бишопоос чөлөөлөх хэрэгтэй байсныг Тэр мэдэж байсан.