2021
Хагас жил тутмын 191 дэх Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд
2021 оны 11-р сар


Хагас жил тутмын 191 дэх Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд

Бид сурч мэдсэн сайн мэдээний үнэнийг амьдралдаа хэрэгжүүлснээр өөрчлөгддөг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганыг нээж, хаахдаа энэхүү энгийн бөгөөд ач холбогдолтой захиасыг хуваалцсан.

Тэр нээлтийн үгэндээ “Христийн цэвэр сургаал бол хүчирхэг. Үүнийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн амьдрал өөрчлөгддөг” хэмээн хэлсэн билээ. Дараагийн өдрийн хаалтын үгэндээ тэр “Бидэнд сайн зааж сургасан. … Харин одоо бидэнд сонсож, мэдэрсэн зүйлсийнхээ ачаар хэрхэн өөр байж чадах вэ? гэсэн асуулт гарч ирж байна” хэмээн хэлсэн.

Ерөнхий чуулганаар олон чухал сургамж өгсөн. Үүнд:

  • Бид сүнслэг сууриа бэхжүүлэхийн тулд онцгой арга хэмжээ авах цаг болсныг мэдэж авлаа.

  • Бид мөн шавь байхын ач холбогдол, үүний энгийн байдлын талаар сурч мэдсэн (51-р хуудсан дээрх ерөнхийлөгч М. Рассэлл Баллард, 77-р хуудсан дээрх ахлагч Дийтр Ф.Угдорф, 47-р хуудсан дээрх ахлагч Гари И.Стивэнсон нарын хэлсэн үгийг үзнэ үү).

  • Яагаад бидэнд Сүм хэрэгтэй вэ мөн хамтран ажиллахдаа бусдыг адислахын тулд бид олон зүйлийг хийж болох тухай мэдэж авсан (24-р хуудсан дээрх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, 100-р хуудсан дээрх бишоп Л.Тодд Бадж, 10-р хуудсан дээрх Бонни Х.Кордон, 53-р хуудсан дээрх Шэрон Юбанк нарын хэлсэн үгийг үзнэ үү).

  • Нэгдмэл болоход саад болдог тархай бутархай байдлыг даван гарахад хайраар дүүрэн Бурхан бидэнд тусалж чадна гэдгийг сурсан (8-р хуудсан дээрх ахлагч Жэффри Р.Холланд, 16-р хуудсан дээрх ахлагч Д.Тодд Кристоффэрсон, 83-р хуудсан дээрх ахлагч Дэйл Г.Рэнланд нарын хэлсэн үгийг үзнэ үү).

  • Түүнчлэн бид Их Эзэний тааллыг дагаснаар илчлэлтийг амьдралдаа урин авчрах боломжтой, мөн хариулж мэдэхгүй асуулттай байх, уг асуултаа асуух нь байдаг л зүйл гэдгийг мэдэж авсан (74-р хуудсан дээрх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, 80-р хуудсан дээрх Камилл Н.Жонсон, 33-р хуудсан дээрх Сюзан Х.Портэр нарын хэлсэн үгийг үзнэ үү).

Та юу сонссон бэ? Та юу мэдэрсэн бэ? Та Ерөнхий чуулганы захиаснуудыг үргэлжлүүлэн судлахдаа олж мэдсэн цэвэр үнэн, цэвэр сургаал, цэвэр илчлэлтийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?