2021
Дэлхий даяар сайнаар нөлөөлөх нь
2021 оны 11-р сар


Дэлхий даяар сайнаар нөлөөлөх нь

Бошиглогч, төлөөлөгчид үргэлжлүүлэн тохинуулснаар, тэдний үзүүлсэн сайн сайхан нөлөөлөл олон хүний амьдралыг адислан, дэлхий дахинд үйлчлэл, хамтын ажиллагаа, итгэл найдварын уур амьсгалыг түгээдэг. Сүүлийн зургаан сарын туршид тохинуулсан тохинууллын заримыг доор онцлов.

Токиогийн зуны олимпын үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон маргаан зөрчилдөөнийг арилгах хэрэгцээ мөн нөхөрлөл, хүндлэл, хамтын ажиллагааны үнэ цэнгийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр пост оруулсан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Английн Виндзороос явуулсан глобал видео хуралд оролцсон. Хурал дээр үг хэлсэн хүмүүс дүрвэгчдийн хуаранд байгаа сая сая хүний сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар авч хэлэлцжээ. Ахлагч Холланд дүрвэгчдэд “хувь хүний шинж чанарыг нь тодорхойлдог тэрхүү шашны итгэл үнэмшлээ” илэрхийлэх боломж олгохыг дэмжихэд уриалсан болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Хожмын Үеийн Гэгээнтэн Энэрлийн байгууллагын ерөнхийлөгч Шэрон Юбанк эгч мөн энэ хуралд оролцсон.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк АНУ-ын Индиана дахь Нотр Дамын Их Сургуульд болж өнгөрсөн шашин хоорондын хамтын ажиллагааны зөвлөл дээр үг хэлэв. Ахлагч Күк хуралд оролцогчдыг “итгэл, эв нэгдлийн үнэ цэнийг бууруулдаг дэлхийд итгэл, эв нэгдлийн гэрэл нь болон зогсоход” уриалжээ.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд Италийн Болонья хотод болж өнгөрсөн G20 шашин хоорондын форум дээр үг хэлэв. (G20-д ордог улс орнууд дэлхийн хамгийн том 20 эдийн засгийг бүрдүүлдэг юм.) “Шашин шүтлэгт өсөж хөгжих эрх чөлөөг олгосон байхад дэлхийн аль ч өнцөг буланд байх итгэгчид энгийн бөгөөд заримдаа баатарлаг үйлчлэлийг үзүүлдэг” хэмээн ахлагч Расбанд хэллээ. Уг форумд оролцсон Юбанк эгч өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал хүүхдийн ядууралд хэрхэн нөлөөлдөг талаар үг хэлэв. “Зөвхөн хувь хүн хоорондын харилцан итгэлцэл дээр тулгуурлаж байж л өөрчлөлт хийх боломжтой” хэмээн тэр хэлсэн юм.

Хаитийг сүйрэлд хүргэсэн газар хөдлөлтийн дараа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс Кариб дахь франц хэлтэй гишүүдэд зориулсан онцгой цугларалтад үг хэлэхдээ, “итгэл нь Бурханы хүчийг бидний амьдралд нээдэг” болохыг тэдэнд сануулсан. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгч энэхүү онцгой цугларалтад мөн зайнаас оролцож, удирдагчдын хурал цуглаан, гадасны чуулган дээрх гишүүдэд хандан үг хэлэв. Тэрээр “Эргэн тойронд салхи дэгдэж, газар чичирч байсан ч бид гуйвшгүй, бат бөх зогсож чадна” хэмээн хэлсэн юм. Ахлагч Соарэс бас Карибын өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтад үг хэлсэн бөгөөд “бидний амьдралд Ариун Сүнсний нөлөө хэрэгтэй” болохыг тэдэнд сануулав.