2022
Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй болох
2022 оны 1 ба 2-р сар


Залуучуудад зориулав

Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй болох

Зохиогч нь Испанийн Сэвиллд амьдардаг.

Би номлолоосоо эргэж ирэх хүртлээ сэтгэл түгшиж үзээгүй байсан тул хэрхэн урагшлах, цаашлахаа мэдэхгүй байлаа.

Зураг
smiling young woman

Загвар өмсөгчийг оролцуулж авсан гэрэл зураг

Амьдрал төлөвлөсний дагуу явж байв.

Номлолоо дуусгах цаг хаяанд ирсэн байлаа. Өнгөрсөн 18 сарын турш миний гэрчлэл хүчирхэгжиж, авралын төлөвлөгөөний талаарх алсын хараа маань өргөжсөн байв. Би Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёртой өмнө нь байгаагүйгээрээ их ойртсон. Амьдрал аз жаргалтай санагдаж байлаа.

Мэдээж, би болон гэр бүлийнхэн маань амьдралд тохиолддог бэрхшээлүүдтэй тулгарч байсан ч ерөнхийдөө би ирээдүйгээ догдлон хүлээж байсан төдийгүй надад маш олон төлөвлөгөө байсан. Гэтэл гэртээ эргэж ирэх үед, гэнэтийн зүйл тохиолдож, энэ нь надад маш хүнд тусав. Өдөр тутмын амьдралдаа дахин дасахад бэрх байлаа. Сайн сонголт хийх, төгс дуулгавартай байх талаар би тасралтгүй санаа зовж байв. Би ийн үйлдэхгүй л бол сүнслэг байдлын хувьд ухрах болно гэж айж байсан тул номлолынхоо туршид байсан өндөр сүнслэг түвшин дээрээ үлдэх гэж өөрийгөө маш их шахаж байлаа.

Өөртөө үзүүлэх дарамт шахалт нэмэгдэх тусам сэтгэлийн түгшүүр, сандралд автах нь ихсэж эхэлсэн. Ингэж мэдрэх давтамж улам ойртож, эцэст нь надад яг л живж байгаа мэт санагддаг боллоо.

Харамсалтай нь, би энэ мэдрэмжээ гэр бүл, найз нөхдөөсөө нуусан. Сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал зэрэг нь ичих зүйл биш гэдгийг би мэдэж байсан ч өөрийгөө хянах чадваргүй болж, төөрөгдөн будилж байгаагаа мэдэрч, туулж байсан зүйлээ яаж илэрхийлэх, хэрхэн тусламж хүсэхээ ч мэдэхгүй болсон байлаа.

Их Эзэнд хандах үед Тэрээр биднийг чиглүүлэхэд үргэлж бэлэн байдаг нь талархмаар. Хэсэг бодож, залбирсны эцэст, би ах, бэр эгч хоёртоо хэлэх хэрэгтэй гэж мэдрэв. Тэд надад “галзуу” биш гэдгийг маань ойлгоход мөн миний бодож байсанчлан сэтгэл санааны бэрхшээл хэнд ч тохиолдож болно гэдгийг ухаарахад тусалсан.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгч энэ үнэний талаар гэрчлэхдээ “Хайрт найзууд аа, ийм зүйл бидний хэнд ч тохиолдож болно. Ялангуяа аз жаргалын төлөвлөгөөнд итгэгч бид яг одоо төгс болох ёстой хэмээн бодож, өөрсөд дээрээ хэрэггүй ачаа дарамт авчрах үед энэ нь хэнд ч тохиолдож болно. Ийм бодол дааж давшгүй хүнд байдаг. Төгс болох нь мөнх бус амьдралын туршид болон дараа мөнхөд, зөвхөн Есүс Христийн ач ивээлээр дамжин үргэлжлэх үйл явц юм“1 гэж хэлсэн юм.

Сүнслэгээр өдөөгдсөн анги

Би Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүсэн залбирч байхдаа Түүний бидэнд өгсөн, боломж олгогч эх сурвалжуудад хандах хэрэгтэй гэдгийг ухаарсан ба сурч, илүү сайн болохын тулд өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Талархууштай нь, тэр үед Сүмийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлын ангид хамрагдах боломж надад тохиосон юм. Энэ боломж яг цагаа олж ирсэн мэт санагдсан бөгөөд би үүнийг тохиолдлынх гэж боддоггүй.

Энэхүү ангийн гарын авлагад сэтгэлийн тэнцвэртэй байдлыг тайлбарлахдаа:

  • “Сэтгэл санааны бэрхшээлд зоригтой, Есүс Христэд итгэх итгэлтэйгээр зохицох чадвар.

  • Өөртөө болон бусдад чадах хэрээрээ туслах.

  • Хэрэгцээтэй үед нэмэлт тусламж хүсэх явдал”2 гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн тэнцвэртэй байдал нь бид бүгдэд хэрэгтэй зүйл юм.

Миний хувьд энэхүү сүнслэгээр өдөөгдсөн анги бол Тэнгэрлэг Эцэг өнөө цагт Есүс Христийн Сүмийн гишүүд бидэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг мэддэг гэдгийг харуулж буйн дохио юм. Түүн рүү хүргэх зам дээр үргэлжлүүлэн урагшлахад маань туслах боломжтой байхыг Тэр хүсдэг. Энэ ангийн олон гайхалтай талыг олж харах нь надад Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг болон бидний хувийн хэрэгцээг үнэхээр гүнзгий мэддэг болохыг ухаарахад туслаад зогсохгүй, энэ ангид суралцаж эхэлмэгц би тэр даруй амар амгаланг мэдэрсэн. Энэ ангид бид өөрсдөө эсвэл хайртай хүн маань сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарах үед амьдралдаа ашиглаж болох мөнхийн хүчирхэг, тодорхой үнэнүүдийг заадаг.

Надад тод үлдсэн нэг сургаал бол “Бусдад хүч өгөх нь” нэртэй 9-р бүлэг юм. Энэхүү бүлэг эцэст нь илүү их тусламжийг бусдаас хүсэхэд надад тусалсан. Энэ нь нэг нэгэндээ үйлчлэх зарчмыг заадаг. Бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөл, үзэл бодлыг баталгаажуулж, бусдыг өрөвдөж, ойлгосноор тэдэнд үйлчлэх нь хэчнээн чухал болохыг би олж мэдсэн. Мөн сорилт бэрхшээлээ давахад тусалж чадах бусад хүнд найдах хэрэгтэй гэдгийг би ухаарсан.

Эдгээр санааг хэрэгжүүлж эхлэн, сэтгэл санааны асуудлаа гэр бүл, найз нөхдөдөө хэлэх үед тэд намайг өрөвдөн хайрлаж, шүүхгүй байгаад нь би их гайхсан. Би тэднээс маш их дэмжлэг авсан.

Хайртай хүмүүстэйгээ өөрийн бэрхшээл зовлонг хуваалцаагүй бол миний сэтгэл түгшүүр улам гүнзгийрч, харанхуйлах байсан гэж би боддог. Мөн энэхүү туршлага нь санаа зовнил, асуудал бэрхшээлтэй байгаа хүмүүст гараа сунгаж, тэднийг хайрлахад надад тусалсан.

Бид ирээдүйгээ найдвар тээн харж чадна

Номлолоосоо эргэж ирэх үедээ би номлолдоо олж авсан “сүнслэг сууриа” алдах тухайд тун их санаа зовж байснаа бодоход надад инээдтэй санагддаг. Учир нь номлолоосоо эргэж ирэх нь итгэлээ улам гүнзгийрүүлж болох амьдралын минь шинэ бүлгийн дөнгөж эхлэл байсан гэдгийг би одоо ухаарсан.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах миний хувийн харилцаа гэртээ эргэж ирснээс хойш, ялангуяа сэтгэл зүйн тэнцвэртэй байдлын энэ ангид сурсан зарчмуудаар дамжуулан мөн Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тусламжид найдах замаар ихээхэн өсөж, гүнзгийрсэн. Тэд миний өдөр тутмын амьдралд илүү бодитой байж, оролцож байгаа мэт санагддаг.

Бурханы хүүхдүүдийн хувьд бид үргэлж өөрчлөгдөж, сурч, хөгжиж байдаг гэдгийг би ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Бидний амьдрал өөрчлөгддөг ч Тэнгэрлэг Эцэг өөрчлөгддөггүй. Тэр намайг номлолд байхад төгс байхыг шаардаагүйн адил одоо ч мөн тийм байхыг шаардахгүй байгаа. Тэр зүгээр л намайг хайрлахын сацуу намайг Түүн рүү үргэлжлүүлэн тэмүүлж мөн Түүн рүү хүрэх замдаа хамгийн сайнаараа хичээгээсэй хэмээн хүсдэг.

Энэхүү сэтгэл зүйгээ тэнцвэртэй байлгах ангид сурсан нь надад дахиж санаа зовнил, цочрол байхгүй эсвэл ирээдүйн талаарх айдсаасаа болж хэцүү санагдахаа больсон гэсэн үг биш. Надад заримдаа ийм зүйлс тохиолддог хэвээр байгаа. Гэхдээ би одоо эдгээр хэв маягийг таньж мэддэг болсон ба эдгээрийг эрүүл аргаар шийдвэрлэхэд туслах хэрэгслүүдийг сурч, өдөр тутмын амьдралынхаа чанарыг сайжруулж байгаа.

Эцэст нь хэлэхэд, энэ хичээл надад сэтгэлийн түгшүүр, бэрхшээлтэй тулгарах үеийг даван туулах механизмыг зааж өгсөн. Энэ нь надад өөртөө болон төгс бус байдалдаа тэвчээртэй, энэрэнгүй хандахад сургасан. Би Бурхан намайг хэрхэн хардгийг ойлгож, ирээдүйн талаар үл мэдэгдэх зүйлээс айхгүй байхыг сурсан.

Мэргэжлийн болон тэнгэрлэг тусламжийн ачаар үргэлжлүүлэн Христ рүү хандах үедээ сэтгэл хөдлөл, мэдрэмжээрээ дамжуулан “өөрсдийн төлөө үйлдэх…өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй ”(Нифай 2:26) байхад шаардлагатай хэрэгсэл бидэнд байгааг би ухаарсан.

Эх сурвалж

  1. Мөн Рэйна И.Абурто, “Үүлтэйд ч, нартайд ч, Их Эзэн надтай хамт үлдээч!” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58.

  2. Finding Strength in the Lord: Emotional Resilience (2021), 8, ChurchofJesusChrist.org.