2022
Хуучин Гэрээг судалснаар ирэх адислал
2022 оны 1 ба 2-р сар


Ирээд, Намайг дага

Хуучин Гэрээг судалснаар ирэх адислал

Энэхүү эртний судрын номын бүлэг, шүлгүүдийг унших үедээ бид сүнслэгээр хүчирхэгжих болно.

Зураг
Jesus Christ with stars in background

Ерөнхийлөгч Нэлсоны амлалтууд гүн гүнзгий бөгөөд үнэн билээ.

Christ and the Creation (Христ ба Бүтээлт), Робэрт T.Баррэтт

Ирээд, Намайг дага гарын авлагыг хөтөч болгосноор, Хуучин Гэрээнээс судлах 2022 онд тавтай морил! Хуучин Гэрээ бол биднээр уншуулж, тунгаан бодуулахын тулд Бурханы мутраар хадгалагдсан ариун судрын ном юм. Энэ нь хожмын өдрүүдэд бидэнд адислал, хөтөч болж чадна.

Хуучин Гэрээ бидэнд МЭӨ 4000 оноос МЭӨ 500 он хүртэлх 3500 жилийн итгэл, чин сэтгэлийн зориулалтын тоймыг өгдөг. Хуучин Гэрээ 39 номоос бүрддэг. Эхлэл нь Адам, Енох, Ноа, Абрахамын дөрвөн эрин үеийг хамардаг. Гэтлэлээс Малахи хүртэлх үлдсэн 38 ном нь Мосегийн эрин үед зориулагдсан юм.

Хуучин Гэрээг уншихдаа бид бошиглогчид болон тэдний сургаалтай илүү сайн танилцах болно. Тэд Есүс Христийн сайн мэдээг заасан. Тэд Мессиагийн ирэхийг бошиглож, харуулдан хүлээж байв. Тэдний сүнслэгээр өдөөгдсөн сургаал бидний өдрүүдийн төлөө хадгалагджээ.

Хуучин Гэрээний бүлэг, шүлгүүдийг унших үедээ бид сүнслэгээр хүчирхэгжих болно. Аврагчийн Хоёр дахь ирэлтийг харуулдан хүлээж байх үед бидэнд хүч өгөх судрын тодорхой шүлгүүдийг Ариун Сүнс анхааралд маань авчрах болно.

Сүнслэгээр өдөөгдсөн асуулт

Хуучин Гэрээний ганц шүлэг миний амьдралын туршид надад хэрхэн нөлөөлж байсан тухай түүхийг хуваалцахыг би хүсэж байна.

1974 онд би 17 настай байв. Би ахлах сургуулийн 11-р ангид, амьдралд дурладаг сурагч байлаа. Номлолдоо явахыг би тэсэн ядан хүлээж байв. 1974 оны 10-р сард би Ensign сэтгүүлд нийтлэгдсэн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) “Дэлхий хөрвөгдөх тэр үед”1 нэртэй хүчирхэг захиасыг уншсан юм. Тэр цагаас хойш би үүнийг олон удаа уншсан. Одоо ч энэ нь намайг сүнслэгээр өдөөсөөр ирсэн билээ.

Ерөнхийлөгч Кимбалл энэ эрин үе дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсөлтийн өргөн цар хүрээтэй хэтийн төлөвийг танилцуулсан. Тэрээр сайн мэдээг дэлхий даяар хүргэх бидний боломж, үүрэг хариуцлагын талаар заасан юм. Ерөнхийлөгч Кимбалл Эхлэл номын нэг шүлгийг эш татсан байв. “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн энэ шүлэг тэр үед намайг сүнслэгээр өдөөсөн ба одоо ч сүнслэгээр өдөөсөөр байгаа юм. (2-р сард судлахаар төлөвлөсөн Эхлэл 18:14)

Зураг
Abraham praying

Мамрегийн тал дээрх Абрахам зургийг Грант Ромни Клосон; номлогчдын гэрэл зургийг Алиша Сэрва авч; дэлхийн гэрэл зургийг Getty Images-ээс авав

Ерөнхийлөгч Кимбалл Абрахам, Сара хоёрын түүхийг дахин сануулсан. Сара, Абрахам хоёр хүүтэй болно гэсэн Их Эзэний амлалтыг сонсоод, Сара инээв. Тэд хүүхдээр адислагдаагүй байсан юм. Сара 90, Абрахам 100 настай байжээ. Тэдний хүүхэд гаргах нас хэтэрсэн байв.

“Эзэн Абрахамд, Юунд Сара инээгээ[в] … ?”

“Эзэнд дэндүү хэцүү юм байна уу? Би тогтсон цагт чам дээр эргэж ирнэ. Зохих цагтаа Сара хүүтэй болно гэв” (Эхлэл 18:13–14).

Абрахам, Сара хоёр итгэлээ хэрэгжүүлсэн. Их Эзэн хэлсэн үгэндээ хүрсэн аж. Исаак мэндэллээ. Абрахам үндэстнүүдийн эцэг болсон юм.

Бэрхшээлтэй тулгарах хүч

“Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” Хуучин Гэрээний судар амьдралын бэрхшээл, санаа зовнилтой нүүр тулах үед маань намайг хүчирхэгжүүлж ирсэн билээ.

  • Шинэ номлогчийн хувьд юмс дааж давшгүй мэт надад санагдаж байсан. “Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”

  • Номлолын дараа Анн Мари бид хоёрыг гэрлэх талаар бодож байх үед, би хоол, байр, сургалтын төлбөрөө яаж төлөх талаар санаа зовж байсан. “Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”

  • Шинээр гэрлэсэн хосуудын хувьд хүүхэдтэй болж мөн амьдралдаа санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан. “Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”

  • Магистрын зэргээ хамгаалах үедээ болон өнөр болж байгаа гэр бүл, ажлын гараагаа эхлүүлж байх зэргийн үед бэрхшээлтэй тулгарч байсан. “Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”

  • Намайг Испанийн Барселона номлолын ерөнхийлөгч байх үед Анн Мариа бид хоёр номлогчдодоо заахдаа энэ судрыг олон удаа эш татдаг байлаа. “Их Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” Бид номлогчдодоо илгээж буй захидалдаа “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?” гэсэн судрыг үе үе эш татдаг байж билээ.

Судрын бат бөх суурь

Зураг
reproduction of stone tablets with Ten Commandments

Мосе Улаан тэнгисийг хувааж буй нь, Робэрт Т.Баррэтт; Еденийн цэцэрлэг дэх Адам, Ева хоёр, Лөүэлл Брүс Бэннэтт; чулуун тавцангийн хуулбар зургийг Getty Images-ээс; Сан Диэго дахь Калифорни ариун сүмийн гэрэл зургийг Моника Жоржина Алварадо Заратэ авав

Судрын энэ шүлэг нь Хуучин Гэрээн дээр гардаг, сүнслэгээр өдөөгдсөн олон шүлгийн ганц жишээ юм. Та нарыг сүнслэгээр өдөөсөн олон шүлэг байдаг гэдэгт би итгэж байна. Биднийг энэ жил Хуучин Гэрээг бодож тунгаан, залбирч унших үед Ариун Сүнс бидний анхааралд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг маань бэхжүүлэх нэмэлт тодорхой шүлгүүдийг авчрах болно.

Хуучин Гэрээ нь мөнхийн чухал ач холбогдолтой сургаал, зарчмуудыг агуулдаг. Үүнд хараахан биелээгүй байгаа бошиглолууд агуулагддаг. Энэ нь бидний хаанаас ирснийг заадаг. Мөн энэ нь өнөөдөр ч хүчинтэй байгаа Абрахамын гэрээний талаар бидэнд зааж өгдөг.

Хуучин Гэрээ нь бусад судрын үндэс суурийг тавьдаг. Хуучин Гэрээг хэдий чинээ сайн ойлгох тусам бусад судрын ботийн талаар төдий чинээ сайн ойлгох болно. Учир нь үүнд заагдсан сургаал бусад судрын номд байдаг. Үүнд:

  • Тохинууллынхаа үеэр Аврагч Хуучин Гэрээн дэх судрыг ашиглаж заасан.

  • Лихай болон түүний гэр бүл Хуучин Гэрээнээс авсан судар бүхий гуулин ялтаснуудыг өөрсөдтэйгөө авч явдаг.

  • Нифай Иаковт Хуучин Гэрээн дэх Исаиагаас эш татан заадаг.

  • Есүс амилсныхаа дараа нифайчууд дээр очихдоо Хуучин Гэрээний Исаиа, Малахи зэргээс эш татдаг.

Зураг
beings appearing to Joseph Smith and Oliver Cowdery in Kirtland Temple

Көртландын ариун сүмд харсан үзэгдэл, Гари И.Смит; Хоёр дахь ирэлт, Харри Андэрсон

Хуучин Гэрээний бошиглогчид болон сургаал бидний өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн захиасны төвд түүнчлэн байдаг юм. Тухайлбал:

  • Моронай бошиглогч Иосеф Смит дээр анх зочлохдоо Малахигаас эш татдаг.

  • Агуу Үнэт Сувд нь Мосегийн ном, Абрахамын ном хоёрыг агуулдаг.

  • Мосе, Елиас, Елиа нар Көртландын ариун сүмд хүрч ирэн, бошиглогч Иосеф Смитэд санваарын түлхүүрүүдийг сэргээсэн.

Зорилго нь юу вэ?

Хуучин Гэрээн дэх номуудыг уншихдаа бид эдгээр ном нь шашны шалтгаанаас улбаалан тодорхой арга замуудаар сонгогдож, тодотгогдож, зохицуулагдсан гэдгийг авч үзэх хэрэгтэй. Бид “Яагаад энэ захиас багтав, үүний зорилго юу вэ?” гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Хуучин Гэрээний зарим хэсгийг ойлгоход зарим талаараа төвөгтэй байж болох ч энэ нь үл тоомсорлож болохгүй баялгийг агуулдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Бошиглогч Иосеф Смитийн зааснаар, “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:8). Бурханы үгийг судалснаар бид үнэхээр адислагддаг!

Хуучин Гэрээг сэдэв, ойлголт хайх замаар судлах нь бидэнд тусалж болох юм. Хуучин Гэрээний Бурхан Шинэ Гэрээний Бурхан мөн гэдгийг илүү сайн ойлгох арга замыг бид хайх хэрэгтэй. Иехова бол Есүс Христ. Хуучин Гэрээнээс суралцах нь бидэнд Аврагчийг илүү мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?

Хуучин Гэрээнээс олддог бусад томоохон сэдэв бол гэрээ, ариун байдал, амьд бошиглогчид, золиослол ба дуулгавартай байдал, итгэл ба наманчлал, Их Эзэнийг магтан дуулах, Бурханы бүрэн эрхт байдал зэрэг сэдвүүд юм.

Бид судалж байхдаа, хожмын үеийн илчлэлт нь Хуучин Гэрээний талаар илүү бүрэн дүүрэн ойлголт өгдөг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь, орчин үеийн илчлэлтийн ачаар Хуучин Гэрээний бошиглогчид Мелкизедек санваартай байсан гэдгийг мөн өмнөх эрин үеийн бошиглогчид Есүс Христийн сайн мэдээг мэдэж мөн заадаг байсан гэдгийг бид мэднэ.

Бошиглогчийн амлалт

Энэ эрин үед бид бошиглогч, төлөөлөгчдийн сүнслэгээр өдөөгдсөн заавар, зөвлөгөөгөөр хангадаг гэдгийг мэдэхийн тулд түүнчлэн адислагдсан.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг анх танилцуулсан. 2 Энэ эх сурвалж бидний хувьд гайхалтай адислал болсоор ирсэн билээ. Амьдралын маань сүүлийн гурван жил хамгийн гүнзгий бөгөөд утга учиртай судар судлах туршлагыг надад олгосон. 2022 онд хүн бүрийг ижил тэгш адислал хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газрууд болон сайн мэдээнээс суралцах төв болгох үед дараах тодорхой дөрвөн адислалыг авах болно гэж бидэнд хэлсэн. Үүнд:

  1. “Аяндаа таны хүндэтгэлийн өдрүүд жинхэнэ баяр баясгалантай болно.”

  2. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байна.”

  3. Таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно.”

  4. “Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно.”3

Ерөнхийлөгч Нэлсоны амлалтууд гүн гүнзгий бөгөөд эдгээр нь үнэн юм. Эдгээр адислал биеллээ олж, 2022 онд Хуучин Гэрээнээс судалж, суралцах үед биднийг үргэлжлүүлэн адислах болно.

Эх сурвалж

  1. Spencer W. Kimball, “When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 2, -14.

  2. Квинтин Л.Күк, “Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд гүн гүнзгий, бат бөх хөрвөгдөх нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5–10-ыг үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон,“Үлгэр жишээ хожмын үеийн гэгээнтнүүд болох нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119.