2022
Түүний төлөвлөгөө хэрэгжиж байна уу?
2022 оны 5-р сар


Түүний төлөвлөгөө хэрэгжиж байна уу?

Аз жаргалын төлөвлөгөө хэрэгждэг гэдгийг би гэрчилж байна. Таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг тань энэ төлөвлөгөөг бүтээсэн.

Түүний төлөвлөгөө хэрэгжиж байна уу?

Хэдэн жилийн өмнө номлолд үйлчилсэн нэг залуутай би саяхан ярилцсан юм. Тэрээр одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Зарим талаараа түүний амьдрал дажгүй байсан ч итгэл нь буурч байсан. Тэрээр Аврагчийн болон Түүний Сүмийн талаарх эргэлзээнд автаж байв. Тэр сэргээгдсэн сайн мэдээнээс хүсэн хүлээж байсан адислалуудаа аваагүй болохоо тайлбарласан ба аз жаргалын төлөвлөгөө амьдралд нь хэрэгжиж байгааг мэдрээгүй аж.

Би өнөөдөр түүнтэй адил бодож байж болох хүмүүст захиасаа зориулж байна. Би нэгэн үе “гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан” боловч “одоо тийн мэдэрч”1 чадахгүй байгаа хүмүүст хандан ярьж байна.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг мөнхөд аз жаргалтай байлгах гайхалтай төлөвлөгөөг бэлдсэн. Харин амьдрал бидний санаснаар болохгүй үед Түүний төлөвлөгөө хэрэгжихгүй байгаа мэт санагдаж магадгүй.

Есүсийн шавь нарт завь нь “хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байсан”2 гэж санагдсан шиг мэдрэмж бидэнд төрдөг байж магадгүй.

Дараа нь үүрээр:

“[Есүс] нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав.

Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь сандарч … айснаасаа болж хашхиралдав.

Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.

Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд

Тэр –Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ.”3

Би Петрээс сурсан гурван зарчмаа та нартай хуваалцаж болох уу? Эдгээр зарчим аз жаргалын төлөвлөгөө амьдралд нь хэрэгжихгүй байгаа мэт санагдаж байгаа бүх хүнд тус болоосой гэж би залбирч байна.

Нэгдүгээрт, Есүс Христэд итгэх итгэлээр үйлд.

Би Петрийн итгэлийг биширдэг. Есүсийн “ир” хэмээх энгийн урилгаар тэр салхинд туугдаж байсан завиа орхиж явсан. Есүс Христ түүнээс ямар нэгэн зүйлийг хийхэд уривал хийж чадна гэдгээ тэр мэдэж байсан бололтой.4 Петр өөрийн завинаас илүү Аврагчид итгэсэн. Харин тэр итгэл нь түүнд хурцадмал, айдас төрүүлэм нөхцөл байдалд зоригтойгоор үйлдэх хүчийг өгсөн юм.

Петрийн итгэл ахлагч Хосэ Л.Алонсогоос сонссон нэгэн үйл явдлыг сануулдаг. Ахлагч Алонсо хүүгээ нас барсны дараахан үлдэж хоцорсон гэр бүл, бага насны хүүхдүүдийнхээ ярилцахыг сонсжээ.

“Бид одоо яах вэ?” гэж тэд асууж байлаа.

Есөн настай охин нь “Аав зүгээр ээ. Тэр Есүс Христийн сайн мэдээг номлож байгаа” гэж хариулжээ.

Яг л Петр шиг, энэ бяцхан охин сорилт бэрхшээлийнхээ цаадахыг олж харан, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэсэн юм. Аврагчид итгэх итгэл амар амгалан хийгээд урагшлах хүчийг бидэнд өгдөг.

Хэрэв та амьдралаа эргэн харвал, итгэлээ олон удаа хэрэгжүүлж байснаа харна гэдэгт би итгэлтэй байна. Сүмд нэгдэх нь итгэлийн үйлдэл юм. Залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярих нь ч мөн итгэлийн үйлдэл. Судар унших ч бас адил. Энэхүү ерөнхий чуулганаар захиасыг минь сонсох нь ч мөн итгэлийн үйлдэл юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Өөрт буй итгэлээ бүү бууруул”5.

Петрээс сурсан өөр нэгэн сургамж

Хүнд хэцүү үед Есүс Христэд нэн даруй ханд гэх сургамж юм.

Петр Аврагч руу алхаж байхдаа салхинаас айж, живж эхэлдэг. Гэвч Петр юу болж байгааг ухаараад, өөрөө усан дээгүүр алхах гэж оролдоогүй эсвэл завь руугаа эргэж сэлээгүй. Харин ч тэр Христэд итгэх итгэлээ алдалгүй, улам чанга зууран барьж, “Эзэн минь намайг авраач” хэмээн орилсон.

Хариуд нь “Есүс тэр даруй гар сунган түүнийг зуур[сан].”6

Бидний хүн нэг бүр итгэлийг маань ганхуулж, живэхэд хүргэдэг хүчтэй салхитай тулгардаг. Ийм зүйл тохиолдоход, Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд гэтэлгэлийн төлөвлөгөө гэсэн өөр нэр байдгийг санаарай. Энэ төлөвлөгөө нь амьдралыг ганц ч бүдэрч, живэхгүйгээр, нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулан, амар хялбар туулан өнгөрүүлэхэд зориулагдаагүй. Тэнгэрлэг Эцэг биднийг гэтэлгэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Тиймээс Тэрээр гэтэлгэлийн төлөвлөгөөг бэлдсэн билээ.7 Тийм ч учраас Тэр Гэтэлгэгчийг илгээсэн. Бид ямар нэгэн шалтгаанаар зовж шаналж байгаа нь төлөвлөгөө хэрэгжихгүй байна гэсэн үг биш юм. Харин ч энэ үед бидэнд тэрхүү төлөвлөгөө хамгийн их хэрэгтэй.

Ийм цаг мөчүүдэд Петрийн үлгэр жишээг дагаарай. Аврагчид шууд ханд.

“Та нарын авралын өдөр мөн үе нь эдүгээ болой; … Наманчлалын өдрөө бүү хойшлуул.”8

Бидний одоо хаана байгаа, өмнө нь хаана байсан зэргээс үл хамааран наманчлал бол урагшлах зам юм. Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.

“Бидний хувь хүний ​​хөгжил дэвшилд өдөр бүр наманчлалд анхаарлаа төвлөрүүлэхээс илүү чөлөөлөх, илүү эрхэм, чухал зүйл гэж үгүй. …

Гэрээний замаараа хичээнгүйлэн алхаж байгаа, аль эсвэл гэрээний замаасаа хазайн гарсан эсвээс одоо байгаа газраасаа замаа олж харж чадахгүй байгаа гэдгээс тань үл хамааран би таныг наманчлахад урьж байна. Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутмын наманчлалын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр”9.

Христэд ирнэ гэдэг нь Түүний талаар бодох, ярих, бүр Түүнийг хайрлахаас ч илүү утга учиртай зүйл юм. Энэ нь Түүнийг дагахыг мөн Түүний бидэнд заасанчлан амьдрахыг хэлдэг. Харин бид бүгдийн хувьд энэ нь хойш тавилгүйгээр наманчлахыг хэлнэ.

Охидын маань нэг Номлогчийг бэлтгэх төвд ажилладаг байсан. Түүний заадаг байсан нэг номлогч Мормоны Ном үнэн гэдэгт эргэлзэж байгаагаа нуулгүй хэлсэн талаар тэр надад ярьж билээ. Тэр номлогч сүнслэг гэрч авахын төлөө удаа дараа залбирсан ч хариултаа аваагүй байв.

Охин маань тэр номлогчид яаж туслахаа олж мэдэхээр залбирчээ. Тэрээр судруудыг зөвхөн уншихад эсвэл гэрчлэлтэй болоход зориулан өгөөгүй, харин бидэнд Бурханы зарлигуудыг дагахыг заах гэж өгсөн гэсэн ойлголтыг хүлээн авч, үүнийгээ уг номлогчтой хуваалцсан байна.

Харин дараа нь тэрээр уг номлогчийг илүү аз жаргалтай байгааг харжээ. Тэр Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг эцэст нь хүлээн авсан тухайгаа охинд маань хэлсэн байв. Тэрхүү гэрчлэлийг Мормоны Номд заасан зүйлийг хийхийг улам их хичээсний үр дүнд хүлээн авсан гэдгээ тэр мэдэж байлаа.

Хүнд хэцүү цаг үед Аврагчид хандсан Петрийн үлгэр жишээг дагацгаая. Өөрийн мэргэн ухаан, хүчинд найдахын оронд Есүс Христийг дагаарай. Түүнгүйгээр хэчнээн урт хугацаанд усан дээгүүр алхахыг оролдсон байсан ч та Түүнд хандахад хэзээ ч оройтохгүй. Түүний төлөвлөгөө хэрэгждэг!

Петрийн туршлагаас миний сурсан гурав дахь зарчим

Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусга. Тэгвэл Тэр та нарыг илүү агуу зүйлд өргөмжлөх болно.

Петр усан дээгүүр алхсанаар мөн тусламж хэрэгтэй үед Аврагчид хандсанаар итгэлээ харуулсан. Тийм байсан ч Аврагч Петрээс илүү агуу зүйлийг гүйцэтгэх чадварыг олж харжээ. “Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв?”10 хэмээн Тэр хэлсэн.

Петр ийн зэмлэсэнд нь гомдож болох л байсан. Гэвч тэр даруухнаар хүлээн авсан билээ. Тэр Есүс Христэд итгэх агуу итгэлийг үргэлжлүүлэн эрэлхийлсэн. Итгэлийг нь хүчирхэгжүүлэх өөр олон, зарим нь үнэхээр хүнд хэцүү туршлагуудаар дамжуулан Петр эцэст нь Их Эзэнд хэрэгтэй байсан тэрхүү гуйвшгүй итгэлтэй удирдагч болж чадсан юм. Тэр Их Эзэнд үйлчлэхдээ агуу зүйлсийг гүйцэтгэсэн.

Их Эзэн танаар ямар агуу зүйлсийг гүйцэтгүүлэхийг хүсдэг вэ? Түүний Сүмд болон хаант улсад Аврагчийн нэгэн адил бусдад тохинуулж, үйлчлэх олон боломж бий. Тэр та бүхнийг Түүний агуу ажлын нэгэн хэсэг байгаасай хэмээн хүсдэг. Аз жаргалын төлөвлөгөөний дагуу амьдрахад нь бусдад туслахаас өөр юу ч танд уг төлөвлөгөө илүү үнэн бодит гэдгийг мэдрүүлэхгүй.

Итгэлээ хөгжүүлэх явцад минь “Даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой”11 гэх Алмагийн хэлсэн үг амьдралыг минь өөрчилсөн. Есүс биднийг өргөж, удирдан чиглүүлж, авьяас чадварыг маань хамгийн сайн ашиглаж болох хэмжээнд өөрсдийгөө даруусгацгаая.12

Аз жаргалын төлөвлөгөө хэрэгждэг гэдгийг би гэрчилж байна. Таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг тань энэ төлөвлөгөөг бүтээсэн. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан нүгэл, үхэл хоёрыг ялсан учраас энэ төлөвлөгөө хэрэгждэг. Түүнд ир, Түүнийг дага, тэгвэл “гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно.”13 Есүс Христийн нэрээр, амен.