2022
“Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”
2022 оны 5-р сар


“Тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө”

Бид өөрсдийгөө даруусган, Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал Христийн ач ивээл, Түүний мөнхийн цагаатгагч золиосол нь өөрчлөгдөх явдлыг боломжтой болгож чадна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон нэг удаа шоронгийн харгалзагч Клинтон Даффигийн тухай түүхийг хуваалцсан юм. “1940, 50-аад оны үед Америкийн шоронгийн харгалзагч Клинтон Даффи шоронгийнхоо хоригдлуудыг ердийн амьдралд дасгах хүчин чармайлтаараа нэрд гарч байлаа. Түүний санаачилгыг шүүмжлэгч нэгэн “Ирвэс толбоо арилгаж чаддаггүй гэдгийг та мэддэг байлгүй дээ” гэхэд

харгалзагч Даффи “Би ирвэсүүдтэй ажилладаггүй. Би хүмүүстэй ажилладаг, хүмүүс өдөр бүр өөрчлөгддөг гэдгийг та мэдвэл зохино” гэж хариулсан гэдэг.”1

Сатаны хамгийн том худал үгсийн нэг нь, эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй гэдэг үг юм. Бид үнэндээ өөрчлөгдөж чадахгүй, бүр үүнээс ч дор нь, бид өөрчлөгдөх хэрэггүй хэмээх худал үгийг дэлхийнхэн олон янзаар ахин дахин хэлдэг билээ. Нөхцөл байдал маань биднийг тодорхойлдог гэж бидэнд заадаг. Дэлхийнхэн бидэнд “бид өөрсдийгөө байгаагаар нь дуртайяа хүлээн авч мөн өөрсдийн жинхэнэ дүрд үнэнч байх хэрэгтэй” гэж хэлдэг.

Бид өөрчлөгдөж чадна

Жинхэнэ дүрээ харуулах нь үнэндээ сайн хэдий ч бид бурханлаг чанартай мөн Бурхантай адил болох хувь заяатай Бурханы охид хөвгүүд гэдэг үнэн дүрээ харуулах хэрэгтэй.2 Бид энэхүү бурханлаг чанар, хувь заяанд жинхэнээр хандах зорилготой бол бид бүгдээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Сударт өөрчлөлтийг илэрхийлдэг үг нь наманчлал юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. … “Есүс танаас мөн надаас “наманчлахыг” хүсэхдээ биднийг … өөрчлөгдөхөд урьдаг”3 хэмээн заасан билээ.

Бурханы тогтоосон нөхцөл байдал

Компьютерын программ бичдэг хүмүүс компьютерт юу хийхийг нь хэлэхдээ нөхцөл байдлын мэдэгдлийг ашигладаг. Эдгээрийг заримдаа “хэрэв-тэгвэл” мэдэгдэл гэж нэрлэдэг. Хэрэв х нь үнэн бол, тэгвэл y-ийг хийнэ гэсэн үг.

Их Эзэн түүнчлэн нөхцөл тавьж ажилладаг. Итгэлийн нөхцөл. Зөв шударгын нөхцөл. Наманчлалын нөхцөл. Дараахын адил Бурхан нөхцөл байдлыг нь тогтоосон олон жишээ байдаг:

Хэрэв чи миний зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчих аваас, [тэгвэл] чи Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралтай байх болно.”4

Мөн “хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, [тэгвэл] тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.”5

Бурханы хайр мөнх мөн төгс төгөлдөр хэдий ч, түүнчлэн нөхцөлүүдэд тулгуурласан байдаг.6 Жишээлбэл:

“[Хэрэв] би Эцэгийнхээ тушаалыг сахи[вал, тэгвэл] хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.”7

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Зарим хүн ‘Аврагч намайг байгаагаар минь хайрладаг’ гэж байнга хэлдэг. Энэ нь ч гарцаагүй үнэн. Гэхдээ Тэр бидний хэнийг нь ч Өөрийн хаант улсад одоо байгаагаар маань оруулж чадахгүй бөгөөд ‘учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй’ [Мосе 6:57]. Эхлээд бидний гэм нүглийн асуудал шийдвэрлэгдсэн байх ёстой”8 хэмээн заахдаа сайн мэдээний энэхүү үнэний талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Сул дорой зүйлүүд хүчирхэг болж чадна

Өөрчлөгдөхөд маань бидэнд туслах Бурханы хүчийг хүлээн авах адислал нь ч түүнчлэн нөхцөл дээр тулгуурладаг. Бошиглогч Моронайгаар дамжуулан Мормоны Номд Аврагч ийн хэлсэн: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.”9

Их Эзэний энд бидэнд зааж байгаа зүйлсийг нарийвчлан үзвэл Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэг сул талыг өгсөн бөгөөд энэ сул тал нь унасан, зуурдын хүний эгэл амьдралын туршлагын нэг хэсэг юм гэж Тэрээр эхэлж хэлснийг бид хардаг. Бид Адамын уналтын улмаас эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс болсон. Гэхдээ бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, сул дорой талаа буюу унасан байдлаа даван дийлж чадна.

Тэгээд Түүний ач ивээл хангалттай мөн хэрэв бид өөрсдийгөө даруусгаж мөн Түүнд итгэлтэй байх аваас, тэгвэл Тэрээр “[бидэнд] сул дорой зүйлүүдийг [маань] хүчирхэг болгож өгнө” хэмээн хэлдэг. Өөрөөр хэлбэл, бид эхлээд өөрсдийн унасан байдлыг буюу сул дорой талыг өөрчлөх үед, зан авир, сул талаа өөрчлөх боломжтой байх болно.

Өөрчлөлтийн шаардлага

Их Эзэний хэв маягийн дагуу өөрчлөлтийн шаардлагыг авч үзэцгээе:

Нэгдүгээрт, бид өөрсдийгөө даруусгах ёстой. Өөрчлөлтөд тавих Их Эзэний нөхцөл бол даруу байдал юм. “Хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусга[х] аваас,”10 гэж Тэр хэлсэн. Даруу байдлын эсрэг тал нь бардамнал юм. Бардам байдал нь бид өөрсдийгөө илүүг мэддэг гэж бодох үед буюу бидний бодож эсвэл мэдэрч байгаа зүйлс нь Бурханы бодож, мэдэрч байгаа зүйлсээс илүү чухал гэж үзэх үед гардаг.

“Эгэл хүн бол Бурханы дайсан, мөн … эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж, хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан [болохгүй] аваас үүрд мөн үргэлж тийм байх болно”11 хэмээн хаан Бенжамин заасан.

Өөрчлөгдөхийн тулд бид эгэл хүнээ орхин, хүлцэнгүй, даруухан болох хэрэгтэй. Бид амьд бошиглогчийг дагахуйц хангалттай даруу байх ёстой. Ариун сүмд гэрээнүүдийг хийж, тэдгээрийг сахихуйц хангалттай даруу. Өдөр бүр наманчлахуйц хангалттай даруу. Бид өөрчлөлтийг хүсэж, “зүрх сэтгэлээ Бурханд зориулахуйц”12 хангалттай даруу байх ёстой.

Хоёрдугаарт, бид Есүс Христэд итгэх итгэлтэй байх ёстой. Аврагчийн үгсийг давтан хэлье: “Хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас”13, Тэрээр бидэнд сул дорой байдлаа ялах хүчийг өгөх болно. Даруу байдлыг Есүс Христэд итгэх итгэлтэй хамтатгах нь бидэнд Түүний ач ивээлийн хүчийг мөн Түүний Цагаатгалын ачаар хүртэх боломжтой болдог адислалуудыг бүрэн дүүрнээр хүлээн авч ашиглах боломжийг олгодог.

Ерөнхийлөгч Нэлсон “Есүс Христ биднийг цэвэршүүлж, эдгээн, хүчирхэгжүүлэх хүчтэй гэсэн итгэлээр жинхэнэ наманчлал эхэлдэг. … Бид итгэлээрээ дамжуулан Бурханы хүчийг амьдралдаа нээдэг”14 хэмээн заасан.

Гуравдугаарт, Тэр ач ивээлээрээ дамжуулан сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож чадна. Хэрэв бид өөрсдийгөө даруусгаж, Аврагчид итгэлтэй байх аваас, тэгвэл Түүний ач ивээл бидэнд өөрчлөгдөх боломжийг олгоно. Өөрөөр хэлбэл, Тэрээр бидэнд өөрчлөгдөх хүчийг өгнө. Тэрээр “Бүх хүмүүст миний ач ивээл хангалттай”15 хэмээн хэлсэн учраас энэ нь боломжтой болж байгаа юм. Түүний хүч өгч, боломж олгодог ач ивээл нь өөрчлөгдөхөөр эрэлхийлэх үед маань бүх саад тотгор, бүх бэрхшээл, бүх сул дорой байдлыг ялан дийлэх хүчийг бидэнд өгдөг.

Хамгийн том сул дорой талууд маань бидний хамгийн агуу хүч чадал болж чадна. Бид өөрчлөгдөж мөн “шинэ бүтээлүүд болдог.”16 Сул дорой зүйлүүд нь үнэхээр “[бидэнд] хүчирхэг”17 болж чаддаг.

Бид өөрчлөгдөж, наманчлан, илүү сайн болж чадахын тулд Аврагч Өөрийн мөнхийн дуусашгүй Цагаатгалыг гүйцэтгэсэн. Бид үнэндээ дахин төрж чадна. Бид дадал зуршил, донтолт, бүр “хилэнцийг үйлдэх хүслийг”18 ялан дийлж чадна. Тэнгэр дэх Эцэгийн хайртай охид, хөвгүүдийн хувьд бид өөрсдийн дотор өөрчлөгдөх хүчийг хадгалдаг.

Өөрчлөлтийн жишээнүүд

Судруудад өөрчлөлт гаргасан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээ дүүрэн байдаг.

Эртний Христийн сүмийн шүүгч, фарисай хүн байсан Саул19 хожим нь Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч Паул болсон.

Алма ёс бус Ноа хааны прист байсан. Тэрээр Абинадайн үгсийг сонсож, бүрэн гүйцэд наманчилж, Мормоны Номон дахь агуу номлогчдын нэг болсон билээ.

Түүний хүү Алма залуу насаа Сүмийг устгахыг эрэлхийлэхэд зориулсан. Тэр зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч, өөрөө агуу хүчтэй номлогч болохоосоо өмнө “адгийн нүгэлтнүүд[ийн]”20 нэг байсан.

Мосег Фараогийн гэр бүл өргөж авсан бөгөөд мөн тэрээр египет ханхүүгийн тансаг амьдралаар өсжээ. Гэхдээ тэр үнэхээр хэн гэдгээ мөн өөрийн тэнгэрлэг хувь заяаны талаар олж мэдсэнийхээ дараа Хуучин Гэрээн дэх хуулийг өгөгч агуу бошиглогч болж өөрчлөгдсөн.21

Миний эхнэрийн өвөө, Жэймс Б.Кийсор гэгч нэгэн өөрийн гаргасан зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтөөрөө 22 надад үргэлж гүн сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр 1906 онд Солт Лэйк Валлид хожмын үеийн гэгээнтэн итгэлтэй анхдагч өвөг дээдсийн гэр бүлд төрсөн бөгөөд бага насандаа ээжийгээ алдаж, өсвөр насандаа асуудалтай байсан байна. Тэр өсвөр үе, залуу насаа Сүмээс хол өнгөрөөсөн бөгөөд тэр үедээ олон муу зуршилтай болжээ. Гэсэн хэдий ч тэр итгэлтэй эмэгтэйтэй гэрлэж, хамтдаа таван хүүхдийг өсгөсөн юм.

Тэрээр Агуу хямрал, Дэлхийн 2-р дайны дараах хүнд хэцүү он жилүүдийн дараа, 1943 онд найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дуудсанаар Ютагаас Калифорнийн Лос Анжелэс руу ажил хайхаар явсан байна. Гэрээсээ хол амьдрах энэ үедээ тэрээр эгч, тойргийнхоо бишопоор үйлчилж байсан хүргэн ахтайгаа хамт амьдарч байжээ.

Эгч, хүргэн ах хоёрынхоо хайр ба нөлөөгөөр тэрээр Сүмийг дахин сонирхож эхлэн мөн орой бүр унтахынхаа өмнө Мормоны Номыг уншиж эхэлсэн байна.

Нэг орой түүнийг Алма 34-р бүлгийг уншиж байхад дараах үгс зүрх сэтгэлийг нь хөнджээ.

“Тийм ээ, та нар ирж мөн зүрх сэтгэлээ цаашид бүү хатууруулаасай хэмээнэ би. …

Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм.”23

Эдгээр шүлгийг уншиж байхад нь хүчтэй мэдрэмж түүнийг эзэмдсэн бөгөөд тэр өөрчлөгдөж, наманчлах хэрэгтэйгээ мөн юу хийхээ мэдсэн байна. Тэр орноосоо босон, өвдөглөж суугаад, өөрийг нь өршөөхийг мөн амьдралдаа гаргах хэрэгтэй байгаа өөрчлөлтийг хийх хүч чадлыг өгөхийг Их Эзэнээс гуйн залбирч эхэлжээ. Түүний залбирлын хариу ирж, тэр цагаас хойш тэр хэзээ ч эргэж хараагүй. Бад өвөө маань амьдралынхаа эцэс хүртэл Сүмд үйлчилж, үнэнч итгэлтэй, бүхнээ зориулсан хожмын үеийн гэгээнтэн хэвээр үлдсэн юм. Тэр бүх л талаар өөрчлөгдсөн байв. Түүний оюун санаа, зүрх сэтгэл, үйлдэл, мөн чанар өөрчлөгдсөн.

Ах, эгч нар аа, эцэстээ Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёртой адил болох нь бидний тэнгэрлэг хувь заяа мөн зорилго билээ. Бид өөрчлөгдөж, наманчилснаар үүнийг хийдэг. Бид “Аврагчийн дүр төрхийг царай төрхөндөө хүлээж ав[даг].”24 Бид шинэ, цэвэрхэн, өөр болдог бөгөөд өдөр бүр үүн дээрээ үргэлжлүүлэн ажилладаг. Заримдаа хоёр алхам урагшилж, нэг алхам ухарч байгаа мэт санагдаж магадгүй ч бид итгэлтэй, даруухан үргэлжлүүлэн урагшилдаг.

Бид өөрсдийгөө даруусган, Есүс Христэд итгэх итгэлээ ашиглавал Христийн ач ивээл, Түүний мөнхийн цагаатгагч золиосол нь өөрчлөгдөх боломжтой болгож чадна.

Есүс Христ бол үнэхээр бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Түүний ач ивээл үнэхээр хангалттай. “Тэр бол зам, үнэн, амь мөн”25 гэдгийг би тунхаглаж байна. Есүс Христийн нэрээр, амен.