2022
Ахлагч Дэнэлсон Силва
2022 оны 5-р сар


“Ахлагч Дэнэлсон Силва,” Лиахона, 2022 оны 5-р сар.

Ахлагч Дэнэлсон Силва

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Анголын Луандагаас Бразилын Сан Пауло руу буцах 6400 км зам нь ахлагч Дэнэлсон Силва, түүний эхнэр Рэгина хоёрт сүнслэг өдөөлт хүлээн авахаар чармайх хугацааг өгсөн юм. Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилснийхээ дараа ахлагч Силва эхнэрийнхээ хамт байшин худалдаж авах хэрэггүй гэсэн мэдрэмжийг хүлээн авчээ.

Тэд номлолд үйлчлэхээр явахаасаа өмнө байшингаа зарсан бөгөөд буцаж ирмэгцээ шинэ гэр оронтой болохоор төлөвлөж байсан ч хүлээ гэсэн сүнслэг өдөөлтийг мэдэрсэн юм. “Бразилд байшин зарахын тулд зар тавиад, түргэн зарж чаддаггүй. Энэ нь хэдэн өдөр, сар, бүр жил ч болж болно” гэж ахлагч Силва хэлэв.

Тэднийг номлолынх нь өмнө Тэнгэрлэг Эцэг удирдан чиглүүлсэн бөгөөд дахин чиглүүлнэ гэдэгт төвлөрөхийг хүссэн гэж Силва эгч хэлсэн юм. “Бид цаг нь ирэхийг хүлээхээр хамтдаа шийдсэн” гэж тэр хэлэв. Тэд байр худалдаж авахын оронд түрээслэхийг сонгожээ.

Бразилд байшин зарах амаргүйн адил хариулт нь олон өдөр, сар, бүр жилийн дараа ч ирээгүй юм. Ахлагч Силваг Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэх дуудлагыг хоёр жил гаруй хугацааны дараа хүлээн авах үед л хариулт нь иржээ.

Тэрээр “Хэрэв Тэр биднээс ямар нэгэн зүйл хийхийг хүсэх юм бол бидний хариулт үргэлж ‘тийм‘ гэсэн хариулт байх ёстой. Хэрэв хариулт нь үргэлж ‘тийм’ биш байвал энэ нь ‘үгүй’ эсвэл ‘магадгүй’ гэсэн үгсэд байраа тавьж өгөх болно. Гэвч “Аврагчийн хувьд Гетсеманид ямар ч ‘үгүй’ эсвэл ‘магадгүй’ гэх хариулт орших зай байгаагүй” гэдгийг ахлагч Силва тайлбарласан юм.

Дэнэлсон Урбано да Силва 1965 оны 7-р сарын 4-нд Бразилын Хэсифи хотод Домингос Урбано да Силва, Мария Хосэ дэ Алмэида Силва нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Хэсифи хотод өссөн бөгөөд 1987 оны 5-р сард Бразилын Сан Пауло ариун сүмд Рэгина Мария дэ Карвалю Силватай лацдан холбогдсон. Тэд хоёр хүүхэдтэй.

Тэрээр бизнесийн удирдлагын (мэдээлэл боловсруулах) чиглэлээр бакалаврын зэрэгтэй ба аялал зуучлалын салбарт 30 жил ажилласан.

Ахлагч Силва 2016-аас 2019 онд Анголын Луанда номлолд эхнэрийнхээ хамт номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Тэрээр мөн бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, Бразилын Күричиба номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.