Ирээд, Намайг дага
1-р сарын 29-өөс 2-р сарын 4: “Би Таны өмнөх замыг бэлдэх болно.” 1 Нифай 16–22


“1-р сарын 29-өөс 2-р сарын 4: ‘Би Таны өмнөх замыг бэлдэх болно.’ 1 Нифай 16–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“1-р сарын 29-өөс 2-р сарын 4. 1 Нифай 16–22,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Лиахонаг барьж үзэж буй хүмүүс

1-р сарын 29-өөс 2-р сарын 4: “Би Таны өмнөх замыг бэлдэх болно”

1 Нифай 16–22

Лихайн гэр бүлийг амлагдсан нутаг руу аялах үед Их Эзэн тэдэнд “Би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал” (1 Нифай 17:13) гэж амласан. Энэ амлалт аяллыг амар хялбар байлгана гэсэн үг биш байв. Гэр бүлийн гишүүд хоорондоо маргалдаж, нум нь хугарч, хүмүүс зовж зүдрэн, нас барсан төдийгүй тэд түүхий эд материалаар усан онгоц барих хэрэгтэй болсон. Гэхдээ энэ гэр бүлийг гай зовлон, боломжгүй мэт үүрэг даалгавартай тулгарахад Их Эзэн хэзээ ч тэднээс холдоогүй гэдгийг Нифай ухаарч байв. Бурхан “[итгэгчдийг] асран мөн тэднийг хүчирхэгжүүлж, бас тэдэнд өөрийн зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах арга замуудыг хангаж өгөх бөлгөө” (1 Нифай 17:3) гэдгийг тэр мэдсэн. Яагаад муу зүйлс Нифай болон түүний гэр бүлийнхэнтэй адил сайн хүмүүст тохиолддог юм бол гэсэн бодол танд төрж байсан бол та эдгээр бүлгээс ойлголт авч болох юм. Юу юунаас чухал нь, та сайн хүмүүст муу зүйлс тохиолдоход тэдний юу хийдгийг олж харах болно.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Зураг
Семинарын дүрс

1 Нифай 16–18

Аврагч надад амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад тусална.

Нифайн гэр бүл бид бүхэнд тохиолддогтой адил хүнд сорилтуудыг даван туулсан. Та Есүс Христэд итгэх итгэлээр сорилт бэрхшээлийг даван туулах талаар Нифайгаас юу сурч мэдэж болох вэ? 1 Нифай 16:17–32; 16:34–39; 17:7–16; 18:1–4; 18:9–22-оос түүнд юу юу тохиолдсоныг уншаарай. Олж мэдсэн зүйлсээ “Сорилт бэрхшээл,” “Нифай ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?,” “Их Эзэн хэрхэн тусалсан бэ?” зэрэг гарчгуудын доор бичихийг бод. Одоо тулгамдаж буй асуудалдаа хэрэгжүүлж болох юуг та сурч мэдсэн бэ?

Нифайгаас болон түүний гэр бүлээс суралцсаны дараа “Миний сорилт бэрхшээл,” “Би ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?,” “Их Эзэн надад хэрхэн туслах вэ?” зэрэг гарчгуудын доор санал бодлоо нэмж бичиж болно. Ингэхдээ дараахтай адил судруудыг дурдаж болно. Үүнд: Матай 11:28–30; Иохан 14:26–27; Мозая 24:13–15. “Хаана амар тайван байна?” (Дуулал, х. 62) гэх мэт дуулал нь Аврагчид итгэх болон сорилт бэрхшээлтэй тулгарах үед Түүний өгдөг тусламжид итгэх итгэлийг хүчирхэгжүүлж болно.

Мөн Антони Д.Пэркинсийн “Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

1 Нифай 16:10–16, 23–31; 18:11–22

Бурхан намайг өчүүхэн хийгээд энгийн зүйлээр удирдан чиглүүлдэг.

Бурхан Лихайн гэр бүлийг аглаг буйд руу хөтлөхдөө, аяллын бүх нарийн ширийн зүйлийг харуулсан газрын зургийг тэдэнд өгөөгүй. Харин тэднийг өдөр бүр удирдан чиглүүлэх Лиахонаг өгсөн. Та 1 Нифай 16:10–16, 23–31, 18:10–22-ыг уншихдаа, Бурхан хүүхдүүдээ хэрхэн удирдан чиглүүлдгийг харуулсан үнэнүүдийг жагсаахыг бод (Жишээлбэл: 1 Нифай 16:10-т Бурхан заримдаа төсөөлж ч байгаагүй арга замаар биднийг удирдан залдаг гэдгийг заадаг). Таны харж байгаагаар Лиахона, Ариун Сүнс хоёр хоорондоо юугаараа адилхан байна вэ? Таны амьдралд “агуу үйл хэргүүдийг тохиох болгож” болдог ямар “өчүүхэн арга замууд” байдаг вэ?

Мөн Алма 37:7, 38–47; Сургаал ба Гэрээ 64:33–34-ийг үзнэ үү.

Зураг
Лихай Лиахонаг ашиглаж байгаа нь

Хэрэв та нар бэлтгэгдсэн аваас, та нар эмээх нь үгүй, Кларк Кэлли Прайс

1 Нифай 17:1–6, 17–22

Миний сорилт бэрхшээлүүд адислал байж болно.

Нифай болон түүний ах нар аглаг буйдад яг адилхан зовлон зүдгүүрийг туулсан ч тэдний туршлагууд өөр өөр байв. Та аглаг буйд руу аялсан Нифайн түүхийг (1 Нифай 17:1–6) ах нарынх нь түүхтэй (1 Нифай 17:17–22-ыг үзнэ үү) харьцуулж болох юм. Нифайн мэддэг байсан эсвэл хийсэн ямар зүйл түүнд итгэлийн өнцгөөс харахад нь тусалсан бэ? Одоогийн эсвэл сүүлд тохиолдсон сорилт бэрхшээлийнхээ талаар итгэж, талархсан өнцгөөс харж бичихийг бод. Та үүнээс юу мэдэрсэн эсвэл юу сурч мэдсэн бэ?

Эйми А.Врайтын хэлсэн “Христ гэмтсэнийг эдгээдэг” үгийг 2022 оны 4-р сарын Лиахонагаас үзнэ үү.

Нам гүм орчинд тунгаан бодох цаг. Бодох, тунгаах, эргэцүүлэх эсвэл бичих нь сүнслэгээр өдөөгдөхөд хүргэж болно. Энэ нь сайн мэдээний сургаал, зарчмууд бидний амьдралтай хэрхэн уялдаж байгааг ойлгоход тусална. Та бусдад заахдаа тэдэнд эргэцүүлэн бодох, төрсөн сэтгэгдлээ бичих цаг гаргаж өг. Энэ нь бас тэдний бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах хүслийг нэмэгдүүлэх болно.

1 Нифай 19:22–24; 20–22

Би “бүх судрыг өөртэйгөө адилтгаж” чадна.

Судрууд эрт дээр үед бичигдсэн учраас өнөөгийн бидэнд хамаагүй юм шиг санагдаж байж болох юм. Харин Нифай юу болохыг нь сайн мэдэж байлаа. “Бидэнд эрдэм болон тус байж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ” (1 Нифай 19:23). Энэ нь Нифайн судруудаас асар их сүнслэг хүч олж авдаг шалтгаануудынх нь нэг байв.

1 Нифай 20–22-ыг уншихдаа, дараахтай адил асуултуудыг бодож үз.

1 Нифай 20:1–9.Эдгээр шүлэгт Исаиагийн цаг үед амьдарч байсан хүмүүсийн талаар юу зааж байна вэ? Танд хамаатай юуг та олж мэдсэн бэ?

1 Нифай 20:17–22.Эдгээр шүлэгт Тэнгэрлэг Эцэг Исаиагийн цаг үед амьдарч байсан хүмүүсийг хэрхэн удирдаж залсан талаар юу заадаг вэ? Тэр Өөрийг нь дагахад таныг хэрхэн урьдаг вэ?

Та 1 Нифай 20–22-оос өөртэйгөө “адилтгаж” болох өөр юуг олж мэдсэн бэ?

Нэмж санаа авах бол Лиахона болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

1 Нифай 16:10, 28–29; 18:8–13, 20–22

Зарлигуудыг нь дагах үед Их Эзэн намайг удирддаг.

  • Хэрэв танд луужин, газрын зураг юм уу замаа олоход тусалдаг өөр ямар нэг зүйл байвал үүнийгээ хүүхдүүддээ үзүүлж болно. Энэ нь таны 1 Нифай 16:10, 28–29-өөс уншиж болох Лиахонагийн талаарх ярилцлага өрнүүлэх тохиромжтой арга зам байж болох юм. Луужин эсвэл газрын зураг нь ямар ямар шалтгаанаас болж ажиллахаа больж болох вэ? Лиахона нь яагаад заримдаа Лихайн гэр бүлийн хувьд ажилладаггүй байсан бэ? (1 Нифай 18:9–12, 20–22-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Өөрт нь эргэн очиход удирдах юуг өнөө үед бидэнд өгсөн бэ?

  • Хүүхдүүдэд 1 Нифай 16:10, 26–31; 18:8–22-оос Лиахонагийн тухай олж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд та чухал эсвэл хэцүү шийдвэрийн талаар бодоход тэднийг урьж болно. Бурхан Лиахонатай адил зарчмаар ажилладаг юуг өнөөдөр биднийг удирдахын тулд өгсөн бэ? (Жишээлбэл: Алма 37:38–44-ийг үзнэ үү.) Тэнгэрлэг Эцэг таныг удирдаж байсан хувийн туршлагаа хуваалцахыг бод.

1 Нифай 16:21–32

Би гэр бүлдээ сайн үлгэр жишээ үзүүлж чадна.

  • 1 Нифай 16:21–32-ыг хамт уншихдаа, Нифайн үлгэр жишээ хэрхэн гэр бүлийг нь адисалсан талаар олж мэдэхэд хүүхдүүддээ тусал. Энэ нь биднийг хэрхэн Нифай шиг байж чадах тухай ярилцлага руу хөтөлж болох юм. Хүүхдүүдийг гэр бүлийнхээ өөр гишүүдэд сайн талаас нь нөлөөлөхийн тулд нэг зүйл хийхээр төлөвлөхөд урь.

1 Нифай 17:7–19; 18:1–4

Тэнгэрлэг Эцэг хэцүү зүйлсийг хийхэд надад тусалж чадна.

  • Хүүхдүүд түүх ярих дуртай. Та Нифайд усан онгоц барихыг зарлигласан түүхийг ярихдаа, тэднийг өөртөө туслуулахад урьж болох юм (1 Нифай 17:7–19; 18:1–4-ийг үзнэ үү; мөн Мормоны Номын түүхүүд“ номын 7-р бүлэг: Усан онгоц барьсан нь,” 21–22-р хуудсыг үзнэ үү.) Тэд бас “Нифайн зориг” (Хүүхдийн дууны ном, 64–65) дууны хоёр дахь бадгийг хамтдаа дуулж болно. Ах нар нь Нифайг усан онгоц барихыг хичээснийх нь төлөө шоолох үед зоригтой байхад нь түүнд юу тусалсан бэ?

  • Нифай усан онгоцыг хэрхэн барихыг мэдэхгүй байсан ч Их Эзэний зааварт найдсан. 1 Нифай 18:1-ийг тантай хамт уншсаныхаа дараа хүүхдүүд тань энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг гүйцээж болно. Ингэхдээ, Тэнгэрлэг Эцэг Нифайд тусалсан шиг бидэнд хэцүү зүйлсийг хийхэд хэрхэн тусалж болох талаар тэдэнтэй ярилц.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Нифай гэр бүлийнхэнтэйгээ усан онгоцонд байгаа нь

Тэд надад ихэд хэрцгий хандав, Волтэр Рэйн