Ирээд, Намайг дага
2-р сарын 5–11: “Агуу Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй.” 2 Нифай 1–2


“2-р сарын 5–11: ‘Агуу Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй.’ 2 Нифай 1–2,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“2-р сарын 5–11. 2 Нифай 1–2,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгээс явсан нь

Адам, Ева хоёр, Даглас Фрайэр

2-р сарын 5–11: “Агуу Зуучаар дамжуулан, эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй”

2 Нифай 1–2

Хэрэв амьдрах өдрүүд тань дуусаж байгааг мэдсэн бол та хамгийн хайртай хүмүүстээ сүүлчийн удаа ямар захиас үлдээх байсан бэ? Бошиглогч Лихай амьдрах өдрүүд нь дуусаж байгааг мэдрээд, гэр бүлээ сүүлчийн удаа цуглуулсан. Тэр Тэнгэрлэг Эцэгийн өөрт нь илчилсэн зүйлсийг тэдэнтэй хуваалцжээ. Тэр Мессиагийн талаар гэрчлэлээ хуваалцан, эрхэмлэн дээдэлдэг сайн мэдээний үнэнүүдийг эрхэм нандин хүмүүстээ заав. Тэрээр эрх чөлөө, дуулгавартай байдал, Адам, Ева хоёрын Уналт, Есүс Христээр ирэх гэтэлгэл, баяр баясгалангийн талаар ярьсан. Түүний бүх хүүхэд зааж сургасан зүйлийнх нь дагуу амьдрахыг сонгосонгүй. Бидний дунд хэн маань ч тэрхүү сонголтыг хайртай хүмүүсийнхээ өмнөөс хийж чадахгүй. Гэхдээ бид “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрх[ийг]” (2 Нифай 2:26–27-г үзнэ үү) өгдөг Гэтэлгэгчийн талаар зааж, гэрчилж чадна.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

2 Нифай 1:13-29

Би “сэрж, мөн шорооноос өндийж” чадна.

2 Нифай 1:13–29-өөс Лемен, Лемүел хоёрын сүнслэг байдлыг дүрслэхдээ Лихайн ашигласан үгсийг анзаар. Сүнслэг “гүн нойрноосоо” сэрэхэд юу танд тусалдаг вэ? Амьдралынхаа сүнслэг “гинжийг” сэгсрэн хаяхад юу тусалдаг вэ? 15-р шүлгэн дээрх Лихайн гэрчлэл болон 23-р шүлгэн дээрх түүний урилгын талаар бодож үз. Тэнгэрлэг Эцэгийн танд зориулсан ямар захиас эдгээр шүлэгт байна вэ?

Үзүүлэн ашигла. Үзүүлэн ашиглах нь суралцагчдад сайн мэдээний үнэнүүдийг ойлгож, тэдгээрийг урт удаан хугацаанд санахад тусална. Та энэ тоймоос хичээл заахаар бэлтгэхдээ, ямар үзүүлэн ашиглахаа бодож үз. Жишээлбэл: Цаасан гинж суралцагчдад 2 Нифай 1:13 эсвэл 2 Нифай 2:27 дээрх Лихайн үгсийг ойлгоход тусалж болно.

Зураг
Семинарын дүрс

2 Нифай 2

Есүс Христийн ачаар би эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй.

Лихайн гэр бүл одоо шинэ боломжоор дүүрэн шинэ нутагт ирээд байв. Энэ шинэ газар ирээд сонгосон сонголтууд нь тэдний амжилт, аз жаргалд нэн чухал үүрэг гүйцэтгэх болно. Иймээс л Лихай 2 Нифай 2-т хүү Иаковтоо сонгох эрхийн талаар буюу сонгох чадварын талаар заасан байх. Та 11–30-р шүлгийг судлахдаа, дараах асуултуудад тохирох хариултуудыг бичнэ үү.

  • Зарим хүн сонгох эрхээ бусдыг хохироохоор ашигладаг ч гэлээ яагаад энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хувьд чухал вэ?

  • Дайсан яагаад таны сонгох эрхийг сулруулж эсвэл устгахыг хичээдэг вэ?

  • Аврагч хэрхэн бидэнд “эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгоход” (27-р шүлэг) тусалдаг вэ?

2 Нифай 2 дээрх сонгох эрхийн талаар суралцах нэг арга зам бол сонгох эрхтэй байж, бурханлаг чадавхдаа хүрэхэд бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг хайж олох явдал юм. Жишээлбэл:

Эдгээрийн зарим нь байхгүй бол бидний сонгох эрхэд юу тохиолдох вэ?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын зургаан хэсэг бүрд “урилгууд” болон “амлагдсан адислалууд” багтдаг. Нэг юм уу хэд хэдэн хэсгийг хараад, амьдралдаа авахыг хүсэж байгаа амлагдсан адислалыг сонго. Та энэ адислалыг хүлээн авахын тулд ямар урилгын дагуу үйлдэх хэрэгтэй вэ? Эдгээр урилгыг дагаснаар хүлээн авсан адислалуудаа хэн нэгэнтэй хуваалцахыг бод.

2 Нифай 2:1–4, 6–25

Бурхан миний сорилт бэрхшээлийг адислал болгон өөрчилж чадна.

Лихай бага хүү Иаковыгаа хүүхэд насандаа “зовлон,” “их харамсал” (2 Нифай 2:1) туулсныг мэдэж байв. 2 Нифай 2:1–3, 6–25 дээрх Лихайн гэрчлэл яагаад Иаковын хувьд үнэ цэнтэй байсан гэж та бодож байна вэ? Яагаад энэ нь танд чухал вэ? Таны хувьд хүчирхэг санагдсан үг, хэллэгийг хайж ол. Бурхан таны ашиг тусын тулд зовлон зүдгүүрийг хэрхэн ариулсан бэ? (2 Нифай 2:2-ыг үзнэ үү.)

Түүнчлэн Ром 8:28-ыг үз мөн Дэйл Г.Рэнландын хэлсэн “Уур хүрмээр шударга бус байдал” үгийг 2021 оны 4-р сарын Лиахонагаас үзнэ үү.

2 Нифай 2:15–29

Уналт, Есүс Христийн Цагаатгал зэрэг нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний амин чухал хэсгүүд юм.

Олон хүн Уналт бол зөвхөн эмгэнэлт явдал байсан бөгөөд Адам, Ева хоёр жимс идэхээр сонгохдоо эргүүлэхийн аргагүй алдаа гаргасан гэдэгт итгэдэг. 2 Нифай 2:15–28-д Лихай Уналтын болон Христээр дамжин ирэх гэтэлгэлийн талаар өөр бусад үнэнийг заасан. Та эдгээр шүлгийг судлахдаа, Еденийн цэцэрлэгт юу болсон талаарх үнэнүүдийг жагсаан бич. Доорхтой адил асуултууд тусалж болох юм.

  • Яагаад Уналт шаардлагатай байсан бэ?

  • Есүс Христ Уналтын үр дагаврыг даван туулахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Уналтыг зөв ойлгох нь Есүс Христийн хэрэгцээг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Есүс Христ

Зүрхээ бүү шаналга, Ховард Лион

Хүүхдүүдэд заах санаа

2 Нифай 1:13, 15, 23

Есүс Христ нүглийн үр дагаврыг даван гарахад надад тусалдаг.

  • Лихайн нүглийн “гинжийг сэгсрэн хаях” урилгыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд хамтдаа нарийхан цаасаар гинж хийж болох юм. Нарийн цаас болгон дээр Сатаны биднээр үйлдүүлэхээр уруу татдаг зарим зүйлийг бичихэд хүүхдүүдээрээ туслуулж болно. Цаасан гинжийг сэгсрэн хаях гэх мэт эдгээр шүлгэн дээрх зарим хэллэгийг жүжигчлэн үзүүлэнгээ 2 Нифай 1:13, 15, 23-ыг хамтдаа уншиж болно. Нүгэл гинжтэй юугаараа адилхан байдаг вэ? Есүс Христ нүглийн “гинжийг сэгсрэн хаяхад” бидэнд хэрхэн тусалдаг вэ?

2 Нифай 1:20

Би Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар адислагддаг.

  • Бурханы зарлигуудыг гутал, малгай, бээлий эсвэл биднийг хамгаалдаг өөр бусад зүйлтэй харьцуулах нь тустай юу? Зарлигууд биднийг хэрхэн хамгаалдаг талаар ярихдаа тэдэнд заримыг нь өмсгөж болох юм. Дараа нь бид зарлигуудыг дагаснаар “дэгждэг” (адислагдаж эсвэл хамгаалагддаг) гэдгийг тодотгохоор 2 Нифай 1:20-ийг уншиж болно. Зарлигуудыг дагаснаар адислагдаж эсвэл хамгаалагдаж байсан туршлагаасаа хуваалц.

  • Дэгжих, Бурханаас тусгаарлагдах (2 Нифай 1:20-ийг үзнэ үү) хоёрын ялгааг харуулахын тулд та болон танай хүүхдүүд эрүүл ургамлыг болон ургамлаас тасдан авсан навч юм уу мөчрийг харж болно. Дараа нь танай хүүхдүүд Нифайн болон түүний ах нарын сонголтуудыг харж болно (1 Нифай 2:11–16; 3:5–7; 18:9–11-ийг үзнэ үү). Эдгээр сонголт ямар үр дагавартай байсан бэ? Ямар сонголт биднийг Бурхантай холбогдоход тусалдаг вэ?

2 Нифай 2:11, 16, 27

Бурхан надад сонгох эрх чөлөөг өгсөн.

  • Сөрөг тал болон сонголт хийх талаар Лихайн заасан зүйлсийг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та үг (гэрэл гэх мэт) хэлээд, дараа нь танай хүүхдүүд үүний эсрэг утгатай үгийг (харанхуй) хэлэх тоглоом тоглож болно. 2 Нифай 2:11, 16-г хамт уншихдаа, эсрэг тал нь яагаад Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг болохыг олж мэдэхэд тэдэнд тусал. Дараа нь буруу сонголт хийхээр уруу татагдсан хүүхдийн тухай түүх хуваалцаж болно. Таны хүүхдүүд буруу сонголтын эсрэг зүйл юу болохыг хуваалцаж мөн үүнийг жүжигчлэн үзүүлж болно.

  • “Эрх чөлөө,” “боолчлол” (2 Нифай 2:27) хоёрын ялгааг олж мэдэхийн тулд таны хүүхдүүд торонд байгаа болон байгальд байгаа амьтны зургуудыг зурж болно. Аль амьтан нь эрх чөлөөтэй байна вэ? Та 2 Нифай 2:27 дээрх “чөлөөт” гэдэг үгийг унших үедээ хүүхдүүдийг зөв зураг руу заахад урь. Есүс Христ биднийг эрх чөлөөтэй болгодгийг гэрчил.

  • Зөвийг сонго” (Дуулал, д. 122) гэх мэт дууллыг хамтдаа дуул. Сонголт хийх тухай дуунаас бид юу сурч мэдсэн бэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Лихайн гэр бүл далайн эрэгт өвдөг сөгдөн сууж байгаа нь

Лихай ба түүний хүмүүс Шинэ дэлхийд ирсэн нь, Кларк Кэлли Прайс