Ирээд, Намайг дага
4-р сарын 8–14: “Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг.” Иаков 5–7


“4-р сарын 8–14: ‘Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг.’ Иаков 5–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“4-р сарын 8–14: Иаков 5–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Чидун жимсний цэцэрлэгт ажиллаж буй хүмүүс

Чидун модны ёгтлол, Брад Тийр

4-р сарын 8–14: Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг

Иаков 5–7

Есүс Христийн сайн мэдээг хараахан сонсоогүй маш олон хүн бий. Тэднийг Их Эзэний Сүмд цуглуулах ажил давж дийлшгүй мэт танд санагдвал, Иаков 5-д чидун модны талаар Иаковын хэлсэн зүйлийг буюу жимсний талбай Их Эзэнийх гэдгийг мэдэх нь урам зориг өгдөг. Тэрээр гэр бүл, эргэн тойрон дахь найз нөхөд, нөлөөлөх цар хүрээ гэх мэт Өөрийнх нь ажилд туслах жижигхэн хэсгийг бидний хүн нэг бүрд хариуцуулж өгсөн. Харин зарим тохиолдолд тухайн цуглуулах хүн нь бид өөрсдөө байдаг. Гэхдээ бид энэ ажилд хэзээ ч ганцаар оролцдоггүй. Учир нь жимсний талбайн Эзэн Өөрийн үйлчлэгчидтэй мөр зэрэгцэн ажилладаг билээ (Иаков 5:72-ыг үзнэ үү). Бурхан Өөрийн хүүхдүүдийг мэддэг, хайрладаг бөгөөд тэдний хүн нэг бүрд, бүр өмнө нь Түүнийг хүлээн аваагүй хүмүүст хүртэл сайн мэдээг нь сонсох арга замыг бэлдэх болно (Иаков 4:15–18-ыг үзнэ үү). Харин ажлаа хийж дууссаны дараа “[Түүнтэй] хамт … шаргуугаар хөдөлмөрлө[сөн бүх хүн] … талбайн[х нь] үр жимсний учир [Түүнтэй] хамт баясах болно” (Иаков 5:75).

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Иаков 5

Есүс Христ бол жимсний талбайн Эзэн.

Иаков 5 бол бэлгэдлийн чанартай түүх. Энэ нь мод, үр жимс болон ажилчдыг дүрсэлсэн байдаг ч үнэндээ Бурхан түүхэнд Өөрийн хүмүүстэй хэрхэн харилцаж байсан талаар өгүүлсэн түүх юм. Тиймээс та үндсэн түүхийг уншихдаа, уг түүхэд гарч буй зарим зүйл юуг бэлгэдэж байгааг бодож үзээрэй.

Жишээлбэл: Хэрэв талбай дэлхийг, таримал чидун мод Израилыг (эсвэл Бурхантай гэрээ байгуулсан хүмүүсийг; Иаков 5:3-ыг үзнэ үү) төлөөлж байгаа бол зэрлэг чидун мод юуг төлөөлж болох вэ? Сайн ба муу үр жимс юуг төлөөлж байна вэ? Та өөр ямар бэлгэдлүүдийг олж харсан бэ?

Хэдийгээр Иаков 5-д дэлхийн олон зуун жилийн түүхийг болон олон үндэстний талаар заадаг боловч энэ нь бас таны болон таны амьдралын тухай өгүүлдэг. Та Иаков 5-аас танд хандсан ямар захиасыг олсон бэ?

Магадгүй хамгийн чухал нь Иаков 5 бол Есүс Христийн тухай юм. Уншиж байхдаа Түүнийг хай. Жишээлбэл: Та 40–41, 46–47 шүлгээс Түүний талаар юу сурч мэдсэн бэ?

Иаков 5-ын талаар нэмэлт ойлголт авах бол энэхүү тоймд хавсаргасан бүдүүвч зургийг үзнэ үү.

Зураг
Семинарын дүрс

Иаков 5:61–75

Их Эзэн намайг Өөрийнхөө усан үзмийн талбайд хамт хөдөлмөрлөхөд урьдаг.

Их Эзэний усан үзмийн талбайд дуудагдсан “бусад зарц нарын” (Иаков 5:70) дунд тантай адил хүмүүс ордог. Та Иаков 5-аас, ялангуяа 61–62, 70–75-р шүлгээс Их Эзэний талбайд ажиллахтай холбоотой ямар ямар үнэнийг олсон бэ? Та Түүний ажилд тусалснаар Түүний талаар юу мэдэж авсан бэ?

Их Эзэн талбайдаа “эцсийн удаа” хөдөлмөрлөсөн талаар уншиж байхад юу таныг Их Эзэнд “хүч чадлаараа” үйлчлэхэд сүнсээр өдөөж байна вэ? (Иаков 5:71). Жишээлбэл: Та сайн мэдээг хуваалцах, ариун сүмд үйлчлэх эсвэл бусдыг хүчирхэгжүүлэх гэх мэтээр Их Эзэний жимсний талбайд үйлчилж байхдаа баяр баясгаланг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаж болно. Та мөн ахлагч Гари Э.Стивэнсоны “Үнэхээр сайхан, үнэхээр энгийн” захиасандаа хуваалцсан жишээнүүдийг судалж болно (2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш нэг алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл” (“Израилын найдвар” [дэлхий даяарх өсвөр үеийнхний онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org). Израилыг цуглуулахад туслахын тулд хийж чадна гэж бодож байгаа санаагаа жагсааж эхэл. Жагсаалтаа хараад, Их Эзэн таныг талбайдаа юу хийгээсэй хэмээн хүсэж байна гэж та бодож байна вэ? 75-р шүлэгт өгүүлснээр, Их Эзэн талбайд нь үйлчилсний төлөө биднийг хэрхэн шагнадаг вэ?

Мөн “Израил аа, Бурхан дуудаж байна” дууллыг Дуулал номын д. 6-аас үзнэ үү.

Сургаалыг заа. Хэлэлцүүлэг тань судрын үндсэн сургаалууд дээр төвлөрсөн байхад анхаар. Та үүнийг судруудыг хамт уншин, олж мэдсэн үнэнүүд болон тэдгээр үнэний дагуу амьдарснаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урих замаар гүйцэтгэж болно.

Иаков 6:4–5

Их Эзэн хайрлаж, нигүүлсэх сэтгэлээр Өөрийн хүмүүсийг санадаг.

Үнэнч байх гэдэг үгийн өөр нэгэн утга бол ямар нэг зүйлээс чанга, холдолгүй, гуйвалтгүй зууран барих, наалдах гэсэн утгатай. Энэ тодорхойлолт Иаков 6:4–5-ын талаарх таны ойлголтод хэрхэн нөлөөлөх вэ? Чидун модны түүх дээр талбайн Эзэн “нигүүлслийн мутраа” хэрхэн сунгасан бэ? (Жишээлбэл: Иаков 5:47, 51, 60–61, 71–72-ыг үзнэ үү). Тэрээр таны төлөө хэрхэн замыг бэлдэж байсан бэ?

Иаков 7:1–23

Хүмүүс миний итгэлийг сорих үед би хүчирхэг хэвээр зогсож чадна.

Нифайчуудын Шеримтэй холбоотой түүх өнөө үед ч элбэг тохиолддог бөгөөд хүмүүс Христэд итгэх итгэлийг устгахыг эрэлхийлсэн хэвээр. Иаковын итгэл рүү дайрч давшлахад тэр хэрхэн хариулсан бэ? Та түүний хариултаас юу сурсан бэ? Аврагчид итгэх итгэл тань соригдох үед өөрийгөө бэлтгэхийн тулд та одоо юу хийж болох вэ?

Мөн Жэффри Р.Холландын “Шавь байхын адислал ба төлөөс” захиасыг 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Иаков 5

Их Эзэн Өөрийн хүмүүсийг харж халамжилдаг.

  • Хүүхдүүдэд ойлгомжтой арга замаар чидун модны түүхийг хэрхэн хуваалцахаа бодож үз. Нэг арга зам бол гадуур явж мод харуулан, түүхийн гол санааг товч ярьж өгөх явдал юм. Талбайн эзэн Өөрийн модонд юу хийсэн бэ? Бид хэрхэн уг түүхэд гарч буй ажилчидтай адил байж, бусдад Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалж чадах вэ?

  • Иаков өөрийн хүмүүсийг Христэд ирэхэд урихын тулд чидуны модны түүхийг хуваалцжээ. Танай хүүхдүүдэд ч гэсэн мөн адил байх болно. Та энэ түүхийг Иаков 5:3–4, 28–29, 47, 70–72 гэх мэт шүлгүүдээр хураангуйлж болох юм. Та эсвэл танай хүүхдүүд Иаков 5:11, 41, 47, 72-ыг уншаад, усан үзмийн талбайн Эзэн (Есүс Христ) моддыг хэрхэн сайн арчилж байсныг харуулах зүйлсийг олж болно. Аврагч биднийг харж халамжилдаг гэдгээ харуулахын тулд юу хийдэг вэ?

Иаков 6:4–5

Тэнгэрлэг Эцэг надад хайртай бөгөөд намайг наманчлах үед өршөөх болно.

  • Бурууг сонгосон үед маань бидэнд зориулан өгсөн чухал захиас Иаков 6:4–5-д байдаг. Та хүүхдүүддээ үүнийг олоход тусалж болох юм. Эдгээр шүлгэн дээрх ямар үгс бидэнд Бурханы гэтэлгэгч хайрын найдварыг өгдөг вэ? Ахлагч Аллэн Д.Хэйнигийн хэлсэн “Хэнд итгэснээ санагтун” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117) үгэн дэх шавартай нүхэнд унаж халтар заваан болсон түүх тус болж болно. Энэ түүх болон Иаков 6:4–5-д биднийг Бурханы хаант улсад аврагдахын тулд юу хийх ёстой гэж зааж байна вэ?

Иаков 7:1–23

Би үнэн гэдгийг нь мэддэг зүйлийнхээ төлөө зогсож чадна.

  • Та хүүхдүүдийг Иаковын адил үнэний төлөө зогсоход нь хэрхэн урамшуулж чадах вэ? Танай хүүхдүүд Иаков 7:1–23-ыг удирдамж болгон ашиглаж; Иаков, Шерим хоёрын харилцааг жүжигчлэн тоглож болно. Иаков өөрийн үнэн гэж мэдэж байсан зүйлсийн төлөө хэрхэн зогссон бэ? Зөв зүйлийн төлөө зогссон туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь эсвэл өөрийн туршлагаас хуваалц. Магадгүй тэд Иаковынх шиг зоригийг илэрхийлэх “Үнэний төлөө зогс” гэх мэт дууг дуулж болох юм (Хүүхдийн дууны ном, 81).

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.