Ирээд, Намайг дага
4-р сарын 15–21: “Тэрээр тааллынхаа дагуу надад оршин ажиллах буюу.” Инос–Мормоны үгс


“4-р сарын 15–21: ‘Тэрээр тааллынхаа дагуу надад оршин ажиллах буюу.’ Инос–Мормоны үгс,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“4-р сарын 15–21. Инос–Мормоны үгс,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2024 (2024)

Зураг
Залуу Инос эцэг Иаков болон эхийн хамт

Иаков, Инос хоёр, Скотт Снөү

4-р сарын 15–21: “Тэрээр тааллынхаа дагуу надад оршин ажиллах буюу”

Инос–Мормоны үгс

Хэдийгээр Инос ан агнан, бие махбодын өлсгөлөнгөө тайлахаар ой руу очсон ч “бодгаль нь өлссөн” байсан тул тэнд бүхэл өдрийн турш мөн шөнө хүртэл байжээ. Өлсгөлөн байсан Инос “дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүр[гэхэд]” түүнийг хөтлөв. Тэр уг туршлагаа Бурханы өмнө “тэмцэлдэх” хэмээн дүрсэлжээ (Инос 1:3–4-ийг үзнэ үү). Залбирал нь Бурханд ойртож, Түүний хүслийг мэдэхээр эрэлхийлэх чин сэтгэлийн хүчин чармайлт гэдгийг бид Иносоос сурдаг. Энэ зорилгоор залбирснаар та Иностой адил Бурханыг өөрийг тань сонсдог мөн үнэхээр таны болон гэр бүлийн тань төлөө, бүр дайснуудын тань төлөө санаа тавьдаг болохыг олж мэдэх өндөр магадлалтай юм (Инос 1:4–17-г үзнэ үү). Та Түүний хүслийг мэдсэнээр хүслийнх нь дагуу илүү сайн үйлдэх боломжтой болох болно. Мормоны адил та “бүх зүйлийг мэдэхгүй; гэвч Их Эзэн …; иймийн тул бүх зүйлийг мэднэ [мөн] тэрээр тааллынхаа дагуу [танд] оршин ажиллах буюу” (Мормоны үгс 1:7).

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Инос 1:1–17

Бурхан миний залбирлыг сонсож, тэдгээрт хариулдаг.

Залбиралтай холбоотой таны туршлага Иносынхтой адил анхаарал татахуйц биш байж болох ч ач холбогдлын хувьд бага гэсэн үг биш. Таны хувьд Инос 1:1–17-г судлах явцдаа бодож болох асуултууд:

  • Залбирахдаа гаргасан Иносын хичээл зүтгэлийг ямар үгээр дүрсэлсэн байна вэ?

  • Иносын залбирал 4-өөс 11-р шүлэг хүртэл хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • Залбирлаа сайжруулахад туслах юуг та Иносоос сурч болох вэ?

Мөн “Ай, залбирах тэр гайхамшиг” дууллыг Дуулал номын д. 74-өөс үзнэ үү.

Ярилцах асуултуудыг хуваалцах. Хэрэв та бусдад зааж байгаа бол ярилцмаар байгаа асуултуудаа хүн бүрд харагдахаар ил байрлуулахыг бод. Энэ нь хүмүүст асуултаа тунгаан бодож, илүү сүнсээр өдөөгдөн хариулахад тусалдаг.

Зураг
Семинарын дүрс

Инос 1:1–4

Их Эзэн надад гэр бүлдээ сайнаар нөлөөлөхөд тусална.

Та гэр бүлийнхээ нэг хүнд Христэд ирэхэд нь туслахыг хүсдэг боловч хүчин чармайлт тань үр дүнд хүрч байгаа эсэхэд эргэлзэж байж болох юм. Иаков хүү Иностоо хэрхэн нөлөөлсөн талаар та Инос 1:1–4-өөс юу мэдэж авч чадах вэ? Жишээлбэл: “Их Эзэний халамж хийгээд зөвлөгөө” гэдэг үгс таны хувьд юу гэсэн утгатай вэ? Та Түүний нөлөөг гэр орондоо хэрхэн урин авчирч болох вэ?

Та гэр бүлийнхээ тухай бодохдоо дараах асуулт, эх сурвалжуудын талаар бодож үзээрэй.

Ахлагч Дийтр Ф.Угдорф гэр бүлүүдэд тус болох зөвлөгөөгөө “Авран хадгалдаг тэднийг магтъя” захиастаа хуваалцсан (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Түүний захиас гэр бүлээ хүчирхэгжүүлэхийн тулд таныг юу хийхэд өдөөсөн бэ? (Ялангуяа Гэр бүлээ авран хадгалах нь гэсэн гарчигтай хэсгийг үзнэ үү.)

Инос 1:1–18

Би Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр өршөөл хүлээн авч чадна.

Заримдаа та нүглээ наманчилсан ч гэсэн дараа нь нүгэл тань өршөөгдсөн эсэхэд эргэлздэг байж мэднэ. Та Инос 1:1–8 дээрх Иносын туршлагаас юу ойлгосон бэ? Өршөөл хүлээн авахынхаа өмнө болон дараа Инос хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан бэ?

Жером–Омнаи

Зарлигуудыг нь дагахаар хичээхэд Бурхан намайг адисална.

Жеромын болон Омнайн ном нь зөв шударга байдал, хөгжил дэвшил хоёрын уялдаа холбоог дүрслэн харуулдаг. Та Жером 1:7–12; Омнаи 1:5–7, 12–18-аас юу сурч мэдсэн бэ? Хөгжил дэвшлийн талаарх дэлхийн тодорхойлолтууд Их Эзэний тодорхойлолтоос юугаараа ялгаатай вэ? Их Эзэн Өөрийн хүмүүсийг хөгжин дэвшихэд хэрхэн тусалдаг вэ? (Алма 37:13; 48:15–16-г үзнэ үү).

Омнаи 1:25–26

Израилын Ариун Нэгэн болох Христэд ирэгтүн.

“Христэд ирэгтүн” хэмээх урилга Мормоны Номон дээр олонтоо гардаг. Үнэндээ энэ номын үндсэн зорилгуудын нэг бол хүн бүрд энэ урилгыг өгөх явдал юм. Омнаи 1:25–26-г уншихдаа, Христэд хэрхэн ирэхийг дүрсэлсэн ямар үг, хэллэгийг та олж мэдсэн бэ? Түүнд илүү бүрэн дүүрэн ирэхийн тулд та юу хийх вэ?

Зураг
Мормон алтан ялтаснуудыг эмхэтгэж байгаа нь

Мормон ялтаснуудыг нэгтгэж байгаа нь, Хорхэ Кокко

Мормоны үгс 1:1–8

Бурханы удирдамжийг дагахын хэрээр Тэр надаар дамжуулан ажиллах болно.

Их Эзэн Мормоныг Нифайн бага ялтаснуудыг Мормоны Номд оруулахаар сүнслэгээр өдөөсөн нэг шалтгаан бол орчуулагдсан эхний 116 хуудас алдагдана гэдгийг Бурхан мэдэж байсан явдал юм (Сургаал ба Гэрээ 10-ыг үзнэ үү). Мормон Их Эзэний зааврыг дагаж, эдгээр бичээсийг оруулсанд та яагаад талархдаг вэ? (1 Нифайгаас Омнаи хүртэл) Мормон ямар шалтгаанаар тэдгээрийг оруулна гэж хэлсэн бэ? (Мормоны үгс 1:3–7-г үзнэ үү). Бурхан танаар мөн бусдаар дамжуулан ажиллаж байгааг та хэзээ харж байсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах зөвлөмж

Инос 1:1–5

Би залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй ярьж чадна.

  • Та хүүхдүүддээ залбирлаа илүү утга учиртай болгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Иносын залбирч байгаа зургийг тэдэнд үзүүлээд, харж байгаа зүйлсийг нь тэднээр яриул. Дараа нь тэд нүдээ аниад, Тэнгэрлэг Эцэгтэй нүүр нүүрээ харан ярилцаж байгаагаар төсөөлж болно. Тэд юуны тухай ярих бол? Тэр тэдэнд юу гэж хэлэх вэ?

  • Таныг Инос 1:1–4-ийг чанга уншиж байхад бага насны хүүхдүүд ан хийх, залбирахаар өвдөглөн суух гэх мэтээр Инос болж тоглож болно. Том хүүхдүүд Иносын залбирлыг дүрслэх үг хэллэгийг сонсож болно. Энэ үгс Иносын залбирлын тухай бидэнд юу хэлж байна вэ? Бодгаль тань “өлсөж,” Их Эзэнээс “гуйж” (Инос 1:4) байсан туршлагаасаа хуваалц.

Зураг
Залбирч байгаа гэр бүл

Бид Бурханы хүүхдүүдийн хувьд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч чадна.

Инос 1:2–16

Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

  • Та Тэнгэрлэг Эцэг тэдний залбирлыг сонсож, залбиралд нь хариулна гэдгийг ойлгоход нь хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ? Тэднийг ихэнхдээ хүсэн залбирдаг зүйлсээ жагсаан бичихэд урьж болно. Та дараа нь Инос юуны төлөө залбирсныг Инос 1:2, 9, 13–14, 16-аас хайж олоход нь тусалж болно (мөн “11-р бүлэг: Инос”-ыг Мормоны Номын түүхүүдийн х. 30–31-ээс үзнэ үү).

    Иносын залбирлын үр дүн юу байсан бэ? (6, 9, 11-р шүлгийг үзнэ үү).

    Бид Иносын туршлагаас залбирлаа хэрхэн сайжруулах талаар юу сурсан бэ?

  • Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүд “залбирах,” “залбирал” юм уу дахин давтагдаж буй өөр үгсийг сонсох бүрдээ гараа өргөж болно. Тэнгэрлэг Эцэгийн таны залбиралд хариулж байсан зарим арга замын талаар хүүхдүүддээ ярьж өг.

Мормоны үгс 1:3–8

Би Ариун Сүнсийг сонсох үедээ бусдыг адисалж чадна.

  • Мормон Ариун Сүнсний удирдамжийг дагаж, Мормоны Номд Нифайн бага ялтаснуудыг оруулсан. Мормон Сүнсийг сонссон учраас энэ жилийн Мормоны Номоос бидний судалсан бүх зүйл бидэнд ирсэн юм. Та хүүхдүүддээ Сүнсийг сонсох талаар суралцахад нь хэрхэн тусалж чадах вэ? Тэднийг Мормоны үгс 1:3–8-ын шүлгүүдийг ээлжилж уншихад урь. Та тэдний шүлэг бүрээс сурч мэдсэн зүйлийн талаар ярьж болно. Танай хүүхдүүд дараа нь:

    • Мормоны Номын түүхүүдээс энэ жил сурсан зүйлсээ хуваалцаж болно (Ирээд, Намайг дага гарын авлагын зургууд тэдэнд санахад нь тус болж болох юм).

    • Намуун зөөлөн дуу” (Хүүхдийн дууны ном, 148–149) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул.

    • Сүнсээр удирдуулан өөр хүнийг адислах ямар нэг зүйл хийж байсан туршлагынхаа талаар ярь.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Залбирч буй Инос

Залбирч буй Инос, Робэрт Т.Баррэтт