Ирээд, Намайг дага
4-р сарын 22–28: “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв.” Moзая 1–3


“Мозая 22–28: ‘Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв’ Мозая 1–3,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“4-р сарын 22–28. Мозая 1–3,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Хаан Бенжамин хүмүүстээ заасан нь

Хаан Бенжамины сургаалыг хүлээн авах нь, Мариа Алэхандра Гил

4-р сарын 22–28: “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”

Moзая 1–3

Хаан гэсэн үгийг сонсоход танд титэм, зарц нар болон сэнтий бодогдож болох юм. Мозая 1–3 дээрээс та арай өөр хааны талаар уншина. Хүмүүсийнхээ хөдөлмөрөөр амьдрахын оронд хаан Бенжамин “өөрийн гараар хөдөлмөрлөсөн” (Мозая 2:14). Бусдаар үйлчлүүлэхийн оронд тэр өөрийн хүмүүст “Их Эзэн [түүнд] хайрласан бүхий л хүч, оюун мөн чадлаараа” (Мозая 2:11) үйлчилж байсан. Энэ хаан хүмүүсээрээ өөрийгөө шүтэн бишрүүлэхийг хүсэлгүй, харин тэдэнд Тэнгэрлэг Хаан, Есүс Христийг бишрэн шүтэхийг заажээ. Хаан Бенжамин “засаглах[аар]” “тэнгэрээс …бууж ирэ[х]” “тэр, Төгс Хүчит Их Эзэн[ий]” ачаар “аврал нь мөн түүний нэрэнд итгэх итгэлээр хүмүүний үрсэд ир[нэ]” (Мозая 3:5, 9-ийг үзнэ үү) (Мозая 3:5) гэдгийг ойлгож байв.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Мозая 1:1–7

“[Судруудыг] хичээнгүйлэн судал.”

Эдгээр шүлэгт ариун нандин цэдгүүд Хаан Бенжамины хүмүүсийг хэрхэн адисалсныг олж хар. Судрууд байгаа болохоор амьдрал тань хэрхэн сайжирсан бэ?

Зураг
Семинарын дүрс

Moзая 2:10–26

Би бусдад үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг.

Та хаан Бенжаминаас яагаад “өөрийн бүх оюун, хүч мөн чадлаараа” үйлчилсэн бэ гэж асуувал тэр танд юу гэж хариулна гэж бодож байна вэ? (Мозая 2:11). Мозая 2:10–26-г уншихдаа энэ талаар тунгаан бод. Хаан Бенжамин бусдад илүү утга учиртай арга замаар үйлчлэхэд тань сүнслэгээр нөлөөлөх юуг заасан бэ? Жишээлбэл: Бусдад үйлчлэх нь Бурханд мөн адил үйлчилж байгаа хэрэг гэдгийг олж мэдэх нь танд ямар утга учиртай вэ? (Мозая 2:17-г үзнэ үү). Энэ долоо хоногт хэн нэгэнд хэрхэн үйлчилж болох талаар сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл.

Бид бусдад үйлчлэх хэрэгтэйгээ мэддэг боловч заримдаа сорилттой тулгардаг. Мозая 2:10–26-г судлах өөр нэг арга зам бол үйлчлэхэд саад болдог бэрхшээлүүдээ даван туулахад туслах Хаан Бенжамины заасан үнэнүүдийг жагсаах явдал юм. Ямар ямар туршлага хаан Бенжамины заасан зүйлс үнэн болохыг танд харуулсан бэ?

Ерөнхийлөгч Жой Д.Жөүнс бусдад үйлчлэх хандлагыг нь өөрчилсөн хүчирхэг туршлагаасаа хуваалцсан. Энэ талаар “Түүний төлөө” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган) хэлсэн үгээс уншиж мөн бусдад үйлчлэх боломжуудынхаа талаар бод. Та бүр хэд хэдийг жагсаан бичээд, ерөнхийлөгч Жөүнсийн захиас Мозая 2:17-той хамт эдгээр боломжид хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж болохыг тунгаан бодоорой. “Зовсон хөөрхий нэг бадарчин” (Дуулал, д. 20) зэрэг дуулал нь нэмэлт санааны талаар бодоход тусалж болох юм.

Мөн Матай 25:40-ийг үзнэ үү.

Зураг
Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

Би бусдад үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг.

Moзая 2:38–41

Бурханы зарлигуудыг сахиснаар аз жаргал ирдэг.

Бурханд дуулгавартай байснаар ирдэг аз жаргалыг та хэрхэн тодорхойлж болох вэ? Мозая 2:38–41 дээр яагаад Түүний зарлигуудыг дагадгаа тайлбарлахад туслах ямар нэг үг хэллэг байна уу?

Мозая 3:1–20

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан би гэгээнтэн болж чадна.

Бүх бошиглогчийн адил хаан Бенжамин өөрийн хүмүүсийг “нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, үлэмж агуу баяслаар баярлаж боло[хын]” (Мозая 3:13) тулд Есүс Христийг гэрчилжээ. Мозая 3:1–20 дахь хаан Бенжамины Аврагчийн талаарх гэрчлэлийг уншихдаа тунгаан бодож болох зарим асуултыг энд өгөв.

  • Би Аврагч, Түүний зорилгын талаар эдгээр шүлгээс юу сурсан бэ?

  • Гэгээнтэн болно гэдэг нь ямар утгатай талаар Мозая 3:18–19-өөс би юу сурсан бэ?

  • Есүс Христ надад гэм нүглээ ялан дийлж, эгэл хүнээ өөрчилж, гэгээнтэнтэй илүү адил болоход хэрхэн тусалсан бэ?

Мозая 3:5–21

“Төгс Хүчит Их Эзэн … тэнгэрээс хүчтэйгээр бууж ирэх болно.”

Цахилгаан хүч танд юу хийх боломжийг олгодог вэ? Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ? Эдгээр асуулт нь Аврагчийн таны амьдралд авчирч чадах илүү агуу хүчийг тунгаан бодоход тусалж чадна.

Хаан Бенжамин дээр ирсэн тэнгэр элч Есүс Христийг “Төгс Хүчит Их Эзэн” гэж дуудсан ба энэ цол нь Түүнд бүх хүч байдаг гэсэн утгатай. Аврагч тухайн хүчийг хэрхэн ашигладаг талаар та Мозая 3:5–21-ээс юу сурч мэдсэн бэ? Та Аврагчийн хүчийг өөрийнхөө болон эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралаас хэрхэн олж харсан бэ? Түүний хүч танд юу хийх мөн хэн болох боломжийг олгодог вэ? Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Moзая 2:11–18

Би бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсанд танай хүүхдүүдийн хийж болох энгийн титэм байгаа. Таныг Мозая 2–3 дээр хаан Бенжамины заасан зарим зүйлийг хуваалцах үед тэд сандал юм уу ширээн дээр гарч зогсоод, хаан Бенжамин болж жүжигчлэн үзүүлж болох юм. Та бас тэдэнтэй “12-р бүлэг: Хаан Бенжамин”-ыг (Мормоны Номын түүхүүд, 32–35) хуваалцаад, тэдэнд Хаан Бенжамины сургаалын тоймыг өгч болно.

  • Мозая 2:17 нь хүүхдүүдэд тань сурахад тохиромжтой шүлэг байж магадгүй. Та энэ шүлгийг хэд хэдэн үгээр давтаж хэлэхэд нь тусалж болно. Эсвэл та шүлгийг бичихдээ хэдэн чухал үгийг нь орхиж бичээд, дутуу үгсийг олохыг тэднээс хүсэж болно. Дараа нь Бурхан яагаад биднээс бие биедээ үйлчлэхийг хүсдэг тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж болно.

  • Та хүүхдүүдийг Moзая 2:11–18-ыг уншаад, хаан Бенжамин бусдад үйлчлэхийн тулд юу хийснийг олж мэдэхэд урьж болно. Дараа нь танай хүүхдүүд нарийхан цаасан дээр гэр бүлийнхэндээ үйлчилж болох зарим арга замаа бичиж болох юм. Цааснуудаа цүнх, шил гэх мэт зүйл дотор хийгээд, хүүхдүүддээ өдөр бүр нэгийг авч, хэн нэгэнд тухайн үйлчлэлийг үзүүлэх боломж олго.

Аливааг давтан үйлдэх нь хүүхдүүдэд ашиг тустай. Ялангуяа бага насны хүүхдүүдээр хийлгэж байгаа үед үйл ажиллагаануудыг хэд хэдэн удаа давтахаас бүү ай. Олон удаа давтах нь хүүхдүүдэд сурсан зүйлээ санахад тусална.

Зураг
Хүүхдүүд даавуу эвхэж байгаа нь

Бид бусдад үйлчилснээр Бурханд үйлчилж чадна гэж Бенжамин хаан заасан.

Moзая 2:19–25

Миний бүх адислал Тэнгэрлэг Эцэгээс ирдэг.

  • Хаан Бенжамины хүмүүстээ үзүүлсэн үйлчлэл нь Бурханд талархах талархлаар өдөөгдсөн байв. Та хүүхдүүддээ үүнтэй адилхан мэдрэмжийг хэрхэн мэдрүүлэх вэ? Та нар хамтдаа Мозая 2:21-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн адислалуудын жагсаалтыг гаргаж эхэл. Дараа нь та жагсаалт дээрээ хүүхдүүдийн хэлсэн өөр адислалуудыг нэмж болно.

  • Хүүхдүүддээ Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг ялган танихад туслах тоглоомыг доор өгөв. Хүүхдүүд талархлын тухай дуу дуулах юм уу сонсож байхдаа Аврагчийн зургийг бие биедээ дамжуулж болно (Хүүхдийн дууны номын сэдвийн индексээс “Талархал” сэдвийг үзнэ үү). Дуу дуулахаа болих юм уу дууны бичлэгийг үе үе зогсоогоод, зургийг барьж байгаа хүүхдийг талархаж байгаа нэг адислалаа хуваалцахад урь. Бид Мозая 2:22–24-т цэдэглэсний дагуу адислалууддаа талархаж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

Мозая 3:5–10, 19

Есүс Христ Өөртэй нь илүү адилхан болоход надад тусална.

  • Нэгэн тэнгэр элч Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар чухал үнэнүүдийг Бенжамин хаанд хэлжээ. Магадгүй та болон таны хүүхдүүд Мозая 3:5–10-т дурдсан зарим үйл явдлын зургийг олж болох юм (Жишээлбэл: Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 30, 41, 42, 57, 59-ийг үзнэ үү). Таныг Мозая 3:5–10-ыг унших явцад хүүхдүүд тань зургуудын аль нэгд дүрсэлсэн ямар нэг зүйлийг судрын хэсгээс сонсохдоо гараа өргөж болно.

  • Танай хүүхдүүд хоолны жорын дагуу хоол хийхэд тань тусалж байсан уу? Та тухайн туршлагын талаар яриад, Moзая 3:19-ийг ашиглан бид хэрхэн Есүс Христтэй адил болж болох “жор” зохиож болно. Есүс бидэнд Түүнтэй адил болоход хэрхэн тусалдаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Хаан Бенжамин өөрийн хүмүүст номлож байгаа нь

Хаан Бенжамин үг хэлж байгаа нь, Жэрэми Винборг