Ирээд, Намайг дага
10-р сарын 28–аас 11-р сарын 3: “Бүгдийг наманчлахад … ятгаж чадаасай билээ би.” Moрмон 1–6


“10-р сарын 28–аас 11-р сарын 3: “Бүгдийг наманчлахад … ятгаж чадаасай билээ би.” Мормон 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“10-р сарын 28-аас 11-р сарын 3. Moрмон 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Мормон алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Мормон ялтаснуудыг хураангуйлж байгаа нь, Том Ловэлл

10-р сарын 28–аас 11-р сарын 3: “Бүгдийг наманчлахад … ятгаж чадаасай билээ би”

Moрмон 1–6

Мормон нифайчуудын дунд харсан ёс бус байдал, цуст дайны “аймшигт дүр зургийн” “бүрэн шастирыг” бидэнд бичиж үлдээгээгүй (Мормон 2:18; 5:8). Гэхдээ түүний Мормон 1–6-д цэдэглэсэн зүйлс өмнө нь зөв шударга байсан хүмүүс хэрхэн ёс бус болдгийг бидэнд хангалттай сануулдаг. Тийм их ёс бус байдлын дунд Мормоныг ядарч туйлдан, сэтгэлээр унасанд буруутгах хүн байхгүй биз ээ. Хэдийгээр тэр тийм аймшигт зүйлийг харж, биеэр үзэж туулсан ч Бурханы агуу нигүүлсэлд мөн үүнийг хүлээн авах арга зам бол наманчлал гэдэгт итгэх итгэлээ алдаагүй юм. Өөрийнх нь хүмүүс наманчлахад урьсан урилгыг нь хүлээн аваагүй ч Мормон тэднээс өөр олон хүнийг ятгах ёстой гэдгээ мэдэж байв. Тэрээр “Болгоогтун, [би] дэлхийн бүх хязгааруудад хандан бичиж байна” гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, тэрээр танд хандан бичсэн юм (Мормон 3:17–20-ийг үзнэ үү). Өнөөдөр Түүний танд өгч буй захиас бол тухайн үед нифайчуудыг аврах байсан захиас буюу “Есүс Христийн сайн мэдээнд … итгэж, наманчилж мөн Христийн шүүлтийн суудлын өмнө зогсохоор [бэлтгэ]” (Мормон 3:21–22) хэмээх захиас юм.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Moрмон 1–6

Зураг
семинарын дүрс
Би бусдын юу хийдгээс үл хамааран Есүс Христийг дагаж чадна.

Мормон 10 орчим настай байхдаа эргэн тойрныхоо хүмүүсээс онцгой өөр байв. Та нар Мормон 1–6-г уншихдаа, Есүс Христэд итгэх итгэл Мормоныг хэрхэн онцгой болгож мөн түүнд бусдад үйлчилж мөн адислах боломжуудыг олгосныг олж мэд. Эхлэхэд тань дараах шүлгүүд тусалж болно. Үүнд:

Мормон 1:2–3, 13–17.Мормон, түүний хүмүүсийн хоорондох ямар ялгааг та олж харсан бэ? Тэр ийм хүнд үед сүнслэг байдлын хувьд хүчтэй хэвээр байхад тусалсан ямар зан чанаруудтай байсан бэ?

Мормон 2:18–19.Мормон амьдарч буй дэлхийгээ ямар ямар үг ашиглан дүрсэлсэн бэ? Тэр эргэн тойрны нөхцөл байдлаасаа үл хамааран найдвараа хэрхэн авч үлдсэн бэ?

Мормон 3:12.Мормон эргэн тойрныхоо хүмүүсийн талаар ямар бодолтой байсан бэ? Та түүнд байсантай адил хайрыг хөгжүүлэхийн тулд юу хийж болох вэ?

Мормон 1–6 дээрх өөр ямар шүлгүүд Мормоны Есүс Христэд итгэх итгэлийг харуулж байна вэ? Итгэлтэй хэвээр үлдэхийг сонгосноор түүнд ямар боломжууд өгөгдсөн бэ?

Есүс Христийн дагалдагчдын хувьд ялгарах эсвэл өөр байх нь яагаад чухал болохыг хайж, ерөнхийлөгч Томас С.Монсоны “Үлгэр жишээ мөн Гэрэл байгтун” (2015 оны Ерөнхий чуулган, 95) захиасыг судлахыг бод. Та дараахтай адил өгүүлбэрүүдийг хэрхэн гүйцээж болох вэ? “Тэр байхдаа надад үлгэр жишээ үзүүлдэг. Энэ нь намайг хүсэлтэй болоход тусалсан.”

Мормон өөрийнх нь үлгэр жишээ хүмүүст ямар ч өөрчлөлт авчрахгүй гэж бодож болох байсан. Хэрэв танд Мормонтой ярилцах боломж гарсан бол түүний үлгэр жишээгээр өөрт тань ямар өөрчлөлт гарсан талаар түүнд юу гэж хэлэх байсан бэ?

Сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь бусдад тусал. Хүмүүс сурсан зүйлсээ хуваалцсанаар өөрсдийн болон бусдын итгэлийг хүчирхэгжүүлдэг (Сургаал ба Гэрээ 88:122-ыг үзнэ үү). Гэр бүл эсвэл ангийнхнаасаа Бурханы үгийг судалж байхдаа олж авсан туршлагуудыг нь асуухыг бод.

Зураг
Нифайчууд болон леменчүүд дайтаж байгаа нь

Тулаан, Хорхэ Кокко

Мормон 2:10–15

Бурханлаг харуусал нь намайг Христ рүү мөн урт хугацааны өөрчлөлт рүү хөтөлдөг.

Мормон өөрийн хүмүүсийн харуусаж буйг хараад, тэднийг наманчлах байх гэж найдсан. Гэвч “тэдний харуусал наманчлалд хүргэсэнгүй” (Мормон 2:13). Энэ нь бурханлаг харуусал бус дэлхийн харуусал байв. Ялгааг нь ойлгохын тул Мормон 2:10–15-аас сурсан зүйлээ доорх шиг хүснэгт дээр бичихийг бод.

Бурханлаг харуусал

Дэлхийн харуусал

Есүс рүү ирдэг (14-р шүлэг)

Бурханыг зүхдэг (14-р шүлэг)

Таны харуусал бурханлаг уу, дэлхийнх үү гэдгийг та хэрхэн мэдэх вэ? Хэрэв та дэлхийн маягаар харуусаж байгаа бол үүнийг хэрхэн бурханлаг харуусал болгон хувиргаж болох вэ?

Түүнчлэн 2 Коринт 7:8–11-ийг болон Мишэлл Д.Крэйгийн хэлсэн “Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь” захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 125-аас үзнэ үү.

Мормон 3:3, 9

“Тэднийг хэлтрүүлсэн нь Их Эзэн байсныг тэд ухаарсангүй.”

Их Эзэний өөрсдийг нь адисалсан арга замуудыг нифайчууд хүлээн зөвшөөрөөгүйг Мормон ажиглажээ. Мормон 3:3, 9-ийг уншихдаа та өөрийн амьдрал дахь Бурханы нөлөөг хэрхэн хүлээн зөвшөөрч байгаагаа тунгаан бодож болно. Түүний нөлөөг хүлээн зөвшөөрөхөд бидэнд ямар ямар адислал ирдэг вэ? Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь ямар ямар үр дагавартай вэ? (Мормон 2:26; Сургаал ба Гэрээ 59:21-ийг үзнэ үү).

Мормон 5:8–24; 6:16–22

Есүс Христ намайг хүлээн авахаар мутраа дэлгэн зогсдог.

Хэрэв та нүглүүдээсээ болоод сэтгэлээр унаж байвал Аврагч “та нарыг хүлээн авахаар гараа дэлгэн” зогсож байгаа гэсэн Мормоны үгс баталгаа өгч болох юм. Мормон 5:8–24, 6:16–22-ыг уншаад та Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр таныг нүгэл үйлдсэн үед ч гэсэн таны тухай юу гэж боддог талаар юу сурсан бэ? Есүс Христийг мутраа дэлгэн, өөрт тань туслахыг та хэрхэн мэдэрч байсан бэ? Үүний үр дүнд та юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Мөн “Есүс рүү ирцгээ” дууллыг Дуулал номын д. 60-аас үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Мормон 1:1–3; 2:1, 23–24; 3:1–3, 12, 17–22

Би Мормонтой адилаар Есүс Христийг дагаж чадна.

  • Мормон Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байхдаа нэлээд залуу байсан тул танай хүүхдүүдэд урам зориг төрүүлж болох юм. Та Мормон 1:1–3-ыг уншиж мөн танай хүүхдүүд Аммароныг онцгой даалгавар өгөх үед Мормоны хэдэн настай байсныг олж сонсож болно. Та бас тэдэнд эдгээр шүлгээс Аммароны Мормоноос олж харсан зан чанаруудыг олоход тусалж болох юм. Эдгээр зан чанар бидэнд Есүс Христийг дагахад хэрхэн тусалдаг вэ?

    Зураг
    Бяцхан хүү Мормон

    10 настай Мормон, Скотт М.Снөү

  • Мормон Есүс Христийг дагасан учраас түүнд бусдад үйлчилж мөн адислах боломжуудыг өгсөн юм. Та хүүхдүүдээ дараах хэсгүүдээс нэг юм уу хэд хэдийг уншихад уриад, Мормоны талаар сурсан зүйлсээ хуваалцахад нь тусалж болно. Үүнд: Мормон 1:1–3; 2:1, 23–24; 3:1–3, 12, 20–22 (мөн“49-р бүлэг: Мормон ба Түүний сургаалууд”-ыг Мормоны Номын түүхүүдийн х. 138–142-оос үзнэ үү). Тэр Есүс Христийг хэрхэн дагасан бэ? Есүс Христэд итгэх итгэл нь бусдыг хэрхэн адисалж эсвэл тэдэнд тусалсан бэ? Бидний итгэл бидний таньж мэддэг хүмүүст хэрхэн тусалж чадах вэ?

Мормон 2:8–15

Бурханлаг харуусал нь намайг Христ рүү болон урт хугацааны өөрчлөлт рүү хөтөлдөг.

  • Та “Гэр орон болон сүмд суралцах санаа” хэсэгт байгаатай адил хүснэгт зураад, хүүхдүүдийг Мормон 2:8, 10–15-ыг унших үед дэлхийн болон бурханлаг харууслын ялгааг ойлгоход нь тэдэнд тусалж болно. Дараа нь тэд Мормон 2:12-ыг судлаад, яагаад наманчлал бидний “зүрх сэтгэлийг баяс[гах]” ёстойг олж мэдэж болно. Нүглийнхээ улмаас мэдэрдэг харуусал биднийг өөрчлөгдөхийн тулд Бурханы тусламжийг эрэлхийлэхэд хүргэж байгааг бид яаж мэдэх вэ?

Moрмон 3:3, 9

Тэнгэрлэг Эцэг надад олон адислал өгдөг.

  • Хүүхдүүдийг талархаж явдаг зарим зүйлээ жагсаахад (эсвэл зургийг нь зурахад) урих нь Бурханд талархаж хандахад туслах сайн арга байж болох юм. Тэднийг жагсаалтаа гаргасны дараа та Мормон 3:3, 9-ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг нифайчуудыг ч мөн адисалсан боловч тэд үүнийг ойлгоогүй гэдгийг тайлбарлаж өгч болно. Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудад талархаж байгаагаа харуулахын тулд бид юу хийж болох вэ?

Мормон 3:12

Тэнгэрлэг Эцэг надаас хүн нэг бүрийг хайрлаасай хэмээн хүсдэг.

  • Нифайчууд ёс бус байсан хэдий ч Мормон тэднийг хайрлахаа хэзээ ч болиогүй юм. Хүүхдүүдэд Мормон 3:12-оос “хайр,” “хайрладаг” гэсэн үгсийг хайж олоход тусал. Та дэлхийн өөр өөр улс орны хүүхдүүдийн зургийг үзүүлээд, “Бусдыг хайрлаж хүндлэхийг Есүс заасан юм(Хүүхдийн дууны ном, 39) гэх мэт бусдыг хайрлах талаар өгүүлсэн дууг хамтдаа дуулж болно. Өөрийн бүх хүүхдийг хайрлах Бурханы хайрыг гэрчил.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Алтан ялтаснууд

Мормоны Ном нь “Есүс Христийн сайн мэдээнд та нар итгэж болохын тулд” (Мормон 3:21) бичигдсэн.