Ирээд, Намайг дага
Хавсралт В: Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав


“Хавсралт В: Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“Хавсралт В,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024

Зураг
Хүүхдүүд багштайгаа хамт дуулж байгаа нь

Хавсралт В

Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгын зааварчилгаа—Хүүхдийн хэсэгт зориулав

Хүүхдийн хэсгийн дуунууд нь хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээний үндсэн үнэний тухай мэдэж авахад туслах хүчирхэг хэрэгсэл юм. Хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудын тухай дуулах үед Ариун Сүнс тэдгээрийн үнэнийг гэрчилнэ. Дууны үгс, аялгуу нь хүүхдүүдийн оюун санаа, зүрх сэтгэлд амьдралынх нь турш хоногшин үлдэх болно.

Та дуу хөгжмөөр дамжуулан сайн мэдээг заахад бэлтгэхдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Дуулж буй үнэнийхээ талаар гэрчлэлээ хуваалц. Дуу хөгжим тэдний гэртээ болон Хүүхдийн хэсгийн ангиуддаа суралцаж, олж авч буй туршлагатай хэрхэн уялдаж байгааг олж харахад хүүхдүүдэд тусал.

Ариун ёслолын цуглаан дээр үзүүлэх толилуулгын удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн үзүүлэх толилуулгыг ерөнхийдөө жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишопын удирдлаган доор явуулдаг. Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн хөгжмийн удирдагч, Хүүхдийн хэсгийг хариуцдаг бишопын зөвлөхүүд толилуулгыг төлөвлөхөөр хамтран ажилладаг.

Толилуулгаар хүүхдүүдэд гэр бүлийнхнийхээ хамт Мормоны Номоос гэртээ болон Хүүхдийн хэсэгт сурсан зүйлээ, түүнчлэн жилийн турш дуулсан Хүүхдийн хэсгийн дуунуудаа толилуулах боломжийг олгох ёстой. Толилуулгыг төлөвлөхдөө цугларагчдын анхаарлыг Аврагчид болон Түүний сургаалд төвлөрүүлэхэд туслах арга замын талаар бод.

Цөөн хүүхэдтэй нэгжүүд гэр бүлийнхэн нь хүүхдүүдтэйгээ хамт оролцож болох арга замуудын талаар бодож болно. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч үг хэлж, цуглааныг хааж болно.

Толилуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжийг сана. Үүнд:

  • Давтахдаа Хүүхдийн хэсгийн ангийн юм уу гэр бүлийн цагаас хэт их цаг авах ёсгүй.

  • Үзүүлэнгийн материал, хувцас өмсгөл, медиа толилуулга зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй.

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 12.2.1.2-ыг үзнэ үү.

Дууны цагийн зааварчилгаа

5 минут (Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл): Нээлтийн залбирал, судар эсвэл итгэлийн тунхаг ба нэг хүн үг хэлэх

20 минут (хөгжмийн удирдагч): Дууны цаг

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл ба хөгжмийн удирдагч сар бүр хүүхдүүдийн ангидаа болон гэртээ суралцаж байгаа зарчмуудыг бататгах дуунуудыг сонгоно. Эдгээр зарчмыг бататгах дуунуудын жагсаалтыг энэхүү удирдамжид хавсаргав.

Хүүхдүүдэд дуу заахдаа тухайн дуунуудын зааж буй сургаалын зарчим, түүхүүдийн талаар юу мэдэж авснаа хуваалцахыг тэднээс хүс. Хүүхдүүдийг дуунуудад өгүүлж буй үнэний талаар бодол санаа, мэдрэмжээ хуваалцахад урь.

Хүүхдийн дууны ном нь Хүүхдийн хэсгийн дуу хөгжмийн үндсэн эх сурвалж юм. Дуулал ном дээрх Сүмийн дууллууд болон Найз сэтгүүл дээрх дуунууд тохиромжтой. Хүүхдийн хэсэгт бусад дуу хөгжим ашиглах бол бишопын зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай (Ерөнхий гарын авлага, 12.3.4-ийг үзнэ үү).

Зураг
Дуулж буй хүүхдүүд

Дууны цагийн дуу хөгжим

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах

Дууны цаг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнээс суралцахад туслах зорилготой. Сүмийн дууллууд, Хүүхдийн хэсгийн дуунуудад байгаа сайн мэдээний зарчмуудыг заах арга замуудыг төлөвлөхөд танд дараах санаа тусална.

Холбогдох судруудыг унш. Хүүхдийн дууны ном ба дууллын ном дахь олон дуунд холбогдох судруудын эшлэлийг жагсаасан байдаг. Эдгээр хэсгийг уншихад нь хүүхдүүдэд тусалж, уг судрууд дуунуудтай хэрхэн холбогдож байгааг ярилц. Мөн та самбар дээр хэд хэдэн судрын эшлэл бичээд, эшлэл бүрийг дуу, дууны бадагтай тохируулахад хүүхдүүдийг урьж болно.

Хоосон зайг нөх. Самбар дээр дууны үгийг бичихдээ хэд хэдэн гол үгийг орхиж бич. Дараа нь хүүхдүүдээс уг дууг дуулахдаа хоосон зайд тохирох үгсийг анхаарч сонсохыг хүс. Тэднийг хоосон зайг бөглөхөд, дутуу байсан үгсээс сайн мэдээний ямар ямар зарчим мэдэж авсан талаар ярилц.

Зураг
Дуулах цагийн удирдагч

Гэрчил. Хүүхдийн хэсгийн дуун дээр байдаг сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ хүүхдүүдэд товчхон хуваалц. Дуулах нь гэрчлэлээ хуваалцаж, Сүнсийг мэдрэх нэг арга зам гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.

Гэрч болон зогс. Хүүхдүүдийг ээлжлэн босоод, дуулж байгаа дуунаасаа юу мэдэж авснаа эсвэл уг дуун дээр гардаг үнэний талаар төрж буй мэдрэмжээ хуваалцахад урь. Уг дууг дуулж байхдаа юу мэдэрч байгааг нь хүүхдүүдээс асууж, Ариун Сүнсний нөлөөг ялган танихад тусал.

Зураг ашигла. Дуунд гарч буй чухал үг, хэллэгүүдтэй холбоотой зургийг олоход эсвэл бүтээхэд туслахыг тэднээс хүс. Зургууд тухайн дуутай хэрхэн холбогдож байгааг мөн уг дуу юу зааж байгааг хуваалцахад тэднийг урь. Жишээ нь: Хэрэв та “Төмөр бариул” (Дуулал, д. 142) дууллыг зааж байгаа бол өрөөний эргэн тойронд эсвэл сандлын доор дууны чухал үгсийг (төмөр бариул, Бурханы үг, удирдамж, уруу таталт, тэнгэр гэх мэт) дүрсэлсэн зургуудыг байрлуулж болно. Хүүхдүүдээс зургуудыг цуглуулаад, хамт дуулахдаа тэдгээр үгийг зөв дарааллаар дээш өргөхийг хүс.

Үзүүлэнт хичээл заа. Та дууны тухай ярилцахад урамшуулахын тулд үзүүлэн ашиглаж болно. Жишээ нь: “Итгэл” (Хүүхдийн дууны ном, 50–51) гэдэг дуунд жижигхэн үрийн тухай гардаг. Та хүүхдүүдэд үр харуулаад, бид үр тарихдаа хэрхэн итгэлээ харуулдаг тухай ярилцаж болох бөгөөд энэ нь биднийг энэхүү дуунд дүрсэлсний адилаар Есүс Христэд итгэх итгэлээ харуулдаг арга замуудын тухай ярилцлага руу хөтөлж болох юм.

Хувийн туршлагаа хуваалцахад урь. Хүүхдүүдэд тухайн дуунд зааж байгаа зарчмуудыг тэдгээрийн талаарх өөрсдийн туршлагатай холбоход тусал. Жишээлбэл: “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 99) дууг дуулахын өмнө та хүүхдүүдээс ариун сүм харсан бол гараа өргөхийг хүсэж болно. Хүүхдүүдээс дуулж байхдаа ариун сүмийг хараад юу мэдэрсэн талаараа бодохыг хүс.

Aсуулт тавь. Дуу дуулах үед асууж болох олон асуулт бий. Жишээлбэл: Та дууны бадаг бүрээс юу ойлгосныг нь хүүхдүүдээс асууж болно. Мөн тухайн дуунд хариулт нь байж болох асуултуудыг бодож олохыг тэднээс хүсэж болно. Энэ нь дуунд зааж буй үнэний тухай ярилцахад хөтөлж болох юм.

Энгийн гарын хөдөлгөөн ашигла. Дууны үг болон захиасыг санахад туслах гарын энгийн хөдөлгөөнийг бодож олохыг хүүхдүүдээс хүс. Жишээ нь: “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, 16–17) дууны хоёрдугаар бадгийг дуулахдаа хүүхдүүдийг нүд рүүгээ зааж, эрвээхэй шиг хөдөлж, гараа аяга хэлбэртэй болгон чихнийхээ ард барихыг хүс. Тэднээс “Бурхан надад хайртайг би мэднэ” гэж дуулахдаа зүрхэн дээрээ гараа тавихыг хүс.