Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 11

Дайнууд, тэрслэлүүд, мөн ёс бус үйл жаредчуудын амьдралд ноёлов—Тэд эс наманчлах аваас жаредчуудын бүрмөсөн устгалыг бошиглогчид зөгнөв—Хүмүүс бошиглогчдын үгсийг эсэргүүцэв.

1Мөн түүнчлэн Комын өдрүүдэд олон бошиглогч ирж, мөн тэр агуу хүмүүс наманчилж, мөн Их Эзэнд хандан, мөн өөрсдийн аллага хийгээд ёс бусын үйлээ орхих ёстойг, эс бөгөөс тэдний устгалын тухай бошиглов.

2Мөнхүү улиран тохиох дор бошиглогчид хүмүүсээр эсэргүүцэгдэв, мөн хүмүүс тэднийг устгахаар эрэлхийлсний учир, тэд хамгаалахыг хүсэн Комд зугтаж очив.

3Мөн тэд Комд олон зүйлийг бошиглов; мөн тэрээр өөрийн өдрүүдийн үлдсэн хугацаанд адислагдав.

4Мөн тэрээр их өндөр насыг хүртэл амьдарч, мөн Шибломыг төрүүлэв; мөн Шиблом түүний оронд засаглав. Мөн Шибломын дүү түүний эсрэг босож, мөн бүх л нутагт үлэмж агуу дайн эхлэв.

5Мөнхүү улиран тохиох дор Шибломын дүү хүмүүсийн устгалын талаар бошиглосон бүх бошиглогчдыг үхэлд хүргэгдэх болгов;

6Мөн бүх нутагт агуу гай гамшиг тохиов, учир нь тэд өөрсдийн ёс бус үйлээсээ наманчлахгүй аваас агуу зүхэл уг нутагт, мөн түүнчлэн хүмүүсийн дээр ирэх болно, мөн тэдний дунд, газрын гадаргуу дээр хэзээ ч байгаагүй тийм агуу устгал байх болно, мөн тэдний яс нутгийн гадаргуу дээр газрын овоологдсон хөрс лугаа адил болно хэмээн тэд гэрчилж байв.

7Мөн тэд өөрсдийн ёс бус хуйвалдаануудын улмаас Их Эзэний дуу хоолойг сонссон нь үгүй; иймийн тул, бүх нутагт дайн мөн зөрчилдөөн байв, мөн түүнчлэн олон өлсгөлөн мөн тахал байж эхлэв, үүний хэрээр, газрын гадаргуу дээр хэзээ ч байгаагүй тийм агуу устгал болов; мөнхүү энэ бүхэн Шибломын өдрүүдэд улиран тохиосон ажгуу.

8Мөн хүмүүс алдсаа наманчилж эхлэв; мөн тэгсний хэрээр Их Эзэн тэдэнд нигүүлсэл үзүүлэв.

9Мөнхүү улиран тохиох дор Шиблом хөнөөгдөв, мөн Сет боолчлолд авчрагдаж, мөн өөрийн бүх өдрүүдэд боолчлолд оршсон буюу.

10Мөнхүү улиран тохиох дор түүний хүү Аха хаант улсыг авав; мөн тэрээр өөрийн бүх өдрүүдэд хүмүүсийн дээр засагласан бөлгөө. Мөн тэрээр өөрийн өдрүүдэд бүх төрлийн алдсыг хийсэн болой, тэгснээр тэр маш их цус урсах болгов; мөн цөөхөн байсан болой түүний өдрүүд.

11Мөн Ифем, Ахагийн удам байсан тул, хаант улсыг авав; мөн тэрээр өөрийн өдрүүдэд түүнчлэн ёс бус болох түүнийг үйлдсэн бөлгөө.

12Мөнхүү улиран тохиох дор Ифемийн өдрүүдэд олон бошиглогчид ирж, мөн хүмүүст дахин бошиглов; тийм ээ, тэд алдсуудаа наманчлахгүй аваас Их Эзэн тэднийг газрын гадаргуу дээрээс бүрмөсөн устгах болно хэмээн тэд бошиглосон ажээ.

13Мөнхүү улиран тохиох дор хүмүүс зүрх сэтгэлээ хатууруулж, мөн тэдний үгийг анхааран сонсохгүй байв; мөн бошиглогчид гашуудаж мөн хүмүүсийн дундаас холдон явав.

14Мөнхүү улиран тохиох дор Ифем өөрийн бүх өдрүүдэд хууль цаазыг ёс бусаар хэрэгжүүлж байв; мөн тэрээр Мороныг төрүүлэв. Мөнхүү улиран тохиох дор Морон түүний оронд засаглав; мөн Морон Их Эзэний өмнө ёс бус болох түүнийг үйлдсэн буюу.

15Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн дунд, хүч хийгээд эд хөрөнгийг олохоор бий болсон нууц хуйвалдааны улмаас бослого гарав; мөн тэдний дунд алдастаа хүчирхэг нэгэн эр босож мөн Моронтой тулаанд оров, тэгснээр тэрбээр хаант улсын хагасыг унагав; мөн тэрээр хаант улсын хагасыг олон жилд барьсан болой.

16Мөнхүү улиран тохиох дор Морон түүнийг унагаж, мөн хаант улсыг дахин авав.

17Мөнхүү улиран тохиох дор бас нэгэн хүчит эр гарч ирэв; мөн тэрбээр Жаредын ахын удам байв.

18Мөнхүү улиран тохиох дор тэрээр Мороныг унагааж мөн хаант улсыг авав; иймийн тул, Морон өөрийн үлдсэн бүх өдрүүдэд боолчлолд оршив; мөн тэрээр Корианторыг төрүүлэв.

19Мөнхүү улиран тохиох дор Кориантор өөрийн бүх өдрүүдэд боолчлолд оршсон авай.

20Мөн Корианторын өдрүүдэд түүнчлэн олон бошиглогчид иржээ, мөн агуу хийгээд гайхамшигт зүйлийг бошиглож, мөн тэд наманчлахгүй аваас Их Эзэн Бурхан тэднийг бүрмөсөн устгалд хүргэх хууль цаазыг тэдний эсрэг хэрэгжүүлэх болно хэмээн хүмүүст наманчлалыг тунхаглав;

21Мөн Их Эзэн Бурхан өөрийн хүчээр, уг нутгийг эзэмшүүлэхээр, тэрээр тэдний эцэг дээдсийг авчирсан тэр байдлаар, бусад хүмүүсийг илгээх болно, өөрөөр хэлбэл авчрах болно гэв.

22Мөн өөрсдийн нууц нийгэмлэг хийгээд ёс бус жигшүүрт үйлүүдийн улмаас тэд бошиглогчдын бүх үгсийг эсэргүүцсэн болой.

23Мөнхүү улиран тохиох дор Кориантор Иферийг төрүүлэв, мөн тэрээр, өөрийн бүх өдрүүдэд боолчлолд оршсоор нас нөгчив.