Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 13

Иосефын үр удмаар Америкт баригдах Шинэ Иерусалимын талаар Ифер ярьж байв—Тэрбээр бошиглож, хөөгдөн, жаредчуудын түүхийг бичиж, мөн жаредчуудын устгалыг зөгнөн хэлэв—Бүх нутаг даяар дайн ширүүсэв.

1Мөн эдүгээ, би, Моронай, өөрийн бичиж асан хүмүүсийн устгалын талаарх өөрийн цэдгийг дуусгахаа үргэлжлүүлье.

2Учир нь болгоогтун, тэд Иферийн бүх үгсийг эсэргүүцсэн бөлгөө; учир нь хүмүүний эхлэлээс эхлэн бүх зүйлийн тухай; мөн энэ нутгийн гадаргуугаас ус ширгэсний дараа энэ нь бусад бүх нутгийн дээгүүр сонгомол нутаг, Их Эзэний сонгосон нутаг болсныг; иймийн тул Их Эзэн үүний гадаргуу дээр оршин суусан бүх хүмүүс өөрт нь үйлчлээсэй хэмээснийг тэрээр үнэнээр хэлсэн буюу;

3Мөн энэ нь тэнгэрээс бууж ирэхийг, Шинэ Иерусалимын, мөн Их Эзэний ариун дуганы газар болохыг.

4Болгоогтун, Ифер Христийн өдрүүдийг харж, мөн тэрээр энэ нутаг дээрх Шинэ Иерусалимын талаар ярьсан буюу.

5Мөн тэрбээр түүнчлэн Израилын угсааны, мөн Лихайн тэндээс ирэх тэр Иерусалимын талаар ярьж байв—энэ нь устгагдсаны дараа, Их Эзэний тулд ариун хот болон дахин баригдах болно; иймийн тул, энэ нь хуучны цагт байсан учир шинэ Иерусалим байх аргагүй юм; гэвч энэ нь дахин баригдана, мөн Их Эзэний тулд ариун хот болно; мөн энэ нь Израилын угсааны төлөө баригдах болно—

6Мөн Шинэ Иерусалим энэ нутагт, Иосефын үр удмын үлдэгдлийн тулд баригдах болно, учир нь тэдгээр зүйлүүдийн хэв шинж юм.

7Учир нь, Иосеф өөрийн эцгийг доош Египетийн нутагт авчирсанчлан, тэрээр тийн тэнд нас нөгчсөн; иймийн тул, тэр эрсдэхгүйн тулд Иосефын эцэгт тэрээр нигүүлсэнгүй байсныхаа адилаар, Иосефын үрсэд, тэд эрсдэхгүйн тулд тэрээр тэдэнд нигүүлсэнгүй байх учир Их Эзэн Иосефын үр удмын нэгэн үлдэгдлийг Иерусалимын нутгаас гарган авчирсан буюу.

8Иймийн тул, Иосефын угсааны үлдэгдэл энэ нутагт төвхнүүлэгдэх болно; мөн энэ нь тэдний өвийн нутаг байх болно; мөн тэд, эртний Иерусалимын адилаар, Их Эзэний тулд ариун хот босгох болно; мөн дэлхий эцэслэх үед ирэх тэрхүү төгсгөл хүртэл тэд дахин бусниулагдахгүй.

9Мөн шинэ тэнгэр мөн шинэ дэлхий байх болно; мөн тэдгээр нь хуучин нь эцэслэж, мөн бүх зүйл шинэ болсноос бусдаар хуучинтайгаа адил байх болно.

10Мөн тэгээд Шинэ Иерусалим ирнэ; мөн тэнд оршин суух тэд адислагдсан болой, учир нь Хурганы цусаар өмсгөлүүд нь цагаан болгогдсон нь тэд юм; мөн тэд бол Израилын угсааных болох, Иосефын үр удмын үлдэгдэл дунд тоологдох тэд юм.

11Мөн тэгээд түүнчлэн хуучны Иерусалим ирэх болно; мөн түүний оршин суугчид, тэд адислагдсан болой, учир нь тэд Хурганы цусанд угаагдсан юм; мөн тэд бол тараагдаж мөн дэлхийн дөрвөн зүгээс, мөн умард улсуудаас цуглуулагдсан, мөн Бурхан тэдний эцэг Абрахамтай хийсэн гэрээний биелэлтийг хүртэгсэд болох тэд юм.

12Мөн эдгээр зүйлс ирэхдээ, эхэнд байсан, эцэст байх тэд гэж бий; мөн эцэст байсан, эхэнд байх тэд гэж бий хэмээн өгүүлэх судрыг улиран тохиолгох буюу.

13Мөн би илүүг бичихээр зэхэж байв, гэвч би хориглогдсон юм; гэвч Иферийн бошиглолууд агуу хийгээд гайхамшигтай байсан бөлгөө; гэвч тэд түүнийг юу ч биш мэт үнэлсэн, мөн түүнийг хөөн зайлуулсан; мөн тэрээр өдөр нь өөрийгөө хадан агуйд нууж, мөн шөнө нь тэрээр явж хүмүүсийн дээр тохиох зүйлийг хардаг байв.

14Мөн хүмүүсийн дээр ирсэн устгалуудыг шөнөөр хараад, тэрээр хадан агуйд амьдарч байхдаа тэрээр энэхүү цэдгийн үлдэгдлийг хийсэн ажээ.

15Мөнхүү улиран тохиох дор тэрээр хүмүүсийн дундаас зайлуулагдсан тэр жил хүмүүсийн дунд агуу дайн эхлэв, учир нь боссон нь, мөн урьд яригдаж асан тэдний ёс бусын үйлийн нууц төлөвлөгөөгөөр Кориантумрыг устгахаар эрэлхийлж байсан нь олон байв, мөн тэдгээр нь хүчит эрчүүд байв.

16Мөн эдүгээ Кориантумр, өөрөө дайны бүх аргад мөн дэлхийн бүх башир аргад суралцжээ, иймийн тул өөрийг нь устгахаар эрэлхийлсэн тэдэнтэй тэр тулаанд оров.

17Гэвч, тэрбээр наманчилсан нь үгүй, бас түүний хонгорхон охид мөн хөвгүүд ч тэгсэнгүй; мөн Кохорын хонгорхон охид мөн хөвгүүд ч тэгсэнгүй; Корихорын хонгорхон охид мөн хөвгүүд ч тэгсэнгүй; мөн эцэст нь бүх дэлхийн гадаргуу дээр нүглүүдээ наманчилсан хонгорхон охид мөн хөвгүүд нэг ч байсангүй.

18Иймийн тул, улиран тохиох дор Ифер хадан агуйд оршин суусан эхний жилд, тэд хаант улсыг олж авахын тулд Кориантумрын эсрэг тулалдаж асан тэдгээр нууц хуйвалдаануудын илдээр хөнөөгдсөн нь олон байв.

19Мөнхүү улиран тохиох дор Кориантумрын хөвгүүд их тулалдаж мөн их цус урсав.

20Мөн хоёр дахь жилд Их Эзэний үг Иферт ирж, хэрэв тэрбээр мөн түүний бүх гэр бүлийнхэн наманчлах аваас, Их Эзэн түүнд хаант улсыг нь өгч мөн уг хүмүүсийг хэлтрүүлэх болохыг тэрбээр явж мөн, Кориантумрт ийн бошиглохыг хэлэв—

21Эс бөгөөс тэд, мөн түүнээс бусад бүх л гэр бүлийнхэн нь устгагдах болно. Мөн тэдний өвийн нутгийг хүлээн авах талаар хэлэгдсэн бошиглолын биелэлийг зөвхөн үзэхийн тулд тэрбээр өөр хүмүүс амьд үлдэх болно; мөн Кориантумр тэднээр оршуулагдах болно; мөн Кориантумраас бусад бүх бодгаль устгагдах болно.

22Мөнхүү улиран тохиох дор Кориантумр, түүний гэр бүлийнхэн ч бас наманчилсангүй, мөн уг хүмүүс ч бас тэгсэнгүй; мөн дайнууд зогссонгүй; мөн тэд Иферийг алахыг эрэлхийлэв, гэвч тэрээр тэдний өмнө зугтан мөн дахин хадан агуйд нуугдав.

23Мөнхүү улиран тохиох дор Шаред босч, мөн тэрээр Кориантумртай тулаанд оров; мөн тэрбээр түүнийг дийлж, үүний хэрээр гурав дахь жилд тэрбээр түүнийг боолчлолд оруулав.

24Мөн Кориантумрын хөвгүүд, дөрөв дэх жилд, Шаредийг дийлж, мөн эцэгтээ хаант улсыг нь буцаан авч өгсөн бөлгөө.

25Эдүгээ нутгийн бүх гадаргуу дээр дайн эхлэв, хүмүүн бүр бүлэглэлийнхээ хамт хүссэнийхээ төлөө дайтах ажгуу.

26Мөн дээрэмчид байв, мөн эцэст нь, нутгийн бүх гадаргуу дээр бүх төрлийн ёс бусын үйл байв.

27Мөнхүү улиран тохиох дор Кориантумр Шаредад үлэмж хилэгнэн, мөн тэрбээр түүний эсрэг их цэрэгтэйгээ тулалдаанд явав; мөн тэд агуу хилэнтэйгээр тулгарч, мөн тэд Гилгалын хөндийд тулгарсан бөлгөө; мөн тулалдаан үлэмж ширүүн болов.

28Мөнхүү улиран тохиох дор Шаред түүний эсрэг гурван өдрийн турш тулалдсан аж. Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг дийлж, мөн тэрбээр Хешлоны тал газруудад ирэх хүртэл түүнийг үлдэн хөөв.

29Мөнхүү улиран тохиох дор Шаред тал газруудад түүнтэй дахин тулалдаанд оров; мөн болгоогтун, тэр Кориантумрыг дийлж, мөн түүнийг Гилгалын хөндийд ортол нь гэдрэг ухраав.

30Мөн Гилгалын хөндийд Кориантумр дахин Шаредтай тулалдаанд оров, тэгснээр Шаредыг дийлж мөн түүнийг хөнөөв.

31Мөн Шаред Корионтумрыг гуянд нь шархдуулснаас, тийнхүү тэр хоёр жилийн турш дахин тулалдахаар явсангүй, тэр хугацаанд нутгийн гадаргуу дээрх бүх хүмүүс цус урсгаж, мөн тэднийг зогсоох хэн ч үгүй байв.