Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 14

Хүмүүсийн алдас уг нутагт зүхэл авчрав—Кориантумр Гилиад, дараа нь Либ, тэгээд Шизийн эсрэг дайнд оров—Цус мөн хядаан уг нутгийг бүрхэв.

1Мөн эдүгээ бүх нутагт хүмүүсийн алдсын улмаас агуу зүхэл байж эхлэв, тэгснээр, хэрэв хүмүүн өөрийн багаж эсвээс илдээ тавиур дээрээ, эсвээс тэрбээр үүнийг хаа хадгалах тэр газраа тавих аваас, болгоогтун, маргааш өдөр нь тэрбээр үүнийг олж чадахгүй байв, уг нутгийн дээрх зүхэл тийм агуу байв.

2Иймийн тул хүмүүн бүр өөрийнх болох түүнийг, гартаа чанга атгаж, мөн зээлэхгүй бас зээлүүлэхгүй байв; мөн хүмүүн бүр, өөрийн өмч болон өөрийн эхнэр мөн хүүхдүүдийнхээ амийг хамгаалахын тулд, илднийхээ бариулыг баруун гартаа атгаж байв.

3Мөн эдүгээ, хоёр жилийн дараа, мөн Шаредын үхлийн дараа, болгоогтун, Шаредын дүү босож мөн тэрбээр Кориантумртай тулалдаанд оров, түүгээр Кориантумр түүнийг дийлж мөн Акишийн аглаг буйд хүртэл түүнийг үлдэн хөөв.

4Мөнхүү улиран тохиох дор Шаредын дүү Акишийн аглаг буйдад түүнтэй тулалдаанд орсон аж; мөн тулалдаан үлэмж ширүүн болж, мөн олон мянга нь илдээр унагаагдав.

5Мөнхүү улиран тохиох дор Кориантумр аглаг буйдад бүслэн хаав; мөн Шаредын дүү шөнөөр аглаг буйдаас алхан гарч, мөн тэднийг согтуу байхад нь, Кориантумрын цэргүүдийн хэсгийг хөнөөв.

6Мөн тэрбээр Мороны нутагт ирж, мөн Кориантумрын хаан сэнтийд өөрийгөө залав.

7Мөнхүү улиран тохиох дор Кориантумр өөрийн их цэрэгтэй аглаг буйдад хоёр жилийн турш оршин суув, ингэснээр тэрбээр өөрийн их цэрэгт агуу нэмэлт хүч хүлээн авчээ.

8Эдүгээ, нэр нь Гилиад болох, Шаредын дүү, нууц хуйвалдааны улмаас, их цэрэгтээ агуу нэмэлт хүч хүлээн авсан ажгуу.

9Мөнхүү улиран тохиох дор түүнийг тэрбээр хаан сэнтийд заларч байхад нь дээд санваартан нь түүнийг хөнөөв.

10Мөнхүү улиран тохиох дор нууц хуйвалдагчдын нэг түүнийг нууц гарцанд хөнөөв, мөн өөртөө хаант улсыг олж авав; мөн түүний нэр Либ байлаа; мөн Либ, бүх хүмүүсийн дундах аливаа бусад эрчүүдээс илүү агуу том биетэй хүн байв.

11Мөнхүү улиран тохиох дор Либийн эхний жилд, Кориантумр Мороны нутагт өгсөн ирж, мөн Либтэй тулалдаанд оров.

12Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Либтэй тулалдаж, тэгснээр Либ түүний гарыг цохьсноос тэрбээр шархдав; гэсэн хэдий ч, Кориантумрын их цэрэг Либийг довтлон шахсанаас, тэрбээр тэнгисийн эргийн хил тийш зугтсан ажээ.

13Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг үлдэн хөөв; мөн Либ тэнгисийн эрэг дээр түүнтэй тулалдаанд оров.

14Мөнхүү улиран тохиох дор Либ Кориантумрын их цэргийг дийлснээс, тэд дахин Акишийн аглаг буйд хүртэл зугтсан болой.

15Мөнхүү улиран тохиох дор Либ түүнийг Агошийн тал газар очих хүртэл үлдэн хөөв. Мөн Коринтумр Либийн өмнө зугтаж явахдаа зугтан очсон уг нутгийн тэр хэсгийн бүх хүмүүсийг авч явав.

16Мөн тэрбээр Агошийн тал газарт ирээд Либтэй тулалдаанд орж, мөн тэрбээр түүнийг үхтэл нь цохьсон ажгуу; гэсэн хэдий ч, Либийн дүү түүний оронд Кориантумрын эсрэг ирж, мөн уг тулалдаан үлэмж ширүүн болов, үүнд Кориантумр дахин Либийн дүүгийн их цэргийн өмнө зугтав.

17Эдүгээ Либийн дүүгийн нэр нь Шиз хэмээгддэг байв. Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрын араас үлдэн хөөж, мөн тэрбээр олон хотыг эзлэн авч, мөн тэрбээр эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг түүнчлэн хөнөөж, мөн тэрбээр хотуудыг шатаасан ажээ.

18Мөн бүх нутгаар Шизээс эмээх айдас тархав; тийм ээ, нутаг даяар нэг шуугиан тархав—Хэн Шизийн их цэргийн өмнө зогсож чадах билээ? Болгоогтун, тэрбээр өмнөө буй газар дэлхийг хүйс тэмтэрч байна!

19Мөнхүү улиран тохиох дор хүмүүс, нутгийн бүх гадаргуу даяар, их цэрэгт нэгдэн цугларч эхлэв.

20Мөн тэд хуваагдсан байлаа; мөн тэдний нэг хэсэг нь Шизийн их цэрэгт зугтан очиж, мөн тэдний нэг хэсэг нь Кориантумрын их цэрэгт зугтан очив.

21Мөн уг нутгийн бүх гадаргуу үхэгсдийн хүүрээр бүрхэгдэхээр, дайн тийм агуу хийгээд удаан болж, мөн удаан хугацааны турш урсах цус болоод хядааны талбар байв.

22Мөн нас барагсдаа оршуулах хэн ч үлдсэнгүй, дайн тийм яаруу мөн хурдтай байж, харин тэд, уг нутгийн гадаргуу дээр тархсан эрчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдийн хүүрийг махны өт хорхойд улай болгохоор орхин, цус урсгалтаас цус урсгалтанд жагсан явж байлаа.

23Мөн үүний үнэр нутгийн бүх гадаргуу дээр, бүр бүх нутгийн гадаргуу дээр тархсан байлаа; иймийн тул үүний үнэрийн улмаас, хүмүүс өдрөөр мөн шөнөөр балмагдсан байв.

24Гэсэн хэдий ч, Шиз Кориантумрыг үлдэн хөөхөө зогссонгүй; учир нь, Кориантумр илдээр унагаагдахгүй хэмээн Иферт ирсэн Их Эзэний үгний улмаас, мөн хөнөөгдсөн ахынхаа цусны өшөөг Кориантумраас авахаар тэрээр өөртөө тангарагласан байв.

25Мөн тийн Их Эзэн тэдэнд өөрийн бүрэн хилэнгээр зочилж, мөн тэдний ёс бус үйл мөн жигшүүрт хэргүүд тэднийг үүрдийн устгалд хүрэх замыг бэлтгэснийг бид харав.

26Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрыг дорно зүг тийш, бүр тэнгисийн эргийн дэргэдэх хязгаарыг хүртэл хөөж, мөн тэрээр гурван өдрийн турш тэнд Шизтэй тулалдаанд оров.

27Мөн хүмүүс айж эхлэн, мөн Кориантумрын их цэргийн өмнө зугтаж эхлэхээр Шизийн их цэргийн дундах устгал тийм аймшигтай байв; мөн тэд Корихорын нутагт зугтан, мөн тэдний өмнөх оршин суугчдыг, тэдэнтэй нэгдэхээс татгалзсан бүгдийг хүйс тэмтрэв.

28Мөн тэд Корихорын хөндийд майхнуудаа босгов; мөн Кориантумр майхнуудаа Шуррын хөндийд босгов. Эдүгээ Шуррын хөндий Комнорын толгойн ойр байв; иймийн тул, Кориантумр их цэргээ Комнорын толгод дээр цуглуулж, мөн Шизийн их цэрэгт, тэднийг тулалдаанд дуудахаар бүрээ үлээв.

29Мөнхүү улиран тохиох дор тэд хүрч ирж, гэвч гэдрэг ухраагдав; мөн тэд хоёр дахь удаагаа ирж, мөн тэд буцаан хоёр дахь удаагаа гэдрэг ухраагдсан бөлгөө. Мөнхүү улиран тохиох дор тэд дахин гурав дахь удаагаа ирж, мөн тулалдаан үлэмж ширүүн болов.

30Мөнхүү улиран тохиох дор Шиз Кориантумрыг цохьсноос түүнийг олон гүн шархтай болгосон аж; мөн Кориантумр, цус алдсанаас, ухаан алдан, мөн тэрээр үхсэн мэт өргүүлэн хүргэгджээ.

31Эдүгээ Кориантумрын их цэргийг үлдэн хөөхгүй байхыг Шиз өөрийн хүмүүст зарлиглахуйц, аль аль талд нь эрчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн алдагдал тийм агуу байв; иймийн тул, тэд буудалдаа буцав.