2013
Би чиний төлөө залбирсан
2013 оны 6-р сар


Би чиний төлөө залбирсан

Ами Рханак Жонсон, Айдахо, АНУ

Саяхан би сүмийн цуглаанд жаахан хоцорч ирээд нээлтийн дуу дуулж байх үеэр цуглааны байранд яаруу орж ирлээ. Танхимд орж ирээд тэнд ердийнхөөс илүү олон хүн суусныг харлаа. Эргэн тойрон дахь олон зочдыг хараад би хоёр зүйлийг ойлгов: нэгдүгээрт манай тойргийн Хүүхдийн Хэсгийн ариун ёслолын танилцуулга болж байгаа ажээ. Хоёрдугаарт, миний суудалд өөр хүн суусан учир надад суудал байсангүй.

Би эхний эгнээний сандлуудын нэгэнд яаруухан суутал, хоёр настай хүүгээ хөтөлж, зургаан сартай охиноо тэвэрсэн залуу ээж орж ирэхийг харлаа. Нөхөр нь араас нь орж ирсэнгүй. Цуглааны байрыг тойруулан харвал залуу эмэгтэйн нөхөр индэр дээр төгөлдөр хуурын ард сууж байлаа. Тэр Хүүхдийн Хэсгийн хөгжимчин байсан юм.

Би ганц бие болохоор нэг найзтайгаа хамт суудаг байв. Гэвч тэр өдөр найз маань хотод байхгүй байсан юм. Тиймээс би тэр залуу ээж болон хүүхдүүдтэй нь хамт сууя гэж бодоод тэдэнтэй нийлж болох уу гэж асуухад нөгөөх ээж зөвшөөрөв. Цуглааны туршид би хоёр настай хөвгүүнд тусалж, Хүүхдийн Хэсгийн хүүхдүүдийн үг хэлж, дуулахыг сонирхон сонсож суулаа.

Ариун ёслолын цуглааны төгсгөлд нөгөөх ээж над руу бөхийж, тэр өглөө миний төлөө залбирсан гэж хэллээ. Би түүнийг тодорхой тайлбарлахыг нь хүлээв. Тэр ээж намайг сүмд ирж, түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт суухыг хүсч залбирснаа хэллээ. Тэр ариун ёслолын цуглааны үед ганцаараа хоёр хүүхдээ харж хандахад хэцүү байх болно гэж боджээ. Би тэр өглөө түүний хийсэн энгийн залбирлын хариу болсондоо сэтгэл их догдолсноо мэдэрлээ.

Их Эзэн биднийг үнэхээр бидний ойлгож чадах тэр хэмжээнээс хамаагүй илүү хайрладгийг би мэднэ. Энгийн нэгэн хүсэлтийн хариуг гэрчилсэн тэрхүү туршлага надад чухал сургамж өгсөн бөгөөд уг туршлага тэр ээжид ч мөн чухал сургамж болсон гэдэгт итгэлтэй байна. Би тэр эгчтэй хамт сууж болох эсэхийг асуухдаа түүний залбирлын хариу болж байгаагаа мэдээгүй. Харин хэрэв би түүний оронд байсан бол өөр хэн нэгний хийхийг хүссэн зүйлийг л хийсэн гэж бодож байлаа.

Тэнгэрлэг Эцэг бидний залбирлуудыг, тэр ч байтугай, өчүүхэн жижиг залбирлуудыг ч гэсэн үнэхээр сонсож, хариулдаг билээ.