2013
Үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэн бишир
2013 оны 6-р сар


Сайн мэдээний сонгомол бүтээл

Үнэн бөгөөд амьд Бурханыг шүтэн бишир

“The False Gods We Worship,” Tambuli, 1977 оны 8-р сар, 1–4.

Зураг
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл

Их Эзэн бидэнтэй хамт байхад бид юунаас айх юм бэ?

Итгэлээ ашиглах нь гарт хамгийн ойр байгаа зүйлүүдэд итгэл найдвараа тавихаас үргэлж хавьгүй хэцүү байдгийг бид судруудаас мэддэг билээ. Ийнхүү дэлхийн хүн Бурханд итгэх итгэлээ материаллаг зүйлсээр солиход бэлэн байдаг. Тиймээс бүх эрин зуунуудад хүмүүн Сатаны хүчин дор сөхрөн итгэлээ алдаж, найдвараа “махан биеийн мутарт” мөн “юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод чулуун бурхдад” (Даниел 5:23) буюу хиймэл шүтээнүүдэд тавьсаар ирсэн юм. Энэ бол Хуучин Гэрээний зонхилох сэдэв гэдгийг би мэднэ. Хүн зүрх сэтгэл, итгэл найдвараа юун дээр хамгийн ихээр тавьдаг вэ? гэвэл түүний бурхан юм. Хэрэв түүний бурхан Израилын амьд Бурхан биш аваас тэр хүн хиймэл шүтээн шүтдэг байж таарна.

Бид Нифайн зөвлөмж болгосны дагуу судруудыг уншиж, “тэдгээрийг өөрсөдтэйгөө адилтгахыг” (1 Нифай 19:24) хичээх юм бол эртний хиймэл шүтээний дүрсүүд, өнөө үеийн бидний зан төлөвийн хэв шинжийн хооронд олон адил төстэй зүйл байгааг харах болно гэдэгт би баттай итгэдэг.

Их Эзэн биднийг үргэлж адисалсаар байдаг. … Бидний мэдэлд хангалттай нөөц боломжууд байдаг бөгөөд эдгээр нь дэлхий дээр бидний хийх ажилд чухал юм. Гэвч биднээс олон нь … Бурханаас бидэнд соёрхсон нөөц боломжуудыг хуурамч шүтээн болгон шүтсэнээс тэдгээр нь эргээд биднийг эрхшээлдээ оруулах хүчтэй болж байна уу даа хэмээн би айдаг. Бид эдгээр сайн зүйлүүдээс олныг нь итгэлээсээ илүү эрхэмлэдэг болж байна уу даа? Олон хүмүүс мөнгө, өмч хөрөнгө, үнэт цаас, хөрөнгө оруулалтын багц, газар, зээлийн карт, тавилга, авто машинууд болон бусад зүйлсийг махан биеийнхээ аюулгүй байдлын баталгаа болгож, өөрийн дүр төрхийг бүтээхийн төлөө хамаг цаг заваа зориулж байна. …

Бидний үүрэг

Бид эдгээр нөөц боломжуудыг гэр бүлдээ болон чуулгууддаа Бурханы хаант улсыг байгуулах, номлолын ажил, удмын бичиг болон ариун сүмийн ажилд дэмжлэг үзүүлэх, үр хүүхдээ Их Эзэний үр бүтээлтэй үйлчлэгчид болгон өсгөн хүмүүжүүлэх, бусад хүмүүс ч мөн итгэлтнүүд байхын тулд тэднийг зүйл бүрээр адислахад ашиглах үүргээ үл тоомсорлож байна. Бид үүний оронд эдгээр адислалуудыг, “Яагаад та нар амьгүй болох түүгээр өөрсдийгөө чимэглэх мөртлөө өлсгөлөн мөн гачигдалтай, мөн нүцгэн, мөн өвчтэй, мөн шаналсан нь хажуугаар тань өнгөрөн одохыг зөвшөөрч, мөн тэднийг эс анзаарна вэ” (Moрмон 8:39) хэмээн Моронайн хэлсэнчлэн хувийн хүслээ хангахад зориулж байна.

Их Эзэн Өөрөө манай өнөө үед ингэж хэлсэн юм, “Түүний зөв шударга ёсыг бий болгохын тулд тэд Их Эзэнийг эрэлхийлдэггүй, харин дэлхийнхтэй адил дүр төрх бүхий өөрийнхөө бурхны дүр төрхийг дуурайн хүн болгон өөрийнхөө замаар замнадаг бөгөөд тэдний эд хөрөнгө нь хуучирч өгөршин Вавилонд, бүр унах тэрхүү агуу Вавилонд мөхөх хиймэл шүтээнийх бөлгөө” (С ба Г 1:16; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Агуу адислалаа хэрэггүй юмаар бүү соль

Миний таньдаг нэг хүн Сүмд үйлчлэх албан тушаалд дуудагдсан ч хувийн бизнес нь Их Эзэний ажилд зориулж цаг гаргах боломжгүй тийм их учраас дуудлагыг хүлээн авах боломжгүй байсан гэж боддог байлаа. Тэр хүн Их Эзэнд үйлчлэхээ орхиж, дэлхийн эд баялагийн төлөө эрэлд гарсан бөгөөд эдүгээ саятан болоод байна.

Харин би саяхан нэгэн сонирхолтой баримтыг олж мэдлээ. Хэрэв хүн сая долларын үнэтэй алтыг эзэмшдэг байлаа гэж бодвол энэ нь ойролцоогоор дэлхийн царцдас дахь бүх алтыг хорин долоон тэрбум хуваасны ердөө ганцхан хувь нь ажээ. Энэ бол хүмүүний оюун ухаанд төсөөлөх аргагүй өчүүхэн тоо юм. Гэвч үүнээс хавьгүй илүү нэг онцгой чухал зүйл бий: Их Эзэн энэ дэлхийг бүтээсэн бөгөөд үүнийг удирдах бүх хүч Түүнд байдаг мөн “тоо томшгүй” (Мосе 1:33) олон бусад дэлхийнүүдийг бүтээсэн бөгөөд хүн санваарын тангараг ба гэрээг хүлээн авснаар (С ба Г 84:33–44-ийг үз), “Эцэгт минь байгаа бүхнийг” (С ба Г 84:38) хүлээн авах болно гэсэн амлалтыг Их Эзэнээс хүлээн авдаг билээ. Жижигхэн алттай хайрцагны төлөө, махан биеийн аюулгүй байдлын төлөө эдгээр агуу амлалтуудыг тоомсорлох нь хэтийн төлөвтөө юутай ч зүйрлүүлшгүй том алдаа гаргаж байгаа явдал юм. Сэтгэл хангалуун байдлыг олохын тулд түүний бий болгосон зүйл нь өрөвдмөөр хөөрхийлөлтэй юм. Учир нь хүмүүний бодгалийн үнэ цэнэ үүнтэй зүйрлүүлэх аргагүй их юм.

Нэг залуу номлолд дуудагдаад энэ ажлыг хийх авьяас чадваргүй гэж өөрийгөө голжээ. Харин тэр шинэ машинаа дээд зэргээр халамжлан гамнаж эдлэхдээ гаргуун нэгэн байж. … Сайхь залуугийн аав нь хүүгийнхээ талаар “Манай хүү ямар ч юмыг гараа гаргаж, хийсэн шиг хийдэг хүн. Энэ чинь л болоо шүү дээ” хэмээн үргэлж магтдаг байлаа.

Бурханы хүүд энэ чанар үнэхээр хангалттай гэж үү? Машиных нь хүч далай тэнгисийн буюу нарны хүчтэй харьцуулахад хумхийн тоос лугаа адил өчүүхнийг, хуулиар хийгээд санваараар хянагддаг олон гараг ертөнц байдгийг, түүний эзэмшдэг санваарын хүчийг Их Эзэнд үйлчилснээр улам хөгжүүлдгийг энэ залуу ойлгоогүй ажээ. Тэрээр ган, резин хоёроос бүтсэн, гялалзсан будагтай, үнэ цэнэгүй бурхныг өөртөө бий болгон түүнээсээ сэтгэл ханамжийг олдог ажээ.

Настай нэгэн хос ажил хөдөлмөрөөсөө бас Сүмээс ч гэсэн амарч тэтгэвэртээ гарчээ. Тэд аяллын тоног төхөөрөмжтэй ачааны жижиг машин худалдаж аваад дэлхийг үзэхээр гэрээ орхин явжээ. Ариун сүмд орох, удмын судалгаа хийх, номлолд үйлчлэх цаг зав тэдэнд байсангүй. Нөхөр нь дээд пристүүдийн чуулгатайгаа холбоо тасарч, хувийн түүхээ гэртээ бичих ч завгүй болсон гэнэ. Тэдний туршлага, удирдлагын ур чадвар салбарт нь туйлын чухал байсан ч тэд зав гаргаагүй ажээ. …

Хэрэв бид бүх цаг зав, нөөц боломжоо өөрсдөдөө зориулж, дэлхийн хаант улсыг байгуулахад зориулах аваас бид үүнийгээ өвлөн авах болно.

Дэлхийн зүйлүүдийг орхи

Бид өнгөрсөн үеийн хүмүүст байгаагүй тансаг зүйлсийг эзэмшин хэрэглэдэг орчин үеийн азтай хүмүүс гэж өөрсдийгөө боддог бол Их Эзэнд хамгийн жигшүүртэй зүйл болох хиймэл шүтээнийг бишрэн шүтэгчид болсон нь тэр.

Бид Их Эзэний ирэлтэд бэлтгэх үүргээсээ амархан няцдаг. Хэрэв бид зөв шударга байх юм бол Их Эзэн дайснууд бидэн дээр ирэхийг үл хүлцэн … бидний төлөө бидэнтэй хамт тулалдах болно гэдгийг бид мартдаг (Eгипетээс Гарсан нь 14:14; С ба Г 98:37-г үзнэ үү. Эдгээр нь үй олон эшлэлээс зөвхөн хоёрхон нь юм).…

Их Эзэн бидэнтэй хамт байхад бид юунаас айх юм бэ? Бид Түүнд итгэх итгэлийнхээ жижигхэн хэсгийг ч болов ашиглахгүйгээр Их Эзэнд итгэлтэй байж чадна гэж үү? Бидний үүрэг тодорхой юм. Бид дэлхийн зүйлүүдийг амьдралынхаа зорилго болгодгоо бас хиймэл шүтээн шүтдэгээ орхин, итгэлээрээ жигүүрлэн урагш тэмүүлж, тэд бидний дайснууд байхаа больж болохын тулд сайн мэдээг дайснууддаа хүргэх явдал мөн.

Улам илүү их итгэлийг хөгжүүл

Бид өнөө үеийн хиймэл шүтээнүүдийг хийгээд “махан биеийн мутарт” найддагаа орхих ёстой. Учир нь Их Эзэн өнөө үед бүх дэлхийд хандан, “Вавилонд үлдсэн хэнийг ч би амь хэлтрүүлэх нь үгүй” (С ба Г 64:24) гэж хэлсэн билээ. … Их Эзэний чиглүүлснээр хүн бүрийг, гэр бүл болгоныг бэлтгэх зам нь итгэлээ илүү идэвхтэй ашиглан, наманчилж, дэлхий дээрх Түүний хаант улс болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ажилд оролцох явдал мөн гэдэгт бид итгэдэг. Энэ нь эхлээд бага зэрэг хэцүү юм шиг санагдаж болно, гэвч хүн энэ ажлын үнэнийг ойлгохоороо, мөнхийн ач холбогдолтой ямар нэг зүйлийг хэтийн төлөвөөр нь харж, адислалууд нь “дэлхийг” орхисны үнэ цэнээс асар их болохыг харж эхэлдэг.

Жинхэнэ аз жаргал энэхүү зарчимд оршино. Тиймээс бид газар бүрийн бүх хүмүүсийг энэ ажилд нэгдэхийг урьдаг. Бүх талаар золиослол хийж, Их Эзэнд үйлчлэхээр эргэлтгүй шийдсэн хүмүүст мөнх амьдралд хүрэх зам нээлттэй байдаг. Үүнээс бусад аливаа зүйлс нь зөвхөн уг зорилгод хүрэхийн тулд ашиглах төдий зүйлс юм.

Зураг чимэглэлийг Ж.Бет Жепсон