2013
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх нь
2013 оны 6-р сар


Сүмд үйлчилсэн нь

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх нь

Линн Парсонс Техасын Хөрст гадасны хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн зохицуулагчаар дуудагдаад гадасныхаа гишүүдийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй гишүүд болон тэдний гэр бүлийн амьдралыг адислах замаар дуудлагаа биелүүлэхийг хүссэн ажээ.

Линн эгчийн анхны хийсэн зүйлүүдийн нэг нь LDS.org (lds.org/callings/disability-specialist) дахь дуудлагынхаа талаар мэдээллийг нэгтгэн дүгнэж, хөгжлийн бэрхшээлийн талаарх Сүмийн албан ёсны бодлогыг ойлгохын тулд Гарын авлага 2: Сүмийг удирдах нь номыг уншжээ. Хөгжлийн бэрхшээлийн тухай (lds.org/disability) вэб сайт нь бас чухал эх сурвалж болсон ажээ. Уг вэб сайт хөгжлийн янз бүрийн бэрхшээл болон гадасныхаа гишүүдтэй хуваалцах сайн эх сурвалж материал болсон гэнэ.

Гарын авлага 2-т, “Бишопын зөвлөл болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөл хувь хүмүүс болон гэр бүлүүдэд туслах тойргийн буюу гадасны хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд үйлчлэх зохицуулагчийг дуудаж болно”1 гэж зааварласан байдаг. LDS.org-т энэ дуудлагын талаар нэмэлт мэдээлэл өгч, “хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд үйлчлэх зохицуулагчийн үүрэг нь Сүмийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн оролцоо, идэвхийг сайжруулахад туслах явдал мөн хэмээн тайлбарлажээ.”2

Линн эгч үүнийг ойлгосноор “хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд үйлчлэхэд хэрэгтэй арга хэрэгслийг олоход нь удирдагчдад туслахыг” хүссэн юм гэж хэллээ.

Линн бас нийгмийн болон үндэсний эх сурвалжууд, интернет болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж байсан гадасны болон тойргийн гишүүдээс холбогдох мэдээллийг олж ашигласан байна. Тэрээр эдгээр эх сурвалжуудыг бас гадасныхаа удирдагчид болон гэр бүлүүдэд тулгарч байгаа сорилтуудын шийдлийг олохын тулд ашигласан ажээ. Бид мэдээлэл, тусламж олж авахын тулд хэнд хандахыг мэдэхгүй үедээ “залбирахыг чин сэтгэлээсээ хүсч сүнсээр өдөөгдвөл хариу хүлээн авах болно” гэж тэр ярилаа.

Хэрэгцээг ойлгосон нь

Линн бас өөрийн бүс дэх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой хэрэгцээг мэдэхийн төлөө ажилладаг ажээ. Тэр энэ ажлыг хийхийн тулд өөрийнх нь дуудлагын талаарх мэдээллийг агуулсан захидлыг бишопуудад явуулахыг гадасны удирдагчдаас хүссэн ажээ. Уг захидалд хөгжлийн бэрхшээлийн асуудлаар түүнээс тусламж авах хэрэгтэйг бишопуудад сануулсан гэнэ. Мөн тэрээр гадасны Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд уг асуудлыг ойлгуулж, бусад бүлгүүдийн удирдагчидтай уулзан төлөвлөгөө гаргасан байна. “Би мэдээллийг өөрөө олж авахын хамт эдгээрийг хаанаас олж болохыг хүмүүст мэдүүлэхийг хүссэн юм” гэж Линн ярив.

Линн гадасны гишүүдэд үйлчлэхэд бэлэн байгаагаа мэдүүлснээр удалгүй удирдагчдад туслах боломжтой болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй гишүүдэд үйлчлэх зохицуулагчаар дуудагдсанаас хойш хэдхэн сарын дараа хөгжлийн бэрхшээлтэй гишүүдтэй ажиллах онцлогийн талаар тойргийн зөвлөлд танилцуулахыг урьсан гэнэ. Тэрээр бас зожиг хүүхдэд хэрхэн заахыг ойлгоход нь нэг багшид тусалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд заах Хүүхдийн Хэсгийн багшийн туслахыг дуудах санал гаргаж, хичээлд нь сууж зөвлөгөө өгсөн ажээ.

Линн эгч үүний дараа удирдагчдад дуудлагаа биелүүлэхэд нь туслахаар төлөвлөжээ. Тэр ингэхийн тулд бусдыг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийг хайрлаж, туслан, тэдэнтэй нөхөрлөхөд Аврагчийн үлгэр жишээг дагахад нь гадасны гишүүдэд тусалж байна.

Зураг чимэглэлийг Бет М.Виттакер