2019
Моника руу хөтлөгдсөн нь
2019 оны 10-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Моника руу хөтлөгдсөн нь

Росана Соарэс

АНУ, Юта

Зураг
woman standing on balcony watching other woman at window

Зураг чимэглэлийг Стан Фэллоус

Би Бразилын Сао Паулод амьдарч байхдаа Граса гэдэг нэг онцгой эмэгтэйг таньдаг болсон юм. Тэр хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан төдийгүй хүн бүрийн найз нь байв.

Граса миний айлчлагч багшийн хамтрагч байсан юм. Тэр гурван хүүхэдтэй мөртлөө бүрэн цагаар ажилладаг байсан ба машингүй, утасгүй байсан зэрэг нь түүнийг үйлчлэхэд саад болдоггүй байлаа.

Манай тагтнаас түүний байшингийн нэг цонх харагддаг байв. Граса боломжтой болсон үедээ, айлчлалаар явахад бэлэн байгаагаа харуулж цонхон дээрээ улаан даавуу өлгөдөг байлаа. Тэр үйлчлэхгүй байх шалтгаан гаргаж байгаагүй. Би үе үе Грасагийн дохионы тухай мөн түүний итгэлтэй, энгийн үйлчлэлийнх нь гайхалтай үлгэр жишээний тухай боддог байсан.

Нэг явдал миний санаанаас ер гардаггүй юм. Бид эгч нарынхаа нэгнийд нь очихоор явахынхаа өмнө бэлтгэн, залбирав. Бид гэрт нь ирээд, өөр эгчийнд ирснээ мэдсэн юм! Бид бага насны хоёр хүүхэдтэй, идэвх султай эгчийнд очихоор томилогдсон байсан ч тэр өдөр очихоор төлөвлөөгүй байв. Нэгэнт оччихсон тул бид хаалгыг нь тогшсон ба харин хэн ч нээсэнгүй.

Бид цөхрөлгүй, хүлээхээр шийдэв. Сүүлд нь Моника эгч ирсэн ч завгүй байгаагаа бидэнд хэллээ. Түүнийг ядарч туйлдсан, уйлахад бэлэн байгааг бид анзаарав. Биднийг түүнд туслахаар ирснээ хэлэхэд тэр биднийг орууллаа. Хүүхэд нь уйлж байсан тул бид түүнийг хүүхдээ саатуултал хүлээж байхаа хэлэв. Моникаг хүүхдээ аван дээшээ гарахад бид ханцуй шамлан ажиллаж, хэдэн өрөөг нь цэвэрлэн, ил байсан хувцаснуудыг эвхлээ.

Моника гэрээ сайхан болсныг хараад уйлав. Тэгээд тэр бидэнд сэтгэлээ уудлан, зарим асуудлаа хуваалцсан юм. Бид түүнд тусална гэж амлан, асуудлынх нь талаар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй ярилцлаа Моника дараагийн ням гарагт сүм дээр ирсэн байв.

Моника идэвхтэй, аз жаргалтай эмэгтэй болсон бөгөөд бид ч гэсэн түүнд хайр халамжаа харуулан тохинуулсаар байлаа. Тэр асуудалтай хэвээр байгаа ч Сүмдээ идэвхтэй болсон учраас үүнийгээ илүү итгэлтэй, зоригтой шийдэх болсон.

Хамтдаа үйлчилж байсны хувьд би Грасагийн үлгэр жишээнд талархдаг. Бид удирдамж хүсэн залбисан ба Бурхан биднийг Моника руу хөтөлсөн юм.