2019
Флорэнст зориулсан цагаан малгай
2019 оны 10-р сар


Флорэнст зориулсан цагаан малгай

Зохиогч нь АНУ-ын Мичиганд амьдардаг.

Зураг
A White Cap for Florence

13 настай Флорэнс Онижэквэ Нигерийн Онитша хотын пиг дүүрэн хүнтэй захын зогсдог цэг дээрээ очив. Гудамж худалдан авагчдыг дуудан хашгирах завгүй худалдаачдаар дүүрсэн байлаа. Эмэгтэйчүүд алхангаа толгой дээрх ачаагаа тэнцүүлнэ. Сургуулийн амралт дөнгөж эхэлж байсан бөгөөд найзууд нь амралтаараа цагийг зугаатай өнгөрүүлж байгааг Флорэнс мэдэж байв. Гэвч Флорэнс амралтаараа зах дээр гашуун навчит ургамал зарж байлаа. Энэ нь сургуулийнхаа төлбөрийг олох цорын ганц боломж байв.

Гэхдээ үүнд Флорэнс гомдоллосонгүй. Эцсийн эцэст ээж нь гэрийнхнийхээ хоолыг залгуулахаар өдөр бүр амтат төмс зарж, зах дээр олон цаг зогсдог шүү дээ. Ээж нь шаргуу ажиллана. Эцэг эх нь хоёулаа шаргуу ажилладаг байв. Гэвч боловсрол эзэмшээгүй тул тэдний хийж чадах зүйл хязгаарлагдмал байлаа. Флорэнс бага сургуулиа бараг төгсчихсөн байв. Хэрэв тэр сургуульдаа үргэлжлүүлэн суралцвал сайн цалинтай ажилд орж, гэрийнхэндээ тусалж болох юм.

Флорэнс гэртээ хариад, эцэг эхээ олж, “Би дунд сургуульд явж болно гэж та хоёр бодож байна уу? Магадгүй их сургуульд ч юм уу?” гэж асуулаа.

Ээж нь аав руу нь хараад толгойгоо сэгсрэв. “Их сургууль бидний олж байгаагаас хамаагүй илүү зардалтай шүү дээ” гэж аав нь хэллээ. Флорэнс гутал руугаа доош харав. Тэр аав, ээж хоёртоо сэтгэлээр унаснаа харуулахыг хүссэнгүй.

Хэд хоногийн дараа Флорэнс эм авахаар эмнэлэгт оров. Эмнэлэг зах шиг дуу шуугиантай биш ч гэлээ хүн ихтэй байлаа. Флорэнс цэвэрхэн, цагаан малгайтай сувилагчдыг харав. Тэр өөрийгөө ийм дүрэмт хувцас өмсөн, том эмнэлэгт өвчтнүүдэд туслан, хүүхдүүдийг харж халамжилж байгаагаар төсөөллөө. Тэр сувилагч болж чадах ч юм бил үү.

Флорэнс ээж, аавынхаа хэлснээр боловсролтой болох хэцүү гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ Флорэнс шаргуу ажиллаж сурсан байв. Тиймээс тэр хичээхээр шийдсэн юм.

Гэрийн ажил хэчнээн завгүй байлгадаг байсан ч Флорэнс заавал хичээлээ хийх цаг гаргадаг байв. Тэр дунд сургуулийнхаа шалгалтуудад тэнцэж, аав нь түүнийг сургуульд явуулах хангалттай мөнгө зээлсэн байна. Дараа нь засгийн газраас сувилагчийн сургуулийн төлбөрийг төлөх болсныг тэр мэдэв. Түүний мөрөөдөл биелэх ойртсон байлаа.

Гэвч сувилагчийн сургуульд суралцах цаг дөхөхөд Флорэнс бага зэрэг эргэлзэж эхлэв. Хэтэрхий хүнд байвал яана аа? Хэрэв ганцаардвал яах вэ? Флорэнс толгойгоо бөхийлгөн, “Хайрт Бурхан минь, та надад сувилагчийн сургуульд явж, шаргуу хөдөлмөрлөх хүчийг өгөөч” гэж залбирав.

Сувилагчийн сургуульд Флорэнс эм өгөх, багажаа нян бактераас цэвэрлэхийг сурсан. Өвчтнүүд нь заримдаа сайжирч, харин заримдаа сайжирдаггүй байсан ч Флорэнс байнга зоригтой байхын төлөө залбирдаг байлаа. Урт удаан гурван жилийн дараа Флорэнс ангийнхаа шилдэг оюутан болж сургуулиа төгсөв. Түүний мөрөөдөл биелэв! Тэр сувилагчийн цагаан малгайгаа өмсөж, бас гэр бүлдээ туслах хангалттай орлого олох болжээ.

Олон жилийн дараа Флорэнс Гана Аккра Номлолын жижигхэн салбарт айлчлав. Түүний нөхөр Кристофэр Чуквара тэнд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байлаа. Флорэнс сургуульд явах боломжгүй салбарын хэдэн хүүхэдтэй танилцжээ. Тэд ирээдүйд юу хийхээ мэдэхгүй байв. Тэд Флорэнст хүүхэд ахуй насыг нь санагдуулжээ. “Бид тэдэнд туслахын тулд юу хэлж болох вэ?” Флорэнс чимээгүй залбирлаа.

Тэгээд тэдэнд амьдралынхаа талаар ярьж өг гэсэн тодорхой мэдрэмжийг хүлээн авав.

Флорэнс амьдралынхаа талаар бодлоо. Тэр Нигерийн болон Нэгдсэн Улсын эмнэлэгт ажиллаж байсан. Тэр сайн залуутай гэрлэж, тэд хамтдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг олсон юм. Тэр ээж болж, одоо тэр номлогчдод эрүүл байж, шаргуу ажиллахад нь тусалж байна. Тэнгэрлэг Эцэг түүнд сувилагч болоход тусалсан. Тэр бас түүнд төсөөлж байснаас нь ч илүү ихийг хийхэд тусалсан. Бурхан тиймээс эдгээр хүүхдэд ч гэсэн өөрт нь зориулан хийсэн шиг бүхнийг хийж чадна.

Флорэнс хүүхдүүд рүү харж, инээмсэглэлээ. “Та нар сувилагчдын өмсдөг цагаан малгайг мэднэ, тийм үү? Би тийм малгайг хараад, сувилагч болохоор шийдсэн юм …”