2019
Орших уу эсвэл энэ хэвээр оршсоор байх уу: Асуулт үүнд л оршиж байгаа юм
2019 оны 10-р сар


Орших уу эсвэл энэ хэвээр оршсоор байх уу: Асуудал үүнд л оршиж байгаа юм

Бид шүүх эрхтэй. Бид шүүх ч ёстой. Гэхдээ бид ямар ч хүнийг хэвд оруулах юм уу нэр пайз зүүх ёсгүй.

Зураг
variety of different people

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Хэдэн жилийн өмнө эхнэр бид хоёр Дани улсын Хельсингор хотын Кронборг шилтгээнд очсон юм. Энэ шилтгээн Уильям Шекспирийн Гамлет зохиолоор алдартай болсон. Биднийг шилтгээний танхимуудаар алхаж явахад жүжгийн үйл явдал, харилцан ярианууд, тэр дундаа Гамлетын “Орших уу, эс орших уу: Асуудал үүнд л оршиж байгаа юм” гэсэн алдартай асуулт санаанд орж ирж байлаа.

Харин дараа нь би бидэнд илүү хамаатай “Орших уу эсвэл энэ хэвээр оршсоор байх уу. Асуудал үүнд л оршиж байгаа юм” гэсэн асуултыг бодож үзсэн юм.

Өсөж хөгжих боломж олго

Харамсалтай нь, бид бусдын талаар ярихдаа нэр пайз зүүх гээд байдаг. Тухайлбал бид иймэрхүү зүйлсийг хэлж болох юм.

  • “Ахлагч Браун залхуу номлогч.” Үүний оронд бид “Ахлагч Браун сүүлийн үед шаргуу ажиллахгүй байгаа ч би түүнийг сайжирна гэдэгт итгэж байна” гэж хэлж болно.

  • “Мэри шашин шүтлэгтэй хүн биш.” Харин эсрэгээр нь “Мэри шашин шүтлэг сонирхоод байдаггүй ч хэрэв би түүнд гэрчлэлээ хуваалцвал тэр Сүнсийг мэдэрч магадгүй” гэж хэлж болно.

Бид хэн нэгнийг ямар нэгэн хүн гэж ярихдаа өөрчлөгдөх эсвэл сайжрах боломж олголгүйгээр нэр пайз зүүн, хэв загварт оруулж, шүүдэг. Харин бид ийм байсан гэж хэлэх нь өсөж, хөгжих боломжтой гэдэгт итгэж байгааг харуулдаг.

Шүүх нь буруу юу?

Библийн ихэнх орчуулгад Аврагчийн сургаалыг дараах байдлаар хүргэдэг. “Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү” (Матай 7:1). Гэвч Иосеф Смитийн Орчуулга үүнийг ийн тодруулдаг. “Шударга бусаар бус … харин зөв шударгаар шүү” (Матай 7:1, зүүлт тайлбар a; тодотгол нэмэгдсэн).

Биднийг нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, ялган таньж, шийдвэр гаргах үед шүүхийг хүлээн зөвшөөрдөг ба тэр ч бүү хэл шүүх ч ёстой. Гэхдээ бид хүмүүстэй харилцахдаа зөв шударга шүүх нь нэн чухал.

Жишээ нь, бид хэнтэй гэрлэх гэж байгаагаа анхааралтай дүгнэж, хэн нэгний санаа бодлыг ойлгохын тулд ялган таних чадвараа ашиглаж эсвэл мэргэжлийн үнэлгээ хийхийн тулд бусдын чадварыг үнэлж цэгнэж болно.

Бид үргэлж ариун судар болон бошиглогчдын үгэнд агуулагддаг Их Эзэний жишгээр бусдын үйлдэл, зан чанарыг дүгнэдэг байх хэрэгтэй. Хамгийн чухал нь, бидний шүүлт хүмүүсийг зүй бусаар тодорхойлон, шууд хэв загвар оруулж, шударга бусаар нэр пайз зүүхгүй байхад анхаарах ёстой.

Өөрчлөгдөх боломж

Бид бусдыг буруугаар дүрслэн, ялангуяа тэднийг өөрчлөгдөж чадахгүй гэж зүгээр нэг хэлсэн ч энэ нь шударга бус шүүж байгаа хэрэг. Бусадтай харилцах бүх харилцаандаа Их Эзэний цагаатгагч золиосын ачаар бид бүгд сайжрах боломжтой гэдгийг санавал зохино. Аврагчийн дараах жишээг авч үзнэ үү. Үүнд:

  • Тэр садар самуун үйлдсэн эмэгтэйд хандан “Яв, үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) гэсэн.

  • Тэр хажууд нь цовдлуулж байгаа эрчүүдийнхээ нэгэнд хандан “Өнөөдөр чи Надтай хамт диваажинд байх болно” (Лук 23:43) хэмээн хэлсэн.

  • Петр Түүнийг гурвантаа үгүйсгэсэн ч Тэрээр амилсныхаа дараа Петрийн чадавхыг харж, түүнд зааж сургасаар байв (Матай 26:34 ба Иохан 21:15–17-г үзнэ үү).

  • Тэр гэгээнтнүүдийг хавчиж байсан Саулд хандан наманчил хэмээн хэлсэн. Хожим нь Саул Паул болж, дуулгавартай дагаж, зөв шударга хүн болсон. (Үйлс 9:3–6-г үзнэ үү.)

Их Эзэн Есүс Христ бол хоёр, гурав, дөрөв дэх боломжийг олгогч нэгэн юм. Тэр биднийг “дал дахин долоон удаа” (Матай 18:22) уучлах ёстой хэмээн заасан. Тэрээр энэ дэлхий дээр төгс амьдарсан цорын ганц хүн юм. Гэвч Түүний амьдрал, сургаал, цагаатгагч золиос, Амилалтаар болон сайн мэдээний ёслолуудаар дамжуулан бид хэзээ нэгэн өдөр төгс болж чадна. Ах, эгч нарынхаа өөрчлөгдөх чадварыг үгүйсгэн хандах нь Аврагчид болон Түүний Цагаатгалын хүчинд итгэхгүй байгааг илтгэдэг.

Гаднах үзэмж ба дотоод сэтгэл

Бид ихэнхдээ гаднах үзэмжээр нь шүүдэг (эсвэл шүүгддэг) нь амьдралын бодит байдал юм. Гэвч бид бусдыг эхлээд зөвхөн гадна үзэмжээр нь шүүж, жинхэнэ мөн чанарыг нь дүгнэж чадаагүй үед бусдыг зөв шударга бус шүүх аюулд өөрсдийгөө оруулдаг.

“Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7). Есүс Өөрийн үеийн хоёр нүүртнүүдийг “цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж” (Матай 23:27) хэмээн тодорхойлсон.

Аврагч эерэг, сайхан гадаад үзэмжийг сайн зүйл биш гээгүй ч эрэгтэй эсвэл эмэгтэй хүний дотоод мөн чанар (ёс суртахууны болон сүнслэг нөхцөл байдал) нь илүү чухал гэдгийг заасан. Манай гайхамшигтай ариун сүмүүдийн тухай бодож үзнэ үү. Гаднах байдал нь үзэсгэлэнтэй сайхан ч дотор нь гүйцэтгэдэг ёслолууд илүү чухал юм.

Номлогчдоос ч гэсэн хувцаслалт, биеэ авч явах жишгүүдийг дагахыг хүсдэг. Тэд цэвэр байж, даруу хувцаслан, зохистой үг хэллэг хэрэглэснээр үзэж харсан болон номлогчдоос олж сонссон зүйл дээрээ үндэслэн Есүс Христийн сайн мэдээнд ирэх хүмүүст сайн үлгэр жишээ үзүүлэх юм.

Ялган таних чадвараа хөгжүүлэх

Бид зөв шударга шүүхдээ ялган таних чадвараа ашиглах нь чухал. Судруудын удирдамж дээр ялган таних чадвар бол “аливаа зүйлийг Сүнсний хүчээр ойлгож, мэдэх явдал юм. Хүмүүсийн үнэн зан чанар болон сүнсний тунхаглалуудын утга учир, эх сурвалжийг мэдэх нь үүнд хамаардаг” хэмээсэн (“Ялган таних бэлэг”).

Заримдаа дотроо хилэнцэт хүмүүс өөрсдийгөө үлгэр дуурайл болох зохистой мэт бодуулахын тул дэлхийн гаднах үзэмжээ ашигладаг. Тэд “өөрийнхөө нүдэнд мэргэн болж, бодолдоо ухаалаг байгчид” юм (Исаиа 5:21; 2 Нифай 15:21). Аврагч энэ жүжиглэлийн цаадахыг хардаг байсан бөгөөд Тэрбээр хамгийн даруу, дорой хүмүүсийн дундаас ч зан чанарынх нь хүчтэй тал, зүрх сэтгэлийнх нь жинхэнэ хүслийг ялган таних чадвартай байсан.

Алма “ядуу зүдүүгийнхээ улмаас бүх хүмүүст ад үзэгддэг” ч даруусаж мөн “зүрх сэтгэлийн номхон даруу байдлынхаа учир” (Алма 32:5–8-ыг үзнэ үү) адислагдсан хүмүүст хандан ярихдаа ийм ялган таних чадвараа ашигласан.

Бид “Бурханы Сүнсний зүйлсийг сүнслэгээр цэгнэгдэх учиртайг … (1 Коринт 2:14-ийг үзнэ үү) санавал зохино. Бид бусдыг Тэнгэрлэг Эцэгийн адил харах үед ялган таних чадвар маань зөв шударга шүүх боломжийг бидэнд олгодог.

Шударга шүүлт

Бид амьдралынхаа өдөр бүр үнэлж, дүгнэн, ялган таних замаар шүүж байдаг. Гэвч Их Эзэн биднийг зөв шударга шүүгээсэй гэж хүсдэг. Бид Их Эзэн Есүс Христийн шавийн хувьд үг, үйлдэл маань биднийг нигүүлсэнгүй, хайраар дүүрэн, бусдад туслах эрмэлзэлтэй гэдгийг харуулдаг байх хэрэгтэй.

Зөв шударга шүүгчдийн хувьд бид хүний гаднах үзэмжийн оронд зан чанарт нь илүү их анхаарлаа хандуулбал зохино. Үүний зэрэгцээ, бид өдөр бүр гадаад байдал, үг хэлээрээ бусдад анхны сэтгэгдэл төрүүлж байдгаа санах хэрэгтэй. Гадаад төрх байдал маань бидний захиасын чухал үнэ цэнийг харуулбал хүмүүс зан чанар болон сайн мэдээний захиасын талаар илүү ихийг мэдэхийг хүсэх болно.

Бидний Эзэн, Багш, Есүс Христ зөв шударгаар шүүхдээ дагавал зохих төгс жишээг үзүүлсэн юм. Бид Түүний нэгэн адил хүн нэг бүрийн дотоод сэтгэл болон гаднах байдлыг эн тэнцүү харах ёстой.