2021
“Миний сүм ийн нэрлэгдэх ёстой”
2021 оны 9, 10-р сар


“Миний сүм ийн нэрлэгдэх ёстой”

Сүмийн бүтэн нэрийг ашигласнаар бид адислагдахын зэрэгцээ бусдыг адисалдаг.

Зураг
various people walk by a Church sign in Korean

Африкт сүмд нэгдэхээр хайж байсан хүмүүс зүүдээ ярьжээ. Тэд зүүдэндээ Есүс Христийн нэрээр нэрлэгдсэн сүмийг хайж олох заавар хүлээн авав. Тэд ийн эрэл сурал болж байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн Аврагчийн нэрийг онцолсон цорын ганц сүмийг олсон байна.

Латин Америкт хожмын үеийн гэгээнтнүүд найзуудаа “Мормон Сүмд” урихдаа бухимдмаар байдалд ордог байснаа ярьсан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн урилга гэж тараах болсноор энэ байдал өөрчлөгджээ. “Хэрэв танай сүмийг Есүс Христийн сүм гэдэг юм бол бид очиж, үзмээр байна” гэж найзууд нь хариулав.

Нэгдсэн Улсад Хүүхдийн хэсгийн нэг хүү хөршүүдээ өөрийнхөө баптисмд урьсан байна. Өөр шашны нэгэн тохинуулагч “Мормон Сүмийн” баптисмд хэзээ ч очихгүй гэж байсан ч хүүгийнх нь явдаг сүм Есүс Христ дээр төвлөрсөн гэж хэлж болохоор байсан тул эхнэртэйгээ очиж оролцжээ.

Агаарын тээврийн компанийн захиалгын ажилтан Сүмийн нэг гишүүнээс э-мэйл хаягийг нь асуухад, “ldschurch.org” гэж хариулав.

“Энэ ямар сүм бэ?” гэж ажилтныг асуухад

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэж гишүүн хариулжээ.

“Би заримдаа хэдэн өдрөөр Их Эзэний тухай ярихгүй ажиллах үе байдаг. Христэд итгэгч хэн нэгэнтэй ярьж байгаагаа мэдсэн маань энэ өдрийг тэр чигт нь гэрэлтүүлж байна шүү” хэмээн ажилтан хэлсэн байна.

Сүмийн гишүүн тэр даруй агаарын тээврийн компанийн профайл дахь мэдээллээ Сүмийн шинэ э-мэйл хаяг болох ChurchofJesusChrist.org болгон шинэчилжээ.1

Амлалт гүйцэлдэв

Зураг
family walking in front of a Church building

Энэ бүх гайхалтай түүх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 10-р сард болон 2020 оны 4-р сард хожмын үеийн гэгээнтнүүдэд өгсөн амлалт биелэгдсэнийг харуулдаг.

“Их Эзэний Сүмийн зөв нэрийг сэргээхийн тулд бид хамгийн сайнаараа хичээвэл, мөн Түүний Сүм болохоор Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийн тэргүүн дээр урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүйгээр Өөрийн хүч, адислалуудыг асгах болно гэдгийг би амлая. Бид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүс болгонд хүргэж, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлдэхэд туслах Бурханы тухай мэдлэгтэй мөн хүчтэй байх болно”2 хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

Би саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Сүмийн гишүүдийг Сүмийн зөв нэрийг ашигласнаар хэрхэн адислагдсанаа ярихад урьсан юм. 2600 гаруй хариулт авсандаа сэтгэл минь их хөдөлсөн.

Би эдгээрээс заримыг та бүхэнтэй хуваалцмаар байна. Та нар ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг дагаснаар адил төстэй адислалуудыг хүлээн авсан бол эдгээр нь танил сонсогдож магадгүй.

Есүс Христэд илүү ойр

Сүмийн бүтэн нэр нь Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хэрхэн тусалсан тухай Жэйкобын гэрчлэл надад маш их таалагдсан: “Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь амьдралын минь нэг хэсэг болсон болохыг би анзаарсан.” “Би ариун ёслолоос хүртэхдээ Түүний болон Түүний цагаатгагч золиосын талаар боддог. Би судраас уншихдаа Түүний үгсийг болон Түүний талаарх эшлэлүүдэд илүү анхаардаг болсон. Энэ нь Түүнд улам илүү ойртож, Түүний Аврагч, Гэтэлгэгчийн үүргийг илүү сайн ойлгоход тусалсан” гэж тэр надтай хуваалцсан юм.

Би Аврагчийн нэр Бэт, Брайс хоёрын хувьд ямар утга учиртайг мэдээд, адислагдсанаа мэдэрсэн. Бэт “Би Аврагчид улам ойртож байгаагаа мэдэрсэн. Надаас ямар сүмд явдаг вэ гэж асуухад би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг гэж хариулахдаа ямар нэгэн зүйлийн нэг хэсэг гэсэн мэдрэмжийг авдаг. Би Түүний хүмүүсийн нэг нь. Би Түүний гэр бүлд хамаарагддаг. Би Түүнд харьяалагддаг” гэж хэлэв.

Сүмийн зөв нэр нь “хэнд үйлчилдэг, хэнтэй адил болохыг хичээдгээ санахад тусалдаг. Энэ нь Аврагч эдгээр сургаалыг өгдөг бөгөөд сургаал хэн нэг хүнээс ирдэггүйг надад сануулдаг” гэж Брайс хэлэв.

“Аврагчийн нэр хүчтэй”

Зураг
Christus statue

Бүрэн цагийн номлогч Хэйли “Их Эзэний Сүмийн зөв нэрийг ашиглах нь Түүний сэргээгдсэн сайн мэдээг заах үед илүү хүч, эрх мэдэл олгодог. Намайг ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм’ гэж хэлэх үед Их Эзэний Сүнс энэ бол өнөөдөр газар дэлхий дээр сэргээгдсэн Их Эзэний Сүм мөн хэмээн баталж, гэрчилдэг. Энэ үнэнийг бодитой нэмж гэрчлэх боломж олгодог болохоор би зөв нэрийг ашиглах дуртай” гэж хэлэв.

“Өмнө нь намайг ‘Мормон’ гэхээр манай шашны бус хүмүүст хальт эргэлзээ төрдөг байсан. Бараг л тэдний мормончуудын талаар сонсож байсан бүхнийг эргүүлээд сонсох мэт болдог байсан. Гэвч одоо нам тайван, ихэнхдээ хүлээн зөвшөөрсөн өнгө аястай байдаг. Аврагчийн нэр хүчтэй. Тэрээр амар амгаланг авчирдаг. Сайн мэдээний үнэний талаарх миний гэрчлэл Сүмийн зөв нэрийг хэлэх төдийд өсөн нэмэгдэж байдаг. Би үүнийг хэлэх тоолондоо Сүнсийг мэдэрдэг. Заримдаа миний итгэдэг бүхнийг гагцхүү энэ үгс харуулдаг боловч эдгээр нь хангалттай байдаг” хэмээн Никола надад хэлсэн.

Буруу ойлголтуудыг тодруулах

Нэгдсэн Улс дахь их сургуулийн профессор Харолд Сүмийн бүтэн нэрийг хэрэглэх нь буруу ойлголтуудыг тодруулахад маань тусалсан гэв. Нэг оюутан шашны талаарх хэлэлцүүлгийг дүгнэн, “Би мормончуудаас бусад бүх шашин Христэд итгэдэг юм байна гэж боддог” гэж хэлжээ.

Энэ буруу ойлголтыг залруулах торгон агшныг хүлээж байсан Харолд: ‘Мормон’ гэдэг нэр бол Сүмийн гишүүд Библи, Мормоны Ном хоёрыг Есүс Христийн эртний хоёр судрын гэрч гэдэгт итгэдэг байсан учраас бидэнд өгсөн хоч нэр юм гэж би оюутнууддаа хэлсэн” хэмээн надад хэлсэн.

Мэри хүүхдүүддээ зааж сургахад Сүмийн бүтэн нэрийг хэрэглэх явдал хэрхэн адисалж байгаа тухай надтай ийн хуваалцаж билээ. “Сүүлийн үед хүүхдүүддээ бид хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн гэгээнтнүүд гэж заахад өөрсдийгөө мормончууд гэж хэлснээс бага төөрөлдөж байгаа. Тэд өмнө нь эргэлзэж, ‘Яагаад Мормон гэж? Бид Христэд итгэдэггүй гэсэн үг үү?’ гэж асуудаг байсан. Сургууль дээрээ үл итгэгч хүүхдүүдтэй ярихад энэ өөрчлөлт тэдэнд тусалж байгаа гэж би боддог” гэж тэр ярьсан юм.

“Би Есүс Христийн номлогч”

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд Сүмийн зөв нэрийг ашиглавал сайн мэдээг түгээх “Бурханы талаарх мэдлэг хийгээд хүч ирэх болно” хэмээн амласан. Тэриса ажлынхаа найзыг Сүмийн талаар асуухад юу болсон тухай надад ярьж өгч, урам хайрлав. Тэриса ерөнхийлөгч Нэлсоны зөвлөгөөг даган, Сүмийн бүтэн нэрийг хэрэглэн ярьж эхэлсэн байна.

“Тэр Сүмийг сонирхож эхэлсэн” гэснээ, тэрээр “хэдэн сар сонирхсоны эцэст гайхамшиг тохиож, бишоп нь болох миний хүү түүнд баптисм хүртээсэн. Тэр өдөр гэр бүл минь хүртэл баяртай байсан. Амлалтууд үнэхээр үнэн” гэж хэлсэн юм.

Одоо хүртэл Сүмийн нэрийг сайн мэдэхгүй олон хүн байгаа гэж Жордан хэллээ. “Сүмийн бүтэн нэрийг ашиглах нь Сүм хэрхэн Есүс Христ дээр төвлөрч мөн бид яагаад өөрсдийгөө хожмын үеийн гэгээнтнүүд гэж нэрлэдгийг тайлбарлах боломжийг надад олгодог” гэж тэр хэлсэн.

Нэг хүн Клөүигээс чи “Мормон номлогч уу?” гэж асуухад, тэр “Үгүй ээ, би Есүс Христийн номлогч байна” гэж хүчирхгээр гэрчлэн хэлжээ. Тэр хүн Аврагчийг дагах хүслээ илэрхийлсэн тул Клөүи түүнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Аврагчаар удирдуулдаг хэмээн заасан байна. Дараа нь тэр түүнд Аврагчийн Сүмийн талаар мэдээлэл өгөв.

“Сүмийг миний нэрээр нэрлэх болно”

Зураг
sister missionaries talking to a family in front of a Church building

Аврагч Өөрийн Сүмийн нэрийг бошиглогч Иосеф Смитэд илчлэлтээр өгөхдөө “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой” (Сургаал ба Гэрээ 115:4) хэмээн тунхагласан. Тэрээр нифайчуудад хандан, “та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно” учир нь “мөн энэ нь миний нэрээр нэрлэгдэхгүй аваас яахан миний сүм байх билээ?” хэмээсэн (3 Нифай 27:7, 8).

Томми гэдэг хожмын үеийн гэгээнтний адилаар бид Сүмийн бүтэн нэрийг ашигласнаар өөрсдөө адислагдахын зэрэгцээ бусдыг адислах боломжтой болдог гэдгийг би гэрчилж байна. Томми надад “Зөрчилдөөн, айдаст автсан энэ үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байхын адислалуудыг бусадтай хуваалцсанаар би тэднийг харж хандан мөн Есүс Христийг дагадаг Түүний дагалдагчидтай хамт шуурганаас хоргодох газар байгааг бусдад ойлгуулж, тусалж байгаагаа ойлгосон” гэж хэлэв.

Эх сурвалж

  1. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг эдгээр түүхийг надтай хуваалцсанд би талархаж байна.

  2. Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–87-г үзнэ үү. “Тусламж гуйн, тэнгэрийг нээх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73-ыг үзнэ үү.