2021
Хөшигний нөгөө талаас ирсэн тусламж
2021 оны 9, 10-р сар


Хөшигний нөгөө талаас ирсэн тусламж

Би өвдөөд эмнэлэгт байж байхдаа, хайртай өвөг дээдсээ санах хүртлээ ганцаардаж байв.

Зураг
translucent fabric

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

2017 онд би жирэмсэлж, анхны хүүхдээ тээж байлаа. Миний нөхөр Лукас бид хоёр бяцхан Хуан Лионэлыг төрөх болсонд догдолж байсан ч айж байлаа.

2018 оны 2-р сарын эхээр шөнө дөлөөр би дуншиж эхлэв. Дөнгөж найман сартай байсан ч хүүхэд маань эрт төрөх гэж байгаа юм шиг надад санагдав. Бид хэдэн юм аваад, эмнэлэг рүү хурдхан явлаа. Би төрөх болоогүй байх гэж бодож байсан ч айж буй эсэхээс маань үл хамааран Бурханы хүсэл гүйцэлдэх болтугай хэмээн залбирч билээ.

Эмнэлэг дээр ирэхэд үзүүлдэг байсан эмэгтэйчүүдийн эмчид маань хэл хүргэсэн боловч тэр ирэх болоогүй гэв. Нөхөр маань эцэг эх, ах дүүс рүүгээ залгаж, мессеж бичсэн ч бүгд унтаж байлаа. Тэр шөнөжин утасдаж, мессеж бичсэн боловч хэн ч хариу өгөөгүй юм. Үүнээс болж би маш их ганцаардаж байв.

Дуншиж өвдөх нь нэмэгдэх тусам улам ганцаардаж байлаа. Гэвч гэнэт нэг гайхалтай зүйл тохиолдох нь тэр. Би өвөг дээдсийнхээ тухай, ялангуяа ээжийнхээ ээж Роза Мэркадо, түүний ээж Жавиэра Балмасэда нарын тухай бодож эхлэв.

Би тэднийг дурсан санаж байгаа яг тэр мөчдөө тэр хоёрыг миний дэргэд байгаагаар зүрх сэтгэл, оюун ухаандаа мэдэрсэн юм. Би тэднийг хажуудаа байгааг ийм хүчтэй, гайхалтай арга замаар мэдэрсэн болохоор мэдрэмжээ гүйцэд илэрхийлж чадахгүй нь. Би тэднийг хараагүй ч тэд миний эмээ, гэр бүлийн минь нэг хэсгийн хувьд дэргэд минь байж намайг зоригжуулж, дэмжиж, хайрлаж байгааг мэдэрсэн. Тэд хэрэгтэй үед минь надад тохинуулж буй тэнгэр элчүүд юм байна гэдгийг би ойлгосон.

Хэдэн жилийн өмнө би аав, ээж, ах дүүс болон нөхрийнхөө хамтаар тэдний болон бусад өвөг дээдсийнхээ өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ажлыг гүйцэтгэсэн байв. Миний авсан урам зориг болон өвөг дээдсээ ойр байгааг мэдэрсэн явдал нь Бурханы хүч, эрх мэдлээр ирсэн бэлэг гэдгийг би мэдэрдэг.

Түүнээс хойш ч гэсэн өвөг дээдэс минь эх хүн, эхнэр хүний хувьд мөн амьдралын минь бусад чухал үед ч гэсэн надад тусалж, намайг удирдаж байгааг би мэдэрдэг.

Бурхан биднийг амьдралын минь зам дээр хэзээ ч ганцааранг минь орхидоггүй гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид Түүний ажлыг хийх юм бол бидэнд хөшигний нөгөө талаас тусламж ирэх болно. Бид “бүх оюун ухааныг давах” (Филиппой 4:7) хайр, мэдлэг, хүч чадал, амар тайвныг хүлээн авах болно.