2022
Хайрлагдаж, харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь бусдад бид тусалж чадна
2022 оны 9-р сар


“Хайрлагдаж, харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь бусдад бид тусалж чадна,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Тохинууллын зарчим

Хайрлагдаж, харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь бусдад бид тусалж чадна

Аврагч эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд бусдад хэрхэн туслахыг бидэнд заасан.

Зураг
Өвс хадагч

Саша бол гэр бүлийн тойрогт явдаг ганц бие залуу эмэгтэй бөгөөд энэ нь түүнд тийм ч амар байдаггүй. Тэрээр тойргийн гишүүдийн дунд аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ ихэнхдээ тэс өөр зүйлийг мэдэрдэг ба хааяа энэ байдал нь анзаарагддаг байв. Бидний ихэнх шиг тэрээр хүлээн зөвшөөрөгдөж, харьяалагдахыг хүсдэг.

Томас хэмээх ахимаг насны эрэгтэй түүний тохинуулагч ахаар томилогдсон бөгөөд нэг өдөр Сашатай танилцахаар эхнэрийнхээ хамт тэднийд зочилжээ. Сашагийн ганц бие талаар яриа болж өрнөсөн тул айлчлал бага зэрэг онцгүй болов. Гэхдээ тэднийг ярилцаж байх үед Саша Томас, түүний эхнэр хоёрын өөрийнх нь нөхцөл байдлыг мөн хэрхэн өөрт нь туслахаа ойлгохыг хичээж байгааг олж харжээ.

Ярианыхаа дундуур Томас “Танай цэцэрлэгт жаахан хайр хэрэгтэй гэж би анзаарсан. Надаар туслуулбал би баяртай байх болно” гэж хэлэв.

Саша ажил ихтэй, маш завгүй байдаг тул цэцэрлэгээ арчлах нь түүнд тийм ч чухал байгаагүйн дээр тэр нэг их дурладаггүй байв. Тэр цэцэрлэгийн ажлыг хэрхэн хийхээ мэддэг бөгөөд үүнийг хийж чадна гэдгээ ч мэддэг байсан. Гэхдээ энэ нь байдлыг өөрчлөхгүй.

Томасын зарим асуулт түүний сэтгэлийг шархлуулж магадгүй байв. Гэвч Томас цэргийн алба хааж байсан тухайгаа, нөхрийнхөө эзгүйд эмэгтэй хүн ганцаараа ямар их зүйл хийх хэрэгтэй болдгийг ойлгодог тухайгаа ярив. Томасын нөхөрлөлөө бататгах арга хайж байгааг Саша ойлгожээ. Тэрээр амьдралын туршлагаа түүнийхтэй харьцуулж, нийтлэг зүйл олохыг хичээж байлаа.

Ингээд тохинуулсан, тохинуулуулсан хоёр тал бие биеэ байгаагаар нь хайрлаж, хүлээн зөвшөөрч сурсан бөгөөд тэд дотно, жинхэнэ нөхөрлөлийг бий болгожээ.

Сашагийн хашааны зүлэг хэзээ ч байгаагүйгээрээ сайхан харагдах болов.

Хамруулах төгс үлгэр жишээ

Хуучин Гэрээнд Исаиа бусдаас өөр байх яг ямар байдгийг Есүс Христ мэдэх болно хэмээн бошиглосон. Тэрээр гадуурхагдан, доромжлогдсон. “Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон, өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ” (Исаиа 53:3). Тэр Өөрийн төгс хайраар бидний юу мэдэрч байгааг мэддэг бөгөөд биднийг хэрхэн халамжлахаа ч мэддэг (Алма 7:12-ыг үзнэ үү). Тэрээр бусдад нөхцөл байдал, гадаад төрх байдлаас нь үл хамааран, харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь туслахын тулд хэрхэн хайраар гараа сунгаж болдгийн төгс жишээ юм.

Анхаарч үзэх зарчмууд

Харьяалагддаг гэдгээ мэдрэхэд нь бусдад туслах арга замыг хайж байхдаа Аврагчийн зааж, амьдарч байсан эдгээр зарчмыг анхаарч үзээрэй.

  • Мэддэг хүмүүсээсээ гадна өөр хүмүүстэй танилцахад бэлэн бай (Матай 5:43–48-ыг үзнэ үү).

  • Аврагчийн сургаалыг зөрчөөгүй тохиолдолд өөр итгэл үнэмшил, зан заншилтай хүмүүстэй харилцахаас бүү ай (Марк 2:14–17; Лук 7:38–50-ийг үзнэ үү).

  • Хүн бүр Сүмд ирээд халуун дулаан мэдрэмжийг мэдрэх ёстой (3 Нифай 18:22–32-ыг үзнэ үү). Хэн ч байсан Аврагчийн сайн мэдээнээс суралцах, Түүний хайрыг мэдрэх боломжтой газар байснаараа өөрчлөгдөж чадна.

  • Аврагч бидний юу мэдэрч байгааг мөн бидэнд юу хэрэгтэйг мэддэг (Алма 7:11–12-ыг үзнэ үү). Бид бусдын туулж буйг ойлгохыг эрэлхийлж, тэдний оронд өөрсдийгөө тавьснаар хайраа харуулж чадна.

  • Аврагч эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээнд хариулахын тулд хамт байх цаг гаргасан. Тэр өөр газар байх төлөвлөгөөтэй байсан ч азнаж, бусдыг халамжилдаг байсан (Марк 5:22–43-ыг үзнэ үү).

Бид юу хийж чадах вэ?

Зураг
Хоёр эмэгтэй

Тохинуулдаг хүмүүстэйгээ танилцахад тань ялгаатай байдал бүү саад болог. Бид ялгаатай хэдий ч эрж хайвал нийтлэг зүйл үргэлж байдаг.