2022
Амьд бошиглогчийн удирддаг
2022 оны 9-р сар


“Амьд бошиглогчийн удирддаг,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Сайн мэдээний үндсэн зарчим

Амьд бошиглогчийн удирддаг

Зураг
Сүмийн удирдагчид Христийн хөшөөний өмнө

Бошиглогчид бол Тэнгэрлэг Эцэгийн өмнөөс ярихаар Түүгээр дуудагдсан хүмүүс юм. Тэд Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд эртний болон өнөө цагийн бошиглогчдын аль алинд итгэдэг.

Бурхан бошиглогчдоороо дамжуулан ярьдаг.

Бошиглогчид Бурханаас илчлэлт хүлээн авдаг. Бошиглогчид бидэнд заахаар сүнслэгээр нөлөөлөгдсөн үед энэ нь Бурхан бидэнтэй ярьж байгаатай адил юм (Сургаал ба Гэрээ 1:38-ыг үзнэ үү). Тэд Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсэж буй зүйлсийг бидэнд хэлдэг гэдэгт итгэж болно.

Бошиглогчид Есүс Христийн талаар заадаг

Зураг
Мормон ба алтан ялтаснууд

Мормон ялтаснуудыг хураангуйлж байгаа нь, Том Ловэлл

Бүх бошиглогч Есүс Христийг гэрчилдэг. Тэд бидэнд Түүнийг Бурханы Хүү хэмээн заадаг. Тэд бидэнд Түүний амьдрал, үлгэр жишээ, Цагаатгалын тухай заадаг. Мөн тэд бидэнд Түүнийг хэрхэн дагаж, зарлигуудыг нь дуулгавартай сахихыг харуулдаг.

Бошиглогчдын үүрэг хариуцлага

Бошиглогчид Есүс Христийн сайн мэдээг заадаг. Зарлигуудыг дуулгавартай дагавал ямар адислал хүлээн авдаг, эс дагавал ямар үр дагавар авчирдаг талаар тэд тайлбарладаг. Заримдаа тэд ирээдүйд болох үйл явдлын талаар бидэнд хэлэхээр сүнслэгээр нөлөөлөгдөж болно.

Эртний бошиглогчид

Зураг
Чулуун хавтан барьсан Мосе

Чулуун хавтан барьсан Мосе, Жэрри Харстон

Бурхан эхнээсээ бошиглогчдоор дамжуулан хүмүүст заасаар ирсэн. Хуучин Гэрээний үед амьдарч байсан бошиглогчдод Адам, Ноа, Абрахам, Мосе, Исаиа болон бусад хүн багтдаг. Мормоны Номд гардаг хүмүүсийн дунд бошиглогчид бас байсан. Эдгээр бошиглогч нь Лихай, Мозая, Алма, Моронай нар юм. Бид судруудыг уншсанаар тэдний заасан зүйлсийг сурч, мэдэж чадна.

Өнөө цагийн бошиглогчид

Иосеф Смит бол энэ эрин үе дэх анхны бошиглогч байсан. Тэрээр Есүс Христийн Сүмийг дэлхий дээр сэргээсэн. Рассэлл М.Нэлсон бол өнөө үеийн Сүмийн бошиглогч бөгөөд ерөнхийлөгч юм. Мөн Тэргүүн зөвлөл дэх түүний зөвлөхүүд мөн арван хоёр төлөөлөгч бол бошиглогч, үзмэрч, илчлэгч юм.

Бошиглогчдыг сонсох

Зураг
Хосууд утсаараа чуулган үзэж байгаа нь

Бошиглогч Ерөнхий чуулганы үеэр болон бусад үед бидэнтэй ярьдаг. Тэрээр Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсэж байгаа зүйлийг мөн Есүс Христийг өнөөдөр хэрхэн дагахыг бидэнд заадаг. Бид түүний сургаалыг ChurchofJesusChrist.org сайт дахь Лиахона сэтгүүлээс олж болно.

Бошиглогчийг дагаснаар ирдэг адислалууд

Хэрэв бид бошиглогчийн сургаалыг дагавал адислагдах болно. Бид бошиглогчийг дагах үедээ Бурханы биднээс хүссэн зүйлийг хийж байгаагаа мэдэж чадна. Бид амьдралдаа амар амгаланг мэдэрч, Есүс Христэд ойртож чадна.