2022
Бодол санаагаа сүнсээр удирдуулахыг сонго
2022 оны 9-р сар


“Бодол санаагаа сүнсээр удирдуулахыг сонго,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Бодол санаагаа сүнсээр удирдуулахыг сонго

Сайн мэдээний зам дээр сүнслэг ахиц дэвшлээ хадгалах нь унадаг дугуй жийхтэй адил бөгөөд хоёул шаргуу хичээл зүтгэл шаарддаг.

Зураг
дугуй

Зураг чимэглэлийг Диллийн Марш

Өөрчлөлтийг зохицуулж, хүнд хэцүү үед юу хийхээ мэдэх нь Их Эзэний Сүмд итгэлтэй гишүүн байхын ер бусын адислалуудын нэг юм. Ариун Сүнсний бэлэг бол бид итгэлтэй хэвээр байх үед удирдамж, сүнслэг нөлөөг тасралтгүй хүлээн авах онцгой эрх билээ.

Амьдрал, амар амгалан, удирдамж, хамгаалалт

“Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ” хэмээн төлөөлөгч Паул тунхагласан (Рoм 8:6; түүнчлэн 5-р шүлэг-ийг үзнэ үү).

Ариун Сүнсний эелдэг ятгалгад нийцэхүйц амьдралаар амьдрах замаар бодол санаагаа сүнсээр удирдуулахыг сонгосноор та шийдвэрүүддээ чиглүүлэгдэж, бие махбодын болон сүнслэг аюулаас хамгаалагдах болно. Та Ариун Сүнсээр дамжуулан, өөрийнхөө болон үйлчилж, хайрладаг тэр хүмүүсийнхээ тусын тулд Сүнсний бэлгүүдийг хүлээн авч чадна. Түүний таны сүнстэй харилцах харилцаа нь таны төрөлх мэдрэхүйгээрээ дамжуулан хүлээн авч чадах ямар ч харилцаанаас илүү тодорхой байдаг.

Та бодол санаагаа хэрхэн сүнсээр удирдуулж, Ариун Сүнсний удирдамжийг амьдралдаа илүү элбэг дэлбэг авч чадах вэ?

1. Өөрсдийн Тэнгэрлэг Эцэгтэй болон Аврагчтай нийцтэй бай.

Бид Тэнгэрлэг Эцэгтэй эвтэй байх үедээ Түүний Сүнсний нөхөрлөлтэй хамт байдаг. Бид амьдралдаа энэ эв нэгдлийг эн тэргүүнд тавьснаар Түүнд болон Түүний Хүү, “Есүс Христ[эд], илгээгдсэн түүн[д]” ойртдог (Сургаал ба Гэрээ 132:24).

2. Бурханыг хайрла.

Тэнгэрлэг Эцэгээ хайрлаж, Түүнтэй харилцах харилцаагаа залбиралдаа тэтгэх нь Түүнийг оюун ухаан, зүрх сэтгэлдээ байлгахад туслах болно.

Төлөөлөгч Иохан Бурхан биднийг хайрладаг тухай гэрчлэлээрээ болон Есүс Христийг гэрчилсэн хувь хүнийхээ хувьд Есүс Христэд итгэх итгэлээс өөр арга замаар авралд хүрч болно гэсэн хуурамч итгэлийг няцаасан. Иохан уншигчдыг Эцэгтэй ба Түүний Хүүтэй нөхөрлөх[өөс] (1 Иохан 1:3-ыг үзнэ үү) ирдэг баяр баясгаланг мэдрэхэд урьсан. Тэр түүнчлэн:

“Хорвоо хийгээд хорвоогийн юмсад бүү дурла. Хэн нэг нь хорвоод дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. …

Хорвоо хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршму” (1 Иохан 2:15, 17) хэмээн нэмж хэлсэн.

Энэ амьдралд бид Бурханы хайрыг Түүний Сүнсний нөхөрлөлөөр дамжуулан мэдэрч чадна. Биднийг Тэнгэр дэх Эцэгийнхээ тааллыг биелүүлж, Түүн рүү хөтлөх зам дээр үлдэхийг хичээх үед Ариун Сүнс биднийг удирдаж чадна.1

3. Аврагч бидний төлөө юу хийснийг сана.

Зураг
залуу эрэгтэй ариун ёслолыг түгээж байгаа нь

Ариун ёслолын залбирлуудын аль алин дахь амлалт бол “тэд [хүртэх хүмүүс] түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлга[на]” (Сургаал ба Гэрээ 20:77, 79) юм. Бид сүнслэг байдлаа хадгалж, хөгжүүлэхийг хүсдэг учраас долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бид ертөнцөөс холдох тусам Тэнгэр дэх Эцэгтээ улам ойртож, Түүний Сүнсээр удирдуулах боломжтой гэдгээ мэдэрдэг. Амьдралын энэ чанарыг бид сүнслэг байдал гэж нэрлэдэг” хэмээн заасан. Түүнчлэн ерөнхийлөгч Өүкс нэмж хэлэхдээ: “Бид өөрсдийн туршлагыг хэрхэн тайлбарлах нь бидний сүнслэг байдлын зэрэгтэй холбоотой байдаг. … Есүс Христийн сайн мэдээний тухай гэрчлэлтэй хүмүүсийн хувьд бид өөрсдийн туршлагыг амьдралын зорилго, Аврагчийнхаа үүрэг даалгавар, Бурханы хүүхдүүдийн мөнхийн хувь тавилангийн талаарх мэдлэгийнхээ хүрээнд тайлбарлах ёстой”2 гэсэн.

4. Сүнслэг зүйлсийг таних.

Сүнслэг байдал нь бидний тууштай хичээл зүтгэлийн адислал гэдгийг би баталж байна. Бид суралцаж, Сүнсний өдөөлтүүдийг дагахыг эрэлхийлснээр Бурханы зүйлсийг дэлхийн зүйлээс илүү амархан ялгаж чадна.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк “Биеийн болон оюун ухааны чадавхыг хөгжүүлэхэд дасгал хийдгийн адил сүнслэг зүйлд ч гэсэн дадлагажиж, тууштай хүчин чармайлт гаргах хэрэгтэй”3 гэж хэлсэн.

Сүнслэг байдлаа хөгжүүл

Сүмийн удирдагчдын алсын харааны ачаар бид сүнслэг байдлаа бэхжүүлэхэд тусалж дэмжих олон гайхалтай хэрэгсэлтэй болсон. Судруудыг болон сайн мэдээг судлахаас ирдэг хүчийг таны халаасанд үргэлж байх боломжийг олгодог Gospel Library аппликэйшн хөгжүүлэлтийн талаар бодоод үз. Бусадтай харилцах явцад технологийн хэрэглээг дэмжсэн тохинуулалтай холбоотой өөрчлөлтүүдийн талаар бод. Суралцахуйд болон биднийг хаана ч байсан сүнслэг байдлыг маань дээшлүүлж чадах “Ирээд, Намайг дага” сургалтын хөтөлбөрт хандах Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн арга барилыг бодоод үз.

Бидэнд эдгээр эх сурвалж байсаар байтал бид сүнслэг хорио цээрт байх шаардлагагүй! Бид хамтдаа ажиллаж, бодол санаагаа сүнсээр удирдуулах бүх боломжийг сонгож, амь, амар амгаланг урамшуулан, сүнслэг байдлыг зориуд амьдралынхаа салшгүй хэсэг болгож чадна. Судрууд бидэнд: “Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал болон дөлгөөн зан [болон] өөрийгөө захирах байдал нь юм” [Галат 5:22–23] хэмээн заадаг.

Сүнслэг зорилго тавьж, түүнийгээ биелүүл

Бодол санаагаа сүнсээр удирдуулдаг хүн сүнслэг байдлаа бэхжүүлэхийг хичээж, зорилго тавихдаа “Миний зорилго миний сүнслэг хэрэгцээнд хангалттай анхаарал хандуулж байна уу?” гэж асуудаг.

Ийм хүн сүнслэг өдөөлтүүдийг хэрхэн дагахаа мэдэхийг эрэлхийлдэг бөгөөд дараа нь тэдгээр өдөөлтийн дагуу үйлддэг. Тиймээс сүнслэг өсөлтийг авчрах зорилго тавих нь чухал юм.

Манай таван настай ач охин Энни дугуй унаж сурах зорилго тавьсан. Тэрээр дасгал сургуулилт хийсний үр дүнд хурдан сурч чадсан тул эцэг эх нь түүнийг аваад, гэр бүлээрээ дугуй унахаар явжээ.

Тэднийг хамтдаа явж байх үед Энни уулын өөд мөн гүүрэн дээгүүр дугуйгаараа маш чадварлаг гарахыг харсан ээж нь ихэд гайхширчээ. Энни “Ээж ээ, би зүгээр л жолоогоо атгаад, дөрөөгөө тасралтгүй жийсэн” хэмээн амжилтынхаа нууцыг хуваалцав.

Бид үүнтэй адил үйлдэх ёстой. Бид дөрөөгөө жийснээр тэнцвэрээ хадгалдаг. Өдөр бүр залбирах, судраас суралцах, бошиглолын зөвлөгөөг дагах зэрэг өдөр тутмын энгийн үйлдлүүд нь бидэнд саад даваа, тахалт өвчин, амьдралын өөрчлөлт тулгарсан ч бидний сүнслэг байдлыг урагшлуулдаг.

Зураг
судраас хамтдаа суралцаж буй гэр бүл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрвээ та Бурханыг ялуулах, Израилын нэгэн хэсэг байхыг үнэхээр их хүсэж байвал олон шийдвэрийг гаргахад амар хялбар байх болно. Маш олон асуудал асуудал байхаа болино! Та юунд хүрэхийг хүсэж байгаагаа ч мэднэ. Та үнэндээ яг ямар хүн болохыг хүсэж байгаагаа мэддэг болно”4 хэмээн хэлсэн.

Та үнэхээр чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх тусмаа сүнслэг байдлаа хүчирхэгжүүлж, бодол санаагаа сүнсээр удирдуулах нь хичээл зүтгэл, тууштай байдал шаарддаг хэдий ч энгийн зүйл байж болохыг харах болно. Тиймээс, жолоогоо атгаад, дөрөөгөө үргэлжлүүлэн жий!

Сүнслэг луужингаа тэтгэ

Энэ ертөнцийн маш олон дуу хоолой таныг түлхэж, хатгаж, олон зүг рүү татдаг тул заримдаа та аль зүг рүү явахаа мэдэхгүй эргэлзэж магадгүй. Та Сүнсний дуу хоолойг дэлхийн дуу хоолойноос ялган таних үед таны сүнслэг луужин хамгийн сайн ажилладаг гэдгийг санаарай.

Ариун Сүнс намуун, тодорхой байдаг бөгөөд тайтгаруулдаг. Энэ нь танд амар амгалан, итгэл найдвар авчрах тусгай удирдамжийг өгдөг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой төгс эв нэгдэлд ажилладаг бөгөөд зөв шударга амьдрах, сайн мэдээний адислалуудыг хүлээж авахад маань туслахын тулд хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг.

Ерөнхийлөгч Нэлсон “Сүнслэг хүчний эцсийн эх сурвалж бол бидний Эцэг Бурхан юм” гэж хэлсэн. “Ариун Сүнс энэ хүчийг дамжуулдаг. Энэ хүч нь цахилгаан эрчим хүчнээс ялгаатай. Цахилгаан хэрэгсэл эрчим хүч зарцуулдаг. Түүний сүнслэг хүчийг ашиглах нь бидний хүчийг дүүргэдэг. Цахилгаан эрчим хүчийг зөвхөн хэмжсэн хугацаанд ашиглах боломжтой бол сүнслэг хүчийг энэ амьдралд болон ирэх амьдралд ашиглах боломжтой!”5

Бодол санаагаа сүнсээр удирдуулахын тулд жолоогоо атгаж, дөрөөгөө жийгээд, сүнслэг зорилго тавь. Сүнсээ хүчирхэгжүүлэхийн тулд өөртөө боломжтой олон нөөцийг ашигла.

Бодол санаагаа сүнсээр удирдуулах нь үнэхээр амь ба амар амгалан (2 Нифай 9:39-ийг үзнэ үү) гэдгийг, биднийг Эцэг, Хүү хоёртой эв нэгдэлтэй байх үед бидний амьдралын чанар сайжирдгийг, Бурхан биднийг хайрлаж, биднийг болон бидний хэрэгцээг анхаарч мэддэг гэдгийг би гэрчилж байна.

2021 оны 2-р сарын 9-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн To Be Spiritually Minded Is Life and Peace үгээс авав. Бүрэн эхээр нь үзэх бол speeches.byuh.edu хаягаар орно уу.

Эх сурвалж

  1. Ахлагч Брүс Р.Макконки (1915–85) “Энэ амьдралдаа Их Эзэнтэй нөхөрлөх нь түүний Ариун Сүнсний нөхөрлөлд баясах явдал юм” гэж заасан (Doctrinal New Testament Commentary [1973], 3:374).

  2. Dallin H. Oaks, “Spirituality,” Ensign, Nov. 1985, 61.

  3. Квинтин Л.Күк, “Итгэлийн суурь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129

  4. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101.

  5. Russell M. Nelson, “Protect the Spiritual Power Line,” Ensign, Nov. 1984, 31.