2010–2019
“Чамд зориулсан ажил надад буй”
2017 оны 10-р сар


“Чамд зориулсан ажил надад буй”

Бидний хүн нэг бүр Бурханы ажлыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

Бурхан Мосед “Чамд зориулсан ажил надад буй” (Мосе 1:6) хэмээн тунхагласан. Тэнгэрлэг Эцэгт танаар хийлгэх ажил байгаа эсэх талаар та бодож байсан уу? Түүний танд бэлдсэн, зөвхөн танаар хийлгэх чухал зүйл байгаа болов уу? Үүний хариулт “тийм” гэдгийг би гэрчилж байна!

Зураг
Гириш Гимир

Балба улсад төрж өссөн Гириш Гимирийг авч үзье. Тэр өсвөр насандаа Хятадад сурч байсан бөгөөд тэнд байхад нь ангийнх нь нэг хүүхэд Есүс Христийн сайн мэдээтэй танилцуулсан ажээ. Хожим нь Гириш Бригам Янгийн Их Сургуульд магистрт суралцахаар ирээд, ирээдүйн эхнэртэйгээ танилцсан. Тэд Солт Лэйкийн хөндийд суурьшин, Балбаас хоёр хүүхэд үрчлэн авчээ.

Олон жилийн дараа Балба дахь дүрвэгчдийн лагериас 1500 гаруй хүн Ютад нүүн ирэхэд1 Гириш туслах хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрчээ. Төрөлх хэл, соёлоо сайн мэддэг байсан учраас Гириш орчуулагч, багш, зөвлөгчөөр үйлчлэв. Хэсэг хугацаа өнгөрч, хүмүүсийг төвхнөж суурьшсаны дараа хэд хэдэн балба дүрвэгч сайн мэдээг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Балба хэлтэй салбар ч байгуулагдаж, улмаар Гириш уг салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэв. Тэрээр бас Мормоны Номыг балба хэл рүү орчуулахад гар бие оролцсон аж.

Зураг
Гириш Гимир балба хэл дээрх Мормоны Номын хамт

Тэнгэрлэг Эцэг хэрхэн Гиришийг бэлдэж, ашигласныг та харж байна уу?

Бурханд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил бий

Ах, эгч нар аа, Бурханд бидний хүн нэг бүрээр хийлгэх ажил бий. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл эгч нарт хандан хэлсэн ч бүгдэд хамаатай байх нэгэн үнэнийг заасан. Тэрээр “[Дэлхийд] ирэхийн өмнө [бидэнд] тодорхой үүрэг даалгавар хүлээлгэн өгсөн. … Бид эдүгээ нарийн ширийн зүйлийг нь санадаггүй ч энэ нь тэр үед бидний зөвшөөрсөн зүйлийн агуу бодит үнэнийг өөрчлөхгүй”2 хэмээн хэлсэн. Ямар эрхэм үнэн бэ! Бидний Тэнгэрлэг Эцэгт та биднээр хийлгэх тодорхой бөгөөд чухал зүйлс бий (Ефес 2:10-ыг үзнэ үү).

Эдгээр тэнгэрлэг үүрэг даалгавар нь давуу эрхтэй цөөхөн хүнд биш, харин хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, орлогын түвшин, нийгмийн байр суурь, Сүмийн дуудлагаас үл хамааран бид бүгдэд зориулагдсан билээ. Бидний хүн нэг бүр Бурханы ажлыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой (Мосе 1:39-ийг үзнэ үү).

Зарим хүн Тэнгэрлэг Эцэг биднийг чухал хувь нэмэр оруулахад ашиглах эсэхэд эргэлздэг. Гэхдээ Тэрээр үргэлж ер бусын зүйл хийхдээ энгийн хүмүүсийг ашигладаг байсныг санацгаа (1 Коринт 1:27–28; С ба Г 35:13; 124:1-ийг үзнэ үү). “[Бид] сонгогчид” бөгөөд “зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах” “хүч [бидэнд] буй” (С ба Г 58:27–28).3

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Рассэлл М.Нэлсон “Их Эзэн таны бодож байгаагаас илүү их зүйлийг танд төлөвлөсөн байдаг. Таныг энэ цаг үед, энэ газрын төлөө хадгалж нөөцөлсөн. …

Их Эзэнд дэлхийг өөрчлөхөд нь та хэрэгтэй байна. Таны төлөө Түүний хүслийг хүлээн авч, дагахын хэрээр та боломжгүйг гүйцэлдүүлэх болно” 4 хэмээн тайлбарласан.

Тиймээс, Бурханы биднээр хийлгэхийг хүсэж байгаа ажлыг бид хэрхэн ойлгож, гүйцэтгэдэг вэ? Бидэнд туслах дөрвөн зарчмыг би та нартай хуваалцъя.

Бусдад анхаарлаа хандуул

Нэгдүгээрт, бусдад анхаарал хандуул. Бид “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38, мөн 2 Нифай 26:24-ийг үзнэ үү) Христийг дагаж чадна.

Би бүрэн цагийн номлолоосоо эргэж ирснийхээ дараа өдөр бүр зорилготой байдаг байснаа санах болсон юм. Би гэрээнүүдээ сахиж, боловсрол эзэмшиж, гэр бүлтэй болж, орлоготой болох хэрэгтэй байлаа. Гэхдээ би Их Эзэнд надаар хийлгэх үүнээс илүү чухал эсвэл онцгой зүйл байгаа болов уу гэж бодох болсон юм. Хэдэн сарын турш тунгаан бодсоны эцэст би “хэрэв чи хүсэх аваас, чи энэ үед олон сайн зүйлийг хийх арга хэрэгсэл байх болно” (С ба Г 11:8) гэсэн шүлгийг уншив. Тэнгэрлэг үүрэг даалгаврын үндсэн зорилго бол “олон сайн зүйлийг хий[ж]” бусдыг адислах явдал гэдгийг ойлгоход Сүнс надад тусалсан юм.

Бид амьдралдаа юу сурах, ямар ажил хийх, хаана амьдрах гэх мэт шийдвэрт хандахдаа бусдад туслах талаас нь харж болно.

Нэгэн гэр бүл шинэ хот руу нүүжээ. Чинээлэг дүүрэгт байр хайхын оронд нийгмийн болон эдийн засгийн туслалцаа хэрэгтэй дүүрэгт очих хэрэгтэй гэсэн мэдрэмж тэдэнд төрсөн аж. Олон жилийн турш Их Эзэн тэднээр дамжуулан ажиллаж, олон хүнд тусламж дэмжлэг үзүүлж, тойрог, гадсыг нь байгуулсан юм.

Эмчийн мэргэжилтэй нэгэн хүн ердийн хувийн эмнэлэгтэй байсан ч долоо хоногийнхоо нэг өдөр эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр шийджээ. Хэдийгээр тэр эхнэртэйгээ олон хүүхэд өсгөн хүмүүжүүлж байсан ч бусдыг адислах хүсэлтэй байсан нь хэдэн зуун өвчтөнд дэмжлэг үзүүлэх арга замыг тэдэнд өгөх боломжийг Их Эзэнд нээж өгсөн юм.

Сүнслэг бэлгүүдээ нээж, хөгжүүл

Хоёрдугаарт, сүнслэг бэлгүүдээ нээж олон, хөгжүүл. Тэнгэрлэг Эцэг биднээр хийлгэхээр бэлдсэн ажлаа олж тодорхойлон, хийж гүйцэтгэх, таашаал авахад туслах зорилгоор бидэнд эдгээр бэлгийг өгсөн.

Бидний зарим нь “Надад ямар нэгэн бэлэг байгаа болов уу?” гэж боддог. Хариулт нь мөн л “тийм!” “Хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой. Үүгээр бүгд ашиг тусыг олж болохын тулд …” (С ба Г 46:11–12; тодотгол нэмэгдсэн) юм.5 Хэд хэдэн сүнслэг бэлэг сударт тэмдэглэгдсэн байдаг ч (1 Коринт 12:1–11, 31; Моронай 10:8–18; С ба Г 46:8–26) өөр олон бэлэг бий.6 Зарим жишээ дурдахад, энэрэнгүй сэтгэлтэй байх, итгэж найддагаа илэрхийлэх, хүмүүстэй сайн харьцаатай байх, үр дүнтэй зохион байгуулах, итгэл үнэмшилтэй ярьж, бичих, тодорхой зааж, шаргуу хөдөлмөрлөх зэрэг юм.

Бид өөрсдийн бэлгийг хэрхэн таньж мэдэх вэ? Бид патриархын адислалаа уншин, биднийг сайн мэддэг хүмүүсээс асууж, төрөлх ур чадвараа өөрөө олж тодорхойлон, үүндээ баясаж чадна. Хамгийн чухал нь бид Бурханаас асууж болно (Иаков 1:5; С ба Г 112:10-ыг үзнэ үү). Тэрээр бидэнд өгсөн учраас тэдгээр бэлгийг мэднэ (С ба Г 46:26-г үзнэ үү).

Бид бэлгээ олж нээхийн зэрэгцээ хөгжүүлэх үүрэгтэй (Матай 25:14–30-ийг үзнэ үү). Есүс Христ хүртэл “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд [үргэлжлүүлж] байлаа” (С ба Г 93:13).

Зураг
Бэн Симонсэний зурсан Аврагчийн зураг

Нэгэн залуу эрэгтэй шашны үнэт зүйлээ сурталчлахын тулд хэд хэдэн зураг бүтээжээ. Надад Аврагчийн зураг таалагдсан бөгөөд нэг хувийг нь би гэртээ өлгөсөн байгаа. Тэр ах уран зургийн авьяас бэлгээ хөгжүүлэн, ашигласан. Тэнгэрлэг Эцэг түүгээр дамжуулан тойргийн гишүүдэд сайн шавь болоход сүнслэгээр нөлөөлсөн юм.

Заримдаа бидэнд онцлог, чухал бэлэг байхгүй мэт санагддаг. Нэг өдөр урам хугарсан залуу эмэгтэй “Их Эзэн минь, хувь хүнийхээ хувьд миний үзүүлэх үйлчлэл юу вэ?” гэж асуужээ. Бурхан хариуд нь “Бусдад анхаарал хандуул” гэв. Харин энэ нь сүнслэг бэлэг байсан юм! Түүнээс хойш тэр эмэгтэй байнга мартагддаг байсан хүмүүст анхаарлаа хандуулах болсон бөгөөд Бурхан түүгээр дамжуулан ажиллаж, олон хүнийг адисалсан. Зарим сүнслэг бэлэг маань биднийг дэлхийн жишгээр нэр алдартай болгодоггүй ч тэдгээр нь Бурханд болон Түүний ажилд нэн чухал билээ.7

Саад бэрхшээлийг ашигла

Гуравдугаарт, саад бэрхшээлийг ашигла. Зовлон зүдгүүр нь Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэх гэсэн ажлыг олж нээн, өөрсдийгөө бэлдэхэд тусалдаг. Алма “их тарчлалын эцэст, Их Эзэн … намайг … өөрийн мутар дахь зэмсэг болгосон бөлгөө” (Мозая 23:10)8 хэмээн тайлбарласан. Аврагчийн гэтэлгэгч золиослол Түүнд бидэнд туслах боломжийг олгодгийн адил (Алма 7:11–12-ыг үзнэ үү) бид ч гэсэн хүнд хэцүү туршлагаасаа олж авсан мэдлэгээ бусдыг өргөн дэмжиж, хүчирхэгжүүлэн, адислахад ашиглах боломжтой.

Хүний нөөцийн нэгэн амжилттай явсан дарга ажлаасаа халагдсаныхаа дараа патриархын адислалаа уншаад, бусад мэргэжилтэй хүнд ажил олоход нь туслах компани нээх хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авсан байна. (Тэр ч байтугай манай гэр бүлийг номлолд үйлчлээд ирсний дараа тэр надад ажил олоход тусалсан.) Их Эзэн түүнд илүү их ач холбогдолтой ажлыг өгөхийн зэрэгцээ түүний зовлон шаналлыг бусдыг адислахад туслах хэрэгсэл болгон ашигласан юм.

Нэгэн залуу хосын хүүхэд амьгүй төржээ. Зүрх сэтгэл нь шархалсан тэд өөрсөдтэй нь адил зовлонг туулсан эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, материаллаг тусламж үзүүлэх замаар охиндоо хүндэтгэл үзүүлэхээр шийдсэн юм. Зовлон бэрхшээлийн улмаас уг хосын бусдын зовлонг ойлгох чадвар хөгжсөн байсан учраас Их Эзэн тэднээр дамжуулан ажилласан.

Бурханд итгэж найд

Дөрөвдүгээрт, Бурханд итгэж найд. Бид Түүнээс итгэлтэйгээр, чин сэтгэлээсээ асуух юм бол Тэрээр бидний тэнгэрлэг үүрэг даалгаврыг илчлэх болно.9 Үүргээ олж мэдмэгц Тэрээр бидэнд уг ажлаа хийж гүйцэтгэхэд тусална. “Бүх зүйлүүд [Түүний] мэлмийн өмнө байдаг” (С ба Г 38:2 мөн Абрахам 2:8-ыг үзнэ үү) бөгөөд зөв цагт нь Тэрээр бидэнд хэрэгтэй үүд хаалгыг нээж өгнө (Илчлэлт 3:8-ыг үзнэ үү). Тэрээр Өөрийн Хүү, Есүс Христийг бидэнд илгээсэн бөгөөд өөрсдийн маань төрөлхийн ур чадвараас давсан хүч чадал шаардлагатай үед бид Түүнд найдаж болох юм (Филиппой 4:13; Алма 26:12-ыг үзнэ үү).

Орон нутгийн засаг захиргааны шийдвэрт санаа зовсон нэг ахад төрийн албанд нэрээ дэвшүүлэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төржээ. Компанит ажлын үйл явц хэцүү байсан ч тэр итгэлээ хөгжүүлж, өрсөлдөхөд хэрэгтэй нөөц боломжийг цуглуулжээ. Хэдийгээр тэр ялаагүй ч, нийгэмдээ тулгарсан чухал асуудлыг олны өмнө гаргаж тавихад шаардагдах удирдамж, хүч чадлыг түүнд Их Эзэн өгсөн гэсэн мэдрэмж төрсөн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж буй нэгэн өрх толгойлсон эмэгтэй гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэхтээ эргэлздэг байв. Хэдийгээр хэцүү ч гэлээ тэр хамгийн чухал үүргээ амжилттай биелүүлэх хүчийг Их Эзэнээс авч байгаагаа мэдэрдэг.

Cэрэмжлүүлгийн үг

Нэг талд Их Эзэн бидэнд бурханлаг үүргээ биелүүлэхэд тусалж байхад нөгөө талд дайсан бидний анхаарлыг утга учир бүхий амьдралаас холдуулж, ятгаж болиулах гэж оролддог.

Гэм нүгэл нь бидний хамгийн том саад байж болох бөгөөд энэ нь Ариун Сүнсийг мэдрэх мэдрэмжийг мохоон, сүнслэг хүчийг хүлээн авах боломжийг хязгаарладаг. Бид Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгэх гэж буй ажлыг хийхийн тулд цэвэр байхыг хичээх ёстой (3 Нифай 8:1-ийг үзнэ үү). Бурхан биднээр дамжуулан ажиллаж болох байдлаар бид амьдралаа авч явж байна уу?

Сатан бас бидний анхаарлыг чухал бус зүйлсээр сарниулах гэж хичээдэг. Их Эзэн Сүмийн эхэн үеийн удирдагчдад “миний зүйлүүд дээр мөн чиний дуудагдсан тэрхүү тохинуулал дээр гэхээсээ илүүгээр оюун чинь дэлхийн зүйлүүд дээр байсаар ирлээ” С ба Г 30:2) хэмээн анхааруулсан. Бид тэнгэрлэг үүрэг даалгавраас маань холдуулсан дэлхийн зүйлсийг хийж байна уу?

Түүнчлэн Сатан бидэнд чадваргүй гэх мэдрэмж төрүүлэн, урам зоригийг мохоодог. Тэр бидний ажлыг хэт их буюу сүрдмээр болгож харагдуулдаг. Гэхдээ бид Бурханд итгэж чадна! Тэр биднийг хайрладаг. Тэр биднийг амжилттай байлгахыг хүсдэг. Тэр “[Бидний] өмнө … явагч нь ЭЗЭН юм. Тэр [бидэнтэй] хамт байж, [биднийг] орхихгүй” (Дэд хууль 31:8; мөн Дуулал 32:8; Сургаалт үгс 3:5–6; Матай 19:26; С ба Г 78:18-ыг үзнэ үү).

Сатан бидний ажлыг бусдад оноосон үүрэгт ажлаас доогуур үнэ цэнтэй мэт харагдуулах гэж бас хуурдаг байж болох юм. Бурханаас ирсэн даалгавар болгон чухал бөгөөд “Их Эзэний [бидэнд] зарлигласан түүгээр бахархах” үедээ бид сэтгэл хангалуун байх болно (Aлма 29:9).

Бурханыг биднээр дамжуулан ажиллахын хэрээр дайсан бидэнд хийж бүтээснээ өөрийн хүчээр хийсэн гэсэн бодлыг төрүүлэн, уруу татдаг. Гэхдээ бид Эцэгийг алдаршуулах замаар өөрийгөө магтан сайшаахаас зайлсхийж, Аврагчийн даруу үлгэр жишээг дагаж чадна (Матай 5:16; Мосе 4:2-ыг үзнэ үү). Нэгэн сэтгүүлч амьдралынхаа туршид ядууст тусалсан үйл хэргийнх нь төлөө Тереза эхийг магтан сайшаахыг хүсэхэд тэр “Энэ бол [Бурханы] ажил. Би зүгээр л … Түүний мутар дахь … харандаа адил юм. Тэр бодохыг нь бодож, бичихийг нь бичдэг. Үүнийг хийхэд харандаа ямар ч хамаагүй шүү дээ. Харандаа зөвхөн өөрийгөө ашиглуулах боломжийг л олгодог юм”10 хэмээн хариулсан ажээ.

Дүгнэлт

Хайрт ах, эгч нар аа, би та нарын хүн нэг бүрийг “биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө” (Ром 6:13) хэмээн урьж байна. Өөрийгөө Түүнд өргөнө гэдэг нь Түүнд тус нэмэр болохыг хүсэж байгаагаа мэдэгдэж, Түүний удирдамжийг эрэлхийлэн, хүч чадлаас нь хүртэхийг хэлнэ.

Мэдээж, бид төгс үлгэр жишээ, Есүс Христ рүү харж болно. Дэлхийд ирэхээс өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэгийг “Хэнийг илгээх вэ би?” хэмээн асуухад

Есүс “Би энд байна, намайг илгээгтүн” (Абрахам 3:27; мөн Исаиа 6:8-ыг үзнэ үү) хэмээн хариулсан.

Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч байхаар урьдчилан томилогдсон үүргээ хүлээн авч, Өөрийгөө бэлдэж, үүргээ биелүүлсэн. Тэр Эцэгийн хүслийг (3 Нифай 27:13; Иохан 6:38; 6:38-ыг үзнэ үү) мөн тэнгэрлэг үүрэг даалгавраа ч гэсэн биелүүлсэн.

Бид Христийн үлгэр жишээг даган, өөрсдийгөө Бурханд өргөх хүсэлтэй байх юм бол Тэрээр ажлаа урагшлуулан, бусдыг адислахад биднийг ашиглана гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Дүрвэгчдэд туслах төв, “Admissions and Arrivals,” ireports.wrapsnet.org/Interactive-Reporting-ийг үзнэ үү.

  2. Спэнсэр В.Кимбалл, “The Role of Righteous Women,” Ensign, 1979 оны 11-р сар, 104.

  3. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дараах үгээр урамшуулсан. Тэрээр: ”Өөртөө итгэ. Агуу зүйлсийг хийх чадавхтай гэдэгтээ итгэ … Та хэмжээлшгүй их хүчин чадалтай Бурханы хүүхэд билээ” (Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley[2016], 77) хэмээсэн.

  4. Рассэлл М.Нэлсон, Accomplishing the Impossible: What God Does, What We Can Do (2015), 147.

  5. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

    “Тэнгэрлэг Эцэг маань бидний жинхэнэ чадавхыг мэднэ. Тэр бидний өөрсдийнхөө тухай мэдэхгүй тэр зүйлүүдийг мэддэг. Тэрээр биднийг энд амьдрах хугацаандаа бүтээгдсэн зорилгоо биелүүл[эхийг] … сануулж байдаг.

    Бүгдээрээ Аврагчийг дагаж, анхнаасаа ямар болохоор төлөвлөгдсөн байсан яг тийм хүн болохын төлөө хамгаа зориулах шийдвэрийг гаргацгаая. Бүгдээрээ Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, дуулгавартай дагацгаая. Ингэх юм бол бидэнд байгаа гэж зүүдлээ ч үгүй тэдгээр зан чанарыг Тэнгэрлэг Эцэг маань бидэнд нээж өгнө. Тэрээр бидний өмнөх замыг гэрэлтүүлж, нууцлаг, бидэнд байгаа ч гэж таамаглахгүй байгаа тэдгээр авьяас чадварыг олж харах нүд өгөх болно” (“Харуусал ба шийдвэрүүдийн талаар,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26) хэмээн цохон тэмдэглэсэн.

  6. Ахлагч Брүс Р.Макконки: “Сүнсний бэлгүүд нь тоолшгүй олон мөн янз бүр байдаг. Энэхүү илчлэгдсэн үгсэд бичигдсэн тэдгээр нь Бурханыг хайрлаж, Түүнд үйлчилдэг тэдэнд, нигүүлсэнгүй Бурханы элбэг дэлбэгээр цутган өгдөг тэнгэрлэг ач ивээлийн энгийн илэрхийлэл юм” (A New Witness for the Articles of Faith [1985 он], 371) хэмээн тайлбарласан.

  7. Ахлагч Марвин Ж.Аштон:

    “Үргэлж ил тод, анхаарал татахуйц байдаггүй ч маш чухал хэдэн бэлгийг би нэрлэе. Эдгээр бэлэг дунд ил тод биш ч жинхэнэ бөгөөд үнэ цэн бүхий танд байдаг бэлгүүд байж болно.

    “Асуух, сонсох, намуун зөөлөн дуу хоолойг анхааран сонсох, ашиглах; уяхан сэтгэлтэй байх, зөрчилдөөнөөс зайлсхийх, бусадтай эв нийцтэй байх, хоосон давталтаас зайлсхийх, зөв шударга зүйлсийг эрэлхийлэх, бусдыг шүүхгүй байх мөн удирдамж авахаар Бурханд хандах, шавь байх, бусдад анхаарал халамж тавих, тунгаан бодох чадвартай байх, залбирал хэлэх, хүчирхэг гэрчлэл үлдээх, Ариун Сүнсийг хүлээн авах зэрэг бэлгүүд байдаг“ (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20) хэмээн заасан.

  8. Түүнчлэн Паул бидэнд “[Бурхан] биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм” (2 Коринт 1:4) хэмээн заасан.

  9. Ахлагч Ричард Г.Скотт: “Өөрийн тань амьдралд зориулсан онцгой төлөвлөгөө Бурханд бий. Та уг төлөвлөгөөг итгэл, байнгын дуулгавартай байдлаар эрж хайх юм бол Тэрбээр түүний тодорхой хэсгүүдийг танд илчлэх болно” (“How to Live Well amid Increasing Evil,” Liahona, 2004 оны 5-р сар, 102) хэмээн тайлбарласан.

  10. Эдвард В.Дэсмонд, “Interview with Mother Teresa: A Pencil in the Hand of God,” Time, 1989 оны 12-р сарын 4, time.com.