2010–2019
Та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд
2017 оны 10-р сар


Та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд

Есүс Христ бол эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх булаг мөн.

Ах, эгч нар аа, та нартай хамт байгаадаа баяртай байна. Өнөө өглөө би та бүхэнд баяр баясгалангаар дүүрэн байх тухай ярихыг хүсэж байна.

Саяхны нэгэн мэдээг “Гай гамшиг улс үндэстэн, дэлхий ертөнцийг сүйрүүлж байна”1 гэж гарчигласан байлаа. Далайн шуурга, үерээс ган гачиг, хуурайшилт мөн гал түймэр, газар хөдлөлтөөс дайн дажин, өвчин тахал гээд “бүхэл дэлхий үймээн самуунд”2 байгаа мэт санагдав.

Эдгээр гай гамшгаас болоод олон сая хүн гэр орноосоо дайжиж, тоо томшгүй хүмүүсийн амьдрал сүйрчээ. Гэр бүл, нийгмийн зөрчилдөөн мөн хувь хүний айдас, эргэлзээ, биелээгүй хүсэл мөрөөдөл зэрэг нь биднийг зовлонд унагадаг. Ийм үед Лихайн амьдралын зорилго хэмээн заасан баяр баяслыг мэдрэхэд хэцүү байдаг.3 Бид бүгд хэзээ нэгэн цагт “Амар амгаланг хаанаас олох вэ? Миний тайтгарах газар хаана байна вэ …?”4 гэж асууж байсан. Бид мөнх бус амьдралын сорилт бэрхшээл дундаас баяр баяслыг хэрхэн олох билээ? гэж боддог.

Хариулт нь хэтэрхий энгийн санагдаж болох ч энэ нь Адамын үеэс л үнэн гэж батлагдсаар ирсэн. Аврагч маань болох Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлж, Түүний жишээ үзүүлж, заасан сайн мэдээнийх нь дагуу амьдрах үед мөнхөд үргэлжлэх баяр баясгалан ирдэг юм. Бид Есүс Христийн талаар суралцаж, итгэж, даган дуурайх тусам Түүнийг бүхий л эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх сурвалж гэдгийг илүү сайн ойлгодог. Тэрээр хүн нэг бүрийг Өөр дээрээ ирэхэд урьдаг5 бөгөөд энэ нь ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн тодорхойлсноор “хүмүүн төрөлхтний хүлээн авах хамгийн чухал урилга”6 юм.

Есүс Христийн талаар суралцах

Бид Түүн дээр хэрхэн очих вэ? Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ахлагч М.Рассэлл Баллард нар биднийг Аврагчийн талаар судлахдаа “Амьд Христ”7-ийг судлахад урамшуулан дэмжсэн. Олон хүн уг уриалгыг хүлээн авч, адислагдсан билээ. Саяхан нэгэн найз маань насанд хүрсэн хүүхдүүддээ шүлэг бүрийг нь тайлбарласан, сайн мэдээний зургуудтай материал өгчээ. Тэр ач, зээ нарт нь үүнийг ойлгуулж, чээжлэхэд туслахыг хүсэн хүүхдүүдээ урамшуулан дэмжсэн байна. Хэсэг хугацааны дараа найз минь чээжилсэн шүлгээ урам зоригтой, өөртөө итгэлтэй уншиж буй зургаан настай ач охин Лэйнийхаа бичлэгийг хуваалцсан юм. Хэрвээ зургаан настай хүүхэд хийж чадаж байгаа бол би ч бас чадах юм байна гэж надад бодогдож билээ!

Зураг
“Амьд Христ”-ийг чээжилсэн Лэйний

Би Есүс Христийн амьдрал, сургаалын талаар илүү анхааралтай судалж, “Амьд Христ”-ийг чээжлэх амлалт өгснөөр миний Аврагчаа гэсэн хайр, талархал өссөн. Уг сүнслэгээр өдөөгдсөн материалын өгүүлбэр бүр тохинууллыг багтааж, Түүний тэнгэрлэг үүрэг, дэлхийн номлолын талаарх ойлголтыг маань тэлсэн юм. Ийнхүү судалж, тунгаан бодох үедээ ойлгосон, мэдэрсэн зүйл минь Есүс үнэхээр “дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар”8 гэдгийг баталсан. Түүнийг магтан дуулах эртний судрууд хийгээд орчин үеийн бошиглогчдын хэлж, бичсэн үгс “Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм”9 гэдгийг гэрчилдэг.

Есүс Христэд итгэлтэй байх нь

Та Христийн амьдрал, сургаалыг олон арга замаар судалснаар Түүнд итгэх итгэл тань өснө. Тэрээр хувь хүн нэг бүрийг хайрладаг бөгөөд төгс ойлгодог гэдгийг та мэдэх болно. Тэрээр 33 жилийн мөнх бус амьдралдаа эсэргүүцэл, хавчлага, өлсгөлөн, цангаа, зүдрэл10, ганцаардал, үг хэлний болон бие махбодын хүчирхийллийг амсаж11, эцэст нь нүгэлт хүмүүсийн гарт тарчлагдан үхсэн. Гетсеманий цэцэрлэгт, Калварийн загалмайд Тэрээр бидний бүх өвчин, зүдгүүр, уруу таталт, өвдөлт, сул дорой чанарыг мэдэрсэн юм.12

Бид ямар ч зовлон амссан бай, Тэрээр эдгэрлийн эх булаг билээ. Аливаа төрлийн хүчирхийлэл, хайрт нэгнээ алдсан цочирдом мэдээ, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл, хилс хэрэг, харгис хэрцгий хавчлагыг туулж эсвэл нүгэл хилэнц, буруу ойлголтоос болж сүнслэг бэртэл авсан хэнийг ч дэлхийн Гэтэлгэгч эдгээж чадна. Гэвч Тэр урилгагүйгээр орж чадахгүй. Бид Түүн рүү ирж, гайхамшгуудаа үйлдэх боломжийг Түүнд олгох хэрэгтэй.

Хаврын нэгэн сайхан өглөө би цэвэр агаар амьсгалахаар хаалгаа онгорхой орхив. Нэгэн бяцхан шувуу хаалгаар орж ирээд, хүссэн газар нь биш болохыг ойлгон, өрөөгөөр нэг нисэж, зугтах гэж цонхны шилийг ахин дахин мөргөв. Би түүнийг хаалга руу эвтэйхэн чиглүүлэх гэсэн боловч тэр маш их айж байсан учраас цаашаа зугтан ниссээр явлаа. Эцэст нь ихэд ядарч сульдсан байдалтай цонхны хөшгөн дээр суув. Би хогийн шүүр аваад, шүүрний үзүүрийг уг шувууны айсхийн сууж байгаа газар руу дөхүүлэн, түүний хөл хавь руу нь аажуухан ойртуулахад тэрээр эргэлзэнгүй байдалтай үзүүр дээр нь гарлаа. Би шүүрийг аль болох хөдөлгөөнгүй барин, хаалга руу алгуурхнаар дөхөж очиход шувуу тэр даруй эрх чөлөөтэй болж, нисэн одсон юм.

Энэ шувуутай адил заримдаа бид Бурханы биднийг гэсэн хайрыг болон туслахсан гэсэн хүслийг ойлгодоггүй учраас итгэж найдахаас айдаг. Гэхдээ бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн номлолын талаар судлах явцдаа Тэдний цорын ганц зорилго бол бидний мөнхийн аз жаргал, өсөлт хөгжил гэдгийг ойлгодог.13 Биднийг асууж, хайж, тогших үед Тэд туслахдаа баяртай байдаг.14 Бид итгэлээ хөгжүүлж, Тэдний хариултыг даруухнаар нээлттэй хүлээн авах үед буруу ойлголт, таавар таамгийн хязгаараас чөлөөлөгдөж, урагшлах замаа хардаг юм.

Есүс Христ мөн амар амгалангийн эх булаг билээ. Тэрээр бидэнд ямар ч бэрхшээл тохиолдсон бай, биднийг “[Өөрийнхөө] өргөн уудам энгэрт тэврүүлэхэд”15 урьж, “бүх оюун ухаанаас дээгүүрх … амар тайванг”16 буюу Түүний Сүнс “бидний сэтгэл оюунд амар амгаланг”17 ярих үед ирдэг мэдрэмжийг амладаг. Хувийн сорилт, гэр бүлийн бэрхшээл, нийгэм улс төрийн хямрал байна уу хамаагүй Бурханы Төрсөн Ганц хүү зовж шаналсан бодгалийг маань тайтгаруулах хүчтэй гэдэгт итгэснээр амар амгалан ирэх болно.

Зураг
Хорватын гишүүн Снежана Подвински

Хорватын Карловац дахь цөөн гэгээнтний нэг Снежана Подвински өнгөрсөн жил зургаахан сарын дотор нөхөр болон эцэг, эхээ алдсаны дараа Аврагчаас тусламж эржээ. Цөхөрч туйлдсан ч гэр бүл үүрд мөнх гэсэн гэрчлэлтэйгээр Швейцарийн ариун сүм рүү аялахын тулд бүх хадгаламжаа зориулан, тэнд нөхөр, эцэг эхтэйгээ лацдан холбуулсан байна. Тэр ариун сүмд өнгөрөөсөн өдрүүдээ амьдралынхаа хамгийн сайхан үе гэж хуваалцсан юм. Тэрээр Есүс Христ, Түүний Цагаатгалын талаарх бат бөх гэрчлэлийнхээ ачаар эргэн тойрныхонд нь хүч чадал авчирсан амар амгалан, эдгэрлийг мэдэрчээ.

Есүс Христэд итгэх итгэл нь эдгэрэл, амар амгалангаас гадна өөр олон бэлгийг авчирдаг. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хуваалцсанаар “Надад амар амгалан хэрэгтэй үед Их Эзэн над дээр олон арга замаар Тайвшруулагчтай хамт ирж байсанд би талархаж явдаг. Гэхдээ Тэнгэр дэх Эцэг маань бидний тав тухтай байдлаас илүүтэй дээш чиглэсэн өсөлт хөгжилд санаа тавьдаг”.18

Бид гэтэлгэл, амилуулалтын бэлгүүд бүхий Есүс Христийн Цагаатгалын ачаар наманчилж, өөрчлөгдөн, мөнхөд өсөж хөгжих боломжтой. Биднийг дуулгавартай байх үед өгдөг Түүний хүч чадлын ачаар бид дан ганц өөрсдийнхөө хүчээр болж чадахаас илүү дээр хүмүүс болох боломжтой. Бид чухам яаж гэдгийг бүрэн ойлгохгүй байж болох ч Христэд итгэх итгэл маань өсөхийг мэдэрсэн бидний хүн нэг бүр бурханлаг мөн чанар, зорилгынхоо талаар илүү агуу ойлголтыг хүлээн авсан байдаг төдийгүй энэ нь биднийг уг ойлголтынхоо дагуу сонголтууд хийхэд хөтөлдөг.

Дэлхий биднийг “адгуус амьтны”19 зиндаанд доош авчрахыг оролдох боловч Бурхан бидний Эцэг хэмээх мэдлэг бидэнд бурханлаг чадавх, хааны удмын амлалтыг маань бататгаж өгдөг. Дэлхий амьдралын төгсгөл бол үхэл гэж бидэнд хэлсэн ч гэсэн Бурханы Төрсөн Ганц Хүү гэтэлгэгдэж, амилуулагдах боломжийг бидэнд өгсөн хэмээх мэдлэг бидэнд мөнхийн өсөлт хөгжилд найдах найдварыг өгдөг.

Есүс Христийг даган дуурай

Бид Есүс Христийн талаар суралцах тусмаа Түүнд итгэх улам агуу итгэлийг хөгжүүлж, аяндаа үлгэр жишээг нь дагах хүсэлтэй болж эхэлдэг. Түүний зарлигуудыг дагах нь бидний хамгийн агуу хүсэл болдог. Зүрх сэтгэл маань бусдын зовлон шаналлыг Түүн шиг ангижруулахыг хүсэж, өөрсдийн олж авсан амар амгалан, аз жаргалыг мэдрүүлэхийг эрмэлздэг юм.

Яагаад Түүн шиг үйлдэхийг хичээх нь тийм хүчирхэг байдаг вэ? Учир нь биднийг итгэлээ үйлдэл болгох үед Ариун Сүнс мөнхийн үнэний талаар гэрчилдэг.20 Бид Түүний үлгэр жишээг дагахад баяр баясал мэдэрч эхэлдэг бөгөөд Түүний замаар үргэлжлүүлэн явахдаа баяр баяслыг бүрэн дүүрэн мэдэрдэг гэдгийг Есүс мэддэг учраас шавь нартаа зарлигуудыг нь сахихыг зааварласан байдаг. “Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв”21 гэж Тэрээр тайлбарласан.

Бидний гэрчлэл Есүс Христ дээр мөн Түүний сайн мэдээний бат бөх суурин дээр суурилсан уу? Амьдралын шуурга биднийг нүдэхэд бид ухаан мэдрэлээ алдах шахам ном, интернэт постуудаас тусламж эрдэг бил үү? Есүс Христийн тухай мэдлэг, гэрчлэлтэй болж, тэдгээрийг хүчирхэгжүүлэхэд цаг гаргах нь зовлон бэрхшээлтэй, хүнд хэцүү цагт арвин их шагналуудыг авчрах болно. Судруудыг өдөр бүр унших, амьд бошиглогчдын үгсийг тунгаан бодох, утга учиртай хувийн залбирал хийх, долоо хоног бүр ариун ёслолоос анхааралтай хүртэх, Аврагчтай адил үйлчлэл үзүүлэх зэрэг ердийн үйл ажиллагаанууд нь баяр баясгалантай амьдралын үндэс суурь болдог.

Таныг баяр баясгалантай болгодог зүйл юу вэ? Урт өдрийн дараа хайртай нэгнээ харах нь уу? Ажлаа амжилттай гүйцэтгээд сэтгэл ханах нь уу? Хэн нэгний ачааг хөнгөлөөд, нүднээс нь гэрэл цацрахыг харах нь уу? Зүрх сэтгэлийн тань гүн рүү нэвтрэх дууллын үгс үү? Дотны найзтайгаа хөтлөлцөх нь үү? Адислалуудаа тунгаан бодох нам гүм мөчийг олж, тэдгээр адислалаа хуваалцах боломжийг хай. Та хөрш айлдаа эсвэл үймээн самуунтай энэ дэлхий ертөнц даяар ах, эгч нартаа үйлчилж, тэднийг өргөн дэмжвэл илүү агуу амар амгалан, эдгэрэл, бүр өсөлт хөгжлийг мэдрэх болно.

Түүнд ирэгтүн. Та амьдралаа Есүс Христэд төвлөрүүлснээр ямар ч нөхцөлд байсан баяр баяслыг олох болно гэдгийг би гэрчилж байна. “Зөвхөн Тэр л”22 хариулт нь юм. Хичээнгүйлэн суралцаж, Есүс Христэд итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэн, Түүнтэй илүү адил болохыг хичээн Түүнийг таньж мэдэх цаг гарга. Үүнийг хийснээр бид “Тэнгэрлэг Хүүгийнх нь зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя”23 гэж Лэйнийтэй хамт хэлэх урам зоригийг мэдрэх болно. Есүс Христийн ариун бөгөөд адислагдсан нэрээр, амен.