2010–2019
Бурханы болон гэр бүлийнхээ итгэлийг олж авах нь
2017 оны 10-р сар


Бурханы болон гэр бүлийнхээ итгэлийг олж авах нь

“Зүрх сэтгэлийн үнэнч шударга” хүн гэж итгэл хүлээсэн хүнийг хэлнэ. Учир нь итгэл үнэнч шударга байдал дээр суурилдаг.

Ах нар аа, Их Эзэн бидэнд зохистой санваартан, маш сайн нөхөр, эцэг байх итгэл хүлээлгэсэн гэдгийг мэдэхээс илүү агуу сайшаалыг бид хүлээн авах нь үгүй байх.

Их Эзэний итгэлийг олж авах нь бидний зүгээс гаргасан асар их хүчин чармайлтаар дамжин ирдэг адислал болох нь маргаангүй. Итгэл бол Бурханы хуульд дуулгавартай байснаар ирдэг адислал юм. Их Эзэний итгэлийг олох нь баптисмын усанд болон ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байсны үр дүнд ирдэг. Биднийг Их Эзэнд амласан амлалтуудаа сахих үед бидэнд итгэх Түүний итгэл өсөж байдаг.

Би зөв шударга хүнийг тодорхойлохдоо хэлдэг “зүрх сэтгэлийнх нь үнэнч шударга” гэсэн хэллэг орсон эртний болоод орчин цагийн судруудад дуртай.1 Үнэнч шударга эсвэл үнэнч шударга бус гэдэг нь хүний зан чанарын суурь хэсэг юм. “Зүрх сэтгэлийн үнэнч шударга” хүн гэж итгэл хүлээсэн хүнийг хэлнэ. Учир нь итгэл үнэнч шударга байдал дээр суурилдаг.

Үнэнч шударга хүн байх нь таны санаа сэдэл мөн үйлдэл олон нийтийн дунд болон ганцаараабайхдаа ч амьдралын бүхий л талбарт цэвэр бөгөөд үнэнч шударга байна гэсэн утгатай. Бид гаргаж буй шийдвэр болгоноороо Бурханы итгэлийг нэмж олдог эсвэл алдаж байдаг. Энэ зарчим нөхөр, эцэг байх бидний тэнгэрлэгээр томилогдсон үүрэгт хамгийн тод илэрхийлэгддэг.

Нөхөр, эцэг хүний хувьд бид тэнгэрлэг нэгэн үүргийг орчин цагийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээс “Гэр бүлийн тунхаг: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аар дамжуулан хүлээн авсан. Энэхүү баримт бичигт эцэг хүн (1) “гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдах ёстой, (2) хэрэгцээт зүйлсээр нь хангах үүрэгтэй, (3) гэр бүлээ хамгаалах үүрэгтэй”2 хэмээн заадаг.

Бид Бурханы итгэлийг олж авахын тулд гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн тэнгэрлэгээр оноогдсон эдгээр гурван үүргийг Их Эзэний арга замаар гүйцэлдүүлж биелүүлдэг байх хэрэгтэй. Гэр бүлийн тунхаг дээр Их Эзэний арга зам бол эдгээр үүргээ эхнэртэйгээ “адил тэгш хамтрагч”-ийн хувиар хамтдаа биелүүлэх явдал юм3 хэмээн үргэлжлүүлэн тодорхойлжээ. Миний хувьд, энэ нь бид эдгээр гурван үүрэгтэй холбоотой чухал шийдвэрийг эхнэртэйгээ бүрэн нэгдээгүй үедээ огт гаргахгүй байна гэсэн үг.

Их Эзэний итгэлийг олж авахын тулд хийх зүйлсийн эхний алхам бол Түүнд итгэх явдал юм. Бошиглогч Нифай “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодийн гарт тавих нь үгүй”4 хэмээн залбирахдаа ийм төрлийн амлалт өгөх жишээг харуулсан. Нифай Их Эзэний хүслийн дагуу үйлдэх амлалтандаа бүрэн хариуцлагатай байсан. Нифай “Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” хэмээн хэлснээс гадна “Их Эзэн амьдын адил, мөн бидний амьд нь илэрхийн адил, бид Их Эзэний зарлигласан зүйлийг гүйцэлдүүлэх хүртэл бид аглаг буйдад буй эцэг уруугаа очихоор явахгүй” хэмээн оноогдсон даалгавраа биелүүлэх амлалтандаа тууштай байсан гэдгээ харуулсан.5

Нифай эхлээд Бурханд итгэсэн учраас Бурхан түүнд агуу итгэл хүлээлгэсэн. Их Эзэн Нифайг Сүнсээр асар их цутган адисалж, өөрийнх нь болон гэр бүл, хүмүүсийнх нь амьдралыг адисалсан. Нифай хайр, зөв шударга байдлаар гэр бүл, ард түмнээ тэргүүлсэн бөгөөд тэдний хэрэгцээг хангаж, хамгаалсан учраас “бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа”6 хэмээн цэдэглэжээ.

Энэ сэдвээрх эмэгтэйчүүдийн байр суурийг илэрхийлэхийн тулд би гэрлэсэн хоёр охиноосоо тусламж хүссэн юм. Би тэднээс гэрлэлт, гэр бүлийн амьдралд нь нөлөөлдөг итгэл гэх зүйлийн ач холбогдлын талаар юу гэж боддог тухай ганц хоёр өгүүлбэрээр тайлбарлан хэлж өгөөч гэж хүссэн. Одоо Лара Харрис, Кристина Хансэн хоёрын бодлыг та бүхэнтэй хуваалцъя.

Эхлээд, Лара “миний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол нөхөр минь ажлаа хийж байх үедээ намайг хүндэтгэж, хайрладаг гэдгээ харуулах сонголтуудыг хийж байгааг мэдэх явдал юм. Ийм байдлаар бид нэг нэгэндээ итгэж чадвал энэ нь гэр оронд маань амар амгаланг авчирч, гэр бүлээ хамтдаа өсгөн хүмүүжүүлж байгаадаа баясаж чадна” гэж хэлсэн.

Кристина “хэн нэгэнд итгэнэ гэдэг нь хэн нэгэнд найдахтай ижил. Тийм итгэл, найдвар байхгүй газар айдас, эргэлзээ байна. Миний хувьд, нөхөртөө бүрэн итгэх чадвартай байхаас ирдэг агуу адислалуудын нэг бол амар амгалан мөн түүнийг хийнэ гэж хэлснээ үнэхээр хийдэг гэдгийг мэддэг сэтгэл санааны амар амгалан юм. Итгэл нь амар амгалан, хайр мөн хайр өсөн нэмэгдэж болох орчин нөхцөлийг бүрдүүлдэг” хэмээн бодлоо хэлсэн.

Лара, Кристина хоёр бие биенийхээ бичсэн зүйлийг огтхон ч хараагүй. Тэд хоёулаа гэр оронд амар амгалан байх нь итгэж болох нөхөртэй байхаас шууд шалтгаалдаг хэмээн үзсэн нь надад их сонирхолтой санагдсан. Охидын маань харуулсан жишээнээс харахад, итгэлийн зарчим Христэд төвлөрсөн гэр орныг бий болгоход туйлын чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Би бас аавынхаа санваараа эрхэмлэн дээдэлж, “зүрх сэтгэлийнхээ үнэнч шударгын” ачаар бүхэл бүтэн гэр бүлийнхээ итгэлийг хүлээсэн гэр оронд яг л тийм Христэд төвлөрсөн уламжлалд баясан өсөж том болох боломжтой байсан юм.7 Үнэнч шударга байдалд үндэслэсэн итгэлийн зарчмыг ойлгодог, тэрхүү зарчмынхаа дагуу амьдардаг эцэг хүн гэр бүлдээ үүрд мөнх эерэг нөлөө үзүүлдгийг харуулсан өсвөр үеийнхээ туршлагаас хуваалцахыг минь зөвшөөрнө үү.

Намайг бага байхад аав маань үйлдвэрлэлийн автоматжуулалтаар мэргэшсэн компани байгуулсан юм. Энэ бизнес нь үйлдвэрийн автомат шугам зохион бүтээж, дэлхийн олон оронд угсарч, суурилуулдаг байв.

Намайг дунд сургуульд байхад аав маань надад хэрхэн ажиллаж хөдөлмөрлөхийг мөн бизнесийг хэрхэн эхнээс нь босгодгийг зааж сургахыг хүссэн. Миний анхны ажилд олны нүдэнд харагдаггүй, барилгын гаднах талбайг арчлах, гадаргууг нь будаж янзлах ажил ордог байв.

Би ахлах сургуульд орох жилээ үйлдвэрт ажиллахаар тушаал дэвшсэн. Би хүнд төмөрлөгийн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн зураг уншиж, ажиллуулж сурч эхэлсэн. Ахлах сургуулиа төгсөн, их сургуульд элсэн ороод, номлолын талбарт гарав. Номлолоосоо бууж ирээд л би ажилдаа шууд буцаж орсон. Надад дараа жилийн сургалтын төлбөрөө төлөх мөнгө хэрэгтэй байлаа.

Номлолоос бууж ирсний дараахан нэгэн өдөр намайг үйлдвэр дээр ажиллаж байтал аав ажлын өрөөндөө дуудаад, албан ажлаар Лос Анжелос руу хамт явах уу гэж асуув. Энэ бол аавын маань намайг анх удаа ажлын томилолтоор хамт явахыг урьсан урилга байлаа. Үнэндээ, энэ нь аав намайг олны өмнө компаниа төлөөлөхөд туслахыг зөвшөөрсөн хэрэг байсан юм.

Биднийг аялалд гарахаас өмнө аав маань шинэ үйлчлүүлэгч болох боломжтой нэг байгууллагын тухай нарийн ширийн мэдээллийг надад бэлтгэж өгсөн. Нэгдүгээрт, тэр үйлчлүүлэгч олон үндэстний корпорац байв. Хоёрдугаарт, тэд дэлхийн олон улс оронд байдаг үйлдвэрлэлийн шугамаа хамгийн сүүлийн үеийн автомат технологиор шинэчилж байжээ. Гуравдугаарт, манай компани тэдэнд урьд өмнө инженерийн эсвэл технологийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байгаагүй байв. Эцэст нь, уг корпорацын худалдан авалт хариуцсан дээд удирдах ажилтан нь нэг шинэ төсөл дээр бидний өгсөн үнийн саналын талаар ярилцах уулзалт хийхээр урьсан байжээ. Уг уулзалт манай компанийн хувьд шинэ бөгөөд чухал боломж гэдгийг харуулсан юм.

Лос Анжелост ирснийхээ дараа аав бид хоёр уулзалтад оролцохоор захиргааных нь зочид буудал руу явав. Бизнесийн эхний ярилцах сэдэв бол тухайн төслийн инженерийн загварын онцлог талуудыг ярилцах, дүн шинжилгээ хийх явдал байв. Хэлэлцэх дараагийн асуудал бол тээвэрлэлт, хүргэлтийн өдөр зэрэг үйл ажиллагааны нарийн тодорхой мэдээлэл байсан. Хурлын хөтөлбөр дэх сүүлчийн хэлэлцэх асуудал нь үнэ өртөг, хугацаа, нөхцөл зэрэгт төвлөрсөн байлаа. Энэ хэсгээс асуудал сонирхолтой болж эхэлсэн.

Корпорацын удирдах ажилтан бидний өгсөн үнийн санал уг төсөл дээр ирүүлсэн хамгийн бага үнийн санал байсан гэдгийг бидэнд тайлбарласан юм. Тэгээд сонирхолтой нь тэр хоёр дахь бага үнийн санал нь хэд байсныг хэлээд, биднийг үнийн саналаа буцааж аваад, дахин ирүүлэх хүсэлтэй эсэхийг асуув. Тэрээр бидний шинээр ирүүлэх санал дараагийн өндөр үнийн саналаас арай доогуур байх хэрэгтэй гэж онцлон хэлэв. Мөн тэгээд шинээр гаргах үнийн саналынхаа зөрүү мөнгийг 50, 50 хувиар түүнтэй хуваана гэж тайлбарлав. Үүнийгээ тэр хэн хэнд нь ашигтай байх болно гэсэн үндэслэлээр тайлбарласан юм. Анхны үнийн саналаасаа харьцангуй илүү ашиг олохоор байсан учраас манай компанид ашигтай байх байлаа. Тэр компанид ч гэсэн хамгийн бага үнээр бизнесээ явуулж байгаа учраас ашигтай байх байв. Тэгээд мэдээж, тэр энэ ашигтай тохиролцоог бидэнтэй хийж байгаа болохоор өөрийнхөө хэсгийг авах нь түүнд хожоотой байх байсан.

Тэр бидэнд хүссэн мөнгийг нь гуйвуулах шуудангийн хайрцагны дугаараа өгөв. Эцэст нь, тэр аав руу маань хараад, “За, тохирсон уу?” гэж асуув. Миний гайхлыг хамгийн их төрүүлсэн зүйл гэвэл аав маань босоод, түүнтэй гар барьж, бид эргээд тантай холбогдох болно гэж хэлэв.

Уулзалтаас гараад түрээсийн машиндаа суусныхаа дараа аав над руу хараад, “За, яасан нь дээр гэж чи бодож байна?” гэж асуув.

Би түүний саналыг хүлээн авах хэрэггүй гэж бодож байгаагаа хэллээ.

Тэгэхэд аав “Бид чинь бүх ажилтныхаа төлөө боломжийн ажлын захиалга авч үлдэх үүрэг хариуцлагатай гэж чи бодохгүй байна уу?” гэж асуув.

Би түүний асуултыг бодож байх зуур хариулахаас минь өмнө тэр өөрөө асуултандаа хариулсан юм. Тэрээр “За, Рик сонс. Нэг л удаа авлига авах эсвэл үнэнч шударга байдлаараа дэнчин тавих юм бол үүнийг эргүүлж авахад маш хэцүү байх болно. Хэзээ ч үүнийг хийж болохгүй шүү. Нэг удаа ч гэсэн” гэж хэлсэн юм.

Энэ тохиолдлыг та нартай хуваалцаж байгаа минь анхны бизнес аяллаараа аавынхаа заасан зүйлийг би хэзээ ч мартаагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Эцэг хүмүүс бид урт удаан үргэлжлэх нөлөө үзүүлдэг гэдгийг харуулахын тулд би энэ туршлагаа хуваалцаж байна. Би зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын улмаас аавдаа итгэсэн гэдгийг та нар төсөөлж байгаа байх. Аав маань ээжтэй минь, хүүхдүүдтэйгээ, хамтран ажилласан бүх хүнтэйгээ энэ л зарчмаар амьдарсан.

Ах нар аа, энэ үдэш бид Нифайн жишээ үзүүлсний адилаар Их Эзэнд итгэлээ тавьж болохын тулд, улмаар зүрх сэтгэлийнхээ үнэнч шударгаар дамжуулан Их Эзэний болон эхнэр, хүүхдүүдийнхээ итгэлийг олж аваасай хэмээн залбирч байна. Бид үнэнч шударгад үндэслэсэн энэхүү ариун нандин зарчмыг ойлгон, хэрэгжүүлэх үедээ ариун нандин гэрээнүүддээ үнэнч байх болно. Бид мөн гэр бүлээ хайр, зөв шударгаар тэргүүлэх, амьдралынхаа хэрэгцээ шаардлагыг хангах, дэлхийн хилэнцээс гэр бүлээ хамгаалах зэрэгт амжилттай байх болно. Би эдгээр үнэнийг Есүс Христийн нэрээр даруухан гэрчилж байна, амен.