2010–2019
Эгч дүү гурав
2017 оны 10-р сар


Эгч дүү гурав

Шавь байх нь бидний өөрсдийн үүрэг хариуцлага бөгөөд бусад хүний бидэнтэй яаж харьцаж байгаагаас шалтгаалахгүй.

Хүндэт эгч нар аа, хүндэт найзууд аа, ерөнхий чуулганыг дэлхий даяарх эгч нарын хуралдаанаар эхлэх нь чухал ач холбогдолтой бас гайхалтай юм. Бүх насны, өөр өөр гарал үүсэл, яс үндэс, хэлтэй эгч нар Есүс Христэд итгэл итгэл, Түүнийг гэсэн хайраараа нэгдсэн байна гээд зүгээр л төсөөлөөд үз.

Биднийг саяхан хайрт бошиглогч, Ерѳнхийлѳгч Томас С.Монсонтой уулзах үед тэрээр Их Эзэнд ямар их хайртайгаа бидэнд хэлсэн билээ. Ерөнхийлөгч Монсон та нарын хайр, залбиралд мөн Их Эзэнд үнэнч байдагт маш их талархдаг гэдгийг би мэднэ.

Эрт урьд цагт алс хол нутагт эгч дүү гурав амьдардаг байжээ.

Ууган эгч нь гунигтай байдаг байв. Хамраас нь авахуулаад эрүү, арьс, бүр хөлийн хуруу нь хүртэл бүгд өөрт нь хангалтгүй санагддаг байжээ. Түүнийг заримдаа эв хавгүйхэн ярихад хүмүүс инээлддэг байж гэнэ. Хүмүүс түүнийг шүүмжилж эсвэл ямар нэг зүйлд урихаа “мартвал” нүүр нь улайж, холдож яван, нууц газар очоод гунигтайгаар санаа алдаж, амьдрал яагаад ийм баргар бас баяр хөөргүй байдгийг гайхаж суудаг байжээ.

Удаах эгч нь ууртай байдаг байв. Тэр өөрийгөө маш ухаантай гэж боддог боловч хэн нэгэн сургуулийн шалгалтан дээр үргэлж өөрөөс нь өндөр оноо авдаг байлаа. Тэр өөрийгөө хөгжилтэй, үзэсгэлэнтэй, загварлаг, дур булаам гэж боддог байв. Гэвч өөрөөс нь илүү хөгжилтэй, үзэсгэлэнтэй, загварлаг, дур булаам хэн нэгэн үргэлж байдаг мэт түүнд санагддаг байжээ.

Тэр ямар ч зүйлд шилдэг нь байгаагүй ба үүнийг тэвчдэггүй байлаа. Түүнийхээр амьдрал ийм байх ёсгүй байв.

Заримдаа тэр бусдад уурладаг байсан ба тэр үргэлж л ямар нэг зүйлээс болж уурлахад бэлэн явдаг байлаа.

Энэ нь түүнийг илүү сэтгэл татам эсвэл нэр алдартай болгоогүй нь мэдээж. Заримдаа тэр шүдээ зууж, нударга зангидан, “амьдрал шударга биш байна” гэж боддог байв.

Отгон дүү нь гунигтай, ууртай эгч нартайгаа адилгүй байлаа. Тэр баяртай байдаг байжээ. Тэр эгч нараасаа илүү ухаантай эсвэл үзэсгэлэнтэй байсан учраас баяртай байгаагүй. Хүмүүс заримдаа түүнээс зайлсхийж эсвэл түүнийг үл ойшоодог байсан. Тэд заримдаа түүний өмсөж зүүсэн эсвэл хэлж буй зүйлсийг шоолдог байлаа. Тэд заримдаа түүнтэй бүдүүлэг харьцаж эсвэл өөрийнх нь талаар найрсаг бус зүйл ярьдаг байжээ. Гэхдээ эдгээрийн алинд ч тэр тийм ч их санаа зовдоггүй байв.

Тэр дуулах дуртай байсан. Түүнд сайхан хоолой заяагаагүй ба хүмүүс доог тохуу хийж байсан ч тэр дуулахаа болиогүй. “Би бусад хүний бодлоос болоод дуулахаа болихгүй” гэж тэр хэлдэг байв.

Түүнийг дуулсаар байсанд ууган эгч нь гуниглаж, удаах эгч нь уурлажээ.

Олон жил өнгөрч, эгч дүү гурав энэ хорвоог орхих цаг болж гэнэ.

Амьдралд сэтгэл гонсойлгодог олон зүйл байдгийг олж мэдсэн ууган эгч нь гунигтай чигээрээ насан өөд болов.

Өдөр бүр дургүй хүргэх ямар нэг зүйлийг олдог байсан удаах эгч нь уурласаар нас барсан гэдэг.

Отгон дүү нь насан туршдаа дуугаа бүх чадлаараа дуулж, нүүрэндээ итгэл дүүрэн инээмсэглэл тодруулсаар баяр жаргалтай нас баржээ.

Амьдрал хэзээ ч ийм энгийн мөн хүмүүс энэ түүхэн дэх эгч дүү гурвын хэмжээнд байгаад байхгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч ийм эрс тэс жишээ бидэнд өөрсдийн маань тухай ямар нэг зүйлийг ойлгуулж чадна. Хэрэв та бидний ихэнхтэй нь адил бол, магадгүй та эдгээр эгч дүүсийн аль нэгээс, хоёроос нь ч юм уу гурвуулангаас өөрийгөө олж харсан байж болно. Эдгээрийг нэг нэгээр нь нарийвчлан авч үзье.

Хохирогч

Ууган эгч нь өөрийгөө хохирогч буюу өөрийнхөө төлөө үйлдэх чадваргүй гэж үзсэн.1 Амьдралд нь шил шилээ даран тохиолдсон зүйлүүд түүнийг зовлонтой болгож байсан мэт түүнд санагдсан. Амьдралд ингэж хандсанаар түүний сэтгэл санаа, зан авир бусдаас хамааралтай болсон юм. Бид ийм байвал үзэл бодлын салхи болгонд туугдаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн энэ эрин үед эдгээр салхи далайн шуурга адил хүчтэй шуурдаг.

Хүндэт эгч нар аа, та нар яагаад өөрсдийн аз жаргалыг та нарт эсвэл та нарын аз жаргалд өчүүхэн санаа тавьдаг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүнд найр тавин өгөх ёстой юм бэ?

Хэрэв та бусад хүнийг өөрийн тань тухай юу гэж ярьж байгаа бол гэдэгт санаа зовж байгаа бол хэн гэдгээ санах нэгэн анагаах эмийг би санал болгоё. Та бол Бурханы хаант улсын хааны гэр бүлийн гишүүн, орчлон ертөнцийг захирдаг Тэнгэрлэг Эцэг эхийн охин гэдгээ санаарай.

Танд Бурханы сүнслэг ДНХ байдаг. Таны сүнсийг бүтээх үед үүсэж, мөнх бус амьдралын өмнөх урт удаан хугацаанд боловсорсон онцгой бэлгүүд танд бий. Та бол нигүүлсэнгүй, Тэнгэр дэх үүрдийн Эцэг, Түмний Их Эзэн, орчлон ертөнц, огторгуйн уудамд эргэлдэх оддыг бүтээж, гараг эрхсийг тойрог замд нь байрлуулсан Нэгэний хүүхэдүүд юм.

Та Түүний

сайн сайхан,

хайр энэрэлт,

халамжит мутарт байна.

Таны талаар хэн ч юу ч гэж хэлсэн бай, үүнийг өөрчилж чадахгүй. Таны тухай Бурханы хэлсэн зүйлийн хажууд тэдний үгс хоосон.

Та бол Түүний хайрт охин билээ.

Тэр танд хайртай.

Та бүдчиж, Түүн рүү нуруугаа харуулсан байсан ч Бурхан танд хайртай. Хэрэв танд төөрч будилж, гадуурхагдаж, мартагдсан мэт мэдрэмж төрж байгаа бол бүү ай. Сайн Хоньчин таныг олох болно. Тэр таныг мөрөн дээрээ өргөх болно. Тэр таныг гэрт тань аваачна.2

Хайрт эгч нар минь ээ, эдгээр тэнгэрлэг үнэнийг зүрх сэтгэлдээ сайтар шингээ. Та нар гуниглахгүй байх олон шалтгаан бий гэдгийг олж мэдэх болно. Учир нь та нарыг мөнхийн хувь тавилан хүлээж байна.

Дэлхийн хайрт Аврагч хувь тавилангаа бодитой болгох сонголт хийх боломжийг та нарт олгохын тулд амиа өгсөн. Та нар Түүний нэрийг өөрсөд дээрээ авсан шавь нар нь билээ. Түүний ачаар та нар мөнх алдар сууг хүртэж чадна.

Үзэн ядагч

Удаах эгч нь дэлхийнхнийг буруутгадаг байсан. Тэрээр гунигтай эгчийнхээ адил амьдрал дахь асуудлуудаа бүгдийг өөр хүмүүсээс болсон гэж үздэг байв. Тэр гэр бүл, найз нөхөд, дарга, хамт олон, цагдаа, хөрш, Сүмийн удирдагч, орчин үеийн хэв загвар, нарны хурц гэрэл, гай барцад зэргийг буруутгадаг байсан. Тэр энэ бүхэн рүү дайрч давшилдаг байсан ба

өөрийгөө эелдэг бус хүн гэж боддоггүй байв. Харин ч эсрэгээр нь, тэр өөрийгөө хамгаалж байна гэж боддог байв. Бусад бүх хүнийг аминч үзэл, өөдгүй зан, үзэн ядалт өвөрлөдөг гэдэгт тэр итгэдэг байсан. Харин өөрийгөө шударга ёс, үнэнч шударга зан, хайр энэрэл гэх мэт сайхан санаа агуулсан гэж боддог байв.

Харамсалтай нь, уур уцаартай эгчийн үзэл бодол дэндүү элбэг байдаг. Өрсөлдөөнт бүлгүүдийн хоорондын зөрчлийг судалсан саяхны нэгэн судалгаа үүнийг харуулжээ. Уг судалгааг хийсэн судлаачид Ойрх Дорнодын палестинчууд ба израильчуудтай мөн Нэгдсэн Улсын бүгд найрамдахчууд ба ардчилсан үзэлтнүүдтэй ярилцлага хийсэн байна. Судлаачид “талууд өөрсдийгөө үзэн ядалтаас илүү хайраар асуудалд хандаж байгаа гэж үзсэн. Харин өрсөлдөгч тал нь яагаад зөрчилдөөнд орсон тухай асуухад тэднийг үзэн ядалтаар асуудалд ханддаг гэж үздэг болохыг” тогтоожээ.3

Өөрөөр хэлбэл, бүлэг тус бүр өөрсдийгөө “сайн” буюу шударга, найрсаг, үнэнч гэж үзсэн байна. Нөгөө талаас, тэд өрсөлдөгчөө “муу” буюу мэдээлэлгүй, шударга бус, хорон санаатай гэж дүгнэжээ.

Намайг төрдөг жил дэлхий уй гашуу, зовлон шаналал дагуулсан аймшигт дайнд нэрвэгдээд байлаа. Энэ дайныг манай улс орны хэсэг бүлэг хүн дэгдээсэн бөгөөд тэд өөр хэсэг бүлэг хүнийг муу муухай хэмээн тодорхойлж, тэдний эсрэг үзэн ядалтыг хөхиүлэн дэмжсэн юм.

Тэд өөрсдийн дургүй хүмүүсийн амыг таглаж, тэднийг шившиглэн, ёс бус хэмээн үзсэн. Мөн тэднийг дорд үзэж, тэр ч байтугай хүнээс ч дорд үзсэн. Аливаа бүлэг хүнийг дорд үзэгсэд тэдний эсрэг үйлдсэн хэрцгий үг, үйлдлээ зөвтгөх хандлагатай байдаг.

Би 20-р зууны Германд юу болсныг бодохоор дотор зарсхийдэг.

Аливаа хүн биднийг эсэргүүцэж эсвэл бидэнтэй санал зөрөх үед тэднийг л болохгүй байна гэж бодоход амархан. Ингэсэн тохиолдолд тэдний үг, үйлдлийг хамгийн муу сэдэлтэй холбож ойлгоход амархан байдаг.

Бид үргэлж зөв зүйлийн төлөө зогсох ёстой төдийгүй үүнийхээ төлөө дуу хоолойгоо өргөх ёстой үе гардаг нь мэдээж юм. Гэсэн хэдий ч, бид зүрх сэтгэл дэх бухимдлаар эсвэл үзэн ядалтаар үүнийг хийх үедээ мөн бусдыг буруутгаж, шившиглэж, тэдний дууг хорих үедээ зөв шударга үйлдээгүй байх магадлал өндөр байдаг.

Аврагч юу гэж заасан бэ?

“Би та нарт хэлнэ, дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир.

Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд байж болохын тулд буюу.”4

Энэ бол Аврагчийн арга зам. Энэ бол дэлхийд асар их уур хилэн, үзэн ядалт, зөрчилдөөн, хүчирхийлэл бий болгодог саадуудыг нураах анхны алхам юм.

Та нар “Дайснууд маань намайг хайрлахад бэлэн байвал би тэднийг хайрлаж чадна” гэж хэлж магадгүй.

Гэхдээ тэр нь тийм ч хамаатай биш биз дээ? Шавь байх нь бидний өөрсдийн үүрэг хариуцлага бөгөөд бусад хүний бидэнтэй яаж харьцаж байгаагаас шалтгаалахгүй. Тэд хариуд нь биднийг ойлгож, хүнлэг хандаасай гэж бид найддаг нь үнэн боловч тэднийг хайрлах бидний хайр тэдний бидэнд хэрхэн ханддагаас шалтгаалахгүй.

Дайснуудаа хайрлах хүчин чармайлт маань тэдний зүрх сэтгэлийг зөөлрүүлж, тэдэнд сайнаар нөлөөлж магад. Үгүй ч байж магад. Гэхдээ энэ нь Есүс Христийг дагах бидний амлалтыг өөрчилдөггүй.

Тиймээс Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид дайснуудаа хайрлах болно.

Бид уур бухимдал, үзэн ядалтыг даван туулна.

Бид зүрх сэтгэлээ Бурханы бүх хүүхдийг хайрлах хайраар дүүргэнэ.

Бид тэднийг, тэр байтугай “[биднийг] хүнлэг бусаар ашиглах мөн [биднийг] хавчин гадуурхах”5 тэднийг адисалж мөн тэдэнд тохинуулахаар гараа сунгана.

Жинхэнэ шавь

Отгон дүү нь Есүс Христийн жинхэнэ шавийг төлөөлдөг. Тэр хийхэд туйлын хэцүү зүйлийг хийсэн. Доромжлуулж, зовлон амссан ч гэсэн Бурханд итгэсэн. Эргэн тойронд нь доромжлол, сөрөг бодол байсан ч тэр итгэл, найдвараа хадгалж чадсан. Тэрээр нөхцөл байдал нь баяр хөөртэй байснаас болж биш, харин өөрөө баяр хөөртэй байсан учраас баяр хөөртэй амьдарсан.

Бидний хэн нь ч энэ амьдралыг ямар нэг эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр туулахгүй. Маш олон хүч биднийг хойш чангааж байхад бид хэрхэн алсын хараагаа итгэлтэй хүмүүст амлагдсан алдар суут аз жаргал дээр төвлөрүүлж чадах вэ?

Энэ асуултын хариулт хэдэн мянган жилийн өмнөх нэгэн бошиглогчийн зүүднээс олдоно гэдэгт би итгэдэг. Тэр бошиглогчийн нэр нь Лихай бөгөөд түүний зүүдийг эрхэм нандин ба гайхалтай Мормоны Номонд цэдэглэсэн байдаг.

Лихай зүүдэндээ уудам талд байгаа дүрслэхийн аргагүй үзэсгэлэнтэй нэгэн модыг харсан. Тэрээр түүнчлэн уг модны зүг явж буй олон бүлэг хүнийг харжээ. Тэд үүний алдар суут жимснээс хүртэхийг хүсэж байв. Энэ нь тэдэнд агуу их аз жаргал, жинхэнэ амар амгаланг өгнө гэж тэд итгэж байлаа.

Мод руу хөтөлсөн нарийн зам байх ба дэргэд нь зам дээр үлдэхэд туслах төмөр бариул байв. Эдгээрээс гадна уг зам, модыг халхлах харанхуй манан байв. Мөн ойролцоох агуу хийгээд нүсэр барилгаас сонсогдох чанга инээд, доог тохуу үүнээс ч илүү аюултай байсан болов уу. Хачирхалтай нь, тохуурхал модонд хүрч, гайхамшигт жимснээс хүртсэн зарим хүнийг ичингүйрч эхлэн, төөрч явахад хүргэсэн.6

Тэр хүмүүс уг мод тэдний бодож байсан шиг үнэхээр үзэсгэлэнтэй гэдэгт эргэлзэж эхэлсэн байж болох юм. Тэд мэдэрсэн зүйлийнхээ бодит байдалд эргэлзэж эхэлсэн ч байж магадгүй.

Тэд модноос холдвол амьдрал илүү амар байх болно гэж бодсон байж ч болно. Тэд дахин доромжлуулж эсвэл элэг доог болохгүй байх гэж бодсон байж болох юм.

Үнэн хэрэгтээ, тэднийг хуруугаараа зангаж байсан хүмүүс аз жаргалтай, зугаатай байгаа мэт харагджээ. Тиймээс тэд модыг орхиж явбал агуу хийгээд нүсэр барилга доторх хүмүүс тэднийг халуун дотно хүлээн авч, шийдвэр, оюун ухаан, мэргэн ухааныг нь магтана гэж бодсон байж магадгүй.

Зам дээрээ үлд

Хайрт эгч нар аа, найзууд минь, хэрэв та нарт төмөр бариулаас зууран барьж, авралын зүг тууштай алхахад хэцүү байгаа бол мөн өөрсдөдөө хэт итгэлтэй байгаа бусдын инээдэм, доромжлол таныг мохоож байвал, хэрэв хариулагдаагүй асуулт эсвэл хараахан ойлгохгүй байгаа сургаалаас болж зовж байвал эсвэл сэтгэлээр унаснаас болж гунигт автсан бол би та бүхнээс Лихайн зүүдийг санахыг гуйж байна.

Зам дээрээ үлд!

Бурханы үг болох төмөр бариулыг хэзээ ч бүү тавь!

Бурханы хайраас хүртсэний төлөө хэн нэгэн таныг ичээхийг оролдвол тэднийг бүү тоо.

Бурханы хүүхэд гэдгээ, баялаг адислалууд хүлээж байгаа гэдгийг, хэрэв Түүний хүслийн дагуу байж сурвал Түүнтэй дахин хамт амьдарна гэдгийг хэзээ ч бүү март.7

Дэлхийн магтаал сайшаалын амладаг зүйлүүд найдваргүй, худал бөгөөд ямар ч сэтгэл ханамж өгөхгүй. Бурханы амлалтууд одоо төдийгүй үүрд баттай, үнэн, баяр баясгалантай.

Би та бүхнийг шашин, итгэл үнэмшлийг илүү өөр өнцгөөс бодож үзэхэд урьж байна. Агуу хийгээд нүсэр барилгын санал болгох юу ч Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахаас ирдэг үр жимсийг орлож чадахгүй.

Чухам “нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ.”8

Есүс Христийн сайн мэдээн дэх шавийн замнал нь баяр баясалд хүрэх зам гэдгийг би хувьдаа олж мэдсэн. Энэ бол аюулгүй байдал, амар амгаланд хүрэх зам. Энэ бол үнэнд хүрэх зам.

Та нар Ариун Сүнсний бэлэг, хүчээр үүнийг өөрсдөө олж мэдэж чадна гэдгийг би гэрчилж байна.

Хэрэв уг зам хэцүү санагдах аваас та нар Сүмийн гайхалтай бүлгүүд болох Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд, Халамжийн нийгэмлэгээс аюулгүй байдал, хүч чадал олно гэж би найдаж байна. Эдгээр нь цаашдын аялалд зориулсан итгэлтэй байдал ба итгэлээ шинэчлэхийн тулд түр саатах зам дагуух өртөө юм. Энэ бүлгүүд нь хамааралтай гэдгээ мэдэрч, эгч нараас болон зорилго нэгт шавь нараас урам зориг авах боломжтой аюулгүй гэр билээ.

Хүүхдийн хэсэгт сурч мэддэг зүйлүүд нь залуу эмэгтэйн хувьд сурах нэмэлт үнэнүүдэд та нарыг бэлтгэдэг. Залуу эмэгтэйчүүдийн ангид хийдэг шавийн замнал тань Халамжийн нийгэмлэг дэх нөхөрлөл, эгч дүүгийн холбоо руу хөтөлдөг. Уг зам дээрх алхам тутамд итгэл, нинжин сэтгэл, энэрэл, ариун журам, үйлчлэлийн үйлсээр дамжуулан бусдыг хайрлах хайраа харуулах боломж та нарт олддог.

Энэхүү шавийн замыг сонгох нь хязгааргүй аз жаргал руу хөтөлж, тэнгэрлэг шинж чанарыг чинь бодитой болгоно.

Энэ нь амаргүй байх болно. Энэ нь та нараас өөрт буй эрхэм бүхнийг буюу бүх оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, итгэл, үнэнч байдал, хүч чадал, шийдэмгий байдал, хайрыг шаардана. Хэзээ нэгэн өдөр та нар гаргасан хүчин чармайлтаа эргэн хараад, хүчтэй хэвээр байж, итгэлтэй байж, замаасаа хазайгаагүйдээ маш их талархах болно.

Урагш тэмүүл

Амьдралд та нарын хяналтаас гадуур олон зүйл байж болно. Гэвч эцсийн эцэст, хүрэх газраа мөн замын турш хуримтлуулах туршлагын ихэнхийг нь сонгох хүч та нарт бий. Та нарын чадвараас илүүтэй сонголтууд чинь амьдралд өөрчлөлт гаргадаг.9

Та нар нөхцөл байдлаас болж гуниглаж болохгүй.

Мөн үүнээс болж уурлаж бухимдаж болохгүй.

Та Бурханы охин гэдэгтээ баясаж болно. Та нар Бурханы ач ивээл, Есүс Христийн хайраас баяр баясал, аз жаргалыг олж чадна.

Та нар баяр хөөртэй байж чадна.

Би та бүхнээс Бурханы элбэг дэлбэг, хязгааргүй сайн сайханд талархах талархлаар зүрх сэтгэлээ дүүргэхийг гуйж байна. Хайрт эгч нар аа, та нар үүнийг хийж чадна. Та нарыг амьдралын модны зүг урагшлах сонголтыг хийгээсэй хэмээн би бодгалийнхаа бүхий л хүслээр залбирч байна. Та бүхэн дуу хоолойгоо өргөж, амьдралдаа магтаал өргөх сонголт хийж, Бурханы хайр, Түүний Сүмийн гайхамшгууд, Есүс Христийн сайн мэдээний дэлхийд авчирч чадах зүйлүүдэд баясах болтугай хэмээн би залбирч байна.

Жинхэнэ шавь байх нь зарим хүнд ая тухгүй эсвэл амаргүй байж болно. Энэ нь цаг хугацааны эхлэлээс ийм байсаар ирсэн.

Гэвч Тэнгэрлэг Эцэгт мөн Түүнийг хайрлаж, хүндэлдэг хүмүүст энэ нь хамгийн үнэ цэнтэй, сайхан буюу Бурханыг болон бусдыг хайрлаж, үйлчлэх гэтэлгэх хайрын яруу хийгээд ариусгагч дуу юм.10

Та бүхэн Бурханы охины хувьд шавийн алдар суут замаар өдөр бүр баяртай алхахдаа баяртайгаар өсөж хөгжих хүч чадал, зоригийг олох болтугай хэмээн би Их Эзэний төлөөлөгчийн хувьд та нарт адислалаа үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. 2 Нифай 2:14, 26-г үзнэ үү.

  2. Лук 15:4-6-г үзнэ үү.

  3. Boston College, “Study Finds Intractable Conflicts Stem from Misunderstanding of Motivation,” Science Daily, 2014 оны 11-р сарын 4, sciencedaily.com.

  4. Матай 5:44-45.

  5. Матай 5:44.

  6. 1 Нифай 8-ыг үзнэ үү.

  7. “Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х.58-ыг үзнэ үү.

  8. 1 Коринт 2:9.

  9. “The Most Inspirational Book Quotes of All Time,” pegasuspublishers.com/blog-ийг үзнэ үү.

  10. Алма 5:26-г үзнэ үү.