2010–2019
Бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл
2017 оны 10-р сар


Бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл

Бүгдээрээ бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлтэй байхын тулд шаардлагатай бүхнийг хийж, үр дүнд нь “хэрэгтэй” байгаа зүйлээр маань хангах адислалууддаа чин сэтгэлээсээ баясацгаая.

Би насанд хүрснээсээ хойш амьдралынхаа ихэнх хугацаанд Номхон далайн бүсийн гэгээнтнүүдэд үйлчлэх агуу их адислалаар адислагдсан билээ. Эдгээр үнэнч гэгээнтний итгэл, хайр, гайхалтай золиослол намайг сүнслэг өдөөлт, талархал, баяр баяслаар дүүргэдэг. Тэдний түүх та нарынхтай төстэй.

Эдгээр гэгээнтэн Аврагчийн харсан нэгэн бэлэвсэн эмэгтэйтэй ижил төстэй мэт санагддаг. Тэрээр “… суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа.

Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, … хоёр жижиг зэс зоос хийжээ.

“Есүс өөр уруугаа шавь нараа дуудаад, Үнэнээр би та нарт хэлье, Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө.

Яагаад гэвэл хүмүүс … илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав.”1

Хэдийгээр түүний өгсөн хоёр жижиг зоос өчүүхэн бага өргөл байсан ч тэр эмэгтэй бүхнээ өргөсөн байсан бөгөөд энэ нь Аврагчийн хувьд эрхэм дээд үнэт бэлэг байсан юм. Бэлэвсэн эмэгтэйн Аврагчид зориулсан бэлэг түүний зүрх сэтгэлийг харуулж байсан тул тэрхүү мөчид Тэрээр уг эмэгтэйг бүрэн таньж мэдсэн. Түүний хайр, итгэлийн хэмжээ нь “хэрэгтэй” байгаа зүйлээрээ хангагдах болно гэдгийг мэдээд бүхнээ өгөхүйц тийм гүн гүнзгий байсан.

Би Номхон далайн гэгээнтнүүдээс яг л тийм зүрх сэтгэлийг олж харсан. Нэгэн арлын жижигхэн тосгонд амьдардаг ахимаг насны эр эхнэрийн хамт номлогчдын зааж байгаа бүхэн үнэн эсэхийг Их Эзэнээс чин сэтгэлээсээ асуух урилгыг хүлээн авсан ажээ. Үүний зэрэгцээ тэд хүлээн авсан хариулт нь сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад хүргэх тохиолдолд биелүүлэх амлалтынхаа үр дүнг ч мөн бодолцож үзсэн байв. Тэд Сүм болон Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд мацаг барин залбирчээ. Тэдний залбирлын хариулт нь “Тийм ээ! Энэ бол үнэн!” хэмээн зөөлөн боловч тодоос тод нотлон ирсэн байна.

Тэд энэхүү гэрчлэлийг хүлээн аваад, баптисм хүртэхийг сонгосон бөгөөд сонголт нь хүн нэг бүрээс төлөөс шаардсан юм. Тэдний гаргасан шийдвэр, баптисм өндөр үнээр иржээ. Тэд ажлаа алдаж, нийгэм дэх байр сууриа золиослон, дотно нөхөрлөлөөсөө салсан бөгөөд гэр бүлийн дэмжлэг, хайр, хүндлэл нь үгүй болжээ. Одоо тэд ням гараг бүр Сүм рүү алхахдаа зөрөн өнгөрч буй найз нөхөд, хөршүүдтэйгээ тайгүйхэн зэрвэс харан өнгөрдөг болжээ.

Ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад нь энэхүү сайн ахаас Сүмд орох болсон шийдвэрийнхээ талаар юу бодож байгааг асуухад “Энэ бүхэн үнэн биз дээ? Бидний сонголт тодорхой байсан” хэмээн энгийн бөгөөд шулуухан хариулсан юм.

Энэхүү шинэхэн хоёр хөрвөгч гэгээнтэн үнэхээр бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлтэй хүмүүс байсан юм. Тэд бэлэвсэн эмэгтэйн адил “хэрэгтэй” байгаа зүйлээ авна гэдгээ мэдэж байсан тул өөрт “байгаа бүхнээ” өгсөн. Энэхүү хүнд хэцүү үед зүрх сэтгэлдээ итгэлтэй, тууштай байсны үр дүнд тэдний ачаа хөнгөрсөн юм.Сүмийн гишүүд тэднийг хүрээлэн авч, дэмжиж туслан, тэдэнд үйлчилдэг байсан бөгөөд тэд сүм дэх үйлчлэлээрээ дамжуулан хувь хүнийхээ хувьд ч бас хүчирхэгжиж байв.

“Бүхнээ” өгсний дараа ариун сүмд мөнхийн гэр бүл болж лацдан холбуулах нь тэдний хувьд хамгийн агуу өдөр болсон. Аврагч Алмагийн удирдлаганд байсан хөрвөгчдөд хэрхэн хандсантай адил “ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.”2 Энэ гайхалтай хосын үлгэр жишээ бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийг ийнхүү харуулсан юм.

Бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийг тод томруун харуулсан өөр нэгэн жишээг би хуваалцъя. Самоад бид номлогчдод сайн мэдээг номлох боломж олохын тулд тосгоны зөвлөлтэй хамтарч ажилладаг байсан юм. Хэдэн жилийн өмнө номлогчдыг тосгонд нь сайн мэдээ номлохыг олон жилийн турш хориглож байсан нэгэн тосгоны захирагчтай яриа өрнүүлэв. Бидний энэхүү яриа уг тэргүүн захирагчийг тосгондоо Сүмийг нээж, сайн мэдээ болон сургаалыг мэдэх хүсэлтэй хүмүүст заахыг номлогчдод зөвшөөрөөд удаагүй байхад болсон.

Олон жилийн дараа уг үйл явдлыг гайхамшигтай байдлаар эргэхэд хүргэсэн ийм шийдвэр гаргахад захирагчид юу нөлөөлснийг би мэдэхийг хүссэн юм. Захирагчтай ярьж суухдаа түүнээс энэ тухай асуухад “Хүн хэсэг хугацаанд харанхуйд амьдарч болно, харин гэрэлд гарахыг хүсэх цаг бас ирдэг юм” гэж тэр хариулав.

Уг тэргүүн захирагч тосгоноо нээлттэй болгосноор үнэний гэрэл ба илч төөнөх үед зөөлөрдөг зүрх сэтгэлээ буюу бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийг харуулсан юм. Тэр удирдагч бусдыг адислахын тулд олон жилийн уламжлалаа орхин, олон эсэргүүцэлтэй тулгарч, үүн дээрээ бат зогсох хүсэлтэй байсан. Тэр уламжлал, соёл, зан заншил, хувийн эрх мэдлээс илүү хүмүүсийнхээ сайн сайхан, аз жаргалд зүрх сэтгэлээ зориулсан удирдагч байсан. Ерөнхийлөгч Томас С.Монсоны зааснаар “Аврагчийн үлгэр жишээг дагах үед, бусдын амьдралд гэрэл болох боломж бидэнд ирэх болно”3 хэмээх үгсийн дагуу тэр тэдгээр асуудлаа үл тоон, шийдвэр гаргасан билээ.

Эцэст нь би та бүхэнтэй зүрх сэтгэлийнхээ угт шингэж үлдсэн Номхон далайн гэгээнтнүүдийн нэгэн жишээг хуваалцмаар байна. Хэдэн жилийн өмнө би Америкийн Самоагийн нэгэн шинэ тойрогт бишопын залуухан зөвлөх байсан юм. Манай тойрог гэр бүлээрээ газар тариалан эрхэлдэг хүмүүс, нөөшний үйлдвэрийн ажилчид, төрийн албан хаагчид, тэдний гэр бүлүүдээс бүрдсэн 99 гишүүнтэй байлаа. 1977 онд Тэргүүн Зөвлөлөөс Самоад ариун сүм барих тухай зарлахад бид бүгдээрээ баяр хөөр, талархлаар дүүрэн байв. Тэр үед Америкийн Самоагаас ариун сүм рүү орохын тулд нэг бол Хавай эсвэл Шинэ Зеланд руу явах ёстой байлаа. Энэ нь Сүмийн итгэлтэй олон гишүүний хувьд төлж дийлэхийн аргагүй үнэтэй аялал болдог байсан юм.

Тэр үед ариун сүмийн барилгын ажилд туслах хандив өргөхийг Сүмийн гишүүдэд уриалж байв. Манай бишопын зөвлөл энэхүү уриалгын дагуу тойргийнхоо гишүүдээс юу хандивлаж болох тухай залбирч, сайн бодож үзэхийг хүссэн юм. Гэр бүлүүдийн хандив цуглуулах өдрийг товлосон байлаа. Дараа нь бишопын зөвлөл хандивын захидлуудыг тусгайлан задлахдаа тойргийнхоо гайхалтай гишүүдийн итгэл, өгөөмөр занг хараад, сэтгэл нь хөдлөн, даруусаж байсан.

Гэр бүл бүрийг мөн тэдний нөхцөл байдлыг мэддэг болохоор би бишрэл, хүндлэл, дарууслын гүн, бат бөх мэдрэмжийг мэдэрсэн. Энэ нь бүх талаараа “хэрэгтэй” байгаа зүйлээ авахын тулд Самоа дахь Их Эзэний ариун сүмийн амлагдсан барилгын ажлыг адислах баяр баясалтайгаар, байгаагаа харамгүй өгсөн орчин цагийн бэлэвсэн эмэгтэйн зоос байсан юм. Эдгээр гэр бүл адислалгүй үлдэхгүй гэдэгтээ итгэн, Их Эзэнд чадах бүхнээ зориулсан. Тэдний бэлэг тэдэнд буй бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийг харуулсан. Ийнхүү өөрсдийн доторх бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийн ачаар өөрсдийн хүслээр, баяр баясалтайгаар өгсөн бүх хүн, тэдний гэр бүл, Самоа, Америкийн Самоагийн бүх ард түмэн, хойч үед нь эрхэм дээд адислал болно гэдгийг итгэлийн нүдээр харж байсан юм. Тэдний бүхнээ зориулсан өргөл, бэлэвсэн эмэгтэйн зоосыг Их Эзэн таньж мөн хүлээн авсан гэдгийг би мэднэ.

Хоёр зоос өгсөн бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл бол золиослол гарган, зовлон бэрхшээл, дарамт шахалт, эсэргүүцэл хавчлагыг тэвчин, зүйл бүрийн ачааг үүрч, бүхнээ зориулдаг зүрх сэтгэл юм. Бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл нь үнэний гэрлийг таньж, мэдэрч, мэддэг бөгөөд уг үнэнийг хүлээн авахын тулд бүхнийг хийдэг билээ. Мөн энэ нь яг тэр гэрлийг харж, тийм хэмжээний аз жаргал, баяр баяслыг олж авахад нь бусдад тусалдаг. Эцэст нь хэлэхэд, бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлийг дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад бүхнээ зориулах хүслээр нь тодорхойлдог.

Дэлхий даяарх гэгээнтнүүдийн хувьд бүгдээрээ бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэлтэй байхын тулд шаардлагатай бүхнийг хийж, үр дүнд нь “хэрэгтэй” байгаа зүйлээр хангах адислалууддаа чин сэтгэлээсээ баясацгаая. Бидний хүн нэг бүр зүрх сэтгэлдээ ачаа үүрэх, шаардлагатай золиослол гаргах, хийх мөн өгөх хүсэлтэй байгаасай хэмээн би гуйн залбирч байна. Их Эзэн та бүхнийг хоосон орхихгүй гэдгийг би амлая. Бэлэвсэн эмэгтэйн зүрх сэтгэл нь Аврагч “уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн”4 учир бид “гашуун аяганаас”5 амсах шаардлагагүй болсон гэдэгт талархах талархлаар дүүрэн байдаг. Бидний сул дорой байдал, алдаа дутагдлаас үл хамааран мөн тэдгээрээс болж Тэр бидний төлөө хадуулсан мутраа бидэн рүү сунгасаар байдаг. Бид Түүний сайн мэдээний гэрэлд ирж, Түүнийг хүлээн авч, “хүссэн” зүйлийг маань өгөх боломжийг Түүнд олгох хүсэлтэй байвал Тэрээр биднийг өргөх болно.

Их Эзэн Есүс Христийн шавь, дагалдагчдын хувьд бидний хуваалцаж болох агуу хайрыг би гэрчилж байна. Би ерөнхийлөгч Томас С.Монсонд хайртай бөгөөд түүнийг дэлхий дээрх Бурханы бошиглогч хэмээн дэмжин баталдаг. Мормоны Ном бол дэлхийд гэрчлэх Есүс Христийн бас нэгэн гэрч бөгөөд үүнийг уншихыг мөн зөвхөн танд зориулсан захиасыг нь олж нээхийг би та бүхэнд уриалж байна. Их Эзэнд ир хэмээх Түүний урилгыг хүлээн авсан бүх хүн амар тайван, хайр, гэрлийг олох болно. Есүс Христ бол агуу Жишээ Үзүүлэгч бөгөөд Гэтэлгэгч юм. Зөвхөн Есүс Христээр болон Түүний хэмжээлшгүй Цагаатгалын гайхамшгаар дамжуулан бид мөнх амьдралыг хүлээн авах боломжтой. Би энэ талаарх өөрийн гэрчлэлийг Есүс Христийн ариун нэрээр үлдээж байна, амен.