2010–2019
Гэрийн зүг тэмүүлэх нь
2017 оны 10-р сар


Гэрийн зүг тэмүүлэх нь

Бодгалиа гэрэл рүү хандуулж, гэртээ очих гайхамшигт аяллаа эхлүүлээрэй. Ингэснээр таны амьдрал сайжирч, илүү аз жаргалтай, чиг зорилготой болно.

Саяхан биднийг ерөнхийлөгч Томас С.Монсонтой уулзахад тэрээр нэлээд ёсорхуу байдлаар, аз жаргалтай царай төрхөөр Их Эзэнд ямар их хайртайгаа мөн Их Эзэн өөрийг нь хайрладаг гэдгийг мэддэгээ илэрхийлсэн юм. Хайрт ах, эгч нар аа, ерөнхийлөгч Монсон та нарын хайр, залбиралд мөн Их Эзэнд болон Түүний гайхамшигт сайн мэдээнд үнэнч байдагт чинь маш их талархдаг гэдгийг би мэднэ.

Гайхамшигт нохой Бобби

Бараг зуун жилийн өмнө Орегоны нэгэн гэр бүл гэрээсээ 3200 гаруй км хол орших Индиана мужид аялж байхдаа Бобби нэртэй хайртай нохойгоо алджээ. Сандарсан гэр бүлийнхэн нохойгоо хаа сайгүй эрж хайсан ч үр дүн гарсангүй. Тэд Боббиг олж чадаагүй юм.

Тэд сэтгэлээр унасан байдалтай гэрийн зүг хөдөлсөн бөгөөд зам хорогдох тусам хайртай дотно амьтнаасаа холдсоор байв.

Гэтэл зургаан сар өнгөрсний дараа тэд Боббийг гэрийнхээ үүдэнд зогсож байхыг олж хараад, нүдэндээ ч итгэсэнгүй. “Шороо тоосонд дарагдан, турж эцсэн тэр нохой тийм урт замыг тавхайгаа эргэтэл ганцаараа туулсан бололтой харагджээ.”1 Боббигийн түүх Нэгдсэн Улс даяар хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд тэр Гайхамшигт нохой Бобби гэдэг нэрээр алдаршсан юм.

Бобби зүг чигийн мэдрэмж, гэрээ олох онцгой зөн билгээрээ эрдэмтдийг гайхшируулж байсан цорын ганц амьтан биш. Хаан эрвээхийн зарим сүрэг цаг агаарын хувьд амьдрахад илүү тохиромжтой газар руу жил бүр 4800 км хол зайд нүүдэллэдэг байна. Арьсан нуруут яст мэлхийнүүд Индонезоос Калифорнийн эрэг хүртэл Номхон далайг гатлан аялдаг. Бөгтөр халимнууд Хойд болон Өмнөд туйлын хүйтэн уснаас экватор хүртэл сэлээд буцдаг. Үүнээс илүү гайхалтай зүйл гэвэл Арктикийн жижиг цагаан шувуу Арктикийн тойргоос Антарктид хүрээд буцахад жил бүр 97000 км замыг туулан нисдэг байна.

Эрдэмтэд энэхүү гайхалтай шинж чанарыг судалж байхдаа “Тэд хаашаа явахаа яаж мэддэг юм бол?,” “Дараа дараагийн үр удам нь энэ шинж чанарыг хэрхэн өвлөдөг юм бол?” гэх мэт асуултыг тавьдаг.

Би амьтдын энэхүү хүчтэй зөн билгийн талаар уншаад, өөрийн эрхгүй “Хүн төрөлхтөнд үүнтэй адил хүсэл тэмүүлэл буюу тэнгэрлэг гэр рүү нь чиглүүлдэг дотоод удирдлагын систем маягийн зүйл байдаг болов уу?” гэж бодсон.

Би эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр амьдралынхаа нэгэн мөчид тэнгэрийн дуудлагыг мэдэрсэн гэдэгт итгэдэг. Бидний сэтгэлийн гүнд ямар нэгэн байдлаар хөшигний цаадах руу тэмүүлж, нэгэн цагт мэддэг, хайрладаг байсан Тэнгэрлэг Эцэг, эхээ тэврэн авах хүсэл эрмэлзэл бий.

Зарим хүн энэ хүслээ дарж, бодгалийнхаа дуудлагыг үгүйсгэн дарахыг оролддог байх. Гэхдээ өөрийн доторх энэхүү гэрлийг нуудаггүй хүмүүс тэнгэрийн орон руу нүүдэллэх гайхамшигт аялалд гарах боломжтой.

Бурхан таныг дууддаг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эрхэм дээд захиас нь Бурхан бол бидний Эцэг мөн Тэр биднийг хайрлан халамжилдаг бөгөөд Түүн рүү буцаж очих зам байдаг гэсэн захиас юм.

Бурхан таныг дууддаг.

Тэр таны бодол бүрийг төдийгүй харуусал, хамгийн дээд хүсэл найдварыг мэднэ. Бурхан Өөрийг нь олон удаа эрэлхийлж байсныг тань бас мэддэг. Та хэдэн удаа хязгааргүй ихээр баярлан, хэдэн удаа ганцаардан уйлж мөн хэдэн удаа арга мухардан, эргэлзэж эсвэл бухимдаж байсан бэ?

Гэсэн ч та өмнө нь эргэлзэн, бүтэлгүйтэж, цөхөрч, шаналан, хууртаж, ялагдаж байсан эсэхээсээ үл хамааран ганцаараа биш гэдгээ ойлго. Бурхан таныг дуудсаар байна.

Аврагч тань руу мутраа сунгаж, эрт үед Галилын тэнгисийн эрэг дээр зогсож байсан загасчдад хэлсний адил хэмжээлшгүй хайраар танд хандан, “Ирээд, Намайг дага”2 хэмээн хэлдэг.

Хэрэв та Түүнийг сонсвол яг тэр мөчид Тэр тантай ярих болно.

Таныг шавийн замаар алхан, Тэнгэрлэг Эцэг рүү явахад Аврагчийн дуудлагыг сонсож, гэрэл рүү зүрх сэтгэлээ чиглүүлсэн гэдгийг тань ямар нэгэн зүйл зүрх сэтгэлд тань нотолно. Энэ нь таныг гэрийнхээ зүг зөв замаар явж байгаа болохыг хэлж өгнө.

Цаг хугацааны эхлэлээс хойш Бурханы бошиглогчид өөрийн хүмүүст хандан, “та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, … Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэ”3 хэмээн ухуулж байсан.

Судрууд бидэнд үүнийг хийх ёстой мянга мянган шалтгааныг заадаг.

Өнөөдөр бид яагаад Их Эзэн рүү зүрх сэтгэлээрээ эргэх хэрэгтэйг заадаг хоёр шалтгааныг би та бүхэнтэй хуваалцъя.

Нэгдүгээрт: Таны амьдрал сайжирна.

Хоёрдугаарт: Бурхан бусдын амьдралыг сайжруулахын тулд таныг ашиглана.

Таны амьдрал сайжирна

Биднийг Бурхан руу хөтөлдөг гайхалтай аяллаа эхлүүлэх юм уу үргэлжлүүлэх үед амьдрал маань сайжирна гэдгийг би гэрчилж байна.

Гэхдээ энэ нь бидний амьдралыг зовлон шаналлаас чөлөөлнө гэсэн үг биш юм. Бид бүгдээрээ гай зовлон, шударга бус байдлаас болж зовлон амссан Христийн итгэлтэй дагагчдыг мэдэх бөгөөд Есүс Христ Өөрөө хэнээс ч илүү зовлон амссан гэдгийг мэднэ. Бурхан “нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулдгийн” адил Тэрээр дайсанд зөвт болон зөвт бус хүмүүсийн аль алиныг нь сорихыг зөвшөөрдөг.4 Үнэндээ, зарим үед бид шашин шүтлэгийнхээ дагуу амьдрах гэж хичээж байгаа учраас л амьдрал бидэнд илүү хэцүү мэт санагддаг.

Тийм ээ, Аврагчийг дагах нь зовлон бэрхшээлийг арилгахгүй. Харин энэ нь Тэнгэрлэг Эцэгээс танд өгөхийг хүсэж байгаа тусламж, та хоёрын хоорондох саадыг арилгах болно. Бурхан тантай хамт байж, хийх алхмуудыг тань чиглүүлнэ. Тэр тантай мөр зэрэгцэн алхах ба тэр ч бүү хэл, тусламж хамгийн их хэрэгтэй үед таныг үүрээд явах болно.

Та Сүнсний дээд үр жимс болох “хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдлыг”5 амсана.

Эдгээр сүнслэг үр жимс нь зуурдын эд баялаг, амжилт ололт, сайн заяа төөргийн үр дүн биш юм. Тэдгээр нь Аврагчийг дагаснаар ирдэг бөгөөд бүр хамгийн харанхуй шуурган дунд ч бидний итгэлтэй туслагч байж чадна.

Мөнх бус амьдралд гарах түймэр, хөл үймээн аймшигтай, сүрдмээр байж болох ч зүрх сэтгэлээ Бурханд хандуулсан хүмүүс Түүний амар амгалангаар хүрээлэгдэх болно. Тэдний баяр баясгалан хорогдохгүй. Тэд орхигдож, мартагдахгүй.

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно”6 хэмээн сударт заадаг.

Дотоод дуудлагадаа анхаарлаа хандуулж, Бурханыг эрэлхийлдэг мөн залбиран, итгэж, Аврагчийн бэлдсэн замаар алхдаг хүмүүс хэдийгээр замдаа бүдэрдэг ч гэсэн “[тэдний] сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно”7 хэмээх тайтгарлын амлалтыг хүлээн авдаг юм.

Учир нь Бурхан “ядарсанд тэнхээ өгч, сул доройд нь хүч нэмдэг.”8

“Учир нь зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ.”9

Тийн Их Эзэн нинжин сэтгэлээр дараах асуултуудыг тавьдаг юм.

Та хязгааргүй их баяр баяслыг мэдрэхийг хүсэж байна уу?

Та оюун ухаанаас дээгүүрх амар тайванг зүрх сэтгэлдээ мэдрэхийг хүсэж байна уу?10

Тэгвэл бодгалиа гэрэл рүү хандуулж,

гэртээ очих гайхамшигт аяллаа эхлүүлээрэй.

Ингэснээр таны амьдрал сайжирч, илүү аз жаргалтай, чиг зорилготой болно.

Бурхан таныг ашиглана

Та Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих замдаа энэ аялал бол зөвхөн өөрийн амьдралд анхаарах тухай биш гэдгийг удалгүй ойлгоно. Тийм ээ, энэхүү зам таныг Бурханы бусад хүүхдийн амьдралыг буюу ах, эгч нарынхаа амьдралыг адислах адислал болоход зайлшгүй хүргэдэг. Уг аяллын сонирхолтой зүйл нь гэвэл, та Бурханд үйлчилж, ойр дотны хүмүүсээ халамжилж туслах үед таны амьдрал төсөөлж ч байгаагүй арга замаар асар их өсөж дэгжихийг олж харах болно.

Та өөрийгөө тийм ч их хэрэгтэй, бусдын амьдралд адислал болохоор хүн биш гэж боддог байж магадгүй. Ихэнхдээ бид өөрсдийнхөө зөвхөн сул тал, алдаа дутагдлыг л олж хардаг. Бурханд хэрэгтэй хүн болохын тулд бид “илүү” ухаантай, чинээлэг, сэтгэл татам, авьяаслаг мөн сүнслэг байх ёстой гэж боддог байж болох юм. Адислалууд нь таны ур чадвараас илүүтэй сонголтоос тань шалтгаалан ирэх болно. Харин ертөнцийн Бурхан Өөрийнх нь зорилгын төлөө гаргаж буй даруухан хичээл зүтгэлийг тань нэмэгдүүлэн, таны дотор мөн танаар дамжуулан ажиллах болно.

Түүний ажил “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг”11 гэсэн чухал зарчмаар үргэлж урагшилж байдаг.

Төлөөлөгч Паул Коринт дахь гэгээнтнүүдэд захидал бичиж байхдаа тэдний цөөнх нь л дэлхийн жишгээр ухаалаг хүмүүст тооцогдоно гэдгийг анзаарчээ. Гэвч “Бурхан хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгосон”12 учраас энэ нь хамаагүй байсан билээ.

Бурханы үйл хэргийн түүх өөрсдийгөө шаардлага хангахгүй хэмээн үздэг байсан хүмүүсээр дүүрэн. Гэвч тэд Бурханы нигүүлсэлд болоод “тэдний гар миний мутар байх болно, мөн бибээр тэдний бамбай нь байх болно; … мөн тэд миний төлөө эрэлхгээр тулалдах болно; мөн … тэднийг хамгаалах болно би”13 гэх амлалтад найдан, даруухнаар үйлчилсэн.

Өнгөрсөн зун манай гэр бүлд Нэгдсэн Улсын зүүн хэсэгт байх Сүмийн түүхэн газруудаар зочлох гайхалтай боломж олдсон юм. Бид тэр үеийн түүхийг онцгой арга замаар өөрийн биеэр мэдэрсэн. Би Мартин Харрис, Оливер Каудери, Томас Б.Марш нарын тухай маш их уншиж байсан бөгөөд тэдний алхаж байсан газраар алхаж, Бурханы хаант улсыг байгуулахын төлөө гаргасан золиослолынх нь тухай тунгаан бодсоноор миний хувьд тэд илүү бодитой болж ирсэн.

Тэдэнд Есүс Христийн Сүмийн Сэргээлтэд томоохон хувь нэмэр оруулах боломжийг олгосон олон агуу зан чанар байсан. Гэхдээ тэд та бидэн шиг л хүн тул сул дорой байж, алдаа гаргадаг байсан. Зарим нь бошиглогч Иосеф Смиттэй зөрчилдөж, Сүмээс холдсон бөгөөд хожим нь тэдний дундаас олон хүний зүрх сэтгэл өөрчлөгдөж, өөрсдийгөө даруусган, гэгээнтнүүдтэй эргэн нэгдэхийг хүссэн.

Бид эдгээр ахыг болон тэдэнтэй адил хүмүүсийг шүүх гээд байдаг байж магадгүй. “Би хэзээ ч бошиглогч Иосефоос нүүр буруулахгүй байх байсан” гэж бид хэлэх байх.

Энэ нь үнэн байж болох ч тухайн цаг үед, тийм нөхцөл байдалд амьдрахад ямар байсныг бид мэдэхгүй. Тийм ээ, тэд төгс байгаагүй ч Бурхан тэднийг ашиглах боломжтой байсан гэдгийг мэдэх нь хэчнээн сайхан билээ. Тэрээр тэдний хүчирхэг болон сул талыг мэдэж байсан бөгөөд Сэргээлтийн алдар суут дууллын шүлэг, хөгжмийг бичилцэхэд хувь нэмрээ оруулах ер бусын гайхалтай боломжийг тэдэнд өгсөн.

Хэдийгээр бид төгс биш ч гэсэн зүрх сэтгэл маань Бурхан руу хандсан байвал Тэр бидэнд өгөөмөр, нинжин сэтгэлээр хандаж, Өөрийн зорилгод биднийг ашиглана гэдгийг мэдэх нь хэчнээн урамтай сайхан гээч.

Бурханыг болон дотны хүмүүсээ хайрлаж, тэдэнд үйлчилж мөн Түүний ажилд даруухнаар, идэвхтэй оролцдог хүмүүс өөрсдийн болон хайртай хүмүүсийнх нь амьдралд гайхамшигтай зүйлс тохиолдохыг харах болно.

Хаалттай байсан мэт санагдах үүд хаалга нээгдэж,

Тэнгэр элчүүд тэдний өмнө явж, замыг нь бэлтгэнэ.

Нийгэм болон Сүм дэх таны байр суурь ямар байхаас үл хамааран та өөрөө хүсэх л юм бол Бурхан таныг ашиглах болно. Тэрээр таны зөвт хүслийг нэмэгдүүлж, суулгасан нинжин сэтгэлийн үйл хэргийн тань үрийг сайн сайхны арвин их ургац болгон ургуулна.

Бид тэнд автомат жолоодлогоор очих боломжгүй

Бидний хүн нэг бүр энэ дэлхийд “харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд”14 юм. Бид олон талаараа гэрээсээ хол байгаа. Гэхдээ энэ нь бид төөрөлдөж, ганцаардах хэрэгтэй гэсэн үг биш.

Бидний хайртай Тэнгэр дэх Эцэг бидэнд Христийн гэрлийг өгсөн. Түүнчлэн тэнгэрлэг өдөөлт бидний хүн нэг бүрийн сэтгэлийн гүнд селестиел гэр рүүгээ буцах аялалд гарахдаа мэлмий хийгээд зүрх сэтгэлээ Их Эзэн рүү хандуулахыг бидэнд сануулж байдаг.

Энэ нь хичээл зүтгэл шаарддаг. Та Түүний тухай суралцахыг хичээж, удирдамжийг нь ойлгож мөн хэрэгжүүлж, нэг хөлөө нөгөө хөлнийхөө өмнө тавихгүйгээр тэнд хүрч чадахгүй.

Тийм ээ, амьдрал бол өөрөө явдаг машин ч биш, автомат жолоодлоготой онгоц ч биш.

Та нэгэн өдөр усан дээр хөвөн, урсгал таныг хүсэж байгаа газарт тань аваачна хэмээн найдсаар амьдралыг өнгөрөөж болохгүй. Шавь байх нь хэрэгтэй үед урсгал сөрөн сэлэх хүсэлтэй байхыг шаарддаг.

Таны хувийн аялалд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй. Аврагч танд тусалж, өмнөх замыг тань бэлтгэж өгөх ч Түүнийг болон зарлиг тушаалуудыг дагах хүчин чармайлтыг та өөрөө л гаргах ёстой. Энэ бол таны үүрэх цорын ганц ачаа, танд байгаа онцгой эрх юм.

Энэ бол таны агуу их адал явдал.

Тиймээс та Аврагчийнхаа дуудлагад анхаарлаа хандуулаарай.

Түүнийг дага.

Их Эзэн Бурханд болон дотны хүмүүстээ үйлчлэх энэхүү амлалтаа биелүүлэхэд тань туслахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулсан. Үүний зорилго бол урамшуулах, зааж сургах, өргөн дэмжих, сүнслэгээр нөлөөлөх явдал юм. Энэ гайхамшигтай Сүм бусдад энэрэнгүй хандаж, тусалж, ариун нандин гэрээнүүдээ шинэчлэн, сахин дагах боломжийг танд олгодог. Энэ нь таны амьдралыг адисалж, гэр орон, нийгэм, улс үндэстнийг тань дэгжин дээшлүүлэхээр зохион байгуулагдсан.

Ирж, бидэнтэй нэгдэн, Их Эзэнд найд. Түүний гайхамшигт үйл хэрэгт авьяас чадвараараа туслаарай. Тэнгэрлэг гэрийн зүг тэмүүлэх зүрх сэтгэлээ мэдэрч, анхаарлаа хандуулах хүсэлтэй бүх хүнд хүрч, урамшуулж, анагааж, туслан дэмжээрэй. Тэнгэрлэг орон руу аялах энэхүү алдар суут аялалд хамтдаа нэгдэцгээе.

Сайн мэдээ бол итгэл найдвар, аз жаргал, баяр баясгалангийн ер бусын гайхамшигт захиас бөгөөд биднийг гэрт маань хүргэх зам юм.

Бид сайн мэдээг өдөр бүр, цаг тутамдаа итгэл, үйл хэрэгтээ хүлээн авах аваас Бурхандаа арай илүү ойртох болно. Амьдрал маань сайжрах болно. Их Эзэн эргэн тойрны маань хүмүүсийг адисалж, Өөрийн мөнхийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд гайхалтай арга замаар биднийг ашиглах болно. Би үүнийг гэрчлэн, та нарт өөрийн адислалыг Есүс Христийн ариун нэрээр үлдээж байна, амен.