2010
Нийтлэг асуудаг асуултууд
2010


Нийтлэг асуултууд

Хүмүүс ариун сүмд юу хийдэг вэ?

Ариун сүмд бидэнд заавар өгч, адислалуудыг амлан, гэрээнүүд хийдэг. Бурханы дэргэд амьдрах боломжийг олгодог ёслолуудыг бид хүлээн авдаг.

Ариун сүмд хүлээн авдаг нэг ёслол бол хувийн хишиг юм. Хишиг гэдэг үг “бэлэг” эсвэл “(бэлэг) хүртээлт” гэсэн утгатай. Энэ ёслолын нэг хэсэг болгон амьдралын зорилго, Есүс Христийн үүрэг зорилго ба Цагаатгалын тухай, хүүхдүүддээ зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай бидэнд заадаг. Бид ариун сүмийн нам гүмхэн уур амьсгалыг мэдрэх үед Түүний дэргэд амьдрах нь ийм л байх болов уу гэсэн бодол төрдөг.

Ариун сүмд хүлээн авдаг өөр нэг ёслол бол лацдан холболтын ёслол. Энэ ёслолоор нөхөр, эхнэр хоёр бие биетэйгээ, хүүхдүүд эцэг эхтэй лацдан холбуулж мөнхийн гэр бүл болдог. Энэ нь хэрэв бид гэрээнүүддээ итгэлтэй байвал бидний гэр бүлийн харилцаа үүрд мөнх үргэлжилнэ гэсэн үг юм.

Бид эдгээр ёслолуудыг зөвхөн өөрсдийнхөө төлөө төдийгүй бас нас барсан өвөг дээдсийнхээ төлөө хүлээн авч болно. Ийм байдлаар баптисм, гишүүний баталгаа, ариун сүмийн хишиг, лацдан холболт зэрэг нэн чухал ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан хүмүүс дээрх ёслолуудыг хүлээн авах боломжтой болдог.

Ариун сүм дотроо ямархуу байдаг вэ?

Ариун сүм бол дэлхийн санаа зовоосон зүйлс, үймээн бужигнаанаас ангид, нам гүмхэн, ариун дагшин газар юм. Ариун сүмийн бүх хэсэг үзэсгэлэн төгөлдөр, хүндэтгэлийн сүнс байнга оршдог газар юм. Ариун сүм бол Их Эзэний өргөө, тэнд ариун ажил гүйцэтгэдэг учраас бид Ариун Сүнсийг элбэг дэлбэгээр мэдэрдэг бас Их Эзэнд ойр байгаагаа мэдэрдэг. Тэнд бид хувийн илчлэлт болон хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулахад тусалдаг сүнсний хүч чадлыг хүлээн авч болно. Энэ бол биднийг ариун сүмд тогтмол орж байхад урамшуулан дэмждэг шалтгаан мөн.

Ариун сүмд орохдоо хэрхэн хувцаслах ёстой вэ?

Ариун Сүмд орохдоо ням гарагт өмсдөг даруухан хувцсаа өмс. Хувцаслалт, үс засалтаараа хэт гажуу байхаас зайлсхийж, ариун ёслолын цуглаанд хувцасладаг шигээ л хувцасла. Цэвэр цэмцгэр, аятай сайхан харагдах байдлаараа чи Их Эзэнд болон Түүний өргөөнд хүндэтгэл үзүүлж, Ариун Сүнсийг урьдаг.

Ариун сүмд хүн бүрд зориулсан хувцас солих өрөө байдаг. Тэнд та ням гарагийн хувцсаа тайлж, цагаан хувцас өмсдөг. Ийнхүү хувцсаа солих нь та дэлхийг түр зуур орхиж, ариун газарт орж байгааг тань сануулдаг. Цагаан хувцас цэвэр ариун байдлыг бэлгэддэг бөгөөд бүх хүмүүс цагаан хувцастай байдаг нь ариун сүм дотор эв нэгдэл, тэгш байдлын мэдрэмжийг бий болгодог.

Би хувийн хишгээ хэзээ хүлээж авах ёстой вэ?

Та бүрэн цагийн номлолд үйлчлэхийн өмнөхөн эсвэл ариун сүмд гэрлэхийнхээ өмнө хувийн хишгээ хүлээн авах нь хамгийн тохиромжтой. Номлолын дуудлага хүлээн аваагүй, ариун сүмд гэрлээгүй, хорь хүрээгүй буюу хорь дөнгөж гарч яваа ганц бие гишүүдэд хувийн хишгээ хүлээн авахыг ерөнхийдөө зөвлөмж болгодоггүй.

Шинэ гишүүд хувийн хишгээ хүлээн авахын тулд баптисм ба гишүүний баталгаанаасаа хойш наад тал нь нэг жил хүлээдэг.

Хувийн хишгээ авах нь таны хувьд маш чухал зүйл. Энэ тухай бишоптойгоо ярилц. Хэзээ бэлэн болсноо мэдэхийн тулд залбирч, тунгаан бод.

Ариун сүм дэх туршлагынхаа талаар би бусад хүмүүст юу ярьж болох вэ?

Ариун сүмийн дотоод байдал ямархуу харагддаг тухай ярих буюу тэнд өөртөө төрсөн бодол санааг та чөлөөтэй хуваалцаж болно. Гэвч ариун сүмийн гэрээнүүд, ёслолууд, түүний дотор тэнд хэлдэг үгсийг ариун сүмээс гадуур тодорхой байдлаар ярилцаж болохгүй. Бид эдгээр ариун зүйлсийг ариун сүмээс гадуур ярихгүй байснаар тэдгээрийг шоолон тохуурхах буюу хүндэтгэлгүй хандахаас хамгаалдаг. Ариун сүм дэх туршлагынхаа талаар ярихдаа хайш яйш, хэнэггүй байж болохгүй.

Ариун сүмд яагаад бэлгэдлийг ашигладаг юм бэ?

Аврагч дэлхий дээрх үйлчлэлийнхээ үед мөнхийн үнэнүүдийг сургаалт зүйрлэл, бэлгэдлүүдээр заадаг байлаа. Тэрээр ариун сүмд ийм замаар заах удирдамжийг бидэнд өгсөн юм. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд, тэдгээрийн танилцуулга, өмсдөг хувцсанд түүнчлэн гар барилтаар харуулдаг бэлгэдлүүд байдаг. Хэрэв та эдгээр бэлгэдлүүдийн утгыг Ариун Сүнсний удирдамжаар тунгаан бодвол тэдгээр нь үнэнийг ойлгон, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдэж, сүнслэг байдлын хувьд өсч хөгжихөд тань тусална.

Ариун сүмд орох боломжгүй гэр бүлийн гишүүд надад бий. Ариун сүмийн гэрлэлтдээ тэднийг оролцуулахад туслахын тулд би юу хийж болох вэ?

Энэ бол эмзэг сэдэв юм. Ариун сүм Их Эзэний өргөө бөгөөд Түүнд зориулан онцгойлон адислагдсан учраас орж байгаа хүн бүр ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх ёстой. Энэ бичиг үүнийг эзэмшигч хүмүүс Түүний тогтоосон жишгүүдээр амьдардгийг нотолдог. Гэвч ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиггүй хүмүүсийг ариун сүмийн газар дээр ирж үзэхийг урьдаг бөгөөд гэр бүлийн гишүүд нь лацдан холбуулж байх үеэр тэдэнд зориулсан хүлээлгийн өрөө ихэнх ариун сүмд байдаг. Гэр бүлийн гишүүд нь ариун сүмд орох боломжгүй хос тэдэнтэй хүлээлгийн өрөөнд хамт байлгахаар бишопоо буюу Сүмийн өөр нэг гишүүнийг урьж болно.

Гэр бүлийн хос ариун сүмийн зөвшөөрлийн бичиггүй садан төрөл, найз нартайгаа дараа нь тусгай уулзалт хийлгэхээр бишоптойгоо хамтран зохион байгуулж болно. Ийм уулзалт нь ёслолд хамтран оролцогчийн мэдрэмжийг тэдэнд төрүүлж, мөнхийн гэрлэлтийн тухай илүү ихийг мэдэх боломжийг олгодог. Ийм уулзалт дээр аливаа ёслол үйлдэх буюу харилцан тангараг тавилгүйгээр хосууд бөгж солилцож болно.

Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд би юу хийх ёстой вэ?

Нас барагсдын өмнөөс хийлгэх баптисмд оролцохын тулд ариун сүмд тогтмол орсноор, бишопынхоо зохион байгуулдаг ариун сүмд бэлтгэх хичээлд сууснаар, судрууд болон энэ товхимол дахь өгүүллүүдийг судалснаар бэлтгэж чадна.

Ариун сүмд орохуйц зохистой байдлын тухай Их Эзэний жишгүүдээр амьдарснаар та бэлтгэж чадна. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлээ өсгөн бэхжүүл. Мэргэн Ухааны Үг болон ариун явдлын хуулийг дуулгавартай дага. Сүмийн удирдагчдаа дэмжиж, аравны нэгээ бүрэн төлж, Сүмийн цуглаанууддаа оролцож бай. Бусад хүмүүстэй харилцахдаа шударга бай. Гэр бүлийн тань амьдрал Сүмийн сургаалуудтай нийцдэг байхад анхаар. Ариун сүмийн илүү өндөр шаардлагатай гэрээнүүдийг хүлээн авахад бэлэн байхын тулд баптисмын гэрээнүүдээ сахь.

Ютагийн Маунт Тимпаногос Ариун сүмийн селестиел өрөө.

Ютагийн Жордан Ривер Ариун сүм. 1981 оны 11-р сарын 16-нд онцгойлон адислагдав.

Иллинойн Наувугийн Ариун сүм. 2002 оны 6-р сарын 27-нд онцгойлон адислагджээ.