2010
Хүүхдэд зориулав: Ариун сүмд очих чиний зам
2010


Ариун сүмд очих чиний зам

Хүүхдэд зориулав

Танайд хамгийн ойрхон ямар ариун сүм байдгийг чи мэдэх үү? Тэр ариун сүмийн зургийг зурж, өдөр бүр харж болох газарт өлгө.

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Энэ бол бид Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэж, Түүнтэй гэрээнүүд (эсвэл амлалтууд) хийж, олон агуу адислал хүлээж авдаг газар. Бид ариун сүмд өөрсдийнхөө төлөө бас нас барсан гэр бүлийнхээ гишүүдийн төлөө чухал ажил хийдэг. Ариун сүмд хийдэг ажилд нас барагсдын төлөөх баптисм, хувийн хишиг, лацдан холболтууд ордог. Эдгээрийг ариун сүмийн ёслолууд гэдэг.

Ариун сүмийн дотор юу болдог вэ?

Нас барагсдын өмнөөс хийдэг баптисм

Чи найман нас хүрсэн бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, гишүүнээр батлуулж болно. Чиний өвөг дээдсээс олон нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулалгүйгээр нас барсан байгаа. Тэдний бие үхсэн ч, сүнс нь сүнсний дэлхийд амьд байгаа. Тэнд тэдэнд Есүс Христийн сайн мэдээг зааж болно.

Чи 12 нас хүрсэн бол ариун сүм явж, эдгээр хүмүүсийн өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, тэдэнд тусалж болно. Тэд баптисм болон гишүүний баталгааг хүлээн авах уу үгүй юү гэдгийг шийдэж болно. Чи нас барагсдын өмнөөс баптисм хүртэхдээ яг л өөрөө баптисм хийлгэж байгаа юм шиг цагаан хувцас өмсөх болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэлгүйгээр нас барсан гэр бүлийнхээ гишүүдийн жагсаалт гаргахад туслахыг аав, ээжээсээ гуй. Тэдний төлөө баптисм хийлгэхээр хэн нэгэн нь ариун сүмд явсан эсэхийг мэд.

Ариун сүмийн хишиг

Ариун сүмийн агуу адислалуудын нэг нь хувийн хишиг юм. Хишиг гэдэг нь “бэлэг” гэсэн утгатай. Чи хувийн хишгээ авахдаа гэрээ байгуулдаг. Гэрээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтэй хийдэг амлалтууд юм. Чи эдгээр гэрээнүүдийг сахиснаар нэгэн цагт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрахад бэлтгэнэ.

Ариун сүмийн доторх маш сайхан, нам гүмхэн өрөөг селестиел өрөө гэдэг. Селестиел өрөөнд бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байгаагаа мэдэрч, Тэдэнтэй хамт селестиел хаант улсад амьдрах нь ийм л байх болов уу гэж бодогддог.

Энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулах нь

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ариун сүмд гэрлэхдээ тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн, энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбуулдаг. Энэ бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт мөнхийн гэр бүл болон нэгдэнэ гэсэн үг юм. Нэгэн цагт ариун сүмд гэрлэхээр төлөвлө. Энэ нь ариун сүмийн агуу адислал юм.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг

Ариун сүм бол ариун газар юм. Ариун сүмд орж байгаа хүмүүс бэлтгэгдсэн бөгөөд зохистой байхад бишоп, салбарын ерөнхийлөгч нар анхаардаг. Ариун сүмд орохоос чинь өмнө танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч өөртэй чинь тусгай ярилцлага хийдэг. Сүмийн тухай өөрт чинь гэрчлэл байдаг уу, зарлигуудыг сахиж, Сүмийн удирдагчдыг дэмждэг үү, Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагадаг уу, аравны нэгийг төлж, хийдэг, хэлдэг бүх зүйлдээ шударга байдаг уу гэдгийг тэрээр чамаас асуух болно. Ариун сүмд орохоор зохистой байхын тулд юу хийхийг мэдэхэд тань тэрээр чамд туслах болно.

Ариун сүмд орохоор одооноос бэлтгэ

Зөв шударга амьдарч, ариун сүмд ордог хүмүүст Тэнгэрлэг Эцэг олон адислал өгдөг. Бага байхаасаа эхлэн ариун сүмд орохоор бэлтгэх нь маш чухал юм.

Тэнгэрлэг Эцэг чамд хайртай, чамайг ариун сүмийн адислалуудыг аваасай гэж хүсдэг. Өөрийнхөө төлөө бас бусдын төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэсний төлөө Тэр чамайг адислах болно. Чи одоогоор ариун сүмд орох боломжгүй байлаа ч, ойрхон ариун сүм байдаг бол, ариун сүмийн газар дээр очиж, тэнд сүнс байдгийг мэдэрч болно. Бас ариун сүм хэчнээн чухал болохыг өөрт чинь байнга сануулж байхын тулд аль нэг ариун сүмийн зургийг гэртээ байлгаж болно. Их Эзэний өргөөнд орохоор зохистой байхын тулд зөв шударга амьдар.

Энэ зураг дээрх толь уруу хар. Лацдан холболтын зарим өрөө үүнтэй адилхан тольтой байдаг. Манай гэр бүлүүд ариун сүмд лацдан холбуулсны ачаар яг энэ толинд харагдаж байгаа шиг үүрд мөнх өсөн үржиж чадна.

Энэ зураг дээрх болон 64-р хуудасны зураг дээрх селестиел өрөөг хар. Селестиел өрөөг харахад та нарт ямар санагдав?

Массачусетсын Бостоны Ариун сүм. 2000 оны 10-р сарын 1-нд онцгойлон адислагджээ.

Нигерийн Абагийн Ариун сүмийн лацдан холболтын өрөө.

Тонгагийн Нуку-алофа Ариун сүмийн селестиел өрөө.