2010
Бидний ариун сүмийн гэрлэлт асар их үнэ цэнэтэй юм
2010


Бидний ариун сүмийн гэрлэлт асар их үнэ цэнэтэй юм

Миний анхны бизнес дампуураад удаагүй байтал хоёр дахь нь бас л шатчих нь тэр. Тэгээд би гэдэг хүн сүйт бүсгүй Бенигээ ариун сүмд авч очиж чадах болов уу гэж тээнэгэлзэх болов. Ариун сүмд орох нь итгэлийн сорилт байдаг гэж сонссон ч, ариун сүмийн гэрлэлтийг зорилгоо болгосноор бидний итгэл бүх талаар хэрхэн соригдох тухайд мэдэх юм үгүй байлаа.

Бени бид хоёр номлолд үйлчилсний дараа эх орон Панамдаа танилцсан юм. Панамын хуулиар, ариун сүмд гэрлэхийг хүсч байгаа хос хамгийн ойрын ариун сүм-Гватемалын Гватемал хотын Ариун сүм уруу явахынхаа өмнөхөн иргэний гэрлэлт хийлгэх ёстой байв. Энэ аялал өндөр үнэтэй, хүнд байсан ч ариун сүмд лацдан холбуулах нь адислал байлаа. Энэ адислалгүйгээр амьдрахыг бид хүсээгүй юм.

Ариун сүмд явахаар төлөвлөж байсан өдрийн маргааш нь би ажилгүй боллоо. Үүнээс би айсангүй, автобусаар зорчигчид зөөж мөнгө олохоор шийдэв. Гэтэл миний автобус анхныхаа шөнө эвдэрчихлээ. Одоо яана даа гэж бодсон ч, богино ханцуйтай цамц зарахаар шийдэв. Өглөө нь намайг үйлдвэрлэгчээс цамц авахаар очтол үйлдвэрийн байр урьд шөнө нь шатаж газартай тэгширсэн байв. Түймэр миний итгэл найдварыг ч шатаачихсан юм шиг санагдаж байлаа.

Энэ хэрэг дараагийн хуваарийн дагуу явах ариун сүмийн аяллаас хэдхэн сарын өмнө болсон бөгөөд энэ удаад ч мөнгө цуглуулах гэсэн оролдлого талаар болох нь тэр. Би санаагаар унаж, Бенитэй уулзахаар явлаа.

“Би юу ч үгүй боллоо” гэж түүнд хэлэв. “Одоо надтай гэрлээд тусгүй биз дээ.”

“Хэрэв би мөнгөний төлөө гэрлэх байсан бол аль хэдийн гэрлэчих байсан шүү. Гэвч би мөнгөний төлөө гэрлэхгүй. Харин чамд хайртай учраас л чамтай сууна” гэж Бени хэллээ.

Энэ бол чухамдаа шийдвэрлэгч мөч байлаа. Бид том сорилтыг даван туулсан юм шиг санагдаж байв. Итгэл алдарч, зориг мохоогүй болохоор боломж нээгдэж эхлэв. Гэрийн тавилга хийдэг ажилтай боллоо. Цалин нь бидний хэрэгцээг хангаж чадахгүй байлаа ч яая гэхэв. Тэгтэл сайхан сэтгэлт бишоп бидний автобусны мөнгийг төлөхөд тусалъя гэв. Түүний саналд баярласан ч энэ нь зөв биш юм шиг санагдав. Бид бие дааж амьдрахаар төлөвлөж байлаа. Гэвч бишоп үнэхээр туслахыг хүсч байгааг хараад, үүний оронд Бенид ажил өгч болох уу гэж бид түүнээс хүслээ. Тэгтэл тэр Бенид ажил өглөө.

Ариун сүмд явах хангалттай мөнгө олсны дараа бид иргэний гэрлэлтээ хийлгэж, эцэстээ Сүмийн өөр 10 гишүүний хамт Гватемал уруу замд гарлаа. Гэвч бидний сорилт бас л дуусаагүй байжээ.

Тээврийн салбар дахь бүх нийтийн ажил хаялт биднийг Коста Рикагийн хил дээр зогсоов. Хил дээр хоёр хоног зогссоны дараа манай жолооч буцахаар шийдэв. Гэвч Бени бид хоёр өөр хоёр ах, нэгэн гэр бүлийн хосын хамт бууж өгөхгүй байхаар шийдлээ. Манай автобус биднийг орхин буцсаны дараа бид Коста Рика уруу явганаар орлоо. Бид явган явж, замын хажуу дахь оромжуудад унтаж явсаар Никарагаугийн хил дээр хүрч очив. Тэндээс бид такси авч нийслэлд нь хүрээд Гондурасын хил хүртэл автобусны тийз худалдаж авлаа. Бид хоёр өдрийн туршид дахиад хоёр автобус сольж суусны эцэст ариун сүмд хүрч ирэв. Бид тоос шороонд дарагдаж ядарсан, төлөвлөснөөсөө хамаагүй илүү мөнгө зарсан ч баяртай байлаа.

Бидэнд тохиолдсон бүх хүнд сорилт бэрхшээл, саатлын дараа маргааш нь Бени бид хоёр эхнэр нөхөр болон үүрд мөнхөд лацдан холбуулж билээ. Бидний аялал шаргуу хөдөлмөр, хүлээлт, санаа зоволтоор дүүрэн байлаа!

Ариун сүмд гэрлэх хүн бүрд ийм бэрхшээл тохиолдохгүй л дээ. Гэвч Бени бид хоёрт (бас бидэнтэй хамт ариун сүм явсан бусад хүмүүст) энэ туршлага тэсвэр хатуужил суулгасан юм. Энэ бол миний амьдрал дахь хамгийн агуу туршлагуудын нэг байлаа.

Хэрэв ариун сүмд гэрлэх бидний зорилго зөвхөн дэлхийн хайр дээр үндэслэгдсэн бол бид хоёр энэ бүгдийг давж чадахгүй байсан биз ээ. Гэвч бид манай өнөө үед сэргээгдсэн санваарын лацдан холболтын хүчинд итгэсэн. Тийм ээ, энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэсэн ариун сүмийн гэрлэлт маань бидний хийх ёстой ямар ч золиослолоос илүү үнэ цэнэтэй гэдгийг мэддэг байсан учраас бид бууж өгөөгүй юм.