2010
Залуучуудад зориулав: Ариун сүмийг амьдралынхаа хэсэг болгох нь
2010


Ариун сүмийг амьдралынхаа хэсэг болгох нь

Залуучуудад зориулав

Чи хэдийгээр ариун сүмийн ёслолуудаа ирээдүйд авахаар бэлтгэж байгаа ч, ариун сүм одоо ч гэсэн амьдралд чинь чухал нөлөө үзүүлж чадна.

Ариун сүм бол дэлхий дээрх хамгийн ариун газар-тэнгэр, газар хоёр нэгдэн нийлсэн, бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойр байгаагаа мэдэрдэг газар мөн. Чи хэдийгээр ариун сүмийн ёслолуудаа ирээдүйд авахаар бэлтгэж байгаа ч, ариун сүм одоо ч гэсэн амьдралд чинь чухал нөлөө үзүүлж чадна. Бага байхаасаа эхлэн ариун сүмийг амьдралынхаа хэсэг болгохын тулд чиний хийж болох зарим зүйлийг доор өгүүлэв.

Нас барагсдын төлөө хийх баптисмд оролц

12 болон түүнээс дээш насны зохистой залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ариун сүмд явж, баптисм хүртэлгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэж болно. Энэхүү үйлчлэлээс ирдэг баяр баяслын тухай Ерөнхийлөгч Томас С.Монсон өгүүлсэн нь:

“Нэг өглөө би ариун сүм уруу явж байтал, нас барсан хүмүүсийн төлөө тэр өглөө эрт баптисм хийлгэсэн хэсэг залуу эмэгтэйчүүдийг харлаа. Тэдний үс нойтон байлаа. Тэдний царай гэрэлтэн инээмсэглэж, зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэн байлаа. Нэг залуу бүсгүй ариун сүм уруу эргэн харж, бодол санаагаа илэрхийлэн, “Өнөөдөр миний амьдралд хамгийн аз жаргалтай өдөр боллоо” гэв.1

Алабамын Хан Дафины арвангурван настай Жессика зарим өвөг дээдсийнхээ төлөө Атлантын Жорж Ариун сүмд баптисм хүртжээ. Ариун сүмд очихоор таван цаг явсан ч, энэ аялал гайхалтай сайхан туршлага боллоо гэж тэр хэлэв. “Цэвэрхэн цав цагаан хувцас өмсөж, өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртсэн нь надад гайхамшигтай сайхан санагдсан шүү” гэж тэр ярилаа. “Одоо би тэднийгээ таньдаг болсон юм шиг санагдах юм.”

Чадах чинээгээрээ ариун сүмд аль болох олон удаа яв. Баптисмын адислалуудыг хүлээн авахад нь бусдад тусалснаар чи баяр баяслыг мэдрэх болно.

Ариун сүмийн ажилд дэмжлэг үзүүл

Чи өөрийнхөө төлөө ариун сүмд олон удаа явж чадахгүй ч гэсэн ариун сүмийн ажилд дэмжлэг үзүүлэх олон арга зам бий. Чи өвөг дээдсийнхээ тухай, тэдний төлөө ариун сүмийн ёслолууд гүйцэтгэсэн эсэхийг мэдэж болно. Эцэг эх нь ариун сүмд орж байгаа үед чи бага насны хүүхдүүдийг нь харж өгье гэж болно. Ариун сүмийн ёслол гэр бүлүүдэд онцгой анхаарал хандуулдаг учраас чи гэр бүлээ бэхжүүлэхийн төлөө ажиллаж чадна. Ариун сүм бол үнэхээр Их Эзэний өргөө гэдэг гэрчлэлээ бусадтай хуваалцаж болно.

Ариун сүмд орохоор зохистой амьдар

Ариун сүм бол маш ариун газар учраас бид дотор нь орохоос өмнө амьдралдаа баримтлах өндөр жишгийг Их Эзэн тогтоосон юм. “Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудад Их Эзэний тогтоосон жишгүүд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдтэй маш адилхан юм” гэж Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф тайлбарлажээ. Тайван цагт төдийгүй бас уруу таталтын үед эдгээр жишгүүд болон Ариун Сүнсний удирдамж зөв шийдвэр гаргахад чинь туслах болно. … Эдгээр жишгүүдийг хэрхэн сахидгаар чинь чамайг ямар хүн бэ гэдгийг, ямар хүн болохыг хүсдэг талаар чинь их зүйлийг хэлж болно.”2

Их Эзэний жишгүүдээр амьдар, тэгвэл чи ариун сүмд орохоор зохистой байх болно. Ирээдүйд ариун сүмд орох хүсэлтэй байх нь өнөөдөр уруу таталтаас хол байхад чинь тусалж чадна. “Зохистой байх шалтгааныг ариун сүм чамд өгнө” гэж Флоридагийн Санрайзын 16 настай Марлон Руиз хэлжээ. “Ийм зорилго чамд байгаа бол, мөн зохисгүйнхээ улмаас ариун сүмд орж чадахгүй байгаа бол юу хийх тухайгаа үргэлж бод.”

Ариун сүмд гэрлэх төлөвлөгөө

“Би ариун сүмийг хараад нэгэн цагт тэнд гэрлэх юм шүү гэж бодсон” хэмээн Норвегийн Ослогийн 16 настай Анника Рейтмейер ярив. “Ариун сүмд хийдэг амлалтууд бол Их Эзэнд өгдөг амлалт гэдгийг би мэднэ. Тэнд сурч мэддэг зүйлс өөрчлөгдөж алга болдоггүй.”

Ариун сүмийн зургийг байнга харагдах газарт байлгаж, ариун сүмд хувийнхаа ёслолуудыг хүлээн авах өдрийг хүлээ.

Ютагийн Американ Форкийн Жоди Хазелбейкер 14 настай байхдаа Ютагийн Тимпаногосын Ариун сүмд нээлтийн ёслолын үеэр орж үзжээ. “Би сүйт бүсгүйн өрөөгөөр дамжин өнгөрөхдөө түр зогсож, толинд харсан” гэж дурсан ярилаа. “Тэгж харахдаа, би ирээдүйд өөрийгөө хуримын гоё даашинзтай, яралзтал инээмсэглэж байгаагаар харсан гээч. Энэ бол миний гэрлэх газар гэдгийг, ариун сүмд байгаа үедээ би Тэнгэр дэх Эцэгтээ ойр байдгийг мэдсэн.”

Эшлэл

  1. Toмас С.Moнсон, “Your Celestial Journey,” Лиахона, 1999 оны 7-р сар, 115.

  2. Диетер Ф.Угдорф, Лиахона, 2006 оны 5-р сар, 44.