2010
Ариун сүмийн адислалуудад бэлтгэгтүн
2010


Ариун сүмийн адислалд бэлтгэгтүн

Ариун сүм нь Бурханд итгэх бидний итгэлийн бэлгэдэл, үхлийн дараах амьдралд итгэх бидний итгэлийн нотолгоо мөн. Ариун сүм бол бүхий л үйл ажиллагаа, хичээл, Сүм дэх аливаа дэвшилт алхам бүхэн болдог газар юм.

Ариун сүмүүд хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн болохоор хүмүүс өөрсдийгөө ариун сүмд бэлтгэх хэрэгтэй

Ариун сүм бүр “Их Эзэнд ариуныг” гэсэн үгсийг ханандаа сийлбэрлэсэн байдаг.1 Дээрх үг ариун сүм болон түүний зорилго аль аль нь ариун болохыг гэрчилж байна. Ариун сүмд ордог хүмүүс ч ариун зан чанартай байх ёстой.2 Ариун сүмүүд хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн болохоор хүмүүс өөрсдийгөө ариун сүмд бэлтгэх хэрэгтэй

Ариун сүм шүтлэг бишрэлийн бусад барилга байгууламжуудаас ялгаатай. Цуглааны байруудаас ялгаатай нь ариун сүмүүд Хүндэтгэлийн өдөр хаалттай байдаг. Учир нь тэрхүү ариун өдөр хүмүүс сүмдээ явж гэрийнхэнтэйгээ хамт байхын тулд юм. Ариун сүмүүд ариун ажлаа хийхийн тулд долоо хоногийн бусад өдөр ажилладаг. Ариун сүм бол мөнхийн ач холбогдолтой ёслолуудад зориулагдсан, үнэхээр Их Эзэний өргөө юм. Эдгээр ёслолуудад баптисм, гэрлэлт, ариун сүмийн хишиг, лацдан холболт ордог.

Ариун сүм бүр нь Бурханд итгэх бидний итгэлийн бэлгэдэл, үхлийн дараах амьдралд итгэх бидний итгэлийн нотолгоо мөн. Ариун сүм бол бүхий л үйл ажиллагаа, хичээл, Сүм дэх аливаа дэвшилт ажил үйлс бүхэн болдог газар юм. Сайн мэдээг тунхаглах, Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, нас барагсдыг гэтэлгэх бидний бүхий л хүч чармайлт ариун сүм уруу хөтөлдөг. Ариун сүмийн ёслолууд үнэхээр шийдвэрлэгч ач холбогдолтой юм. Бид эдгээр ёслолуудгүйгээр Бурханы алдар сууд буцаж очиж чадахгүй.

Ариун сүмийн ёслол бүр нь чухал амлалтыг агуулдаг

Бид ариун сүмд хувийн хишгээ авдаг нь үнэ цэнэтэй бэлэг юм. Бид энэхүү бэлгийн болон ариун гэрээнүүдээ сахихын сүнслэг ач холбогдлыг мөн уг бэлгийг хүлээн авснаар ямар үүрэг хариуцлагатай болдгийг ойлгох хэрэгтэй. “Ариун сүмийн ёслол бүр нь зүгээр л нэг хүлээн авдаг ёслол биш харин чухал амлалтыг агуулсан байдаг.”3

Ариун сүмд хүлээн авдаг хувийн хишиг илчлэлтээр өгөгдсөн юм. Тийм учраас, цэвэр ариун зүрх сэтгэл, оргилуун хүсэл эрмэлзлээр эрэлхийлсэн илчлэлтээр хувийн хишиг илүү сайн ойлгогддог. “Таны хишиг буюу Их Эзэний өргөөнд хүлээн авдаг бүх ёслол танд зайлшгүй чухал бөгөөд энэ амьдралыг орхисны тань дараа, харуул болон зогсох тэнгэр элчүүдийн дэргэдүүр өнгөрч, Эцэгийн дэргэд эргэж очих боломжийг танд олгож, … мөнхийн өргөмжлөлд хүргэх болно” гэж Ерөнхийлөгч Бригам Янг тайлбарлажээ.4

Бид ариун сүмд хийсэн эрхэм ариун гэрээнүүддээ дуулгавартай байснаар мөнх амьдралд бэлтгэгддэг

Ариун сүм болгонд санваарын лацдан холболтын эрх мэдлийг ашигладаг билээ. “Ямар ч хаан, улсын ерөнхийлөгч, бид нэг хэсэг нь болох дэлхийн ямар ч байгууллагын албан тушаалтнуудад булшнаас цааших асуудлуудаар ямар ч эрх мэдэл байдаггүй. Хүн бүр үхлийн өмнө хүчин мөхөс ч лацдан холболтын эрх мэдлийг хүлээн авсан даруухан, нигүүлсэнгүй, зөв шударга дээд прист газар дээр холбогдсон зүйлийг тэнгэрт холбож чадна” гэж Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли тайлбарласан байдаг.5

Санваар эхлэл ба төгсгөлгүй мөнх байдаг лугаа адил тэрхүү санваарын эрх мэдэл бас мөнх юм.6 Иймээс санваарын ёслолууд болон гэрээнүүд нь цаг хугацаанаас хамааралгүй юм. Тэнгэр элч Моронайгаас Бошиглогч Иосеф Смитэд өгсөн анхны илчлэлт санваарын энэхүү эрх мэдэлд хамаатай юм.7 Их Эзэн ариун сүмийн талаар хожим нь Бошиглогчид өгсөн заавартаа:

“Бибээр өөрийн ёслолуудыг энд өөрийн хүмүүст илчилж болохын тулд энэ өргөө миний нэрэнд баригдаг;

“Учир нь дэлхийн сууринаас өмнө нуугдмал байсан зүйлүүдийг, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хамаарах зүйлүүдийг өөрийн хүмүүст илчлэхийн тулд би зохих ёсоор авч үзнэ”8 гэжээ.

Бид тэр эрин үед аж төрж байна. Ариун сүмүүд, ёслолууд, гэрээнүүд, хувийн хишиг, лацдан холболт бошиглогдсоны дагуу сэргээгдсэн юм. Ариун сүмийн ёслолууд Их Эзэнтэй дахин эвлэрэх явдлыг хангаж, гэр бүлүүдийг үүрд мөнхөд лацдан холбодог. Бид ариун гэрээнүүддээ дуулгавартай байснаар хүмүүнд өгсөн Бурханы хамгийн агуу бэлэг—мөнх амьдралд тавигддаг шаардлагуудыг ариун сүмд хангаж чадна.9

Маш сайн бэлтгэгдэх хүсэл эрмэлзэлтэй хэн ч гэсэн ариун сүмд орж болно

Ариун сүм ариун учраас түүнийг бузарлахаас хамгаалахыг Их Эзэн хүсдэг. Энэхүү онцгой боломжийн төлөө маш сайн бэлтгэгдэх хүсэлтэй хэн ч гэсэн ариун сүмд орж болно. Бэлтгэлийн тухай ойлголт бусад хүч чармайлтаас илүү чухал зүйл юм. Би бага байхдаа их сургуульд ормоор байна гэж аав, ээж хоёртоо хэлдэг байснаа санадаг. Аав, ээж хоёр маань намайг их сургуульд орж болно гэсэн ч, зөвхөн бэлтгэлийг шаргуу хийж, элсэлтийн бүх шаардлагыг хангасан үед л тэр шүү дээ гэж билээ. Үүнтэй адил бид ариун сүмд орох шаардлагыг хангасан байх ёстой. Бид бие, оюун санаа, сүнслэг байдлын хувьд бэлтгэдэг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахыг хүсч байгаа хүн бүрийн зохистой байдлыг тус бүрд нь тогтооно.

Санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг эзэмшиж, үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүс ариун сүмийн бичиг олгох ярилцлагыг бидэнтэй хийж, бэлтгэлээ хангахад тусалдаг. Эдгээр удирдагчид бидний төлөө анхаарал тавьж, ариун сүмд ороход бэлэн байгаа эсэхийг тогтоодог. Тэд Их Эзэнийг хайрладаг бөгөөд “цэвэр ариун биш зүйл [Түүний] өргөөнд орохыг зөвшөөрөхгүй байхад анхаардаг.10 Тийм учраас эдгээр ярилцлагуудыг хариуцлагын уур амьсгалд явуулдаг.

Би ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахад хэрхэн бэлтгэх вэ? Та бишопын зөвлөлтэйгөө, эцэг эх, гэрийнхэнтэйгээ, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, багш эсвэл чуулгын зөвлөхтэй ярилцаж болно. Шаардлага нь энгийн юм. Товчхон хэлбэл тухайн хүн Их Эзэний зарлигуудыг сахих шаардлагатай. Учир нь ариун сүм бол Түүний өргөө шүү дээ. Их Эзэн жишгүүдийг тогтоосон юм. Бид ариун сүмд Түүний зочид болж ордог.

Хэрэв насанд хүрэгч бүр ариун сүмийн бичиг эзэмшихээр зохистой байж, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байвал Их Эзэн баярлах болно. “Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахын тулд … [өөрийн бишопын зөвлөлийн гишүүдтэй] болон гадасныхаа ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй хийдэг ярилцлагууд бол үнэт туршлага юм. Тийнхүү тэд, Агуу Шүүгчийн өмнө зогсох үед танд шаардлагатай бэлтгэлийг үр өгөөжтэй арга замаар хангах талаар ярилцлага хийдэг.”11

Ариун сүмд орохын тулд биеэ бэлтгэ

Та ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авсан бол одоо нэмэлт бэлтгэлээ хангахад бэлэн боллоо гэсэн үг. Ариун сүмд орохын тулд зохих ёсоор хувцасласнаар та биеэрээ бэлтгэдэг. Энэ бол ердийн хувцастай байдаг газар биш. Бид бие махбоддоо хүндэтгэлтэй ханддаг байхад хожмын үеийн бошиглогчид онцгой анхаардаг. Ийнхүү бие махбоддоо хүндэтгэлтэй хандах нь ариун сүмд орж байгаа хүмүүст бүр ч чухал юм.12

Ариун сүмд бүх хүмүүс толбогүй цагаан хувцас өмсдөг. “Цэвэр цагаан өнгийн бэлгэдэл нь Бурханы хүмүүс цэвэр ариун байх ёстойг бидэнд сануулдаг.”13 Нас, яс үндэс, хэл, тэр ч байтугай Сүм дэх албан тушаал бол хоёрдугаар зэргийн зүйл. Би Сүмийн Ерөнхийлөгчийн оролцсон хишиг хүртээх олон хэсэгт оролцсон. Өрөөнд байгаа хүн бүрд Сүмийн Ерөнхийлөгчид тавигддаг тэрхүү өндөр жишиг мөн адил тавигддаг байлаа. Бүгд зэрэгцэн суудаг нь тэд Их Эзэний мэлмийд адил тэгш болохыг харуулдаг. Ариун сүмд орохдоо чөлөөтэй хувцаслах нь “Бурхан бол нүүр тал харагч биш” гэдгийг бидэнд сануулдаг.14

Сүйт залуу, сүйт бүсгүй хоёр энэ амьдралд болон үүрд мөнхөд гэрлэхийн тулд ариун сүмд ордог. Ариун сүмд сүйт бүсгүй урт ханцуйтай, уран чамин хээ угалзгүй, энгийн даруу даавуун даашинз өмсдөг. Эрэгтэйчүүд ёслолын хувцас өмсдөггүй. “Бид усанд орж биеэ угаан, өндөр үнэтэй биш ч гэсэн, цэвэрхэн хувцсаар хувцасласан байвал Их Эзэн баярлах болно. Бид ариун ёслолын цуглаан эсвэл зохистой бөгөөд хүндтэй цугларалтанд оролцоход ямар хувцас өмсдөг тэр байдлаараа хувцаслах ёстой” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер бичжээ.15

Ээж, эмээ нар хүүхдүүд, ач зээ нартаа ариун сүмийн хувцаслалтын талаар ярихдаа чухал нөлөө, сайн үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Тэд ур чадвар, нөхцөл байдал нь боломж олгохын хэрээр гэр бүлдээ бодит нөлөө, дэмжлэг үзүүлж чадна. Хатгамал урласан гар хийцийн алчуур, ариун сүмийн хувцсанд чимэг болох ээжийн бэлэг нь хайртай хүүхэд, ач зээ нараа хайрлах хүчит хөшүүрэг болж чадна.

Ариун сүмийн өмсгөл байнгын тууштай байдлыг бэлгэддэг

Ариун сүмийн өмсгөлийг байнга өмсөх нь бэлгэдлийн агуу ач холбогдолтой бөгөөд байнгын тууштай байдлыг бэлгэддэг. Аврагч эцсийг хүртэл тэвчих чадвараараа бидэнд үлгэр жишээ үзүүлсэн лүгээ адил, ариун сүмийн өмсгөлийг өмсөх нь бид Түүнд болон бидэнтэй хийсэн Түүний мөнхийн гэрээнүүдэд эцсээ хүртэл итгэх итгэлээ харуулах нэг арга зам мөн.

Тэргүүн Зөвлөл энэ сэдвээр Сүмд захидал бичсэн юм. Тэд бичсэн нь:

“Сүмийн гишүүдийн дунд нийтлэг ажиглагддаг нэг зүйл бол зарим гишүүд хувийн хишгийнхээ үзэл санаанд нийцүүлэн ариун сүмийн өмсгөл өмсөх талаар хийсэн гэрээгээ бүрэн ойлгодоггүй.

“Ариун сүмийн өмсгөлөөр хувцасласан гишүүд бүх амьдралынхаа туршид үүнийг өмсөхөөр гэрээ хийдэг. Энэ ньюу гэсэн үг вэ гэвэл ариун сүмийн өмсгөлийг дотуур хувцас болгож, өдөр шөнийн бүх цагт өмсөх ёстой. … Зохистой байж, ариун сүмд хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих нь хамгаалалт болон эдгээр адислалуудыг хүлээн авах нөхцөл мөн.

“Ариун сүмийн өмсгөлийг байнга өмсөж, тайлахгүй байх нь үндсэн зарчим байх ёстой гэсэн үг юм. Тийнхүү, гишүүд талбай, цэцэрлэгт ажиллах болон гэртээ усан сэлэлтийн буюу даруу биш хувцастай амарч байх үедээ ч ариун сүмийн өмсгөлийг бүтнээр нь буюу хэсэгчлэн тайлах ёсгүй. Гишүүд амралт чөлөөт цагийн үйл ажиллагаанд оролцож байгаа үедээ ердийн хувцасны дотуур өмсдөг ариун сүмийн өмсгөлөө тайлах ёсгүй. Усанд сэлэх зэрэгт өмсгөлийг тайлсан бол аль болох хурдан буцааж өмсөх ёстой.

“Даруу байдал болон биеэ зохих ёсоор авч явах зарчим нь гэрээгээр дамжин хэрэгжих бөгөөд ямар хувцас өмсөхөө шийдэхэд чинь туслах болно. Ариун сүмд хишгээ хүртсэн гишүүд өмсгөлөө байнга өмсөх нь Их Эзэнтэй тэдний хийсэн ариун гэрээнүүдийг сануулагч мөн уруу таталт, нүгэл хилэнцийн эсрэг хамгаалалт болдог. Өмсгөлөө хэрхэн өмсөх нь Аврагчийг дагах тууштай байдлын гадаад илэрхийлэл, дотоод шийдвэр төгс байдал мөн.”16

Ариун сүмд орохын тулд бодол санаа, сүнслэг байдлын хувьд бэлтгэ

Бид хувцаслалтаараа бэлтгэхээс гадна бодол санаа, сүнслэг байдлын хувьд бэлтгэх хэрэгтэй. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд эрхэм ариун учраас ариун сүмд болдог зүйлсийн талаар ариун сүмээс гадуур ярихгүй байхчанд үүрэг хүлээдэг. Ариун юмст ариунаар хандах ёстой.

Суралцах энэхүү өргөөнд Их Эзэний арга замаар бидэнд заадаг. Түүний арга зам бол бидний арга зам биш.17 Хэрэв тэдний заах арга техник бидний илүү сайн мэдэх боловсролын салбарт ажиллагсдынхаас өөр байвал үүнд гайхах хэрэггүй. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь Адам, Ева хоёрын үеэс сайн мэдээний салшгүй хэсэг байсаар ирсэн юм. Эрт дээр үеэс бэлгэдлүүд нь онцгой чухал үнэнүүдийг заахад ашиглагдсаар ирсэн бөгөөд заах энэхүү арга нь өнөөдөр ч ариун сүмд хэрэглэгдсээр байна.

Тиймээс бид ариун сүмд заагддаг бэлгэдлүүд, бэлгэдэл бүрийн төлөөлдөг бодит үнэнүүдийг тунгаан бодох шаардлагатай.18 “Ариун сүмийн ёслолууд амьдралынхаа туршид үр өгөөжтэйгөөр тунгаан бодож, сурч мэдэх боломж олгодог бэлгэдлийн утга санаагаар дүүрэн юм.”19 Ариун сүмд заагддаг сургаалууд гаргууд сайхан атлаа туйлын энгийн юм. Эдгээр сургаалуудыг боловсрол багатай хүмүүс ч ойлгодог бөгөөд өндөр боловсролтой хүмүүсийг ч гайхахад хүргэж болно.

Ариун сүмд анх удаа явж байгаа гишүүд Судруудын Удирдамжаас ариун сүмтэй холбоотой “тослох, тос түрхэх,” “гэрээ,” “золиослол,” “ариун сүм” зэрэг тайлбар хэсгүүдийг уншихыг би зөвлөж байна. Бас Египетээс Гарсан нь, бүлэг 26–29, Левит бүлэг 8-ыг уншиж болно. Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувд дахь Мосегийн болон Абрахамын номуудад ариун сүмийн ажил болон ёслолууд эрт дээр үеэс эхлэлтэй, урт удаан хугацаанд оршиж байгааг тэмдэглэсэн байдаг.

Бурхантай байгуулсан гэрээгээ сахих нь хамгаалалтын болон боломж олгогч хоёр талтай юм

Бид ариун сүмд бэлтгэхдээ тусгайлан санавал зохих хоёр ойлголт байдаг. Эхнийх нь гэрээ. Гэрээ бол амлалт гэдгийг бид санах хэрэгтэй. Бурхантай байгуулсан гэрээг хориг хязгаарлалт биш харин хамгаалалт гэж үзэх ёстой. Түүнтэй байгуулсан гэрээнүүд биднийг аюулаас хамгаалдаг.

Энэ ойлголт нь шинэ зүйл биш. Жишээ нь, бидний хэрэглээний ус чанарын хувьд эргэлзээтэй байвал усыг шүүнэ шүү дээ. Үүн лүгээ адил Бурхантай байгуулсан гэрээнүүд биднийг хортой зүйлээс хамгаалдаг. Хэрэв бид бүхий л бурханлиг бус зүйлээс татгалзахаар сонговол,20 юу ч алдахгүйгээр барахгүй зөвхөн мөнх амьдралтай болох хүмүүсийн мэдэх алдар сууд хүрэх болно. Ариун сүмийн гэрээг сахих нь хориг хязгаарлалт биш харин боломж олголт юм. Энэ нь биднийг өөрсдийн боломж, хүч чадлаас илүү дээгүүрт өргөн гаргадаг. Энэ нь шавар шалбаагтай газраар мөлхөх лугаа адил удаан гэлдэрч явснаа дуунаас хурдан тийрэлтэт онгоцоор тэнгэрт дүүлэн нисэхтэй адил юм. Бурхантай байгуулсан гэрээгээ сахих нь хамгаалагч, боломж олгогч хоёр талтай юм.

Бидний оюун санааны бэлтгэлд онцгой анхаарах хоёр дахь ойлголт бол Цагаатгал юм. Есүс Христийн Цагаатгал бол бүх хүн төрөлхтний түүхэн дэх гол үйл явдал мөн. Энэ нь авралын төлөвлөгөөний гол цөм мөн. Хэмжээлшгүй Цагаатгалгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй сөнөх байсан. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь Цагаатгалын гэтэлгэгч хүчний тухай заадаг.

Бид ариун сүмд хийсэн гэрээнүүддээ дуулгавартай байснаар мөнх амьдралтай болж чадна

Ариун сүм дэх үйлчлэл нь бидэнд энэ амьдралд болон үүрд мөнхөд адислалуудыг авчирдаг. “Ариун сүмийн ажил нь бид дэлхийгээс зугатаж байгаа хэрэг биш харин бүр илүү сайн өөр дэлхийд амьдрахаар өөрсдийгөө бэлтгэх ажлаа улам эрчимжүүлж байгаа хэрэг юм. Тийнхүү, Их Эзэний өргөөнд орох нь дэлхийг өөрчлөхийн тулд дэлхийнхнээс өөр байхад бидэнд тусалж чадна.”21

Хэрэв бид энэ амьдралд үнэнч, итгэлтэй байвал мөнх амьдралтай болно. Үхэшгүй байдал бол үүрд мөнх амьдрах явдал мөн. Мөнх амьдрал бол зүгээр л үхэшгүй байхаас илүү чухал зүйл мөн. Мөнх амьдрал бол хамгийн дээд тэнгэрт гэр бүлээрээ хамт өргөмжлөгдөх явдал мөн. Бурхан Өөрийн эрхэм дээд зорилгыг “миний ажил мөн миний алдар суу” бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал” хэмээн тунхаглажээ.22 Түүний үхэшгүй байдлын бэлэг бол аливаа болзолгүй-бүх хүн төрөлхтөнд соёрхсон үнэгүй бэлэг мөн. Мөнх амьдрал буюу өргөмжлөл нь Бурханы ариун сүмүүдэд хийдэг гэрээнүүд, тэнд хүлээн авдаг ёслолуудад дуулгавартай байснаар бидэнд боломжтой болдог.

Бидний халуун ам бүлээс хайртай хүмүүс маань нас барсан үед ариун сүмийн адислалууд бүр ч чухал учир холбогдолтой болдог. Хайртай хүмүүсээсээ зөвхөн түр хугацаагаар хагацаж байгааг мэдэх нь амар амгаланг авчирч, үхлийн талаарх ердийн ойлголтыг өөрчилдөг.23 “Елиагийн олгосон санваарын хүчээр эхнэр, нөхөр хоёр лацдан холбуулах буюу үүрд гэрлэж болно. Хүүхдүүд эцэг эхтэйгээ үүрд лацдан холбуулж болно. Ингэснээр гэр бүл мөнх оршиж, үхэл гэр бүлийн гишүүдийг салгаж чадахгүй”24 гэж Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит бичжээ. Бид мөнхийн лацдан холболтын адислалын үр дүнд үхлийг Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний зайлшгүй хэсэг гэж үздэг билээ.25

Ариун сүмд бидний хүлээн авдаг мөнхийн хэтийн төлөв нь амьдралын хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадлыг бидэнд өгдөг

Мөнхийн хэтийн төлөв нь гэрээнүүддээ төгс итгэлтэй байхад бидэнд тусалдаг. “Ёслолууд болон гэрээнүүд нь [Бурханы] дэргэд буцаж очиход бидэнд эрхийн үнэмлэх болно. Ёслол, гэрээнүүдийг зохистойгоор хүлээн авах нь насан туршийн эрэл бөгөөд түүнээс хойш тэдгээрийг сахих нь мөнх бус амьдралын сорилт мөн” гэдгийг Ерөнхийлөгч Пакер онцлон тэмдэглэжээ.26

Ариун сүмийн ёслолууд зөвхөн бидэнд төдийгүй бас хорвоог орхисон бидний өвөг дээдэст мөнхийн алдар сууг авчирдаг билээ. “Учир нь тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал бөлгөө, … бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй—мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой.”27 Тэдний төлөө хийх үйлчлэл ариун сүмийн шүтлэг бишрэлд байнга оролцон, Түүний хийсэн Цагаатгал дэлхий дээр амьдарч байсан бүх хүмүүсийг адислахын төлөө Их Эзэний бий болгосон загвараар, аминч үзлийг умартан, төлөөлөх ёслолуудыг гүйцэтгэх боломжийг олгодог билээ.

Бид нэгэн цагт Бүтээгчтэйгээ уулзаж, Түүний өмнө шүүлтийн индэр дээр зогсох болно. “Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул; мөн тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг; мөн уг хаалганаас өөр зам гэж үгүй; учир нь тэрээр мэхлэгдэх боломжгүй, түүний нэр Их Эзэн Бурхан билээ.”28 Бид ариун сүмд Түүнтэй хийсэн гэрээнүүддээ үнэнч байгаа эсэхийг мөн гэрээнүүдээ сахьдаг хүмүүст Түүний амласан агуу адислалуудад зохистой байгаа эсэхийг Их Эзэн Өөрөө тодорхойлдог билээ.

Энэхүү хэтийн төлөв амьдралын хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадлыг бидэнд өгдөг. “Бидний заадаг бүх зүйлийн эцсийн зорилго нь хүмүүс гэр орондоо аз жаргалтай, мөнхийн гэрлэлтээр болон үр удамтайгаа лацдан холбогдсон, Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд өргөмжлөгдөх боломжоор хангагдсан байхын тулд эцэг эх, хүүхдүүдийг Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлд нэгтгэх явдал мөн”29 гэж Ерөнхийлөгч Пакер хэлжээ.

Ариун сүм бүр Сүм дэх бидний гишүүнчлэлийн бэлэгдэл, үхлийн дараах амьдралд итгэх бидний итгэлийн тэмдэг, бид болон бидний гэр бүлүүд мөнхийн алдар сууд хүрэх гишгүүр-чулуу мөн. Сүмийн гишүүн бүр ариун сүмийн гайхамшигт адислалуудад бэлтгэхийн төлөө би залбирч байна.

Техасын Хьюстоны Ариун сүм. 2000 оны 8-р сарын 26-нд онцгойлон адислагджээ.

Өмнөд Африкийн Иоханнесбургийн Ариун сүм. 1985 оны 8-р сарын 24-нд онцгойлон адислагджээ.

Финляндын Хельсинкийн Ариун сүм. 2006 оны 10-р сарын 22-нд онцгойлон адисалжээ.

Бразилын Ресифигийн Ариун сүм. 2000 оны 12-р сарын 15-нд онцгойлон адислагджээ.