2015
Хүмүүсийн загасчид
зургадугаар 2015


Хүмүүсийн загасчид

Сүмийг удирдах дуудлага хүлээн авсан хүмүүс Аврагчийн өгсөн, хүмүүсийн загасчид болох урилгыг хүлээн авсан байдаг.

Зураг

Эхнэр бид хоёр Хавайд жижигхэн гэр бүлээ өсгөж байхдаа биднийг дэмждэг байсан гайхалтай хожмын үеийн гэгээнтнүүдэд талархдаг байв. Энэ эрхэм гишүүд биднийг халуун дотно хүлээн авч, бидэнд өөрсдийн гэр бүл шигээ хандсан юм. Зарим үед тойргийн ах нар далайд загасчлахаар явахдаа манай бяцхан хүүг авч явдаг байлаа. Эдгээр загасчлах аялалд завь хэрэглэгддэггүй байсан бөгөөд эртний хавайчуудын боловсруулсан аргаар загасчилдаг байв.

Энэ аргыг ашиглан загасчлахын тулд чадварлаг загасчин тороо нямбай гэгч эвхэж, давхарлана. Торны доод талд хүндрүүлэгч байдаг. Тэр тэгээд тороо хадархаг эрэг дээгүүр барьж яваад, цэнгэг устай хэсэгт очно. Тэр цөөрөмд загас орж ирэхийг хараад, яг зөв цагтаа тороо чадварлагаар шиддэг бөгөөд тор нь бүх талаараа сунаж, том тойрог болон доош унахдаа бөөгнөрсөн загаснуудыг барьдаг юм.

Загасчны чадвар сайн ч гэсэн цэвэрхэн оёсон, цоорхойгүй, бүтэн тор байхгүй л бол түүний чармайлт талаар болно. Туршлагатай загасчны амжилт хэр сайн тортой вэ гэдгээс шалтгаалдаг бөгөөд тороо бүрэн бүтэн байгаа эсэхийг нэгд нэггүй шалгаж үзэх хүртэл үр бүтээлтэй загасчлал эхэлдэггүй.

Бид загасчилж амьдардаг байсан анхны төлөөлөгчдийн амьдралаас энэ зарчмын ойлголтыг харж болно. Бид ирээдүйн Багштайгаа анх уулзах үедээ тороо хаяж, засаж, угааж байгаа эдгээр загасчинтай Матай, Марк, Лук номын эхний бүлгүүдэд танилцдаг (Maтай 4:18, 21; Maрк 1:16, 19; Лук 5:2-ыг үзнэ үү). Эдгээр эрэгтэй өөрсдийн болон бусдын гэр бүлийг тэжээхийн тулд өдөр бүр загас барьж, хөдөлмөрлөдөг байсан. Амьдрал ба гэр бүл нь тэдний чадвараас, мөн торны бүрэн бүтэн байдлаас хамааралтай байв.

Есүс тэднийг “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв,” “Тэд тэр даруй тороо орхиж,” “бүхнийг орхин, Түүнийг дагалаа” (Maтай 4:19, 20; Лук 5:11; мөн Mарк 1:17–18-ыг үзнэ үү).

Би энэ жишээний талаар олон удаа бодож байсан.Сүмийг удирдаж буй хүмүүс “намайг дага” хэмээх урилгад үүнтэй адил итгэлээр хариулсан байдаг. Эртний Сүмтэй адил Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь бошиглогч, төлөөлөгчдөөр удирдуулдаг бөгөөд тэд тороо буюу маш ихийг хийж байж олж авсан мэргэжлээ орхиж, Их Эзэнийг дагахын тулд шинэ чадвар олж авсан хүмүүс юм.

Хүмүүсийн удирдагчид

“Хүмүүсийн загасчид” болно гэдэг нь ямар утгатай вэ? Аврагч эртний төлөөлөгчдөд өгсөн урилгынхаа энгийн үгсээр дамжуулан Өөрийн сургаалыг заах гол хэлбэр болох сургаалт зүйрлэлийг танилцуулсан юм. Түүнийг дагахаар дуудагдсан хүмүүс тодорхой хэмжээгээр “хүмүүсийн загасчид” гэдэг үгийг ойлгоно гэдгийг Тэр мэдэж байсан.

Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) “‘хүмүүсийн загасчин’ болно гэдэг нь ‘хүмүүсийн удирдагч болно’ гэсэн утгатай юм. Өнөөгийн хэллэгээр бол … : ‘Хэрэв та нар миний зарлигуудыг сахивал, би та нарыг хүмүүсийн удирдагч болгоно.’”1 хэмээн заажээ

Хүмүүсийн удирдагч нь бусдыг “Есүс Христийн үнэн дагалдагчид” (Moронай 7:48) болоход нь туслахын тулд дуудагдсан юм. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь товхимолд “Үүнийг хийхийн тулд удирдагчид юуны өмнө Аврагчийн итгэлтэй шавь нар байхыг цаг үргэлж хичээх ёстой бөгөөд ингэснээр Бурханы оршихуйд эргэж очих болно. Тэгвэл тэд бат бөх гэрчлэлийг хөгжүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт улам ойртоход нь бусдад тусалж чадна”2 хэмээн заасан байдаг.

Сүмийг удирдах дуудлага хүлээн авсан хүмүүс Аврагчийн өгсөн хүмүүсийн загасчид болох урилгыг хүлээн авсан байдаг.

Загасны тор болон зөвлөлүүд

Зураг
Jesus Christ. Appearance to Fishing Apostles

Сүмийн хамгийн дээд түвшний удирдлагаас Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл хүртэл удирдагчид зөвлөл болж зохион байгуулагддаг. Удирдагчид сүнслэгээр бэлтгэгдэж, зөвлөлүүдэд бүрэн оролцон, бусдад тохинуулж, Есүс Христийн сайн мэдээг заахаар, мөн санваарыг болон Сүмийн туслах бүлгүүдийг удирдахаар зааварлагдсан байдаг. Мөн тэд Сүмд нэгдмэл байдлыг бий болгож, бусдыг удирдагч ба багш болоход бэлтгэж, бусдад ажил үүрэг даалган, хариуцлагыг төлөвшүүлдэг.3

Эртний төлөөлөгчид загасчлах мэдлэгээ ашиглан хүмүүсийн загасчид болсонтой адил бид тэдний тор хэрэглэдэг арга барил дахь зарчмуудыг Сүмийн зөвлөлдөө ашиглаж болно. Эдгээр зөвлөл нь тортой адил Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг цуглуулахын тулд зохион байгуулагдаж, бэлтгэгдсэн байдаг. Зөвлөлийн гишүүн бүр торны салшгүй чухал хэсэг юм. Тор бүрэн бүтэн байхдаа хэрэгтэй байдгийн адил, зөвлөлийн гишүүд зохион байгуулагдаагүй, төвлөрөөгүй, мөн зохих байдлаар ажиллахгүй байгаа үед зөвлөл үр дүнтэй ажиллаж чадахгүй.

Зөвлөлүүдийн удирдагчид эдгээр “тороо” тогтмол шалгаж, мөн засах замаар эртний загасчин төлөөлөгчдийн жишээг дагадаг. Зөвлөлийн удирдагчид тогтмол сургалт өгч, зөвлөлийн хурлуудыг удирдаж, зөвлөлийн гишүүдэд цагаа олсон, тохиромжтой зөвлөгөөг өгч, мөн хайр, урам зориг, магтаалаар дамжуулан үүнийг хийдэг. Бүрэн ажиллаж байгаа зөвлөлийн хүч чадал ба бусдыг аврах чадварыг орлох ямар ч зүйл байхгүй.

Тойргийн зөвлөл

Сүмийн гишүүн бүрд нөлөөлөх хамгийн их боломжтой зөвлөл бол тойргийн зөвлөл юм. Энэ зөвлөлд байдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс бишопын удирдлага дор тойрог дахь авралын ажлыг удирдах үүрэг хариуцлагатай учраас үнэхээр хүмүүсийн загасчид байхаар дуудагдсан хүмүүс юм. Тэд тус тусынхаа тойрогт амьдарч, үйлчилдэг бөгөөд тэнд тэд удирдахаар дуудагдсан хүмүүстэйгээ холбоотой байдаг.

“Тойргийн зөвлөлийн гишүүд гэрчлэлтэй болж, авралын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг сахин, Есүс Христийн ариуссан дагалдагчид болоход нь хүмүүст туслахыг хичээдэг (Moронай 6:4–5-ыг үзнэ үү). Тойргийн зөвлөлийн нийт гишүүд тойргийн гишүүдийн сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээдэг.”4

Тойргийн зөвлөлийн гишүүд авралын ажлыг яаравчлуулах ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тойргийн зөвлөл бүрэн ажиллахгүй байвал ажил удааширдаг. “Торны” цуглуулах чадвар суларвал, зөвлөлийн хүчин чармайлт ч бага үр дүнтэй байх болно. Гэхдээ тойргийн зөвлөл зохион байгуулагдаж; хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэхэд чармайлтаа төвлөрүүлбэл гайхалтай үр дүнд хүрнэ.

Би үр дүн муутай тойргийн зөвлөл бүхий тойрогт амьдарч байсан. Бишопын хувьд Гарын авлага 2 дээрх удирдамжийг дагахад хэцүү байсан юм. Учир нь тэр өөрийн арга барилаар болон хуучин загваруудаар ажиллах дуртай байлаа. Хайраар дүүрэн гадасны ерөнхийлөгч зөвлөгөө, сургалт өгсний дараа бишоп зүрх сэтгэлээ зөөлрүүлж, наманчилж, удирдамжийн дагуу тойргийн зөвлөлөө зохион байгуулах гэж маш их хичээсэн юм. Тэр LDS.org дээрх видео бичлэгүүдийг үзэж, Гарын авлага 2-ын 4, 5-р хэсгүүдийг уншаад, сурсан зүйлийнхээ дагуу үйлдсэн байна.

Тойргийн зөвлөлийн гишүүд гарсан өөрчлөлтийг хурдан хүлээн авч, хувь хүн, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх ажилд төвлөрөх үедээ тэдгээр өөрчлөлтөд хайраар болон нэгдмэл байдлын сүнсээр ханджээ. Хурал бүр дээр тэд сонирхогч, шинэ хөрвөгч, идэвх султай болон тусламж хэрэгтэй байгаа гишүүдийн талаар удаан гэгч ярьдаг болсон байна. Тэдний зүрх сэтгэл эдгээр ах, эгч рүүгээ эргэж, гайхамшгууд тохиож эхэлсэн юм.

Тойргийн зөвлөлд эдгээр өөрчлөлт хийгдсэний дараа тэр даруй таньдаггүй байсан идэвх султай гишүүд нь Сүмд ирж эхэлсэн гэж бишоп хэлжээ. Эдгээр гишүүнд гэнэт Сүмд буцаж очих мэдрэмж төрсөн гэж тэд хэлсэн байна. Тэд гэгээнтнүүдтэй дахин ойр дотно байх ёстой гэсэн тодорхой, хүчтэй өдөөлт хүлээн авсан гэжээ. Тэд гишүүд өөрсдийг нь хайрлах болно гэдгийг, мөн гишүүдийн тусламж тэдэнд хэрэгтэй гэдгийг мэдэж авсан.

Тэнгэрлэг Эцэг эдгээр идэвх султай гишүүний зүрх сэтгэл, оюун ухаанд Сүмд эргэж идэвхтэй болох хүслийг төрүүлэхээсээ өмнө бишопыг хүлээн авсан зөвлөгөөгөө дагаж, үүний дагуу тойргийн зөвлөлийг зохион байгуулахыг хүлээж байсан гэдгийг бишоп надтай хуваалцсан юм. Сүнс эдгээр гишүүнийг буцааж авчрахаас өмнө хайраар дүүрэн, сайхан орчинг бүрдүүлэх хэрэгтэйг бишоп ойлгожээ. Түүний үгс надад загасчин Петрийн туршлагыг санагдуулсан юм:

“Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад, завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв.

“Тэр айлдаж дуусаад, Симонд усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд

“Симон, Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.

“Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв” (Лук 5:3–6).

Бид өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн буюу жинхэнэ “хүмүүсийн загасчдын” өгсөн зөвлөгөөг сонсож, дагаж, үйлчлэх үедээ тороо шалгаж, мөн засаж янзалбал авралын ажлыг яаравчлуулах чадвар маань агуу ихээр нэмэгдэж, бид Тэнгэрлэг Эцэгийн мутарт Түүний хүүхдүүдийг цуглуулах зэмсэг байх болно.

Эшлэлүүд

  1. Харолд Б.Лий, Conference Report, 1960 оны 10-р сар, 15.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 3.1.

  3. Гарын авлага 2, 3.2.1–5; 3.3.2–4-ийг үзнэ үү.

  4. Гарын авлага 2, 4.4.