2015
Гэр орондоо ‘Христийн тухай номлох’ бидний арга зам
зургадугаар 2015


Гэр орондоо “Христийн тухай номлох” бидний арга зам

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

“Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” (2 Нифай 25:26).

Зураг
A family in Brazil having family home evening

Нэг удаа Христийн Амилалтын баярын үеэр эхнэр минь Аврагчийн сүүлийн долоо хоногийн тухай судрын түүхээс гэр бүлээрээ уншихыг санал болгосон юм. Бид орой бүр унтахаасаа өмнө хүүхдүүддээ Шинэ Гэрээг уншиж өгч, үйл явдал бүрийн талаар богино видео бичлэг үзүүлээд, тэдний асуусан зүйлийн тухай ярилцдаг байв. Хүүхдүүдийнхээ асуултуудад, мөн хамт уншиж, ярилцах үеэр Сүнс манай гэрт хүчтэй мэдрэгдэж байгаад би гайхширч байсан.

Би долоо хоногийн төгсгөлөөр Түүний золиослол, туулж өнгөрүүлсэн бүхнийх нь үр дагаврыг тунгаан бодсоноор Аврагчид илүү их талархаж, Түүнийг хайрлах болсон юм. Миний сэтгэл хөдлөхийн зэрэгцээ эхнэр маань ч бас сүнслэгээр өдөөгдсөнийг би мэдэж байсан бөгөөд хүүхдүүд маань Аврагчийг илүү сайн ойлгож, илүү их хайрлаж байгааг, мөн тэд нэг нэгэндээ Христийнхтэй адил зан чанарыг үзүүлэх хүсэлтэй байгааг мэдэрч билээ.

Үүнээс хойш бид харилцан яриа, хичээлүүддээ “Христийг ярьж” мөн “Христийн тухай номлох” өөр арга замуудыг нээж олсон бөгөөд Есүс Христийн суурин дээр босгогдвол амьдралын шуургыг тэсэн гарах агуу хүч бидэнд амлагдсан гэдгийг мэдэж байв (Хиламан 5:12-ыг үзнэ үү).

Зааж буй зүйлээ Аврагч дээр төвлөрүүл

Зураг
Family praying.

Аврагчийн жишээ, сургаалуудыг гэр бүлийн ярилцлага ба харилцан үйлчлэлд оруулах үед тэдгээр нь илүү хүчирхэг, бас утга учиртай болдгийг бид ойлгож мэдсэн. Аврагч “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна” хэмээн заасан билээ (Иохан 15:5). Хэрэв бид заахдаа энэ зүйрлэлийг ашиглавал бид сайн мэдээний зарчмуудыг хоорондоо авцалдаагүй байдлаар бус, харин бошиглогч Иосеф Смитийн хэлсэнчлэн тэдгээрийг Есүс Христийн Цагаатгалын хавсралт болгож заах болно.1 Бид энэ мэтчилэн зааж буй зүйлээ Аврагч дээр төвлөрүүлснээр өөрсдийгөө Түүний усан үзмийн модны мөчрүүд гэдгийг илүү сайн ойлгож чадна.

Хэрэв бид Түүнийг зааж буй зүйлийнхээ цөм нь болговол энэ нь бидэнд тэжээл, хүч чадал, өсөлт хөгжил ба арвин жимстэй мөчрүүдийг өгч, өөрөөр хэлбэл бидний ярилцлага ба хичээлүүд илүү агуу хөрвүүлэх хүч ба урт хугацааны үр дүнг өгөх болно гэж амлагдсан билээ. Үүнийг хийх нэгэн арга зам бол сайн мэдээний нэг зарчмыг заагаад, “Есүс энэ зарчмыг, эсвэл энэ сургаалыг хэрхэн үзүүлсэн бэ?” эсвэл “Энэ зүйлийн талаар Их Эзэн юу хэлж эсвэл заасан бэ?” зэрэг асуултуудыг хүүхдүүдээсээ асуух явдал юм.

Залбирлын талаар заах жишээ

Жишээ нь, та залбирлын ач холбогдлын талаар зааж байна гэж бодъё. Та “үргэлж залбир” хэмээх удирдамжийг агуулсан Сургаал ба Гэрээ 10:5-ыг, эсвэл “хилэнцэт сүнс хүнд залбирахыг үл сургана” (2 Нифай 32:8) хэмээх Нифайн зөвлөгөөг ашиглаж болно. Эдгээр судар залбирлын сургаалыг хүчтэй заадаг. Та эдгээрийг ярилцахдаа “Аврагч хэрхэн залбирсан бэ?” эсвэл “Аврагчийн залбирал ямар байсан бэ?” гэж асуулаа гэж бодъё. Хэрэв та бага насны хүүхэдтэй бол “Аврагчийн залбирал ямар байсан гэж чи бодож байна вэ?” гэж асууж болно.

Та санаандаа орж ирэх судруудыг бодож байгаад, энэ асуултанд өөрөө яаж хариулах байснаа түргэхэн бод. Миний санаанд Аврагчийн Америк тивд хийсэн айлчлал шууд бууж байна, “тэр Эцэгт хандан залбирав, мөн түүний залбирсан зүйлүүд бичигдэх аргагүй байлаа. … Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлүүд урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө” (3 Нифай 17:15–16).

Дараа нь хүмүүс Түүний залбирлыг загвар болгож, үүний үр дүнд “олон үг нуршсангүй, учир нь тэд юу гэж залбирах нь тэдэнд өгөгдсөн байв, мөн тэд хүслээр дүүргэгдэв” гэдгээс бид суралцдаг (3 Нифай 19:24; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Энэ үед та залбирах хүсэл төрж байсан үеийнхээ талаар хуваалцахад хүүхдүүдээ урих юм уу, залбирч байх үед хэлэх үгс танд өгөгдөж байсан үеийнхээ тухай хуваалцаж болно. Дараа нь та, Аврагчийн зааснаар залбирахад залбирал хэр хүчтэй байдаг тухай гэрчилж болно.

Таны хүүхдүүд эдгээр шүлэг дэх залбирлын тухай зарчмуудын дагуу, мөн таны болон өөрсдийнхөө хуваалцсан гэрчлэлийн дагуу үйлдвэл тэдэнд ямар өөрчлөлт гарч болохыг бодоод үзээрэй. Энэ нь тэдний Ариун Сүнсийг мэдэрч, таних чадварт, мөн дуудлагаа эрхэмлэн биелүүлэх, санваарын адислал өгөх, өөрсдийн гэр бүлтэй болох зэрэгт “хүмүүнд залбирахыг сургах” (2 Нифай 32:8) тэрхүү Сүнсээр удирдуулах чадварыг хэрхэн нэмэгдүүлж болохыг бодоод үз.

Хэрэв энэ ярилцлагад Аврагчийн жишээ, эсвэл заасан зүйлс ороогүй байсан ч, бид залбирлын талаар сайтар ярилцаж болно. Гэхдээ Түүний жишээ ба заасан зүйлсийг оруулах нь үүнд илүү их утга учир, хүч чадлыг нэмж өгдөг.

Сайн мэдээнд төвлөрсөн уран зургууд

Зураг
A family sits around a table studying the scriptures. Some have books and some have IPads - in Florida.

Христэд илүү төвлөрсөн гэр бүлийг бий болгохын тулд бидний хийдэг өөр нэг зүйл бол Христийн болон ариун сүмийн, мөн сайн мэдээтэй холбоотой бусад зургийг хүүхдүүддээ харагдахуйц газарт байрлуулж, бидэнд юу хамгийн чухал болохыг сануулж байх явдал юм.

Хэдэн жилийн өмнө хүүхдүүдтэйгээ аравны нэгийн тайлан хэлэлцүүлэгт орж байхад бишоп маань манай арван настай хүүд Аврагчийн зургийг өгөөд, Түүнийг дагах амлалтыг гэр бүлд маань байнга сануулж байх газарт байрлуулахыг хүссэн юм. Тэр гэртээ ирээд, зургаа хаалган дээр байрлуулан, “бид бүгдээрээ үүнийг энд хамгийн их харах болно” гэж хэлэв. Энэ нь Есүс Христийг дагах амлалтыг маань бид бүгдэд өдөр бүр сануулдаг гайхалтай адислал, байнгын сануулагч болсон билээ.

Зургууд гэрийн тань хаана байгаа нь хамаагүй, та нар ханан дээр байгаа зургуудыг анзаарахдаа хүүхдүүддээ ямар захиас өгч байгаагаа бодох нь л чухал юм. Танай гэрт байгаа зургууд Аврагчийг дагах амлалтыг тань харуулдаг уу?

Христийн талаар заах өөр арга замууд

Есүс Христийг хүүхэлдэйн киноны супер баатруудаас илүү хүчтэй эсэхийг хүүхдүүд асуух үед миний инээд нэг бус удаа хүрч байсан ч хүүхдүүдийн асуулт нь Аврагч юугаараа супер баатруудаас илүү болох тухай ярилцах сайхан сэдэв болдгийг би ойлгосон. Иймэрхүү өдөр тутмын харилцан ярианаас гадна эдгээр нь гэрээгээ Христэд төвлөрсөн байхын тулд анхаарч үзэж болох санаанууд юм.

  • Есүс Христийн Цагаатгалын тухай хүүхдүүддээ заахын тулд Мормоны Номыг ашигла. Цагаатгал эсвэл цагаатгах гэдэг үг Мормоны Номонд 39 удаа гардаг.

  • Гэр бүлийн үдшийн хичээлүүд болон судрын уншлагаа сайжруулахын тулд Mormon Messages, Библийн видео бичлэгүүд, мөн Есүсийн талаар заадаг Сүмийн өөр эх сурвалжуудыг ашигла.

  • Аврагчийн тухай дууллуудыг сурч, хамтдаа дуулж, тэдгээрийн зааж буй сургаал ба утгыг ярилц.

  • Бошиглогчид бол Есүс Христийн онцгой гэрчүүд гэдгийг онцлох арга замуудыг ол.

  • Аврагчтай харилцах хувийн харилцаагаа сайжруулахыг байнга эрэлхийл.

Би анхааралтай судалж, шаргуу залбирснаар Есүс амьд, Түүний Цагаатгалын агуу бэлэг нь бодитой бөгөөд бидний болон хайртай хүмүүсийн маань амьдралд утга учир, зорилго чиглэл өгдгийг, мөн гэр бүл маань үүрд мөнх биднийх байх болно гэсэн агуу, алдар суут амлалттай хамт өгдөг гэдгийг мэдэж авсан юм. Бид бүгд Христэд төвлөрсөн гэр оронг бий болгохын ач холбогдлыг ухаарч, “Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй гэдгийг” (Aлма 38:9) ойлгох болтугай.

Эшлэл

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 59-ийг үзнэ үү.