2015
Судар судлах нь зураг эвлүүлдэг тоглоомтой адил юм
зургадугаар 2015


Судар судлах нь зураг эвлүүлдэг тоглоомтой адил юм

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг эвлүүлдэг тоглоом шиг та судар судлах бүрдээ Бурханы үнэнүүдийн талаар илүү том зургийг харж, ойлгох болно.

Зураг
illustration of man and donkey in puzzle piece

Эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийг iStockphoto/Thinkstock; зураг чимэглэлийг Tаиа Морли

2011 оны 9-р сард Вьетнамын нэгэн их сургуулийн оюутнууд дэлхийн хамгийн том зураг эвлүүлдэг тоглоомыг эвлүүлж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон ажээ. Үүний 551232 хэсгийг 1600 оюутан 17 цагийн хугацаанд эвлүүлсэн байна.

Тэд хүмүүс, газар зүй, түүх, соёл, боловсрол, эдийн засгийг төлөөлсөн 15 x 23 метрийн харьцаатай, зургаан навч бүхий лянхуа цэцгийн зургийг эвлүүлжээ. Хагас сая гаруй жижиг хэсэг нийлээд нэг том зургийг бүтээсэн гээд бодоод үз дээ. Энэхүү эвлүүлдэг зургийн хэсэг бүр нь дангаараа чухал биш, сонирхолгүй санагдаж болох ч, хэрэв нэг хэсэг нь л байхгүй бол зураг бүрэн биш болно.

Судрууд нь зураг эвлүүлдэг тоглоомтой адил юм. Илүү олон хэсгийг нийлүүлэх тусам Бурханы төлөвлөгөөний үнэнүүд илүү сайн харагддаг. Энэхүү төлөвлөгөөг харах чадвар чинь өссөнөөр судрууд нь сонирхолтой бөгөөд амьдралд хамаатай гэдгийг ойлгох болно.

Том зургийг болон жижиг нарийн ширийн зүйлсийг харахад туслах судар судлах зөвлөгөөг өгье. Чи эдгээр хэсгийг нийлүүлэх үед судрууд дээрх та нарыг хүлээж буй гайхалтай үнэнүүдийг олж харах болно.

Сургаал: Мөнхийн үнэнүүдийг заадаг том хэсгүүд

Судрууд сайн мэдээний сургаал, зарчмуудыг заадаг. “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай” (2 Tимот 3:16). Бид зөвхөн Есүс Христээр дамжуулан аврагдаж чадах учраас (Иохан 14:6-г үзнэ үү) Түүний талаар болон Түүний сургаалаас суралцах хэрэгтэй. Тиймээс Их Эзэн “Та нар Судруудыг судалдаг. … Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ” (Иохан 5:39) хэмээн хэлдэг.

Хүмүүс: Заадаг хичээлүүдийн өнгөлөг хэсгүүд

Судруудаас бид зуу зуун хүний талаар уншиж болно. Эдгээрээс ямар хүн нь та нарт хамгийн их таалагддаг вэ? Та нар аюул тулгарсан үед зоригтой, дуулгавартай байдаг Аммоныг хардаг байж магадгүй. Эсвэл та нар Иовын гуйвшгүй итгэл, үнэнч байдлын тухай боддог байх.

Та нар эзэнтэйгээ ярьдаг илжигний тухай уншиж байсан уу (Тооллого 22-ыг үзнэ үү)? Эсвэл уучлагдахын тулд хаант улсаа хүртэл өгөхөд бэлэн байсан ёс бус хааны тухай уншиж байсан уу (Aлма 22-ыг үзнэ үү)? Эсвэл бүхэл хотынхонд ариун журамтай хүн гэж танигдсан эмэгтэйн тухай уншиж байсан уу (Рут 1–4-ийг үзнэ үү)?

Судрууд дээр муу хүмүүс бас гардаг. Та нар тэднээс болон тэдний хийсэн буруу сонголтоос юу сурч болох вэ?

Судруудад гарч буй хүмүүст анхаарал хандуулж, тэд хэрхэн сайн жишээнүүдийг дагаж, муу алдаануудаас зайлсхийж болохыг өөрөөсөө асуу. Тэдний амьдралыг харуулдаг хэсгүүд нь эвлүүлдэг тоглоомын хамгийн өнгөлөг хэсгүүд байдаг. Тэдний туршлагууд нь сайн мэдээний зарчмуудыг санах гайхалтай арга замууд юм шүү!

Бэлгэдэл: Далд хэсгүүдийг ил гаргах нь

Судрууд заримдаа сайн мэдээний зарчмуудыг заахын тулд бэлгэдэл ашигладаг. Хэрэв та нар бэлгэдлийг ойлгохгүй бол эвлүүлдэг тоглоомын зарим хэсгийг олохгүй. Сүмийн болон семинарын ангиудаас гадна судруудын удирдамж эсвэл семинар, институтийн гарын авлагууд нь, дутуу байгаа хэсгүүдийг олоход тань тусална.

Жишээлбэл, Абрахамын болон Исаакийн түүх нь (Эхлэл 22-ыг үзнэ үү) гайхалтай боловч энэ нь бидний төлөөх Тэнгэрлэг Эцэгийн золиослолыг болон Аврагчийн цагаатгагч золиослолыг бэлгэддэг гэдгийг ойлгосноор илүү гүнзгий утгатай болдог (Иаков 4:5-ыг үзнэ үү).

Ариун Сүнс: Холбодог хэсгүүдийг олох нь

Эвлүүлдэг тоглоомын зарим хэсэг хоорондоо холбоотой юм шиг харагддаг ч таарахгүй байх үе байдаг. Аль хэсгүүд хоорондоо нийлдгийг харахад Сүнс танд туслах болно. Та нар залбирч, тунгаан бодсоноор Түүний тусламжийг уривал, Сүнс таны өмнө нь уншсан шүлгүүдийг одоо судалж байгаа зүйлтэй болон эдгээр сургаал нь таны амьдралтай ямар холбоотой болохыг ойлгоход тань туслах болно. Хамгийн сайндаа, та судрууд дээрх үгсээс илчлэлт авах ба мөн уншиж буй зүйлээ тунгаан бодсоноор Сүнснээс илчлэлт авах болно.

Сурсан зүйлээ хэрэглэх: Хэсгүүдийг эвлүүлэх

Зураг
illustration of man and donkey in puzzle piece

Хэрэв та эвлүүлдэг тоглоомын хэсгүүдийг эвлүүлэхгүй бол ямар зурагтай болохыг нь харж чадахгүй. Үүнтэй адилаар, хэрэв та судруудаас сурдаг сургаал, зарчим, зарлигуудын дагуу амьдрахгүй бол тэдгээр нь танд тус болохгүй (Иохан 7:17-г үзнэ үү). Та судруудад заагддаг сайн мэдээний зарчмуудаар амьдрахыг өдөр бүр хичээвэл, таны итгэл ба гэрчлэл илүү хүчтэй болж, судраас судлах дадал хэвшил нь амьдралын тань чухал хэсэг болно.