2015
Авралыг эрэлхийлэх нь
зургадугаар 2015


Авралыг эрэлхийлэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Чили улсад болсон уурхайн нурангид гацаад байсан 33 хүнтэй адил бэрхшээл, сул дорой байдлаасаа болж мухардах үе бидэнд байдаг ч, авралын төлөвлөгөөгөөр дамжуулан бид аврагдах найдварыг олж авч чадна.

Зураг
a cave with light showing through

Гэрэл зургийг iStockphoto/Thinkstock

2010 оны 8-р сарын 5-нд уурхайн нуранги болж, 33 чили уурхайчин уурхайн гүнд гацсан юм. Тэд газар доор 700 метрийн гүнд жижигхэн аюулгүй газарт байлаа.

Нөхцөл байдал тун хүнд байв. Тэднийг асар их чулуун нуранги гэр орон, гэр бүлээс нь тусгаарлаж байсан юм. Тэдэнд хоол, ундны багахан л нөөц байв. Тэдэнд багаж хэрэгсэл нь ч, мөн мэдлэг нь ч байсан, гэхдээ тэд энэ ослоос өөрсдийгөө аварч чадахгүй байсан юм. Тэдэнд байсан ганц боломж бол аврах багийнхантай холбоо тогтоосноор аврагдах явдал л байлаа.

Нөхцөл байдал ийм байсан ч гэсэн тэд найдаж байсан юм. Тэд өөрсдийгөө зөв зохион байгуулж, хоол ундны нөөцөө гамтай хэрэглэж байв. Газар дээр байгаа хүмүүс тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэдэгт тэд итгэж байлаа. Гэсэн хэдий ч газар доор, харанхуйд энэ найдвараа хадгалах тун амаргүй байсан болов уу. Өдөр хоног өнгөрсөөр хэдэн долоо хоног болов. Тэдний гамнаж хэрэглэж байсан хүнс ч дуусчээ.

Миний амьдралд ч бас асар их гамшиг болсон юм. Хамгаас хөөрхөн, гэрэл гэгээгээр дүүрэн найман настай хүү минь миний нүдэн дээр зам тээврийн ослоор нас барсан. Тэр зам дээр цус алдаж, сүнс нь тэнгэрлэг гэр рүүгээ буцах тэр мөчид би хүүгийнхээ биеийг тэвэрч байсан. Хүүг минь амьдруулаач гэж би Тэнгэрлэг Эцэгээс гуйсан хэдий ч энэ нь хүүгийн минь амьдралын төлөвлөгөөнд байгаагүй юм.

Би харанхуйд төөрч, уй гашуундаа дарагдсан байв. Би туйлдаж, амарч ч чадахгүй болж, мөнх бус амьдралын бэрхшээл нүдийг минь бүрхсэн байсан юм. Харууссан зүрхтэй байх гэдэг нь бодит мэдрэмж гэдгийг би ойлгосон. Зүрх байсан газарт маань зовиуртай харанхуй нүх бий болжээ.

Би үүнийг тэвчих тэнхээтэй байх ёстой гэдэгт итгэж байлаа. Олон хүн үүнээс ч илүү зовсон. Би хөдөлшгүй чулуун нурангид дарагдсан уурхайчид шиг уй гашуугаас бий болсон ачаа дарамтаа өргөж дийлэхгүй байв.

Бид маш олон байдлаар гацаанд орж болдог. Зарим хүн хувийн бэрхшээл, сул талууддаа, эсвэл хүнд нөхцөл байдлуудад дарагддаг. Гэвч бид харуусал, гунигт автах үедээ мөнх бус амьдрал бол илүү хүчирхэгжих цаг хугацаа гэдгийг мэдсэнээр тайтгардаг. Бид Есүс Христээс найдварыг олдог.

Найдварын гэрэл

Осол болсноос хойших 17 дахь өдөр нурсан чулуун дундуур өрөмдөж, жижиг нүх гаргаснаар уурхайчдын найдвар сэргэсэн юм.

Гацаанд орсон эрчүүд өөрсдийнхөө амьд байгааг мэдэгдэхийг хүсэн, өрөмний гол төмрийг цохиж, дээр нь улаан балаар бичсэн зурвас бэхэлсэн байлаа. Үүн дээр “Estamos bien en el refugio, los 33” (“Бид гучин гурвуулаа хоргодох газарт аюулгүй байна”) гэж бичжээ. Найдвар сэргэв. Тэд олдлоо.

Алим л багтахуйц жижиг нүхээр гадаад ертөнцтэй холбоо тогтоож чаджээ. Хайртай хүмүүсээс нь хоол, ус, эм, зурвас зэрэг зүйлийг уурхайчдад энэ нүхээр дамжуулж өгсөн байна.

Энэ нөхцөлд уурхайчдын сэтгэл санаа тогтворгүй байсан нь мэдээж. Хэдийгээр тэд олдсондоо ихэд баярлаж байсан ч тэдний нөхцөл байдал хүнд хэвээр байлаа. Газар дээрх хүмүүс тэдний хаана байгааг мэдэж байсан ч аврах төлөвлөгөө боловсруулж, үүнийг ашиглахад хугацаа хэрэгтэй байв. Энэ төлөвлөгөө бүтэх эсэх нь ч тодорхойгүй байсан юм.

Аврагчид уурхайчдыг газрын гадаргуу дээр гаргахад хэдэн сар шаардлагатай гэдгийг итгэлгүйхэн хэлж байв. Тэд уурхайчдыг Христийн мэндэлсний баярын үеэр гэр бүлтэй нь уулзуулна гэж найдаж байсан бөгөөд энэ нь уурхайчид тэндээ дахин 4 сар байна гэсэн үг юм. Хэдий тийм ч тэд найдвар тээн хүлээж байв.

Бидэнд ч бас найдварын гэрэл байгаа. Энэ дэлхий бүтээгдэхээс өмнө биднийг аврах нэгэн төлөвлөгөө хийгдсэн юм. Тэнгэрлэг Эцэг биднийг мөнх бус байдал, нүгэл хилэнц, сул дорой байдлаас, мөн энэ амьдралд амсах бүх зүйлээс аврах Аврагчийг бидэнд өгсөн юм. Тэр бол найдвар, мөн амьдрал бэлэглэгч билээ. Тэрээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, нас барсан хайртай хүмүүстэйгээ уулзах замыг бидэнд үзүүлсэн. Тэр бидний үүрч буй ачааг авахаар, мөн бидний нулимсыг арчиж, бидэнд амар амгаланг өгөхөөр бидний дэргэд зогсож байдаг. Түүний төлөвлөгөөг дагавал Тэр биднийг гэрт маань аваачих болно.

Аврах ажиллагаа

Уурхайчдыг аврахаар олон удаа оролдсон боловч өмнө нь тэдний байршлыг тогтоох гэж өрөмдсөн жижиг нүхнүүдийн нэгээр нь л нэг өрөм тэгшхэн орсон байна.

Уурхайчид аврах ажиллагаанд идэвхтэй оролцсон юм. Өрөм тэднийг чиглэн ирэх үед чулуу нурж, уурхайчдын гацсан газрыг дүүргэжээ. Чулуу унаж ирэхэд, тэд үүнийг зайлуулж, том өрмөнд зам гаргаж өгч байв.

Аврагчид нүхээр дээш доош явах бүхээг зохион бүтээжээ. Энэ бүхээгт нэг л хүн багтах зайтай байв. Бүхээгний голч нь 700 метр үргэлжлэх чулуун нурангин дундуур ухсан нүхнээс 10 сантиметрээр нарийн байсан юм.

Уурхайчдыг аврах цаг болоход, уурхайчин бүр сонголт хийх хэрэгтэй болжээ. Бүхээгт нэг л хүн орж, ганцаараа дээш явах ёстой байлаа. Хүн бүр төлөвлөгөөнд итгэж, бүхээг нарийн цооногоор тэнцвэрээ алдаж, замдаа гацахгүйгээр дээшээ саадгүй явна гэж найдаж байв. Энэ төлөвлөгөө бүтэхгүй бол бүх найдвар тасрах байлаа. Уурхайчин бүр бүхээгт орж, өөрийнхөө амь насыг энэ төлөвлөгөөнд болон аврагчдад даатгасан юм.

Уурхайчид нэг нэгээрээ харанхуйгаас гэрэл рүү дээш явсан ажээ. Тэднийг хайртай хүмүүс нь угтан авахыг дэлхий дахин харж, баясаж байлаа.

Аврах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, нэг ч хүн эрсдээгүй юм. Тэд 2010 оны 10-р сарын 13-нд буюу уурхайн нуралтаас 69 өдрийн дараа, тэднийг олсноос хойш 52 хоногийн дараа аврагдсан билээ.

Есүс Христийн Цагаатгалд итгэ

Зураг
Jesus Christ depicted kneeling at the base of a tree in the Garden of Gethsemane during the Atonement. Christ has His hands clasped as He prays.

Бид хүсэл бодлоо Аврагч Есүс Христэд хандуулах ёстой. Бидэнд зориулсан нэг л аврах төлөвлөгөө байгаа ба энэ нь Түүний цагаатгагч золиослолоор хийгддэг. Тэр биднийг аврахын тулд бүх зүйлээс доогуурт бууж ирсэн билээ.

Христ Гетсеманий цэцэрлэгт, Харри Андэрсон

Бид ч бас уурхайчидтай адил нэг нэгээрээ аврагддаг. Хэдийгээр хүн бүр аврагдах боломжтой ч, Аврагчтай харьцах бидний харилцаа нэн хувийн шинжтэй юм. Бид хүсэл бодлоо Аврагч Есүс Христэд зориулах ёстой.

Хүмүүний сонгох эрх нь ариун бөгөөд энэ мөнх бус амьдрал үүнд тулгуурлан үүссэн учраас Аврагч бидний хүслийг хүчээр авч чадахгүй. Бид сонгох эрх чөлөөтэй. Аврагч бидний шархыг эдгээж, биднийг мөнхийн аврал өөд өргөхөөр дэргэд маань хүлээж байдаг боловч Тэр үүнийг зөвхөн бидний урилгаар л хийж чадна. Бид Түүнийг сонгох ёстой. Бидэнд зориулсан нэг л аврах төлөвлөгөө байгаа ба энэ нь Түүний цагаатгагч золиослолоор хийгддэг. Тэр биднийг аврахын тулд бүх зүйлээс доогуурт бууж ирсэн билээ.

Хүүгээ алдсанаасаа болж гашуудан, өвдөг сөхөрч байхад миний аврал ирсэн юм. Уурхайчид бүхээгт орох тэрхэн агшин шиг би ч бас шийдвэрлэх үе дээрээ байлаа. Би бэрхшээлийг өөрийн хүч чадал, мэдлэгээр даван туулахыг хичээх үү, эсвэл Тэнгэрлэг Эцэгт хандан, тусламж хүсэх ёстой юу?

Уй гашуудаа дарагдсан би Бурханд хандах шийдвэр гаргасан билээ. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандахдаа хэчнээн их туйлдсанаа хэлж, миний харууслын ачааг өргөж өгөөч гэж гуйсан юм. Намайг залбирч дуусахаас өмнө миний ачаа мөрөн дээрээс маань авагдсан. Хэдийгээр би шаналал, зовиурыг мэдэрч байсан ч, дийлдэшгүй ачаа минь алга болсон байж билээ.

Тэр үед би Аврагч бидний дэргэд зогсож, биднийг өргөж, Түүнээс гуйхыг маань хүлээн, ачаагаа Түүний мөрөн дээр тавихыг, мөн Түүнд гараа өгөхийг хүлээж байдаг юм байна гэдгийг ойлгосон юм.

Бүхээгний хаалгыг дотроос нь хаагаад, аврагчдад итгэсэн уурхайчидтай адил бид ч бас Аврагчид хүсэл бодлоо өгч, Түүний авралын төлөвлөгөөнд итгэх ёстой.

Би энэ амьдралаас дараачийн амьдрал өөд ганцаар явж, надаас түрүүлж одсон хүмүүстэйгээ уулзах үед тун их баярлаж, сэтгэл догдолно гэдэгтээ найдаж байна! Аврагч амьд бөгөөд энд байх хугацаанд намайг хайрлаж, миний дэргэд зогсож байдгийг би мэднэ.