2015
Хайрын талаар миний сурсан зүйл
зургадугаар 2015


Сүмд үйлчлэх нь

Хайрын талаар миний сурсан зүйл

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Калифорнид амьдардаг.

Энгийн нэгэн үйлчлэл Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ хэрхэн хайрладаг талаар надад тийм их зүйл заана гэж би огт төсөөлөөгүй.

Зураг
Illustration depicting a woman talking to an elderly woman in a wheelchair.

Зураг чимэглэлийг Доуг Факкэл

Энэ нь ердийн нэг үйлчлэл шиг санагдаж байлаа. Халамжийн Нийгэмлэгийн хэдэн эгч орон нутгийн эмнэлгийн түр асрах төвд найрал дуу дуулахаар болов. Тэр эмнэлэгт манай тойргоос нэг ч гишүүн байгаагүй юм.

Бид нэг жижигхэн өрөөнд чихэлдэн зогсоход тэргэнцэртэй, өндөр настай есөн өвчтөн бидний өөдөөс хараад сууж байлаа. Тэдний царай ямар ч сэтгэл хөдлөлгүй, дүнсгэр байв. Өрөө их халуун, бүгчим байсан болохоор би дотроо “Хурдан дуусаасай” гэж бодож байлаа.

Би дуу удирдах байсан учраас тэдэн рүү нуруугаа харуулаад, хөтөлбөртөө анхаарлаа хандуулсан юм. Биднийг дуулж эхлэхэд нэг өвчтөн “Ээж ээ, ээж ээ” хэмээн дуудаж, өөр нэг өвчтөн алгаа ташин, дуу чимээ нэлээн гарахыг би сонсов. Надад жаахан эвгүй санагдсан боловч хэдхэн минутын дараа хурдхан дуусгаад, гэртээ харина даа гэж бодлоо.

Бид сүүлийн дуулал болох “How Great Thou Art” (Агуу юм, Та) (Hymns, д. 86) дууллыг дуулахаар бэлтгэхдээ өвчтөнүүдийг болон эмнэлгийн ажилтнуудыг хамт дуулахад урьсан юм. Би бүх дуулж байгаа хүнийг удирдахаар эргэж харахдаа нулимсаа арчсан цааснуудаа өвөр дээрээ тавьсан, нүүрэндээ үрчлээтэй, буурал үстэй бяцхан эмээг олж харав.

Тэр намайг нааш ир хэмээн дохилоо. Би түүн дээр очоод, үгийг нь сонсохоор доош бөхийтөл тэр гарыг минь барив. Тэгээд тэрээр “Би хожмын үеийн гэгээнтэн. Эгч нар маань ирээд ямар сайхан байна аа” гэж шивнэхэд түүний бүх бие чичирч байж билээ.

Сүнс бодгалийг минь дүүргэж, түүний хажууд сөхрөн суухад, нүднээс минь нулимс урсаж эхлэв. Тэр миний сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгосон мэт нөгөө гараараа намайг тэврэн, тайвшруулж байлаа. Бүх хүн дуулж эхэлсэн ч, би эхний бадгийг дуулж чадсангүй.

Өвчтөнүүд эмнэлгийн ажилтнуудтай хамт Бурханы сүр жавхлангийн тухай дуулж байх үед Сүнс өрөөг дүүргэж, хүн бүрийн зүрх сэтгэлд хүрсэн юм. Би арайхийн сэтгэлээ бариад, бусадтайгаа хамт дуулж эхлэв:

Христ ирэх үед баяртайгаар дуу алдаж,

Намайг гэрт минь аваачихад баяр баясал миний зүрхийг дүүргэх болно!

Тэгээд би хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолно

Тэнд би, “Бурхан минь, агуу юм та!” хэмээн тунхаглана.

Хөтөлбөр дууссаны дараа Халамжийн Нийгэмлэгийн эгч нар өвчтөнүүдтэй болон эмнэлгийн ажилтнуудтай бужигналдан ярилцаж байв. Буурал үстэй эгч биднийг ирэх хүртэл тун их ганцаардаж, танихгүй хүмүүсээр хүрээлүүлсэн мэт санагдаж байсан гэдгээ бидэнд хэлсэн юм. Бид түүнийг энд байгааг мэдээгүй ч, Тэнгэрлэг Эцэг маань харин мэдэж байжээ.

Тэнд байсан бүх хүн бидний ах, эгч бөгөөд тэдэнд хайр, тайтгарал хэрэгтэй байсныг, мөн би хэзээ нэгэн цагт тэдэн шиг байдалд орж ч болох шүү дээ гэдгээ ойлгосон юм. Бид хайраар дүүрэн Эцэгийнхээ зэмсгүүд нь болсондоо зүрх сэтгэл минь баяраар дүүрсэн бөгөөд энэхүү үйлчлэл надад хайрын тухай том хичээл заасанд би ихэд талархаж билээ.