2015
Шавь байх талаар Аврагчийн заасан зүйлс
зургадугаар 2015


Шавь байх талаар Аврагчийн заасан зүйлс

Иерусалимд сүүлчийн удаа ирсэн Есүс Христийн аяллын тухай өгүүлдэг Лукийн номонд Аврагч бидэнд Өөрийг нь дагах тодорхой загварыг өгсөн байдаг.

Зураг
The Savior's Teaching on Discipleship

Жастин Кунзийн уран зураг

Аврагч нас барахаасаа дөрвөн сарын өмнө, “Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо” (Лук 9:51).1 Дараагийн долоо хоногуудад Есүс Өөрийн шавь нарыг удахгүй тохиолдох бэрхшээлүүдэд болон агуу сүнслэг үйл явдлуудад сайтар бэлтгэж байв.

Жишээ нь, Есүс Христийн тэнгэрлэг байдлыг Петр Цезарь Филиппийн нутагт гэрчилсний дараа Аврагч ойртож буй Өөрийн үхэл болон амилалтын талаар шавь нартаа анх удаа тодорхой, шууд ярьсан (Maтай 16:13–21; Maрк 8:27–31; Лук 9:18–22-ыг үзнэ үү).2 Есүс түүнчлэн Петр, Иаков, Иохан нарыг Өөртэйгээ хамт дагуулж “өндөр ууланд гарчээ,” Тэр “тэдний өмнө хувирч өөрчлөгдөв” (Maтай 17:1–2). Тэнд Аврагч, Мосе, Елиа нар санваарын түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нарт олгов. Мосе, Елиа хоёр “Иерусалимд гүйцээгдэх Түүний үхлийн тухай ярьж” (Лук 9:31) байхдаа Есүст тайтгарал, дэмжлэг үзүүлжээ.3 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс И.Талмэж (1862–1933) уулан дээрх энэхүү явдлыг Есүс Христийн мөнх бус тохинууллын “төгсгөлийн эхлэл” хэмээн хэлжээ.4

Есүс Христ “шийдвэртэйгээр Иерусалимыг [зорих]” үедээ Өөрийнх нь үхлээр төгсөх аяллыг хийх гэж байгаагаа сайн мэдэж байсныг эдгээр үйл явдал харуулдаг. Энэ аяллын талаарх хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг Лукийн номонд Аврагч “Тэр Иерусалим орох замдаа нэг хот, суурингаас нөгөө уруу нь дамжин сургаалаа заасаар явлаа” (Лук 13:22), эрэгтэй, эмэгтэй шавь нар нь Түүнтэй хамт аялав (Лук 11:27-г үзнэ үү).5 Есүс тэдэнтэй хамт алхаж байхдаа дагалдагчдадаа шавь байх шаардлагын талаар заажээ. Бид Аврагчийн заасан зүйлсийг энэ аяллын хүрээнд авч үзвэл, Тэр шавь байх талаар өгсөн удирдамжуудаа хэрхэн Өөрийнхөө жишээгээр батлан харуулсанд илүү их талархах болно.

Есүс Христийн “Намайг дага” хэмээх удирдамж дахь гурван хариулт

Аврагч Иерусалим руу аялах сүүлийн аяллынхаа өмнөхөн: “Хэрэв хэн нэгэн нь миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч намайг дагаг” (Лук 9:23) хэмээн тунхаглажээ. Дараа нь Есүс шавь нартайгаа Иерусалим руу аялж байхад, “хэн нэг нь Түүнд би Таныг хаа ч явсан дагая гэв” (Лук 9:57). Аврагч “Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй” (Лук 9:58) хэмээн хариулсан бөгөөд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлснээр үүгээрээ “түүний амьдрал амар хялбар биш” бөгөөд Түүнийг дагахаар сонгосон хүмүүсийн хувьд ч гэсэн “энэ нь ихэнхдээ ийм байх болно” гэдгийг хэлж байсан байж болох юм.6

Дараа нь Их Эзэн “өөр нэгэнд Намайг дага гэхэд,” (Лук 9:59), тэр хүн эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. Есүс “Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв” (Лук 9:60).7 Аврагчийн хэлсэн үг нь нас барсан хайртай хүнийхээ араас гашуудаж болохгүй гэсэн үг биш (С ба Г 42:45-ыг үзнэ үү). Харин энэ нь Их Эзэнд бүхнээ зориулах нь шавь хүний хамгийн эн тэргүүнд тавих зүйл гэдгийг хэлж байгаа юм.

Гурав дахь хүн “Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч [гэжээ]” (Лук 9:61). Есүс ардаа байгаа зүйлээс илүү урдаа байгаа ажилдаа анхаарал хандуулдаг тариачин хүний зүйрлэлээр хариулсан юм (Лук 9:62-ыг үзнэ үү). Энэ хүнд өгсөн сургамж нь “шийдвэртэйгээр Иерусалимыг [зорьж]” (Лук 9:51), мөн эргэж хараагүй Аврагчийн үлгэр жишээг дагах явдал байсан юм.

Самаригаар дайрч өнгөрөх зам

Есүс дагалдагчидтайгаа Иерусалим орох замдаа Самаригаар дайрч өнгөрөхөд зарим самари хүн “Түүнийг хүлээн [аваагүй]” (Лук 9:53) бөгөөд тэд Есүсийг шавь нартай нь иудейчууд гэж таньсан учраас ингэсэн байж болох юм.8 Хариуд нь Иаков, Иохан хоёр тэдний эсрэг тэнгэрээс гал буулгах зөвшөөрөл хүсчээ (Лук 9:52–54-ийг үзнэ үү). Энэ эгзэгтэй нөхцөл байдалд Аврагч тэвчээр ба хүлцэнгүй байдлыг харуулж, шавь нартаа мөн адил үйлдэхийг анхааруулсан (Лук 9:55–56-г үзнэ үү).

Энэ явдлаас хойш удалгүй Аврагч сайн санаат самари хүний тухай сургаалт зүйрлэл ярьжээ (Лук 10:25–37-г үзнэ үү). Энэ сургаалт зүйрлэл нь шударга бус хуульчийн асуултанд хариулахын зэрэгцээ “хөршөө өөрийн адил хайрла” (Лук 10:27; мөн 25–29-р шүлгүүдийг үзнэ үү) хэмээх зарлигт ямар ч ялгаварлах үзэл байдаггүй гэдгийг Аврагчийн шавь нарт сануулсан байж болох юм.

Зураг
Fine art depiction of the parable of the Good Samaritan.

Сайн санаат самари хүнтэй адилаар Есүс тааралдсан өвчтэй, зовлонтой хүн бүрд тохинуулсан юм.

Филип Ричардс Ричардын Сайн санаат самари хүн, © Blackburn Museum and Art Gallery, Lancashire, UK/The Bridgeman Art Library International

Үүний зэрэгцээ, сайн санаат самари хүн, Есүс хоёрын үйлдлүүд адил төстэй байгааг Аврагчийн шавь нар анзаарсан байж магадгүй. Иудей хүнийг хайрласан сайн санаат самари хүний хайр нь өсөрхөг самаричуудад үзүүлсэн Есүсийн энэрлийг харуулсан юм. Түүнчлэн дараагийн долоо хоногуудад Иерусалим орох замд Есүс өвчтэй олон хүнтэй тааралдахыг Аврагчийн шавь нар харсан билээ (Лук 13:10–17; 14:1–6; 17:11–19; 19:1–10-ыг үзнэ үү). Аюултай бөгөөд хулгайч нар үүрлэсэн зам дээр зогсож, өөрөөсөө илүү өөр хүний сайн сайханд санаа тавьсан сайн санаат самари хүнтэй адил Өөрийнх нь үхэл ойртож байсан үед Есүс замдаа тааралдсан өвдөж, зовсон хүн бүрд тохинуулж байсан юм.

Аврагч Мариа, Марта хоёрт заав

Иерусалим орох замдаа Есүс Мартагийн гэрээр ороод гардаг (Лук 10:38-ыг үзнэ үү). Марта “үйлчлэх ажилдаа түүртэж” байхад (Лук 10:40), түүний охин дүү Мариа “Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа” (39-р шүлэг). Бусдыг зочилж, дайлах нь иудейчуудын нийгэмд маш чухал зүйл байсан ба Марта ёс заншлаа дагаж, гэрийн эзэгтэйн хувьд үүргээ биелүүлж байсан юм.9

Марта хэдийгээр өөр тохиолдолд Аврагчид бүхнээ зориулж байгаагаа болон итгэлээ харуулж байсан ч (Иохан 11:19–29-ийг үзнэ үү), тэр энд “Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв” (Лук 10:40). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс энэ түүхээс чухал сургамж авахад нь Сүмийн гишүүдэд туслахын тулд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр профессор Катэрин Корман Парригийн хэлсэн үгийг эш татсан юм:

“Их Эзэн гал тогоонд орж, Мартад хоол хийхээ болиод, сонс гэж хэлээгүй. Харин тэр дүүгээ үйлчилсэнгүй гэж шүүмжлэх хүртэл Их Эзэн түүний үйлчлэлд сэтгэл хангалуун байсан. … Марта завгүй байснаас болоогүй, харин бардамналаасаа болж Их Эзэний зэмлэлийг хүртсэн юм.”10

Зураг
Fine art depiction of Jesus Christ talking to Mary and Martha.

Бид Мариа, Марта хоёртой адил үйлчилж, Их Эзэний хүслийг эрэлхийлж сурах ёстой.

Жан (Иоханнес) Вермер Христ Марта, Мариа хоёрын гэрт, © Scottish National Gallery, Edinburgh/Bridgeman Images

Мартагийн энэ үед гаргасан том алдаа нь тэр бусдад үйлчилж байхдаа ч гэсэн өөрийгөө бодож байсан явдал юм. Их Эзэнд болон бусдад үйлчлэх нь зөвхөн хангалттай биш гэдгийг ойлгоход Аврагч Мартад тусалсан. Бид үйлчилж, Их Эзэний хүслийг эрэлхийлснээр хүсэл, сэтгэл, үйлдлүүдээ Түүгээр удирдуулж сурах юм (Лук 9:24; С ба Г 137:9-ийг үзнэ үү). Шавь нар эхлээд өөрсдийгөө бодох хандлагыг даван туулж, Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхдүүдийн төлөө, “[Түүний] алдар суугийн төлөө бүхнээ зориулан” (С ба Г 88:67) үйлчлэхийг сурах ёстой. Хожим ах нь нас барсны дараа Марта Аврагчийн ирж байгааг дуулаад, бүх зүйлээ орхиж, Түүнтэй уулзах гэж очсоноороо итгэлээ үзүүлсэн юм (Иохан 11:19–20-ийг үзнэ үү).

Аврагч шавь байхад шаардлагатай зүйлүүдийн талаар заав

Аврагчийг Иерусалим орох замд нэг хүн “Багш аа, гэр бүлийн өвийг надтай хуваалц гэж ахад минь хэлээч” (Лук 12:13) гэж хэлжээ. Аврагч энэ хүний асуудлын голыг нь олж хариулан, “Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв” (Лук 12:15). Дараа нь тэр мунхаг баян хүний тухай сургаалт зүйрлэлийг ярьжээ (Лук 12:16–21-ийг үзнэ үү).

Сургаалт зүйрлэлд Бурхан баян хүнийг мунхаг гэж дүрсэлсний нэг шалтгаан нь түүний харамч занг харуулсан байж болох юм. Лук 12:17–19 дээр баян хүн би болон миний гэсэн үгсийг 11 удаа хэрэглэж, өөрийгөө л бодож байснаа харуулдаг.11 Тэр хүн харамч сэтгэлдээ эзэмдүүлээд зогсохгүй, эд баялаг нь ямар эх сурвалжаас ирснийг ойлгоогүй юм. Тэр хүн Аврагчийн хэлснээр “газар нь маш үржил шимтэй байжээ” (Лук 12:16) гэдгийг огт ойлгоогүй бөгөөд ургац өгдөг газар дэлхийг бүтээсэн Их Эзэнд ер талархаагүй билээ. Эцэст нь тэр хүн цаг зуурын зүйлийг нөөцөлснөөс болж биш, харин ирээдүйдээ сүнслэг байдлаараа бэлтгээгүйгээс болж шийтгүүлсэн юм. “Бурханы өмнө баян биш” (Лук 12:21) байсан тэр хүн дэлхий дээр хуримтлуулсан эрдэнэсээ алдаад зогсохгүй “тэнгэрт шавхагдашгүй баялгийг” (Лук 12:33) алдсан юм. Энэ амьдралд хийсэн сонголт нь түүнийг мөнх амьдралд ядууруулсан юм.

Гэнэт нас барахаасаа өмнө цаг зуурын эд зүйл нөөцөлсөн энэ мунхаг хүнтэй адилгүй нь, Есүс Өөрийнхөө үхэл рүү зорилготой алхаж, Өөрт байгаа бүхнийг болон Өөрийгөө—Өөрийн амьдрал, бүх хүслийг Бурханд өгөхөөр явсан юм (Лук 22:42; Moзая 15:7-г үзнэ үү). Тэрээр “Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!” хэмээн тунхаглажээ (Лук 12:50). Тэр аль хэдийн усаар баптисм хүртсэн байсан болохоор Есүс Өөрийн Цагаатгалын талаар ярьж байжээ. Удалгүй Тэр бүхнээс доогуурт бууж ирэн, бидний нүглүүдийн төлөө зовж, бидний өвчин, шаналлыг мэдрэх үед Түүний бие махбод цус, хөлсөндөө нэвчсэн юм.12

Дараа нь хэсэг фарисайчууд Херод Антипас Түүнийг алахыг оролдох болно гэж Есүст анхааруулахад Аврагч зааж, адисалж, мөн бусдыг эдгээх боломж бүрийг ашиглана гэдгээ батлан хэлсэн (Лук 13:31–33-ыг үзнэ үү). Тэр мөнх бус амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг бүхий л өдрийн адил бусдад үйлчлэхэд зориулсан билээ.

Есүс Иерусалимд ойртох үед шавь байхын үнэ цэнийг тооцож, Түүнийг дагах шийдвэрээ дахин бодож үзэхийг шавь нартаа хэлсэн билээ (Лук 14:25–28-ыг үзнэ үү). Хэрэв тэд шавь нар байж, үргэлжлүүлэн Түүнийг дагасан байлаа ч, амсах зүйлүүдийг нь Тэр хөнгөвчлөхийг оролдоогүй юм. Харин Тэр: “Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй” (Лук 14:33) хэмээн шулуухан хэлсэн. Гэвч бид жинхэнэ шавийн замаар явбал хариуд нь илүү их зүйлийг болон “энэ дэлхий дэх амар амгалан хийгээд ирэх дэлхий дэх мөнх амьдралыг” (С ба Г 59:23) авах болно гэж Аврагч амлажээ.

Хэдийгээр бидэнд Есүс Христтэй хамт Иерусалим руу алхах боломж байхгүй ч, бид энэ аялалд хамт явах хүслээ амьдралдаа харуулж чадна. Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу золиослол хийж, мөн үйлчлэх Аврагчийн хүслийг санах нь бидэнд “явж, үүний адил [үйлдэх]” (Лук 10:37) хүч чадлыг өгч чадна.

Эшлэлүүд

  1. А.Б.Брюс, The Training of the Twelve (1971), 240-ийг үзнэ үү.

  2. Аврагчийн тохинуулал болон Түүний зовлон ба үхлийн талаарх судруудад дараах эшлэлүүд багтдаг: Maтай 9:15; 16:4; Иохан 2:19; 3:14.

  3. Жэймс Э.Талмэж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1936), 373-ыг үзнэ үү.

  4. Жэймс Э.Талмэж, Jesus the Christ, 373.

  5. Марк, Матайн ном нь Аврагч Галилаас сүүлийн удаа явж, Иерусалим руу хийсэн аяллыг товчхон дурддаг бол (Maтай 19:1–2; Maрк 10:1-ийг үзнэ үү), Лук энэ аялалд маш их анхаарал хандуулсан байдаг (Лук 9:51–53; 13:22, 34; 17:11; 18:31; 19:11-ийг үзнэ үү). Иоханы сайн мэдээ Матай, Марк, Лукийн сайн мэдээнээс нэлээд ялгаатай ба Аврагчийн Галилаас Иерусалим руу хийсэн сүүлчийн аяллыг дурддаггүй.

  6. Жэффри Р.Холланд, “The Inconvenient Messiah,” Ensign, 1984 оны 2-р сар, 68.

  7. Эцэг эхээ хүндлэх ба тэднийг зохих ёсоор оршуулах үүрэг хариуцлага нь Иудей соёлд маш чухал зүйл юм. Хүний биеийг оршуулганд бэлтгэж, булшинд хийсний дараа гэр бүлийн гишүүд нь яснуудыг оссуари гэдэг чулуун хайрцганд хийхээр нэг жилийн дараа эргэн ирдэг бөгөөд энэ хайрцаг нь хоёр дахь оршуулга болж, гэр бүлийн бусад нас барсан гишүүнийхтэй хамт үлддэг. (Richard Neitzel Holzapfel, Eric D. Huntsman, and Thomas A. Wayment, Jesus Christ and the World of the New Testament [2006], 78–79-ийг үзнэ үү.) Энэ тохиолдолд тэр шавь саяхан нас барсан аавынхаа эхний биш, харин хоёр дахь оршуулгыг ярьж байсан бол түүний хүсэлт нь тэр соёл уламжлалаа Бурханы Хүүтэй хамт Иерусалим руу явж, Түүнээс сурах боломжоос дээгүүр тавьсныг харуулж байна.

  8. Христийн үед иудейчүүд болон самаричууд бие биенээ маш ихээр үзэн яддаг байжээ. Энэ хоёр үндэстний хүмүүс бие биетэйгээ ойртохоос зайлсхийдэг байв. Энэ тохиолдолд самаричууд Есүсийг болон Түүний шавь нарыг зочилж, гэртээ оруулаагүй нь тодорхой юм. (Richard Neitzel Holzapfel and Thomas A. Wayment, Making Sense of the New Testament [2010], 140; Ralph Gower, The New Manners and Customs of Bible Times [1987], 241–242-ыг үзнэ үү.)

  9. Говэр, New Manners and Customs of Bible Times, 244–245; Фрэд Х.Вэйт, Manners and Customs of Bible Lands (1953), 69–77-г үзнэ үү.

  10. Даллин Х.Өүкс, “‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 12-13; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  11. Жэй А.Пэрри, Доналд В.Пэрри, Understanding the Parables of Jesus Christ (2006), 122-ыг үзнэ үү.

  12. Лук 22:44; Aлма 7:11–13; Сургаал ба Гэрээ 19:18; 88:6-г үзнэ үү.