2015
Хэрвээ … тэгсэн бол яах вэ? Номлолд үйлчлэх талаар асуудаг асуултууд
зургадугаар 2015


Хэрвээ … тэгвэл яах вэ? Номлолд үйлчлэх талаар асуудаг асуултууд

Номлолд үйлчлэх хугацаа чинь ойртох тусам чи өөрөөсөө “Би үнэхээр үүнийг хийж чадах уу?” гэж асууж болох юм. Чи чадна! Энэ нь амаргүй байж болох ч, чи номлолд үйлчилсэндээ хэзээ ч харамсахгүй.

Зураг
3 separate images. Two missionaries in Romania standing in the courtyard of a large building talking. A fountain is in the background. (PWO #12548) Bishop in his office talking to a young man in DR Congo. (PWO #12548) Elder missionary studying the scriptures. Shot in the Philippines. (PWO #12508)

Номлолд үйлчлэхээр бэлтгэх нь сүрдмээр зүйл байж мэднэ. Мөнгө, мэдлэг, ичимхий зан гэх мэт чиний санааг зовоож болох олон зүйл байгаа ч, чи өөртөө хэрэгтэй баталгаа, зоригийг олж авч чадна. Айдсаа даван туулж, номлолдоо явах итгэлтэй болоход чинь туслах зарим нийтлэг асуулт, хариултыг энд дурдлаа.

Хэрэв би судруудыг, эсвэл сайн мэдээний талаар хангалттай сайн мэдэхгүй байвал яах вэ?

Сайн мэдээг судлах нь номлолын өмнө зайлшгүй хийх ёстой бэлтгэл боловч чи явахаасаа өмнө бүх зүйлийг мэдэх шаардлагагүй. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн өөрийгөө номлолд явахад бэлэн биш гэж санаа нь зовж байжээ. “‘Тэнгэрлэг Эцэг минь ээ, би ийм бага зүйл мэддэг байж, яаж номлолд үйлчилж чадах юм бэ?’ хэмээн залбирснаа би санаж байна” гэж тэр хэлсэн юм. Би Сүмд итгэдэг ч, миний сүнслэг мэдлэг тун тааруухан гэж боддог байлаа. Намайг залбирч байх үед “Чи юм бүхнийг мэдэхгүй, гэхдээ хангалттай зүйлийг мэднэ” гэсэн мэдрэмж ирж билээ.1

Чи сайн мэдээний зарчмуудыг сурахын тулд итгэлтэйгээр үйлдэж, судруудыг судалбал, сайн мэдээний мэдлэг ирэх болно. Мөн чи ганцаараа биш байх болно. Ариун Сүнс чамайг удирдах бөгөөд танд туслах хамтрагч, номлолын удирдагчид болон номлолын ерөнхийлөгч байх болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын заасан зүйлийг сана: “Итгэл чинь хэр бат бөх эсвэл мэдлэг чинь хэр гүнзгий байна вэ гэдэг тань тийм чухал биш бөгөөд харин танд байгаа итгэл, олж авсан үнэнээ хэрхэн ашиглаж байгаа тань л чухал юм.”2

Хэрэв би гэрчлэлтэй эсэхээ баттай мэдэхгүй бол яах вэ?

Гэрчлэлтэй болох явдал нь номлолын бэлтгэлийн маш чухал хэсэг. Гэрчлэл чинь сул юм шиг санагдаж болно, гэхдээ чи үүнийг сайжруулахын тулд чин сэтгэлээсээ чармайвал гэрчлэл чинь өсөх болно. Үүнийг сана:

  • Судалж, залбирах нам гүмхэн цаг гарга. Чамд Сүнсний өдөөлтийг мэдрэх цаг байх хэрэгтэй.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Энэ нь яагаад та нарын гэрчлэлийг өсөхөд тусалдгийг харахын тулд Иохан 7:17-г үзнэ үү.

  • Бага багаар сайжруул. “Бидний сүнслэг байдлын аян бол насан туршийн үйл явц учраас бид шууд эхлэнгүүт, бас явцын дунд ч бүх зүйлийн тухай мэдэж чадахгүй. Бидний хөрвөлт алхам алхмаар ирдэг.”3

Чиний гэрчлэл бодож байгаагаас чинь илүү хүчтэй байж магадгүй гэдгийг санаарай. Ахлагч Холланд дараах түүхийг хуваалцсан юм: “14 настай нэгэн хөвгүүн надад эргэлзсэн байдалтайгаар “Холланд ах аа, Сүм үнэн гэж би хараахан хэлж чадахгүй ч гэсэн, үнэн гэдэгт итгэж байна” гэж хэлж билээ. Би тэр хөвгүүнийг бараг нүдийг нь бүлтэртэл чангаар тэвэрч, итгэх гэдэг үг, үйлдэл нь хэчнээн ариун нандин болох талаар, бас тэр хэзээ ч “зөвхөн итгэж” байгаадаа уучлал хүсэх ёсгүйг зүрх сэтгэлийнхээ гүнээс түүнд зөвлөн хэлсэн юм. Христ хүртэл “Бүү ай. Зөвхөн итгэ” гэж хэлсэн … гэж би түүнд сануулж билээ. … Мөн би тэр хүүд итгэл нь бүрэн үнэмшил рүү хөтөлдөг … гэж бас хэлсэн юм. … Өөрийнхөө итгэлийн эрэлд үнэн сэтгэлээсээ хандаж байгаад нь би хэчнээн их бахдаж байгаагаа мөн тэр хөвгүүнд хэлсэн.”4

Хэрэв би өөрийгөө зохистой биш гэж бодож байвал яах вэ?

Хэрэв амьдралд чинь ямар нэг буруу зүйл байгаа бол чи үүнийг шийдэж чадна. Салбарын ерөнхийлөгч эсвэл бишоп чинь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болохын тулд юу хийх ёстойгоо мэдэхэд чинь тусална. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт “Би та нарыг номлолд явах ёстой юу, үгүй юү гэж залбирахын оронд зохистой, хүч чадалтай бүрэн цагийн номлогч болохын тулд шаардлагатай зүйлийг хийхэд удирдахыг Их Эзэнээс гуйхыг хичээнгүйлэн хүсэж байна” гэсэн юм.5

Оросын Ребека С. туршлагаа хуваалцахдаа: “Хэдийгээр би наманчилсан ч миний алдаанууд маш ноцтой байсан тул гэм буруу болон зовиураасаа болж би өөрийгөө номлолд үйлчилж чадахгүй гэж бодсон. Гэвч бишоп болон гадасны ерөнхийлөгч маань амьдралдаа Цагаатгалын эдгээгч хүчийг ойлгоход тусалсан юм. Би наманчлалд маш их талархаж байна. Зөв зохистой байх нь номлолын ажлын хамгийн чухал зүйл. Хэрэв чи зөв зохистой биш байвал Сүнсээр зааж чадахгүй (С ба Г 42:14-ийг үзнэ үү). Чи бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийн тулд зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрч байх ёстой. Энэ нь бүх зүйлийг өөрчлөх болно” гэжээ.

Би гэр бүлээ болон найзуудаа яаж орхих вэ?

Зураг
Two images. Sister missionaries in Hong Kong. They are walking down a sidewalk. (PWO #12618) A group shot of people at a baptism in Thailand before the baptism. An elder missionary in white standing next to a woman also in white. (PWO #12508)

Хайртай хүмүүсээ орхино гэдэг, ялангуяа эргээд ирэхэд найзууд, гэр бүлийнхэн болон өөрт чинь бүх зүйл өөр байна гэдгийг мэдэх нь хэцүү байдаг. Чамайг байхгүйд гэр бүл чинь санхүүгийн тал дээр ямар байхыг, эсвэл тэд номлолд явах шийдвэрийг чинь яаж хүлээж авах талаар чи санаа зовж байж магадгүй. Гэхдээ Их Эзэн чиний хайртай хүмүүст санаа тавьж, мөн чиний үйлчлэлийн хариуд тэднийг адислах болно (С ба Г 100:1-ийг үзнэ үү). Хэдийгээр чи тэднийг санах боловч бусад гэр бүлд сайн мэдээний аз жаргалыг олоход нь туслах ажилд чи Их Эзэнд хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэг чамд болон чиний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсдэг гэдэгт итгэж, мөн “Итгэл нь Бурхан бидний хүн нэг бүрд зориулж агуу зүйлүүдийг хадгалсан байгаа гэдэгт итгэдэг” гэдгийг санаарай.6 Чи номлолд явах итгэлтэй болох үед чамайг болон гэр бүлийг чинь Их Эзэний агуу адислалууд хүлээж байх болно.

Хэрэв би номлолын мөнгөө төлж чадахгүй бол яах вэ?

Номлолын нийт зардал нь том золиослол мэт санагдаж болох ч, Их Эзэн чамаар юу хийлгэхийг хүсэж буйгаа мэднэ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр “Би номлолынхоо зардлыг яаж олохоо мэдэхгүй байгаа залуу эрэгтэйд хандан ярьж байна. Номлолын зардлаа яаж олохыг би ч бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ би нэг л зүйлийг мэднэ: Хэрэв чи итгэлтэй байж, номлолд явна гэж шийдэх юм бол арга зам нь олдох болно”7 хэмээн хэлжээ.

Английн Лоран С. дараах туршлагыг хуваалцсан юм: “Намайг номлолын өргөдлөө дөнгөж бөглөж эхэлж байхад, зээлийн картны их өртэй байна гэж банкнаас хэллээ. Бишоп бид хоёр өр, номлол, аравны нэгд болон бусад зардалдаа хэдийг зарцуулах талаар төсөвлөсөн юм. Энэ нь их золиослол шаардсан бөгөөд би зорилгодоо хүрч чадахгүй нь гэж бодож байлаа. Гэвч би итгэлтэйгээр аравны нэгээ төлсөн бөгөөд Их Эзэний тусламж ч ирсэн. Нэг үл таних хүнээс ирсэн бэлэг надад өрөө төлж, номлолд явах зорилгоо биелүүлэхэд тусалсан юм.

Хэрэв би хүмүүстэй ярихаас ичдэг бол яах вэ?

Өдөр бүр бүхэл өдөржингөө танихгүй хүмүүстэй ярих нь хэцүү байж болно. АНУ-ын Калифорнийн Сэм Л. дараах түүхийг хуваалцсан: “Гэрийнхээ хаалгыг ч онгойлгохыг хүсдэггүй хүний хувьд огт танихгүй хүний хаалга тогшиж, сайн мэдээний талаар ярина гэдэг боломжгүй мэт санагдаж байв.

“Нэг гадасны чуулган дээр бидэнд номлогчидтой хамт гадуур явж, сайн мэдээг номлох боломж гарсан юм. Жинхэнэ номлогчидтой хамт явна гэж үү? Жинхэнэ хүмүүс рүү юу? Би сандарч байсан ч нэгэн судрыг саналаа: ‘Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд Бүү ай. Би чамд тусална гэж айлдаж байна’ (Исаиа 41:13). Би энэхүү тусламжийн төлөө залбирч, сандарсан хэвээр байсан ч Ариун Сүнсний хүчийг мэдэрч, хоёр ч Мормоны Номыг хүмүүст өгсөн.”

Номлолд явах нь миний боловсролд, эсвэл мэргэжилд муугаар нөлөөлбөл яах вэ?

Зураг
Four separate images. Elder missionaries out walking in an alleyway. Shot in the Philippines. (PWO #12508) Missionaries riding in a vehicle. Shot in the Philippines. (PWO #12508) Elder missionaries in Hong Kong. They are walking outdoors. (PWO #12618) Missionaries in Portugal teaching a woman. (PWO #12548)

Номлолд явахын тулд их сургуулиа юм уу, ажил мэргэжлээ хойш нь тавьснаараа ирээдүйгээ эрсдэлд оруулж байна гэж чи бодож болно, гэхдээ энэ нь эсрэгээрээ үнэн юм. Их Эзэн чамайг амжилтанд хүрээсэй гэж хүсдэг бөгөөд Тэр чамд тусална. Та нарын гаргах ямар ч золиослол номлолын үйлчлэлээс илүү чухал биш байх болно.

Маш олон залуу адил шийдвэр гаргасан байдаг. Австралийн Виллиам Х. амжилттай хичээллэж байсан рагби спортоо орхисон бөгөөд гэртээ эргэж ирээд, дахин тоглож чадах эсэхээ мэдэхгүй байжээ (“Номлолд цаг гаргах нь,” Лиахона, 2012 оны 6-р сар, 50–52-ыг үзнэ үү). Филиппиний Жозеф Б. боловсрол эзэмших - амьдралд ганц олдох боломжоос татгалзахаар их сургуулийн нарийн бичгийн өрөө рүү орсон байна (“For a Burnt Offering,” Лиахона, 2007 оны 9-р сар, 40–42-ыг үзнэ үү). Чиний найдаж байсан зүйлүүд номлолын чинь дараа болсон ч бай, эсвэл болоогүй ч бай, номлогчоор үйлчлэх боломжоос илүү агуу зүйл гэж байхгүй.

Харамсах зүйлгүй

Тэнгэрлэг Эцэг биднийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Түүний биднээс хүсдэг зүйлүүд нь биднийг адисалж, бидэнд тусалдаг. Хэрэв Их Эзэний чамаас хүссэн зүйл хэцүү байсан ч гэсэн чи итгэлтэйгээр хийвэл, адислалууд нь энэ дэлхийн ямар ч зүйлээс илүү гэдгийг мэдэх болно. Чи номлолд үйлчилсэндээ хэзээ ч харамсахгүй.

Эшлэлүүд

  1. Нийл Л.Андэрсэн, “Чи хангалттай ихийг мэднэ,” Лиахона, 2008 оны 11-р сар, 13.

  2. Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” Лиахона, 2013 оны 5-р сар, 100.

  3. Нийл Л.Андэрсэн, “Чи хангалттай ихийг мэднэ,” 13.

  4. Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 94–95.

  5. Ричард Г.Скотт, “Now Is the Time to Serve a Mission!” Лиахона, 2006 оны 5-р сар, 90.

  6. Жэффри Р.Холланд, “The Best Is Yet to Be,” Лиахона, 2010 оны 1-р сар, 21.

  7. Боид К.Пакэр, “Come, All Ye Sons of God,” Ensign, 1983 оны 8-р сар, 71.