2018
Дээвэр дээр залбирсан минь
January 2018


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Дээвэр дээр залбирсан минь

Зураг
man on the roof

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Намрын нэгэн бороотой өдөр би байшингийнхаа дээврийн өрөөнд ороод, ус гоожиж байгааг харав. Ус хоёр яс модны дундах дээврийг тогтоосон хадааснаас дусалж байлаа. Жилээс жилд би байшиндаа олон удаа засвар хийж байсан бөгөөд шинэ төсөл эхлүүлэхээс айхгүй байв. Гэхдээ тэр үед би хувийн асуудалтай тулгарч, өөрөө өөртөө итгэх итгэл дутаж байсан юм. Хэдийгээр өвөл болохоос өмнө ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг би мэдэж байсан ч ус гоожиж байгаа дээврийн хэсгийг засах ажлыг хийх сэтгэл зүйн бэлтгэлгүй байв.

Нэг, хоёр долоо хоногийн дараа би цаасны хутга, шпатель, дээврийн давирхай хийж дүүргэсэн силиконы буутай дээвэр дээрээ гарлаа. Гоожиж байгаа газрыг олоод, давирхайг түрхэхэд л болчихно гэж би бодсон юм. Гэхдээ би хаанаас гоожиж байгааг нь мэдэх аргагүй байлаа. Би ч сэтгэлээр унав. Би түр зогсоод, гоожиж байгаа газрыг янзлахын тулд Их Эзэнээс зөв газрыг зааж өгөхийг хүсэж залбирсан юм. Би Түүнийг тэр газрыг шууд зааж өгнө байх гэж бодов. Яг тэр үед миний толгойд “шалгаж үз” гэж хэлэх шиг болсон.

Энэ нь миний хүсэж байсан хариулт биш байсан ч би эргэн тойрноо шалгаж эхэллээ. Миний харц агааржуулагч дээр тусав. Би агааржуулагчийн хажуу талын хоёр шургаагийг авч, гоожиж байгаа газрыг оллоо. Хуучирч хатсан давирхайг хусан, шинээр ахиухан түрхэв. Би бас шургааг моднуудыг солин, цаг ч хүрэхгүй хугацаанд ажлаа хийж дуусгаж билээ. Сэтгэл санаа сэргэж, асуудлыг шийдэхийн тулд хийсэн ажлаараа өөрөөрөө бахархав. Дараа нь бороо орох үед дээвэр өөд харахад хуурай байлаа!

Би “Асуухаас өөрөөр санаа тавиагүй” (С ба Г 9:7) Оливер Каудеригийн талаар бодов. Яг түүнтэй адил би Их Эзэнээс залбиралд маань надаас юу ч шаардалгүйгээр шууд хариулахыг хүсэж байлаа. Дараа нь би хичээл зүтгэл гарган, “тунгаан бодо[ж]” (С ба Г 9:8), шалгаж үзэхэд сэтгэл маань хэрхэн сэргэсэн талаар бодсон юм. Би Их Эзэн бидний өмнөөс бүхнийг хийхгүй гэдгийг мэдэж авсан. Тэрээр бидэнд тусалж, удирдан залах ч, бид хувь хүний хувьд өсөж хөгжихийн тулд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийх ёстой.